Сайн бүхний нөмөрт орчлон зөв эргэдэг. Санаа зөв явахад хүмүүний заяа тэгширдэг ээ.
Хашаат сумын Цагаан хад багийн иргэн Т.Дагмид төрөлх сумынхаа эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн авто машин бэлэглэжээ.
Тумбаашийн Дагмид гэж хэн бэ? Тэрээр бүр хүүхэд байхын адуу малд эрэмгий байсан болоод ч тэр үү залуугаасаа хурдан морь уяж сум, багийнхаа том бага баяр, наадамд уралдуулан олон ч удаа айраг түрүү авч нутаг усандаа сайн уяач гэгдэж байсан байна. Бас морь малын барагтай өвчнийг ханаж хатгаад эдгээчихдэг байсан гэдэг.
Харин тэрээр сүүлийн арав гаруй жил хол, ойр нутгийн өвдсөн, шаналсан олон мянган хүмүүсийг ханаж хатгаж эмчилдэг болсноор “Хашаатын хатгаж, ханадаг хүн” гэсэн нэрийг олж, хот хүрээ, хөдөө гадаанаас Хөшөөтийн хөндийг зорих хүмүүсийн цуваа үл тасрах болжээ.
Энэ хугацаанд мөн ч олон хүнийг өвчин эмгэгээс нь салгасан ачтан бол яах аргагүй энэ эрхэм хүн мөн. Тиймээс зургаан жилийн өмнө олон түмэн түүнд “Ард түмний гавъяат” цол олгосон бол гурван жилийн өмнө төр түүний энэ буянтай ажлыг үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг”-оор энгэрийг нь мялаасан билээ.
Өнөөдөр Т.Дагмид түмэн олон, төрийнхөө хайр хишгийг төрмөл авъяасаараа хариулах гэж өвдсөн шаналсан хүмүүнийг ханаж хатган эмчилж илааршуулан явна.
Тэр бас нутаг орныхоо хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө сайн үйл бүтээхийг зорьж тэмүүлж яваа “Сайн үйлстэн” мөнөөс мөн юм.
Т.ПҮРЭВЖАВ
Сэтгэгдэл үлдээх