Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан суман дахь Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн төв, Ахмадын хороо хамтран “Гэр бүлийн Үнэ цэнэ, Эрүүл байх үндэс, хүндэтгэл хайрлал харилцан суралцах” сэдвийн дор “Зөвлөе дэмжье, хамтаръя, тусалъя” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт иргэд, ахмад, дунд залуу үеийнхэн, Эрүүл мэндийн төвийн хамт олон, хүүхдийн цэцэрлэгийн дөрвөн бүлгийн багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд, багш нарынхаа хамтаар баг болж, давсгүй цай, хоолны үзэсгэлэн гаргав. Хайрч шараагүй, давс, чихэр оруулаагүй хоол, цайны төрлүүд өдөрлөгт оролцогчдод арга туршлага болохуйц байлаа. Мөн энэ үеэр хосуудын дунд “Миний гэр бүл” сэдэвт мэндчилгээ, шүлэг зохиох, зураг зурж тайлбарлах, хөгжөөнт тоглоомыг явуулсан юм.
Өдөрлөгийн ач холбогдлын талаар МГБССН-ийн салбар зөвлөлийн тэргүүн З.Чанцалдулам, Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ц.Оюунтүлхүүр, оролцогч Я.Отгон нарын яриа сэтгэгдлийг сонсоход: “Гэр бүлүүд, иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, халдварт болон халдваргүй өвчлөлийн эрсдэлийг бууруулах бие биендээ зөвлөж, дэмжиж, хамтран суралцаж, эрүүл саруул аз жаргалтай амьдрахад чухал шинэлэг арга туршлага боллоо. Иргэдийг зөв амьдралд уриалсан сайхан өдөрлөг.” гэв.
Хашаат суман дахь сурвалжлагч А.ЛХАГВАСҮРЭН
Сэтгэгдэл үлдээх