Аймгийн Засаг даргатай боловсролын салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцлаа.
-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарт хэрэгжих хоёр хөтөлбөр тусгагдсан. Багш нарт чиглэсэн “Багшийн хөгжил” хөтөлбөр, сурагч хүүхдүүд рүү чиглэсэн “Ирээдүй 1+1” хөтөлбөр. Эдгээр хөтөлбөр хоёр дахь хичээлийн жилдээ хэрэгжиж байна. Хөтөлбөрүүд юунд зорьж, бас ямар үр дүнд хүрэх вэ?
-Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарт хоёр хөтөлбөр хэрэгжихээр тусгагдсан. Нэг дэх нь “Багшийн хөгжил” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн зорилго нь багш нарынхаа мэдлэг, мэргэжил, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, ингэснээр багш нар маань ажлын байран дээрээ өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгөх юм. Ингээд сайн багшаас сайн шавь нар төрнө гэсэн агуулгатай. Үүнтэй холбогдуулан цахим мэдээллийн сан, сайн хичээлүүдийг бий болгоод тэндээсээ тэргүүн туршлагуудыг сурталчлах үйл ажиллагаа явагдаж байна.
Хоёр дахь нь “Ирээдүй 1+1” хөтөлбөр. Хүүхэд багачууд маань сурч боловсрохын хажуугаар урлаг, спортын авьяасаа нээн илрүүлэх, түүгээрээ амжилтанд хүрэх боломжийг бүрдүүлэх зорилготой.
-Аливаа хөтөлбөр арга хэмжээг төлөвлөдөг ч хэрэгжүүлэх арга зам, ялангуяа хөрөнгө санхүүгийн асуудал тодорхойгүй байдгаас үр дүн нь бүдгэрэх байдал байдаг. Тэгвэл энэ хоёр хөтөлбөр дээр хөрөнгө оруулалтыг нь зэрэгцүүлэн шийдээд явж байгаа юм билээ. Энэ талаар тодруулах уу?
-2017 онд 30 сургууль, 33 цэцэрлэгийнхээ багш нарын өрөө танхимыг тохижуулахад нэг нэг сая төгрөг буюу нийтдээ 63,0 сая төгрөгийг шийдвэрлэж өглөө. 2018 онд дангаар нь хөтөлбөртөө 140,0 сая төгрөгийг төсөвлөсөн. Зургаан суманд Багшийн хөгжлийн танхимтай байгууллаа. Энэ ажил шат дараатай явагдана. Ингээд тодорхой хугацааны дараа сургууль бүхэнд хөрөнгө санхүү хүргэсэн, техник тоног төхөөрөмжөөр дэмжсэн байхаар ажиллаж байна. Тодорхой хөрөнгө санхүү гаргаж байгаа болохоор үр дүн гарч байгаа гэж үзэж байгаа.
Жишээ нь, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 2016 онд 19-р байранд явж байсан юм билээ. Тэгвэл 2017 онд 16, 2018 онд 13-р байр руу урагшлаад байна. Мөн 800 оноо авдаг сурагчдын тоо ч нэмэгдсэн. Энэ онд зургаан хүүхэд 800 оноо авсан байх жишээтэй. Ийм амжилтууд гарч байна.
Дээр нь Ирээдүй 1+1 хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд зориулсан 20-25 секц дугуйлан хичээллэж байна. Эдгээрт хүүхдүүдийн 90 орчим хувь нь хамрагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Энэ хэмжээгээр хүүхдүүд өөрсдийгөө нээх боломж бүрдэж байгаа. Одоо 9-р сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулах Хүүхдийн урлаг, спортын наадмаар хүүхдүүд маань хоорондоо өрсөлдөж, амжилтаа тодорхойлох боломжтой болж байгаа юм.
-Багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд сургууль бүрд байгуулах “Багш хөгжлийн төв”-ийн талаар илүү мэдээллийг өгөөч. Тухайлбал сайн хичээл, цахим сан гэхчлэн шинэлэг ажлууд талаар?
-Өнөөдөр цахим орчин бол бидний томоохон хэрэглээ болсон. Үүгээр дамжуулан багш нарынхаа туршлагаа солилцох боломжийг бий болгоё гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сайн туршлагыг нь нэвтрүүлэх сайтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар дээр нээчихсэн ажиллаж байна. Тэнд багш нар маань өөрсдийн сайн туршлагыг оруулаад бусдадаа таниулах боломжтой юм. Жишээ нь, монгол хэлний хичээлийг илүү судалсан туршлагатай багш нар бичлэгээ оруулаад тэндээс бусад нь үлгэр аваад хичээлээ илүү боловсронгүй, үр өгөөжтэй болгох бололцоотой.
Мөн багш нарынхаа ур чадварыг дүгнэдэг, үнэлдэг байя гээд ийм уралдааныг бий болгох гэж байна. Таван ухагдахуунаар уралдаанаа явуулаад шалгарсан таван багшийг гадаадад явуулж, туршлага солилцох боломж олгох юм. Мөн таван багшид өнгөт принтер өгч, хичээлдээ ашиглах өөрийнх нь хэрэглэгдэхүүн болгох, дараагийнхад нь хар цагаан принтер мөн өгнө. Ингээд багш нарыгаа ур чадвараар нь дэмжиж урамшуулдаг тогтолцоог бий болгож байна.
-Үндсэндээ багш, сурагчдыг хамтад нь хөгжүүлэх, харилцан дэмжих хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Зөвхөн ЕБС-ийн сурагчид төдийгүй СӨБ руу ч чиглэсэн Ирээдүй 1+1 хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэг бүрт бий болгож байгаа ёс заншлын танхимыг онцлон асуумаар байна. Танхим байгуулах нэг хэрэг. Харин байнгын ажиллагаатай байлгах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Үндэсний соёлын өвийн танхим гэж бий болгох гэж байна. Тохижилтод нь дэмжлэг үзүүлж, янз бүрийн наадгай өгөх юм. Үүнд 20-иод сая төгрөгийн зардал гаргаж байна. Аймгийнхаа мужаануудаар угсардаг гэхчлэн янз бүрийн тоглоомууд хийлгэх гэж байна. Мөн сургуулиуд ч нөөц бололцоогоороо танхимаа тохижуулаад явна.
-Боловсролын чанарын үнэлгээгээр манай аймаг сүүл мушгисан дүнтэй явж байсан. Харин жилээс жилд ахиц гараад байна. Өнгөрсөн хаврын элсэлтийн шалгалтын дүнгээр манай аймгаас 6 хүүхэд 800 оноо авсан талаар дээр дурьдлаа. Засаг даргын зүгээс боловсролын чанарыг дэмжих талаар урамшууллын журам гаргасан байна. Мөн сурлагын зэрэгцээ бас урлаг, спортоор багш сурагчдаа зэрэгцүүлэн хөгжүүлэх бодлогоор спортын амжилтыг хөхиүлэн дэмжих журам ч хэрэгжиж байгаа юм билээ. Эдгээрийн талаар?
-Урамшууллын хоёр журам бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл олон улсын олимпиад, тив, дэлхийн спортод амжилт гаргаж байгаа хүүхдүүд, тэдний багш нарыг хамтад нь урамшуулах тогтолцоог бий болгосон. Энэ онд 800 оноо авсан хүүхдүүд, тэдний багш нарыг урамшууллаа. Ирэх жилээс 750-800 оноо болгож журмаа шинэчилнэ. Ингэхээр хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж, багш нарын урамших байдал илүү болох юм. Ийм шийдвэр гаргаад ирэх оны төсөвт суулгахаар төлөвлөж байна.
Спортын чиглэлээр манайхаас Азийн аваргад долоон хүүхэд явахад таван алт, нэг мөнгө, нэг хүрэл аваад ирсэн. Тэднийгээ урамшуулалд хамруулсан. Хамгийн сүүлд манай Самбууданзан хамрагдсан. Энэчлэн урамшууллын журмыг бий болгосноор амжилт гаргах, түүнийгээ ахиулах боломжууд нээлттэй болох юм гэж үзэж байна.
-Хоёр хөтөлбөр хэрэгжсэнээс хойш нэг жилийн хугацаанд дээрх үр дүнгүүд гарчээ. Тэгвэл энэ хичээлийн жилд ахисан ямар үр дүнг хүлээж байгаа вэ?
-Улсын дунджаас доогуур явж байгаа 4-5 хичээл буюу орос, англи хэл, математик, монгол хэл бичгийн хичээлүүд дээр 2018 онд нэлээд дэмжлэг үзүүлж, улсын дунджид хүргэх чиглэлээр ажиллалаа. Үүний үр дүнд 2-8 хүүхдээр амжилтууд ахисан байна. Бидний зорьж байгаа гол зүйл бол аль нэг хичээлээр илүү болохоос илүүтэй сургалтыг жигд авч явах, хүртээх, жигд амжилттай явах чиглэлээр ажиллаж байна. Хоцрогдож байгааг нь сайжруулахад дэмжлэг үзүүлж байна. Энэ ажил үргэлжилнэ.
-Ярианы эхэнд хөтөлбөр гаргах цаасны ажлыг бодит үр дүнд хүргэх асуудлыг хөндсөн. Тэгэхээр нэг жилийн хугацаанд жишээ нь Ирээдүй 1+1 хөтөлбөр ямар үр дүнд хүрэв гэдгийг харуулах Хүүхдийн урлаг, спортын наадмыг зохион байгуулж байна. Наадмын цар хүрээний талаар?
-09-р сарын 28-30-ны хооронд болох энэ наадмаар урлаг, спортын чиглэлээр олон төрлийг хамруулж байна. 800 гаруй медаль бэлдсэн. Нэг талаар хөтөлбөрөө дүгнэж, нөгөө талаар хүүхдүүдэд урлаг, спортын амжилт гаргах боломжийг бүрдүүлж өгч байгаа арга хэмжээ юм. Үүний дараа ч мөн тодорхой үр дүнгүүд гарна гэдэг итгэлтэй байна. Наадмыг жил бүр хийх юм.
Мөн багш нарынхаа зөвлөгөөн, сургалтуудыг ч жил бүр хийж байна. Дээр нь багш нарынхаа гадаадад сурах, хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Тайваньд 20 багшийг магистрт хоёр жилийн хугацаатай сургахаар багш нараа сонгож байна. Монголдоо магистрт сурахад хоёр сая төгрөг төлөхөөс нэг саяыг нь аймгийн Засаг даргаас дэмжихээр шийдвэрлэсэн. Гол нь багш нарыг хичээлийнхээ заах арга зүйг сайжруулах чиглэлээр магистрт сургах юм.
Бас Энэтхэгт 30-45 хоногийн богино хэмжээний сургалтанд англи хэлний 10 багшийг явуулахаар Энэтхэгийн элчин сайдыг аймагт ирэхэд тохиролцлоо. Энэ тоог жил бүр нэмэгдүүлээд явахаар ярилцсан байгаа. Энэ мэтчилэн багш нараа гадаад орчинд сургаж, сургалтн арга зүй, мэдлэгээ дээшлүүлэх боломжийг нээж өгч байна.
-Энэ удаад танаас тодруулах асуулт өндөрлөж байна. Ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд Архангайчууддаа сайн сайхныг хүсье. Мөн удахгүй болох Багш нарын баярын мэндийг нийт сурган хүмүүжүүлэгчдэдээ хүргэе.
О.АМАРЗАЯА
Сэтгэгдэл үлдээх