У.Баяртогтох: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙГ САЙНААР ДУУДУУЛАХЫГ ХИЧЭЭЖ АЖИЛЛАДАГ

2018-10-24 13:00:54 | 1714 | 0


Архангай аймгийн гал тахиа жилийн алдартан, Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Уртнасангийн Баяртогтохтой түүний ажил амьдралын талаар ярилцлаа.

-Архангай аймгийнхаа алдартан болсон тэр мөчийн сэтгэгдлээ дахин хуваалцаач?

-Би гал тахиа жилийн Архангай аймгийн есөн алдартны нэг болсондоо маш их баяртай байгаа. Архангай аймгийн есөн алдартанд миний нэрийг дэвшүүлсэн, намайг дэмжсэн Цагдаагийн газрынхаа дарга удирдлагууд болон хамт олондоо маш их баярлаж байгаа. Мөн надад итгэл найдвар хүлээлгэж, намайг Архангай аймгийн есөн алдартны нэг болоход дэмжиж миний төлөө саналаа өгсөн нийт Архангайчууддаа тэр дундаа Чулуут, Цахир сумын ард иргэд болон Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа хүмүүст маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Би та нарын итгэлийг алдахгүй. Архангай аймгийнхаа есөн алдартны нэг болж шагналаа гардан авах тэр мөчид маш их баярлаж, зүрх догдолж, нэг л итгэж өгөхгүй  байсан. Бас аав ээж хоёр минь байсан бол гэсэн битүүхэн гуниг төрж байсан шүү. Миний амьдралд тохиосон хамгийн том шагнал болох энэ шагналаараа бахархаж явдаг шүү. -Энэ албатай хэрхэн амьдралаа холбож байв даа?

-Намайг Цагдаагийн байгууллагатай амьдралаа холбож, өдий зэрэгтэй сайн сайхан амьдрах замын эхлэлийг тавихад миний эцэг, эх болон надад анх “А” үсэг заасан ангийн багш гурав минь салшгүй холбоотой. Миний аав Л.Уртнасан Өндөр-Улаан сумын харьяат. Чулуут сумын Ерөнхий боловсролын сургуульд багш байсан аав минь  улсад нийт 37-н жил багшилсан. Миний ээж Д.Батцагаан ч мөн л Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг байсан. Одоо аав ээж хоёр маань бурхны орноос хүүгээ хараад сууж байгаа даа.

Би эцэг, эхээс арвуулаа. Таван эрэгтэй, таван эмэгтэй. Бидний таван эрэгтэй дотор архи хэрэглэдэг хүн нэг ч байхгүй болохоор аав, ээж хоёр минь биднийг сайн хүмүүжүүлсэн байна гэж маш их баярлаж явдаг даа.

Манай ангийн багш Цээллхам гэж буянтай хөгшин байгаа. Миний хамгийн ихээр хүндэтгэж явдаг багш маань одоо Чулуут суманд үр хүүхэд ач, зээ нараа тойруулсан сайхан буянтай хүн бий. Энэ завшаанд багшдаа эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсч, урт наслахын ерөөл дэвшүүлье. Шавь нь таниараа бахархаж явдаг шүү гэж хэлье дээ.

Эрхэм багшийнхаа зааж сургаснаар шавь нь мөрөөдөлдөө хүрч, Монгол улсын Цагдаа гэсэн энэ том байгууллагын нэгэн албан хаагч болж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, сайхан хамт олон, аав ээж, нутаг усныхаа нэрийг сайнаар дуудуулж, ажил үүргээ сайн гүцэтгэж явна даа.

-Танай албаны хамгийн сайхан нь юу вэ?

-Би энэ албатай амьдралаа холбоод 20 гаруй жил болж байна. Ер нь цагдаагийн ажил сайхан шүү дээ. Ямарч аавын хүү, ээжийн охид энэ албанд орж ажиллаж болдог. Хүнийг маш тэвчээр хатуужилтай, шулуун шударга дайчин, зориг золбоотой болгож төлөвшүүлдэг гэж би боддог.

Намайг жаахан байхад хоёр жижиг таван хошуу мөрөн дээрээ зүүсэн, нарийхан өндөр ах манай суманд хэсгийн төлөөлөгч хийдэг байсан. Цэрэнцэгмид гэдэг тэр цагдаа ахын барааг нь  хараад л айдаг, бас л сүртэй харагддаг байсан шүү.

Дарга удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүүлж, ямарч зөрчил дутагдал заагдахгүй зогсож байхад сэтгэл тэнгэр сайхан шүү. Цагдаагийн дүрэмт хувцасаа өмсөөд нэг хүн шиг жигд алхаж явах ч бас л бахтай шүү дээ. Би хамт олноороо чимж, бахархаж хүндэтгэж явдаг. Тиймээс Цагдаагийн байгууллагын нэрийг сайнаар дуудуулахыг хичээж ажилладаг даа. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаадаа маш их баярлаж, ажил албаараа бахархаж явдаг .

-Суманд цагдаагийн алба үүргийг гүйцэтгэж багагүй хугацаанд ажилласан байх аа. Сумын цагдаагийн ажил онцлогтой байх? Таны ажлын өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би 2013 онд анх Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдон хөдөө орон нутагт ажиллаж эхэлснээс хойш таван жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Суманд албан үүрэг гүйцэтгэхэд бүх зүйлийг бие дааж шийдэх шаардлагатай болж, хамаг ачаа нуруун дээр ирнэ шүү дээ.

Суманд замын байцаагч, хүүхдийн байцаагч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гээд олон төрлийн ажлыг хийж байна. Цагдаагийн албан хаагч өглөө ажилдаа ирээд, тухайн өдөр хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, төлөвлөгөөний дагуу ажлаа эхэлнэ. Зарим үед төлөвлөгдөөгүй ажлууд зөндөө гарна. Зарим зүйлийг дарга удирдлагуудад танилцуулж, зааварчилгаа авч ажиллана. 

Миний ажлын өглөө 09:00 цагт ажилдаа очиж төлөвлөгөөгөө гаргахаас эхэлдэг. Тухайн өдөр ямар хэрэг дээр хэн хэнээс мэдүүлэг авах, ямар хүмүүстэй уулзах талаар төлөвлөсний дагуу ажиллана. Мөн сум орон нутагт архи согтууруулах ундааны зүйл борлуулдаг хүнсний дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийн хугацаа хуулийн хэрэгжилт, цаг ашиглалтыг шалгаж, хяналт тавьж ажиллана. Тухайн өдөр ирсэн дуудлага мэдээллийн мөрөөр хурдан шуурхай шалган шийдвэрлэж, гомдол гаргасан иргэдэд яаж шийдсэн талаар хариуг нь өгнө. За тэгээд зам дагуу үйлчилгээ эрхэлдэг гуанз цайны газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, албан мэдэгдэл, санамж, сэрэмжлүүлэг тараан өгөх, төв зам дагуу хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийх гээд ажил мундахгүй дээ. Оройн 21:00-с шөнийн 2:00 цагийн хооронд сумын төвийн гэмт хэрэг зөрчил гарч болзошгүй сэжигтэй газруудаар цагдаа ахлагч Б.Жавхлантөгстэйгээ эргүүл шалгалт хийснээр ажил дуусна даа.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шат шатанд эрчимжүүлж байна. Энэ ажлыг суманд хэрхэн зохион байгуулдаг вэ?

-Сумандаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан С.Чисмаа болон сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Б.Болд-Эрдэнэ нартай хамтарч ажилладаг. Сүүлийн үед цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

-Суманд ямар төрлийн гэмт хэрэг зонхилон гардаг вэ?

-Манай сумын хэмжээнд төв магистрал зам дайран өнгөрдөг тул авто ослын гэмт хэрэг гарах, тэр дундаа замаар хөндлөн гарч байгаа малыг дайрах осол үе үе гарч байна Урд онд орон байрны хулгайн гэмт хэрэг гарч байсан. Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон бусад удирдлагуудтай ярилцсаны үндсэн дээр өнгөрөгч 7-р сард манай суманд камержуулалт хийгдсэнээс хойш гэмт хэргийн гаралт эрс багасч байна. Сумын төвийг болон төвийн ойролцоох бүх газрыг камерийн тусламжтайгаар хянаж байна. Маш чанар сайтай сүүлийн үеийн өнгөт камер тавигдсанаас хойш хулгайн гэмт хэрэг гарахгүй байгаа.

Түүнчлэн мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөхгүй байх зөрчил их бий. Цагдаа харангуутаа хамгаалах малгайгаа өмсөөд цагдаа байхгүй бол малгайг өмсөхгүй байгаа зөрчил их ажиглагдаж байна. Зарим нь малгайгаа өмсөхгүйгээр авч явдаг. Хамгаалах малгайны ач тусыг ухаарахгүй, өөрийнхөө болон хамт яваа зорчигчийнхоо эрүүл мэндийг хамгаалахгүй, ухамсар муу, хэнэггүй байгаагийн нэг том жишээ юм даа.  Мөн зарим эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдээрээ мотоцикль унуулах, өөрөө ард нь суучихаад явж байх нь их. Тэгээд цагдаагийн албан хаагч хараад ухаан жолоогүй зугтдаг. Танай сониноор дамжуулаад эцэг, эхчүүд минь насанд хүрээгүй хүүхдээр авто машин, мотоцикль жолоодуулж битгий замын хөдөлгөөнд оролцуулж байгаарай. Та хүүхдэдээ шаардлага тавьж анхааруулах нь хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хийж байгаа нэг том ажил шүү гэдгийг хэлмээр байна.

-Ер нь гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Гэмт хэрэг гарч байгаа гол шалтгаан нь иргэд өөрсдийн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд хайхрамжгүй байгаагаас л эхтэй. Гэр, хашаа байшин бусад эд зүйлээ хараа хяналтгүй удаан хугацаагаар эзэнгүй байлгах, унаж яваа тээврийн хэрэгсэлдээ түлхүүрийг нь зоолттой үлдээх, хаалга цонхыг хаахгүй орхих зэргээр бусдад авах боломж олгож байна. Иргэдийн өөрсдийн хариуцлаггүй хэнэггүй хайхрамжгүй байдлаас болж гэмт хэрэг гарах шалтгаан болж, бусдад авах боломжийг олгож байна. Сүүлийн үед залуучууд амар хялбар аргаар мөнгө олох амьдрах сэтгэлгээтэй болж, бусдын эд хөрөнгийг авах, зарах нь ердийн үзэгдэл мэт боллоо. Иймд ард иргэд өөрийн өмч хөрөнгөндөө эзэн болж, хараа хяналттай байлгаж, малаа байнгын эзэнтэй хариулга маллагаатай байлгаач гэж хэлж анхааруулмаар байна.

-Таны ажиллаж байгаа сум аймгийн хилийн зааг шүү дээ . Тэгэхээр бас л онцлогтой байх. Ер нь хил залгаа сумдынхаа цагдаагийнхантай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Миний хариуцсан Цахир сум Архангай аймгийн хамгийн баруун хойд сум.  Аймгийн төвөөс 241 км алс. Зүүн талаараа Тариат, урд талаараа Хангай,   баруун урд талаараа Баянхонгор аймгийн Гурванбулаг, баруун талаараа Завхан аймгийн Отгон, баруун хойд талаараа Завхан аймгийн Их уул, хойд талаараа Хөвсгөл аймгийн Жаргалант сумтай залгаа байдаг. Манай суманд Завхан аймгийн харьяат иргэд их ирж, буцдаг. Хил залгаа сумдын хэсгийн төлөөлөгч нартай байнга утсан харилцаагаар холбогдож, харилцан ажлуудаа амжуулдаг. Байнгын холбоотой хамтарч ажилладаг нэг жишээ хэлэхэд 2017 оны 7-р сарын 6-нд 18 цагийн үед Цахир сумын төвөөс Даюун маркын шинэ мотоцикль хулгайд алдагдсан тул хил залгаа сумдын цагдаагийн албан хаагчидтай шуурхай холбогдож, мэдээлэл солилцож ажилласан. Үүний үр дүнд оройн 22 :00 цагийн үед Завхан аймгийн Их уул сумын хэсгийн төлөөлөгч хулгайн мотоциклийг саатуулсан байхад нь биеэр очиж шалгахад Улаанбаатар хотын харьяат иргэн Г, Өвөрхангай аймгийн харъяат иргэн М нар хамтарч, Улаанбаатар хотоос замын унаанд сууж, Цахир суманд ирээд мотоцикль хулгай хийж, Завхан аймгийн Их-Уул суманд очсон болох нь шалгалтаар тогтоодсон . Ер нь хил залгаа сумдын хэсгийн төлөөлөгч цагдаагийн албан хаагч нартай байнгын утсан харилцаатай хамтарч ажиллаж байгаа.

-Ажил албаа залгуулахад хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байдаг вэ?

-Ажил албаа залгуулахад хөдөө орон нутагт унаа машины асуудал хүндрэлтэй байдаг . Гэмт хэрэг үйлдэж байгаа иргэд хурдан машин, мотоцикльтой явж байхад цагдаагийн албан хаагч явганаар үүрэг гүйцэтгээд л явж байна даа. Удахгүй ЗДТГ-аас шинэ мотоцикль авч өгөх сурагтай байсан. Шөнө орой дуудлаганд явахдаа цагдаатайгаа хоёулаа явган гудамжны нохойнуудтай зодолдоод л явж өгнө шүү дээ. Явж явж шөнө ирэхэд гэр хүйтэн, тэгээд хоёулаа галаа түлээд хоол ундаа хийж идэх гээд л асуудал байна байна. Ер нь цагдаагийн алба цаг наргүй ажиллаж, шаардлага гарсан үед өдөр шөнийн ямарч үед байнга бэлэн байдгаараа бусад албадаас онцлог. Тангараг өргөсөн цагдаагийн албан хаагч бол халуун хүйтэн, өдөр шөнийн алинд ч гэмт үйлдлийг таслан зогсоох үрэгтэй гэж бодож ажилладаг шүү. Хүмүүс унтаж амарч байхад Цагдаагийн албан хаагчид  дуудлага хүлээн авсан бол хол ойр, өдөр шөнө, халуун хүйтэн гэж ялгалгүй, идэх хоол унтах нойрыг умартан, цаг наргүй албандаа зүтгээд л үүргээ гүйцэтгээд л явж байдаг. Цалин бага гэж дугарах эрхгүй, цаанаас зогс гэсэн бол зогсч л байдаг, цаг наргүй ажилтай ч цагдаагийн алба сайхан шүү дээ.

-Цагдаагийн алба хаагч цол нэмнэ гэдэг урам зориг, бас эрхэм зүйл байж таараа. Цолны үнэ цэнийн талаар таны бодол юу вэ?

-Цагдаагийн байгууллагад ороод анх дэд ахлагч цол авч байхад маш их баярлаж байсан. Хугацааны цолоор шагнуулаад тугандаа мөргөөд ёслоод зогсож байхад жавхаатай сүрлэг улам эрч хүч нэмэгдээд их сайхан байдаг шүү. Цол ахих тусам урам зориг орж, сэтгэл хөдлөөд хамт олноороо бахархаж, үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй тийм нэг л сайхан байдаг шүү. Цагдаагийн албан хаагчийн хамгийн эрхэм нандин зүйл бол цол гэж би боддог.

-Таныг хүүхдийн амь аварсан цагдаа гэдгээр нь олон нийт илүү мэднэ. Энэ талаар эргээд нэг дурсвал?

-Эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Тэрхийн голын мөсөн дээр хүүхдүүд харагдсан. Гадаа хүйтэн байхад энэ хүүхдүүд юу хийж байгаа юм болоо гээд очсон чинь Тэрхийн голын дунд хэсэгт мөсөн дээр гурван хүүхэд хоёр нь мөсөн дээр хэвтээд нэг нь зогсож байсан. Тэгээд очиж авах боломжгүй тул туулахаар болоход тэнд ус авч явсан Баянголд багийн Засаг дарга байсан Г.Эрдэнэбат ирж, бид хоёр ус туулаад очсон. Гэтэл нэг том хүүхэд нь зогсоогоороо орчноо мэдрэх чадваргүй болтлоо даарсан, нөгөө хоёр жижигхэн нь голын мөсөн дээр амнаас нь цагаан хөөс гоожоод осголтын байдалтай хэвтэж байсан. Тухайн үед гурван хүүхдийн өмссөн хувцас цээжнээсээ доош бүгд нойтон, мөсөн дээр хэвтэж байсан хоёр хүүхдийн хувцас нь мөстөй наалдсан байсан. Тэгээд Г.Эрдэнэбат нэгийг нь, би хоёр томыг нь үүрээд уснаас гаргаж, эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлгийн ажилчид яаралтай арга хэмжээ авч үзлэг хийж хурдан шуурхай ажилласаны хүчинд гурван хүүхдийн амь аврагдсан. Тухайн үед их эмч Болормаа  гурван хүүхдийн биеийн байдлыг үзээд хоёр жижиг хүүхэд нь найдвар муу байна шүү гэж надад хэлж байсан. Тэнд ажилласан эмч, сувилагч, асрагч нарт маш их талархаж байна. Бүгд л нааш цаашаа гүйлдээд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байсан. Нэг асрагч нь хөлдсөн хүүхдийн бүх хувцсыг нь тайлж хоёр шил 0,5-тай архи дэлгүүрээс авчраад, цагаан архиар угааж массаж хийсэн. Ингээд биед нь ямарч цэврүү үүсгэлгүй ухаан оруулж, амь насыг нь аварсан. Тэр үед алтан гартай  эдгээр хүмүүсээр бахархах сэтгэл төрсөн шүү.

-Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?

-Би хүнд худлаа хэлэхгүй, дарга удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон өөрт оноогдсон ажлыг алдаа дутагдалгүй хийж, иргэдийг хүндэтгэж харьцах, аль болох асуудлыг зөв шийдвэрлэхийг зарчим болгон ажилладаг.

-Гэр бүлээ танилцуулаач? Тэдэндээ хэрхэн цаг зав гаргадаг вэ?

-Би эхнэр хоёр охины хамт амьдардаг. Манай эхнэр грүпптэй гэртээ байдаг. Том охин “Ач” анагаах ухааны сургуулийг их эмч мэргэжлээр төгссөн. Эрдэнэбулган сумын 2-р багийн өрхийн эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад одоо Улаанбаатар хотод нарийн мэргэжлээр суралцаж байгаа. Бага охин Архангай аймаг дахь Боловсролын их сургуулийг төгсөөд 1-р Цэцэрлэгт багшаар ажиллаж байна. Миний хувьд ар гэртээ цаг зав гаргахдаа тааруухан байна даа. Хөдөө орон нутагт ажилладаг болохоор аймгийн төвд сард нэг зарим сард ажлын шаардлагаас болоод хоёр удаа ирж ажиллах хугацаандаа өдөрт нь өөрийн ажлаа цэгцэлж явсаар байгаад орой гэртээ хариад ойр зуур ажлаа эмхэлж гадна ажилдаа тусалж байна . Аймгийн төвд гэртээ ирэхэд хоол унд бэлэн, бүх хувцасыг угаагаад индүүдээд бэлдсэн байдаг. Би ирж хоноод л энүүгээрх албан ажлаа дуусгаад л буцаад явдаг. Бид тушаалаар ажилладаг болохоор сургалт семниар дууссан л бол сум орон нутаг руугаа буц гэсэн үүрэг авсан бол буцна шүү дээ. Даргын тушаал зөрчих эрх байхгүй. Тэгээд ч энэ амьдралдаа дассан байна. Намайг хөдөө орон нутагт ажиллаж байх хойгуур ар гэрээ сайн авч явж байгаа ханьдаа, хоёр охиндоо баярладаг. Ер нь ганц миний ар гэр ч биш хөдөө орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчдын ар гэр ийм л байдаг шүү дээ.

-Таны хэлэх дуртай үг?

-Нөхрийн хэрэг бүтвэл миний хэрэг бүтнэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Сайн явах санааных гэх мэт үгийг дотроо бодож явдаг даа .

-Цагдаагийн албан хаагч танаар бахархаж, ирээдүйд цагдаа болох хүсэлтэй хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай уулзаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж ажиллаж байхад Цагдаагийн албан хаагчийг хүндэтгэж, цагдаа болох сонирхолтой хүүхдүүд зөндөө байдаг. Тэр хүүхдүүдэд хандаж хэлэхэд багш нарынхаа заасан эрдэм номыг сайн сураад, хүссэн сонгосон мэргэжлээрээ сайн суралцаж, ажилдаа амжилт гаргаж, ард иргэд хамт олондоо хүндлэгдсэн сайн хүн болоорой гэж хүсэн ерөөж байна.

Ц.ӨНӨРЦЭЦЭГ

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна