Архангай аймгийн гал тахиа жилийн алдартан Өндөр-Улаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Самбуусүрэнгийн Түмэнжаргалтай түүний ажил амьдралын талаар ярилцлаа.
-Аав ээж нутаг усны тань тухай дурсамжаар ярилцлагаа эхэлье?
-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт Самбуусүрэн гэдэг айлын арван хүүхдээс долоо дахь нь болж төрсөн. Дээрээ дөрвөн эгч, хоёр ах, гурван дүүтэй. Нэгдүгээр ангид орох жил ээж маань нас барж, хар багаасаа л өнчин өрөөсөн өссөн.
1981 онд наймдугаар ангиа төгсөөд Сэлэнгэ аймгийн ойн ТМС-д суралцаж, 1983 онд төгсөөд Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд очиж ажиллаж байгаад хилийн цэрэгт явсан. Хилийн цэрэгт гурван жил алба хаагаад тэнд офицерийн курс төгсөөд 1987 онд нутагтаа ирж, Өндөр-Улаан сумынхаа ойн аж ахуйн ангид ой хамгаалагч гэсэн ажил албанд томилогдсон. 1987-1997 он хүртэл 11 жил байгаль хамгаалагч хийгээд, 1997 оны 3 сарын 7-ноос өнөөдрийг хүртэл 21 жил сумынхаа байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байна даа. Төрд 34 жил ажиллаж байна. Зөв сургууль сонгожээ л гэж боддог.
-Мэргэжлээ хэрхэн сонгож байв? Ажлын гараагаа эхэлж байсан үеэ дурсаач?
-Ангийн багш Намсрайжав маань “Чамайг Сэлэнгийн ойн ТМС-д явуулна” гэхэд нь “за” гээд л явж байсан.
Анхны дарга маань Дорждагва, инженер нь Цэндээхүүгийн Ганболд гэж хүн байлаа. Энэ хоёр сайхан хүн намайг өлгийдөж авсан. Миний өдий зэрэгтэй яваа нь энэ хоёр хүний ач. Тэр үед одоотой адил улсын байцаагч гэсэн нэршил байсангүй, ойн хамгаалагч, ойн цагдаа гэсэн нэртэй байсан. Өндөр-Улаан сумын ойн хамгаалагчаар насаараа ажилласан Чойжоо-Маамаа гэж тун айхавтар хүн байлаа. Тэр хүнээс ажлыг нь авч байсан. Давааны ард Чойжилжав гэж хүн байсан. Энэ хоёр дээрээ л дадлагажиж, тэднийхээ зааснаар тайлан тооцоог нь гаргаж өгч явсаар ажлыг нь хүлээж авч байлаа. 1989 онд Хялганатын техникумд ойн зохион байгуулалтын ангид явж суралцсан.
1994 онд Мэргэжлийн хяналтын алба шинэ бүтцэд орж, дээд сургууль төгссөн бакалавраас дээш зэрэгтэй хүн улсын байцаагч болно гэсэн ажлын байрны тодорхойлолт гарсан. Тиймээс Мэргэжлийн хяналтын албаны дарга байсан Баттулга, Тариатын Осорбазар, Мөнхбаяр, Өгийнуурын Мөнх-Эрдэнэ бид тавыг ажил албаа сайн хийдэг тул дээд сургууль төгсгөнө гээд Эко ази дээд сургуулийг Байгаль орчны эрх зүйч мэргэжлээр төгсч байлаа. Үүнээс хойш л Мэргэжлийн Хяналтын албандаа 20 жил зүтгэж байна даа.
-Ажил албаны тань талаар ярилцъя. Байгаль орчны байцаагчийн үндсэн үүрэг, ажлын онцлог юу вэ?
-Миний ажил байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих гол үүрэгтэй. Байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглуулах, нөхөн сэргээх гэсэн үүргүүдийг ч хүлээдэг. Мэргэжлийн Хяналтын газрынхаа зорилго чиглэлийг сумандаа хэрэгжүүлэх, зохион байгуулах гар хөл нь л юм даа. Дээр нь төр засгаас гарсан хууль, стандарт, журмуудыг мөрдүүлэх хэвшүүлэх үндсэн ажлуудыг хийдэг.
Бидний бас нэг үүрэг бол урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх. Нэг мод унагачихвал түүний араас явах биш унагахаас нь өмнө урьдчилан сэргийлэх, хор хохирлыг нь ард иргэддээ ойлгуулах хэрэгтэй. Байгаль орчны албанд ажилладаг хүмүүс их олон мэргэжил эзэмшсэн хүмүүс байдаг гэж би боддог. Судлаач байж байгаль орчноо мэдэрдэг байх, хуулиа хэрэгжүүлэх өргөн мэдлэгтэй байх, иргэдийнхээ зан байдал, байгалийн төлөв чанарыг гарын таван хуруу шигээ мэддэг байх ёстой.
-Байгаль орчны талаасаа танай сумын онцлог юу вэ?
-Манай сум Улаанбаатар хотоос 645 км, аймгийн төвөөс 125 км алслагдсан боловч дэд бүтэц сайн хөгжсөн. Засмал замтай, бүх үүрэн телефоны сүлжээ байна. 500 гаруй өрх, 5900 орчим хүн амтай. Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ эхний гуравт ордог.
Нийт ойн нөөц 25 хувь байсан бол багасаад 16 хувь болж байгаа. Ерөнхий ойн нөөцийн ашиглалтын хувь их, мод нь ихэнхдээ хөгшрөлттэй.
Нэг давуу тал онцлог нь уул уурхай байхгүй тул байгалийн хэвлий сүйтгэгдсэн зүйл харьцангуй гайгүй. Төв замаасаа зайдуу болохоор зөрчил гарах нь бага. Байгаль орчны багц хууль зөрчсөн үйлдлээр жилдээ 4-5 хүнд арга хэмжээ авдаг байсан бол зөрчлийн тухай хууль гарснаар харьцангуй гайгүй болсон.
Нэг үеэ бодоход ард түмний амьдрал, оюун сэтгэхүй сайжирч, зөрчил харьцангуй гайгүй болж, байгаль дэлхий ан амьтад руугаа дайрах нь багасч байгаа. Нөгөө талд хууль эрх зүй ч чангарсан.
Сүүлийн жилүүдэд саарал буюу халиу бугыг зөвхөн гадаадынханд төлбөртэй агнуулж байгаа. Өнгөрсөн жил хоёрыг, энэ жил хоёрыг агнуулахаар бэлдсэн байгаа. Гадаадын иргэд буга агнахдаа их цензуртэй ханддаг. Хамгийн хөгшин, хамгийн олон салаа эвэртэйг нь намнана. Хэзээ ч залуу нялх амьтныг агнахгүй.
Саарал буга байгалийнхаараа л өсч үрждэг. Ер нь уулархаг газраа бол тоо толгой өссөн. Айлын гадаа ороод ирэх нь ч элбэгшсэн. Гэхдээ энэ нь хоёр талтай. Идэш хоол хомсдсоноос өлсөөд орж ирж байна, нөгөө талаар ойн сан бүхий газар айлууд өвөлжөө хаваржаагаа бариснаас болж байна. Амьдрах орчин, үүр савтай нь хүмүүс ойр байхаар тогтвор суурьшил муудаж, дайжих байдал их ажиглагдаж байгаа.
Байгаль орчны байцаагч ан амьтнаа ч, өвс ургамлаа ч мэдрэх тал дээр их анзааргатай байх хэрэгтэй.
Шинжлэх ухааны байгууллагын судалгаагаар 1000 гаруй ургамлын төрөл зүйл байхгүй болсон байна гэсэн дүн гарсан байна лээ. Энэ бүхэн чинь нөгөө л уур амьсгалын өөрчлөлт, хур багассантай холбоотой. Мөн мал ихсэж бэлчээрийн даац хэтэрсэнээс болж байна. Байгалиа шинжлэх ухаанч аргаар давж, дарж авах биш өөрийнх нь хуулиар уламжилж ирсэн ёс заншлаараа л байгальтайгаа харьцах нь зүйтэй.
Цөлжилт, ойн нөөц багасах явдлыг сааруулж, аль болох нөхөн сэргээлт хийж, өвс ургамал, ан амьтан, булаг шандныхаа эхийг хамгаалж, зөв хандлагатай байхгүй бол хүн байтугай мал байхад ч бэрх цаг ирэхийг үгүйсгэхгүй.
Тэр тусмаа Монгол улс гүний ус багатай орон мөртлөө бараг 70 хувийг нь ашигладаг. Энийг бодохгүй бол болохгүй. Мэргэжлийн хүний хувьд Орхон, Хэрлэн гэх мэт томоохон голуудад голдирол үүсгээд нутагтаа талыг нь авч үлддэг байх юмсан гэж боддог. Хоёр улс руу гараад л явчихдаг. Эндээ татаад нуур цөөрөм байгуулвал нэлээн л том буян болно доо л гэж боддог.
-Энэ олон жилийн хугацаанд ажил албаны үүргээ гүйцэтгээд явж байхад сэтгэлд үлдсэн дурсамжтай явдал олон л байсан байх?
-Тэгэлгүй яахав дээ. Наад зах нь 19 сумын байцаагчтайгаа хамтраад ажиллаж байна. Зовлон, жаргал тохиолдоход бөөнөөрөө байх л сайхан байдаг даа. Тэр л хамгийн том жаргал. Нэгэнд нь бэрхшээл тохиолдоход ядаж л холбоо барьчихдаг, сайхан зүйл тохиолдоход түүнийгээ дэмжээд туслачихдаг байх л сайхан байдаг юм. Би байгаль орчны салбарт гучин хэдэн жил ажиллалаа. Энэ хугацаанд таван их хуралд нь явсан байна. Өнгөрсөн жил гэхэд л ойн нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулганд явсан. Манайх сумдаас тийм тасарчихсан юм бол алга. Гэхдээ үе үеийн дарга нар маань миний мэрийлтийг үнэлж, энэ нэг хүн чинь юм хийх гээд байна гээд дэмждэг байх. Социализмын үеийн хүн болохоор нийгмийн идэвх их гайгүй. Чадахгүй юм байсан ч чадах гээд хичээгээд гүйгээд байдаг.
-Ажилдаа баримталдаг зарчим, эрхэмлэдэг зан чанар тань?
-Зөвд зөөлөн, бурууд хатуу байх гэсэн зарчим тавьдаг. Буруу юм хийсэн хүнтэй хатуу, зөв юм хийсэн хүнтэй зөөлөн л харьцах хэрэгтэй. Үнэнч шударга байх хэрэгтэй. Хүнд суртал гаргаж болохгүй. Өөрийн эрх мэдлийн хэмжээнд тусалж чадах юм байвал туслаад гаргах хэрэгтэй. Өөрийн мэдлээс давсан зүйл байвал дээд газраас нь асууж сураглаад хариу, гарц шийдэл заавал өгөх хэрэгтэй. Усанд хаясан чулуу шиг хаяж ер болохгүй. Түүнээс гадна төрийн албан хаагч биеэ зөв авч явдаг байх хэрэгтэй. Ямар ч байсан бид Өндөр-Улаан сумынхаа тав зургаан мянган хүний эхний аравт л алхаж байх хэрэгтэй. Алдаа бага гаргадаг, хүнийг хайрладаг байх гэж хичээж явдаг даа.
-Байгаль орчны салбарт ажиллаж эхэлсэн тэр үеийг өнөөгийнхтэй харьцуулбал?
-Өдөр шөнө шиг ялгаатай байлгүй яахав. 1987 онд суманд хоёрхон ойн цагдаа байлаа шүү дээ. Тэр үед би гурван баг, нөгөө ойн цагдаа маань хоёр баг хариуцна. Би амьхандаа даргалаад, улирал бүр ногоон онгоцоор ирж тооцоогоо бодуулаад л явдаг байлаа. Тэгэхэд мотоцикль гэж байхгүй, хоёр унаа морьтой. Тэрүүгээрээ ээлжилж шогшоод л ажлаа хийдэг байсан. Үзэл суртлын нийгэм байсан учраас хэрэг зөрчил харьцангуй гайгүй. Тэр үеийг одоогийнхтой харьцуулахад сонин байна. Одоо бол таван баг бүр байгаль хамгаалагчтай, дээр нь ойн улсын байцаагчтай. Хоёр хүний хийж байсан ажлыг зургаан хүн хийгээд ч бүрэн төгс хийж чадахгүй байна. Энэ нь нийгмийн хувирал, техникийн хөгжилтэй холбоотой. Хууль бус мод, ангийн зөрчлийг бид гүйцэхгүй. Тэд чинь хурдан буутай, хурдан машинтай. Бид сумын Тамгын газрын машинаараа боломжоор нь л явж байна. Гэхдээ манай нэг давуу тал нь таван байгаль хамгаалагчдаа мотоцикль авч өгсөн. Одоо ганцхан сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь сумдын байгаль хамгаалагч, улсын байцаагч нар нүцгэн хүн шиг улсууд байгаа. Ямар нэг зөрчил гарахад бидэнд төсөв захирах эрх байхгүй тул Тамгын газрын даргаасаа зөвшөөрөл авч, хэдэн литр бензин авах гээд явж байхад нөгөө зөрчил гаргагч аль хэдийн Дархан, Эрдэнэт гэх мэт хол яваад өгнө. Улсын байцаагч гэж хүний эрх үүрэг зөндөө л байдаг. Гэхдээ чухал юманд өдөр шөнийн аль ч цагт явахад тав, арван литр бензинтэй байлгаачээ гэж хэлдэг.
-Өөрийн мэргэжлийнхээ сайхан болоод бэрх талыг дурьдахгүй юу?
-Хорхой идсэн мод байлаа гэхэд хор цацуулчихаад л долоо хоногийн дараа хүглийсэн ногоон болчихсон байж байгааг нь харахад үнэхээр сайхан байдаг. Би ийм юм хийчихлээ гээд л бодоход сэтгэл дүүрэн. Хэцүү юм мэдээж бий. Шөнө орой, бороо цас, хуй салхинд хууль бус зөрчилтэй тэмцээд л ганцаараа явж байхад хүнд л байдаг. Цохиулж зодуулчих вий дээ гэж эмээх сэтгэл ч төрдөг. Цагдаа маань л хань болно. Амь өрссөн үе байдаг л юм. Би буу тулгуулж ч үзсэн. Одоо бол хүмүүсийн ухамсар дээшлээд арай дээр л дээ.
Ой хээрийн түймэр гарлаа гэхэд л 45 хоног явах үе байлаа. насаараа хэсгийн төлөөлөгч хийсэн Цэрэнцэгмид гээд дэд хурандаа хүнтэй хоёулаа уйлах шахам явж байж билээ. Тэр үед Донгой багт түймрийн голд орж бүслэгдээд, дэд хурандаагийнхаа эхнэрийн хийсэн цоо шинэ 32 угалзтай хантаазыг гол дундуур нь хүү татаад л түймэр цохиж байлаа. За хоёулаа амьд гарсан юм чинь энэ хүрэм яахав гээд л. Харин сүүлийн арваад жил манай сум ой хээрийн түймэр гарахгүй сайхан байна. Манай сумын хувьд хуваарь гаргаад хавар намрын улиралд ойролцоо байгаа хүмүүст нь өвөлжөө хаваржаагаа хариуцуулаад “Хэрвээ түймэр гарвал та нар хариуцна шүү, гадна дотны улсууд явбал мэдэгдээрэй, тэмдэглээрэй” гээд сануулчихдаг.
-Байгаль орчны талаарх таны зовинол юу байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтөнд л их зовж байна. Манай улс хоёр том гүрний дунд оршдог. Хойноос жаахан үүл гарвал хойд ах нар буудчихна, урдаас үүл гараад ирэхээр хятадууд буудчихна. Хур орохгүй бол байгаль доройтчихно. Ургамал ногоо, ан амьтан гээд л цэцэглэж дэлгэрдэг бүхэн үгүй болно гэсэн үг. Дээр нь энэ соёлжилт суурьшилт байна. Үүнээс болоод аймагт ч, суманд ч хөрсний бохирдол ихэсч байна. Хөрс ус бохирдуулагч нүхэн жорлонгоо хэрэглэсээр л байна. Зөвхөн сумын төвийн баг гэхэд л дөрөв таван зуун өрхтэй. Хүн амын тоог тэдний хэрэглээтэй харьцуулахад хүнд санагддаг.
Уг нь байгалийнхаа даацанд л тохируулж аливааг төлөвлөх хэрэгтэй. Даац хэтрээд л тэнцвэр алдагдаж байна. Тооцоо судалгаатай байх хэрэгтэй.
Байгаль орчны төлбөрүүдийн тодорхой хувиар бүрддэг Байгаль хамгаалах сан гэж өмнө нь байсан. Тэгтэл тусгай сангийн журмаар манай аймаг хаачихсан. Байгаль орчноос орсон орлогын тодорхой хувийг бүрдүүлж, буцаагаад байгаль хамгаалах ажилдаа зарцуулдаг байсан энэ сан суманд байсан бол үнэхээр хэрэгтэй. Энэ тухай сумдын байцаагч нар бүгд ярьдаг. Энэ сангийн үйл ажиллагааг сэргээвэл бид өөрсдийнхөө асуудлыг тодорхой хэмжээнд шийдчихдэг болно.
Гэтэл одоо нэг чухал асуудал гараад л явах гэтэл бензин байхгүй. Санд хэдэн саяараа орохгүй шүү дээ, жилд нэгээс хоёр сая төгрөг л орно. Бид буруу зүйлд ашиглахгүй, чадан ядан хүргэчихдэг л байсан. Энэ сан байвал аймаг, сумын Засаг дарга, тамгын газрын дарга нарын ажил их эмхрэх юм шүү. Иймд хуулийнхаа дагуу сумдад энэ санг л сэргээмээр байна. Яаманд ч, аймгийн даргад ч би нэ тухай уламжилсан.
Сангийн мөнгө сумын эдийн засагт маш их хөшүүрэг болж байсан. Өнөөдөр сумдад байгаль орчны байцаагчид таван төгрөгийн ч эрх мэдэл байдаггүй. Тамгын даргаас л бензинээ гуйна. Тамгын дарга харамчдаа ч өгдөггүй юм биш. Сард бүхэл бүтэн сумын хэмжээнд 150 литр бензиний норм нь хаанаа ч хүрдэггүй. Үүнээсээ болоод хуулиа сурталчлах, урьдчилан сэргийлэх ажлууд хоцорчихдог.
Чадахаасаа чадахгүйг хүртэл бүх юмаа л хийгээд л нэг сайхан явж байтал тав, арван литр бензин дээр гацах урамгүй үе зөндөө байна. Сум орон нутгаас зохицуулалт хийж л байгаа л даа.
Хамгаалж хайрлаж, хямгадаж л байхгүй бол нүдэн дээр сүйрээд байдаг хамгийн чухал салбар бол байгаль орчны салбар. Бусад зүйл байгаад ч байгаль орчин сүйрээд байвал бидний хойч үе яаж амьдрах юм бэ. Цаг хугацаа алт болж байна. Эцэг тэнгэр, эх газраа л шүтэж хамгаалахгүй бол бид хэн ч биш болно. Хүн гэдэг чинь байгаль дэлхийдээ захирагдаж, түүний өнгө аясаар өнгөтэй өөдтэй явах нь шийдэгддэг учир цөлжилтгүй, бороо, цас нь цагтаа орж, нар нь сайхан ээж, өвс ургамал нь дэлгэрч, ан амьтад нь тааваараа байвал хэчнээн сайхан сэтгэл тэнэгэр байх билээ дээ. Байгаль дэлхийн гундах нь нийгмийг хүртэл бухимдуулж хар бараан байлгадаг. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн, байгальтайгаа салшгүй холбоотой учир байгалиа л шүтэж амьдаръя.
-Байгаль хамгаалахад иргэд хэр идэвхтэй оролцдог вэ?
-Иргэд нэг үеэ бодоход идэвхтэй болсон. Иргэдээс нэг шалтгаалж байгаа зүйл бол мал ихэдсэнээс болж хашаа хороо их барьж байгаагаас ойн нөөц багасч, бэлчээрийн даац муудаж байна. Гэхдээ манай малчид уламжлалаа бодоод ногоон мод огтлох зүйл байхгүй болсон. Хуурайшилттай холбогдоод мод их хатаж, хорхойнд их идүүлж байна. Үүнээс болоод хаа ч аль ч суманд хуурай мод их болсон. Яам ч юмуу аль нэг газраас дэмжээд хорхойд идүүлсэн, түймэрт автсан модыг аваад нөхөн сэргээлт хийгээсэй гэж би боддог. Тэгэхгүй бол нөгөө моднууд чинь хуурайшиж байна, хорхой шавьжнийхаа үүр нь болж байна, түймрийн бай болж байна. Нойтон модонд түймэр асдаггүй, хуурай модонд ассан түймэр тархахдаа ч амархан. Мэргэжлийн байгууллага гэж байдаг бол энийг л зохицуулах хэрэгтэй. Ашиглаж ч чадахгүй нөхөн сэргээж чадахгүй бол дуусахад амархан. Бидний үе ингээд нэг үедээ хэрэглээд дуусах ч юм биш. Хойч үедээ байгалиа аль болох онгон дагшнаар нь хүлээлгэж өгөх үүрэгтэй хүмүүс. Манай сумын үе үеийн засаг дарга нарын үед “Ногоон сум” болно л гэсэн зорилго тавьдаг, ямар ч уул уурхайг сумандаа оруулахгүй ээ л гэж хорьдог. Гурван алтны уурхайн лиценз байсныг цуцалсан.
-Салбартаа олон жил ажилласан хүний хувьд орон нутагтаа санаачилж хэрэгжүүлсэн онцлог ажлаасаа нэрлэхгүй юу?
-Байгаль орчны яаманд төсөл бичиж Энэтхэг, Канадын хамтарсан төсөл хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд сумын төвийнхөө урд талд таван га-д ойн нөхөн сэргээлт хийсэн. Сүүлийн зургаан жил хортон шавьжтай тэмцэж, хор цацах ажлыг хийлээ. Үүний үр дүнд манай сум ойн нөөцөө харьцангуй гайгүй авч үлдлээ. Дөрөв, таван жил захиалаад хор цацуулж чадаагүй сумд байж л байна. Олон жил ажлаа хийгээд ирэхээр бүх юм л гарт ороод ирэх юм даа.
Хоёр жилийн өмнө манай сум 27 сая төгрөгийн санхүүжилттэй хогийн цэг барих, хогоо зайлуулах ажлыг тодорхой менежменттэйгээр хийсэн нь үр дүнгээ өгсөн. Сүүлийн 70-аад жил Тээлийн голынхоо эрэг дээр байсан хогийн цэгийг сумынхаа Нумт гэдэг газар луу 2 км нүүлгэж уртаашаа 200 метр, өргөөшөө 50 метр, гүн нь 4 метр нүх ухуулж гадна талаар нь хашиж хогийн цэг байгуулсан. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс хогийн машин авч, сумаа гурван бүсэд хуваан сарын хугацаанд бүх айл өрхийн хогийг хаяуулж хогны асуудлаа шийдсэн, хогноосоо салсан сум болсон.
Энэ сумын төвдөө нэг сайхан мод тарьчих юм сан гээд л хэлээд байдаг юм. Эмнэлэгт Дэлхийн зөнгийн дэмжлэгээр 2000 чацаргана ч тарьж л байсан. Нийтийн юм бол ургадаггүй л юм билээ. Мэргэжлийн бус хүмүүс арчилгаа хийж мэдэхгүй үхүүлчихдэг. Эдийн засгийн боломж нь байвал сайхан мод тарих юм сан л гэж бодох юм. Тэгээгүй цагт уулнаас мод авчирч борц хийгээд яахав дээ. Сумаа сайхан ногооруулчихаад нүүрстөрөгч бус хүчилтөрөгч амьсгалаад байж байвал сайхан. Гэрийн хашаандаа бол чацаргана гэх мэт ойр зуурын мод тарьдаг.
-Ажил амьдралын тань түшиг, найдвартай ар тал бол хань ижил, үр хүүхдүүд байдаг шүү дээ. Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Миний хань цэцэрлэгийн туслах багш. Миний дөрвөн хүүг төрүүлсэн, Алтайн Цэрэнлхам гэж даруухан сайхан монгол эмэгтэй бий. 30 жил ханилж байна. Хань ижлийнхээ буянд л бид ажлаа хийнэ, амжилт гаргана. Хань ижил ар сайн даахгүй бол би сараар хөдөө явахад л хүндэрнэ шүү дээ. Манай хүн бол барагтай юманд дуугарахгүй. Нутгийнхан ч “За Цээлээ эгч дуугарах биш гээд” мэднэ. Би бол эхнэрийнхээ хажууд зөв буруугүй чалчиж өгнө дөө. Манай хүн дуугуй инээгээд л сууж байна. Хамгийн том хүү Таван толгойд инженер, дараагийнх нь цахилгааны инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотын орон сууц ашиглалтын компанид ажилладаг. Дараагийн хүү маань МАК компанид ажилладаг. Хамгийн отгон хүү маань Монголын Үндэсний дээд сургуульд авто замын инженерийн ангид суралцдаг. Гэртээ бид хоёр л хоёулахнаа байна даа. Өглөө гэрээ цоожлоод л гарна, орой хэн түрүүлж орж ирсэн нь махаа гэсгээгээд л хоолоо хийнэ дээ.
-Архангай аймгийн есөн алдартны нэгээр шалгарсан тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Анх би өөрөө мэдээгүй байсан. Олон жил үр бүтээлтэй ажилласныг тань үнэлж таны нэрийг Архангай аймгийн есөн алдартанд нэр дэвшүүлсэн гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга хэлсэн. Дараа нь танай сониноос энэ мэдээг дуулгасан. Нутгийн минь ард түмэн их дэмжсэн дээ. Ялангуяа манай хөдөөгийн ард түмэн. Сум, Тамгын газар, сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд бүх байгууллагын дарга нар маань ажилтан албан хаагчид, багш сурагчдаа уриалаад л санал өгч болох бүх л арга хэрэгслээр саналаа өгч байсан. Таван багаас хүртэл танд саналаа өглөө гэж утастаад л. Манай Мэргэжлийн Хяналтын газар, Байгаль орчны газар, Газрын алба, Сум дундын Ойн анги, Усны сав газар гээд л аймагт гэхэд л таван байгууллага, хамт олон маань саналаа өгсөн. Энэ завшааныг тохиолдуулаад та бүхэндээ бүгдэд нь баярлалаа гэж хэлье Баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлмээр байна шүү.
Б.Энхжаргал
Сэтгэгдэл үлдээх