Залуучуудын гавшгайч бригадын гар сэтгэл нийлсэн залуу оёдолчид эгнээлэн ярайтал суучихсан цахилгаан машиныг нижигнүүлэн үйл урлана. Хийж бүтээх хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэн аравдугаар ангиа төгсөөд л оёдолчин болохоор шийдсэн Цэцэгмаа ч тэдний дунд бий.
Самбуугийн Цэцэгмаа Эрдэнэбулган сумын уугуул. Аав, ээж нь насаараа хүнсний үйлдвэрт ажиллажээ. Аавынхаа дүү, артелийн оёдолчин эгчийндээ очиж, юм оёж байгааг харах дуртай байсан охин оёдолчин болохыг мөрөөдөж байж.
Наймдугаар ангиа төгсөөд хуваарь сонгох болоход оёдлын ангийн хуваарь ирээгүй тул Хөнгөн хүнсний техник мэргэжлийн сургуулийн хивсний ангийг сонгосон аж. Улаанбаатар хотын Хивсний үйлдвэрт жил гаруй ажиллаад аймагтаа ирж суурьшжээ. Аймгийн ахуй үйлчилгээнд Намжилмаа мастертай хүүхдийн хувцасны тасагт Лхамхүүгээр ахлуулсан бригадад ажиллаж, оёдолчин болох гараагаа эхлэв. Лхамхүү гэж түүний анхны оёдлын багш. Хүүхдийн хувцасны бригадаасаа сансрын нисгэгч Гүррагчаагийн нэрэмжит залуучуудын гавшгайч бригадад ажиллах болжээ.
Дор бүрнээ л хичээн цагтай уралдах оёдолчид бол Архангай аймгийн ахуй үйлчилгээний Монгол улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит бригадынхан. Сансрын нисгэгч Гүррагчааг 1981 онд сансарт нисээд ирэхэд нь залуучуудын энэхүү гавшгайч бригадыг нэрэмжит болгон нээсэн ба сансрын нисгэгчийг бригадынхаа нэг гишүүн хэмээн сэтгэж түүний өмнөөс төлөвлөгөө нормыг биелүүлэн ажиллана.
1982 оны дурсамжит нэгэн өдөр сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Архангай аймаг дахь өөрийн нэрэмжит залуу оёдолчдын гавшгайч бригадад зочилсон ба тэр өдөр нормоо хэн түрүүлж биелүүлсэн нь сансрын нисгэгчтэй зургаа авахуулах боломж бүрдсэн тул шамдана. Залуухан оёдолчин Цэцэгмаа болзлыг биелүүлж, сансрын нисгэгчтэй патиараа татуулав.
Ийн гар сэтгэл нийлэн ажиллаж байх ид үед 1990 оны Ардчиллын салхи сэвэлзэж, ахуй үйлчилгээ ч хувьд шилжиж Тамир, Дөл хэмээх хоёр хоршоонд хуваагджээ. Цэцэгмаа Дөл хоршоонд хоёр сар орчим ажиллаад Сүндэр буудлын дэргэдэх үйлдвэрт ажиллаж байгаад улмаар одоогийн Суварга компаний байранд өрөө түрээслээд өнөөг хүртэл оёдол хийж байна.
Хүн хийж бүтээснээрээ овоглуулна гэдэг сайхан. Одоо ч бараг Самбуугийн Цэцэгмаа гэхээсээ илүү Суваргын Цэцэгмаа л гэх болждээ.
Үйлчлүүлэгч захиалсан хувцасаа аваад “Гоё болсон байна, баярлалаа” гэж хэлээд гарах нь юу юунаас илүү том шагнал. Өлгийтэй нялхаст баривч, өтөл буурайд дээл урлаж түмнийг гоёдог буянтай үйлсдээ тэрээр хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Эхэндээ цаг наргүй л ажилладаг байлаа. Заримдаа гэртээ хариад ч оёно. Одоо бол өөртөө цаг гаргаж ажлын цагтай, амралтын өдөртэй болсноо хуучиллаа.
Түүнд ажил гэр гэсэн ганцхан л зам бий. Сайхан гэр бүл, сайн ханийн хүчинд ажилдаа үүртэж, түүртэж байсангүй. Түүний хань Ш.Отгонбаяр гэрийн цахилгаан хэрэгслийн засварчин. Ахуйн үйлчилгээнд ажиллаж байхдаа ханьтайгаа танилцаж, гурван хүүхдийн аав ээж болцгоосон. Одоо ч мөн л хамт ажиллаж байна.
Архангай аймгийн уугуул тэрээр айлын өргөмөл хүүхэд. Хүнд хүн өгөх шиг том буян байдаггүй гэж үг байдаг шүү дээ. Үр хүүхэдгүй айлд гэрэл нэмэн ирсэн охиноо аав ээж нь дэндүү эрх танхи өсгөсөн ажээ. Одоо ная гарсан буурал ээжийгээ тэр гоёх дуртай. Жил бүр л шинэ дээл оёж өгдөг. Уран охиноороо ч ээж нь бахархдаг.
Тэрээр үйлэнд урнаас гадна хоол хийх дуртай, гэрийн сайн эзэгтэй. Монгол эмэгтэйчүүд үг яриа цэгцтэй, үнэн зөвийг эрхэмлэсэн, үзэсгэлэн төгөлдөр, ичиж эмээхээ сайтар ухаарсан, асран халамжлахдаа сайн гэгддэг. Энэ нь эртнээс эмэгтэй хүн айл гэрийн өнгийг мэддэг гэдгийг ухамсарлаж, охидоо онцгойлон хүмүүжүүлдэг байсны шинж юм. Түүнчлэн эх хүний есөн эрдэмд өнгөнд цэвэр, үйлэнд уран, үрд энэрэлтэй, үргэлж цэмцгэр, ханьдаа түшигтэй, хадамдаа элэгтэй, найранд дуутай, настанд ерөөлтэй, нартад буянтай гэж байдаг даа. Намуухан яриа, намбатай төрх, нямбай зан, эелдэг харилцаа, эхэлснээ дуусгадаг хөдөлмөрч зан түүнийг чимнэ.
Мэддэг чаддаг бүхнээ хүнд хэлэхсэн гэж үргэлж хичээдэг зантай. Тийм болохоор хамт олон нь түүнээс эмээж бэргэлгүй асуух гэснээ асууж суралцана. Тэр хэрээрээ ч түүнийг ихэд хүндэтгэнэ. Хийдгээ хийсэн намайг одоо хэн хэлэхэв гэсэн шиг “архагууд” энд тэнд байж л байдаг. Цэцэгмаагийн хувьд ажлаараа ч тэр биеэ авч яваа байдлаараа ч тэр залуучуудыг үргэлж үлгэрлэнэ.
Аймгийн төвд хэдий ч зорьж л очих буйдхан газар, хуучны байр, үүдээр нь ороход хүйтэн, чийгтэй энэ орчинд халуун сэтгэлтэй үйлчин бүсгүйчүүд ажилладаг. Цэцэгмаа ч мөн хориод жилийн өмнөөс энд ажилллах болжээ. Нөхөр нь ч бас энд өрөө түрээслэн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засдаг.
Оёдолчдын өрөө хэдий жижиг ч тэнд том ажил өрнөнө. Найр хурим, одон мядаль гардах, насны ой, урлагийн тоглолт, хүүхдийн даахи үргээх зэрэг сайн сайхан үйл явдалд л гоёх гэж захиалсан дээл хувцасыг энд урладаг. Ер нь л баяр жаргалтай хэн нэгний гоёог урлана л гэсэн үг. Тэр ч утгаараа хариуцлага нэмэгдэнэ.
Дээл эсгэх гэж сууснаа ахин дахин хэмжиж, эргүүлж тойруулж үзээд байхаар нь асуухад “Ёстой л долоо хэмжиж нэг огтол гэдгийг чинь бодно шүү дээ. Хүний үнэтэй материалыг нэг л хайчлахад ахиж залгах аргагүй тул ингэж л ахин дахин нягталж үздэг юм даа. Яг л зөв боллоо гэхдээ л хайчилдаг” гэж билээ. Оёсон дээлээр нь наадамд гоёсныг харах сэтгэлд бахтай байж таараа.
Тэр өөрөө торго бөс барааны бизнес эрхэлж, чанартай торгоор үйлчлүүлэгчдээ гоёх хүсэлтэй. Өөрөө материал авчирвал өнгөнөөс эхлээд чанарын хувьд ч дориуныг нь сонгож болмоор санагддаг аж. Хүслээ гүйцээх гэж янз бүрийн төсөл хөтөлбөрт хамрагдахыг хүссэн ч талаар өнгөрчээ. Харин хэдэн жилийн өмнө Хөдөлмөрийн хэлтсээс хувиараа бичил бизнес эрхлэгчдийг дэмжих төслийн гурван сая төгрөгийг авч, тоног төхөөрөмжөө шинэчилжээ.
Хөдөө сумд, тэр байтугай нийслэлээс ч үйлчлүүлэгчид зорин ирдэг. Энэ л байрандаа хорь шахам жил болоход төдийгөөс өдий болтол тасралтгүй үйлчлүүлж байгаа хүмүүс ч цөөнгүй. Үнэнч үйлчлүүлэгчдээ аль болох очер дугааргүй авахыг хичээдэг ба тэд нар нь ч ажлыг нь ойлгон захиалгаа урьдчилаад өгчихнө.
Оёдолчид ганц нэгээрээ энд тэнд өрөө түрээсэлж оёдлоо хийдэг ч “Үйл Уран” хэмээх холбоог байгуулан нэгджээ. Тэд төрөл бүрийн уралдаан тэмцээн, үзэсгэлэн худалдаанд оролцох, шагнал урамшуулалд тодорхойлох, баяр ёслолыг хамтран тэмдэглэх гэхчлэн давуу тал олонтой. Цэцэгмаа ч энэ холбооноос Архангай аймгийн есөн алдартанд нэр дэвшиж, гал тахиа жилийн Алдартан болсон.
Иргэдийн санал асуулгаар тодруулдаг энэ шагналд нэр дэвшсэн түүнийг дарга цэрэг, хөгшин залуугүй дэмжсэн нь түмнийг гоёдог буянтай ажлынх нь үнэлэмж бизээ. Уран гараараа бусдыг гоён, түмний талархлыг хүлээн байгаа түүний хараа хурц, үйл уран байг.
Ц.ӨНӨРЦЭЦЭГ
Сэтгэгдэл үлдээх