Архангай аймгийн Цагдаагийн байгууллагын түүхт 80 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан залуу үеийн төлөөлөл болгож, Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Энх-Амгалантай ярилцлаа.
-Ярилцлагын эхэнд та өөрийгөө танилцуулна уу. Аав ээж, гэр бүлийнхээ талаар яриач?
-Гэр бүлийнхэн маань нийслэл хотдоо суурьшаад удаж байна. Аав маань Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Доржсэмбээ гэж хүн бий. Ээжийг минь Чулуунбат гэдэг. Чулуут сумын харьяат. Тэд хувийн бизнесээ эрхэлдэг. Дүү Энх-Амар Санхүү эдийн засгийн дээд сургуульд, Энхтүвшин Урлах-Эрдэм дээд сургуульд суралцдаг. Ам бүл тавуулаа амьдарч байна даа.
-Аймгийнхаа Цагдаагийн албанд орсон дурьдатгалаасаа хуваалцаач. Хэсгийн төлөөлөгчөөр хэдэн жил ажиллаж байна?
-Би багын л цагдаагийн дүрэмт хувцастай ах нарыг харж бахархаж, том болоод цагдаа болно гэж мөрөөдөж найз нөхдөдөө ярьж өссөн. Тиймдээ ч дунд сургуулиа төгсөөд Хууль Сахиулах Их сургуульд шалгалт өгөн тэнцэж 2014 онд төгссөн. Төгсөөд аймгийнхаа Цагдаагийн газар томилогдож ажлын гараагаа эхэлж байлаа. Өнөөдрийг болтол гурван суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, хүндтэй албандаа зүтгэж яваадаа сэтгэл өндөр байдаг.
-Суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллахын сайхан болоод хүнд хэцүү нь?
-Зорьж зүтгэж байж эзэмшсэн мэргэжил, бас өргөсөн тангараг минь байдаг болохоор аливаа хүнд хэцүүг ажралгүй туулахыг эхэнд тавьдаг. Одоохондоо гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй болохоор шөнө орой ажлаасаа бууж ирэхэд хоол унд, орчин нөхцөл хүндхэн угтдаг л даа. Гэхдээ үүнийг би бэрхшээл гэж хардаггүй. Үүргээ гүйцэтгэж халуунд халж, хүйтэнд хөрч явахад чин сэтгэлээсээ ханддаг олон сайхан хүнтэй таарна. Тэр бүхэнд иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлыг хангах, итгэлийг нь даахын төлөө илүү эрч хүчтэй ажилладаг. Хэсгийн төлөөлөгчийн ажил бол цагдаагийн албаны бүхий л чиг үүргийг сумын хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг хүлээдгээрээ далайцтай, хариуцлагатай алба. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, сумын ард иргэдийнхээ итгэлийг даасан сайн хэсгийн төлөөлөгч байхыг эрхэмлэдэг. Би энэ мэргэжилдээ, албандаа хайртай.
-Энэ цаг үед мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгаа хамт олныхоо тухай дурсаач?
-Иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө албан үүргээ гүйцэтгэн явахад хамт ажилладаг цагдаагийн үүрэг их байдаг. Гар сэтгэл нийлэн ажиллахад сайхан. Анх Хангай суманд Эрдэнэбаяр цагдаатай, Цэнхэр суманд Халзан цагдаатай үүргээ гүйцэтгэн ажиллаж байлаа. Тэдний маань тус дэм их байдаг байлаа. Өлзийт сумандаа харин ганцаараа ажиллаж байна. Түүнээс гадна ажлын гарааг минь амжилттай эхлэхэд тусалж, өдийг хүртэл дэмжин зааж зааварлаж яваа хамт олон, тэр дундаа Эрүүгийн тасгийн дарга дэд хурандаа Баасанжаргал, хошууч Дагвасүмбэрэл нартаа талархаж явдаг. Хамт олны тус дэм хүч их байдаг.
-Цагдаагийн байгууллагын албан хаагч гэж хэнийг хэлэх вэ. Цагдаа хүний гээж болшгүй эрхэм чанар гэвэл та юуг онцлох вэ?
-Би цагдаагийн алба хаагч болсноороо үргэлж бахархаж явдаг. Энд би олон сайхан хүнтэй уулзаж, хамт олонтой болж, нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлж байдагтаа баяртай явдаг юм. Цагдаа хүн алдаа гаргах эрхгүй байдаг учраас хувь хүний хүмүүжлийг нягт, нямбай, үнэнч зан чанартай болгож төлөвшүүлдэг сайхан алба шүү дээ. Цагдаагийн албан хаагч хүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, албаныхаа нэр төрийг ямагт өндөрт өргөж явах нь чухал.
-Гурван суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна. Тус сумдын онцлог, ялгаа, түүнд тулгуурлан ажиллаж байсан арга туршлагаасаа ярих уу?
-Хангай, Цэнхэр, Өлзийт сумдын хувьд нэлээд хөл хөдөлгөөнтэй, зам харилцаатай, гэмт хэргийн гаралт ч багагүй. Алтны уурхайнуудтай, төв зам дайран өнгөрдөг, жуулчид олноор ирдэг гээд нийтлэг талууд бий. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргийнхээ хүрээнд сумдын онцлог, давуу болон сул талтай нь уялдуулан мэргэжил мэдлэг, мэдрэмжиндээ тулгуурлан ажилладаг. Ямар ч байсан анх ирж байсныгаа дараагийнхтай нь харьцуулахад ахиц дэвшил гарсан байдаг. Хэсгийн төлөөлөгчөөр ажилласнаараа бусад албаны гүйцэтгэх чиг үүргийн уялдаа холбоог сайн ойлгож, бие даан үүрэг гүйцэтгэх чадвар, амьдралын ухаанд суралцаж яваа гэж би боддог.
-Сумдад гарч буй гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь юу байна?
-Дийлэнхдээ архидалт түүнээс үүдэлтэй танхайрал, бүрэн бус тээврийн хэрэгсэл, хурд хэтрүүлэлтээс үүдсэн замын осол, мөн малын хулгайн хэргүүд зонхилдог.
-Залуу хүнд цаашид зорьсон их үйл байгаа нь мэдээж. Тэр тухайгаа хуваалцаач. Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна?
-Амьдралд алхам бүрдээ сорилттой тулгарч, ухааны хэмжээ тэвчээрийн хязгаарыг шалгаж байдаг. Учир нь чамайг нэр төртэйгөөр давж туулахыг чинь мэдэж байгаа юм. Тийм болохоор бэрхшээл болгонд бууж өгч болохгүй гэж нэг эгч маань хэлж байсан. Залуу хүний хувьд мэдээж зорьсон зүйл их бий. Үүрэгт ажлаа чин сэтгэлээсээ хийж яваа хүний хувьд ирээдүйгээ сайхнаар төсөөлж байна.
-Ажилласан хугацаа бага ч гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн л байж таарна. Тэр тухайгаа сонирхуулаач?
-2015, 2016 онуудад аймгийн Цагдаагийн газрын даргын баярын бичиг, 2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын баярын бичгээр шагнуулж байсан. 2016 онд аймгийн Цагдаагийн газрын ажил мэргэжлийн аварга, 2017 онд аймагтаа хүндэт чекист, онц сэргийлэгч, цагдаагийн дэд хурандаа Рэнцэнсамбуу гуайн нэрэмжит шилдэг хэсгийн төлөөлөгч шагналыг тус тус хүртэж байлаа. Цагдаагийн байгууллагын 80 жилийн ойгоор аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнуулсан.
-Цагдаагийн байгууллагын залуу боловсон хүчний хувьд үеийнхэндээ хандаж хэлэх үг?
-Мэдэхгүй, чадахгүй зүйлсдээ суралцан хамтдаа урагшилъя.
-Сэтгэлийн мэндчилгээг хамт олондоо илгээнэ үү?
-Энгийн нэгэн хэсгийн төлөөлөгч миний эгэл амьдралаас хуваалцсан танай сонины хамт олонд баярлалаа. Цагдаагийн газрын удирдлага, нийт бие бүрэлдэхүүндээ эрүүл энхийг ерөөж цээжинд явдаг мөртүүдээ илгээе.
Цагаан шонхороо сүслэн андгай тангаргаа өргөж
Цаг нарыг умартан төрийн төлөө зүтгэсэн
Цаглашгүй их тэмүүлэл, эх орны минь өмгөөлөл
Цагдаагийн ажилтан гэдэг эрхэм дээд бахархал аа.
Б.Энхжаргал
Сэтгэгдэл үлдээх