ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГТ ШИНЭ ЖУРАМ ХЭРЭГТЭЙ ЮУ?

2020-05-27 04:22:31 | 39 | 0


Хүнс бүхий байгууллага, хүнсний дэлгүүр, үйлчилгээний газруудын бүрдүүлэх ёстой баримтуудын нэг бол  “ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ”. Мэдээж, иргэдэд аюулгүй хүнсээр үйлчлэх нь үйлчилгээний газруудын хуулиар хүлээсэн үүрэг. Харин аль шатандаа ямар бичиг баримт бүрдүүлбэл иргэдэд аюулгүй, бизнес эрхлэгчдэд чирэгдэлгүй, ач холбогдол нь тодорхой байж болох вэ?  

Шинжилгээний бичгийг хүнс бараа бөөнөөр борлуулдаг дэлгүүр, үйлчилгээний  газраас авна. Авахдаа олшруулж авна, эсвэл өгнө. Нэгийг биш, нэг бүрчлэн. Бараандаа сонгож авах, өгөх боломжгүй учраас хэдхэн бараанд бичиг авахын тулд  нийтэд нь олшруулж нилээдгүй цаас, цаг зарцуулна. Энэ нь бараа бүтээгдэхүүн авах, нийлүүлэх бүрт давтагдана. Энэ бичиг баримт зайлшгүй хэрэгтэй газраа бол хэрэгтэй л байх. Харин цэг бүрт ижил шахуу олшруулсан хувилбар хэрэгтэй юу?

Товчхондоо, хүнсний бараа бүтээгдэхүүн хоёр эх үүсвэрээр л дэлгүүр үйлчилгээний газарт хүрдэг. Нэг бол хил гаалиар орж ирнэ. Нөгөө нь дотоодын үйлдвэрүүд борлуулах цэгүүдээрээ нийлүүлнэ. Энд  хоёр асуудал байна.

Нэгд. Улс орны үүд хаалга болсон хил гаалиар оруулж байгаа бараа болгонд хяналт, үнэлгээ, лабораторийн сорьц, шинжилгээ хийж, баримт бичиг үйлддэг. Энэ ажлыг стандартын түвшинд шударга, чанартай хийчихвэл...Өөрөөр хэлбэл, хууль бус, чанар стандарт хангахгүй ширхэг ч бараа бүтээгдэхүүн гаалиар нэвтрэх нүх сүвгүй байх нөхцөлийг эхлээд бүрдүүлэх шаардлагатай л даа. Гэтэл нэвтэрчихдэг. Харин хянасан, шалгасан нь хатуу шийтгэл хүлээх хуультай ч хэрэгждэггүй. Тэгсэн хэрнээ 4-5 дамжлага бүрт элдэв бичиг тоот нэхэх нь зохимжтой юу? 

Хоёрт. Дотоодын  үйлдвэрүүд зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэггүй л байлтай. Тэгвэл бүтээгдэхүүн  нийлүүлдэг, борлуулдаг үйл ажиллагаанд чанар сорьцгүй бараа шургалах сиймхий гарахгүй байх боломжтой. Энд заавал олшруулсан бичиг хэрэгтэй юу? 

Стандарт, чанар хангаагүй бараа бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид хүрэх “үүд хаалганд” нүх сүв баймааргүй байна. Хил гаалиараа нэгэнт оруулчихсан хүнс барааг араас нь ажил болгож шалгаад л, элдэв бичиг нэхээд л, торгож шийтгээд байх нь зүйд нийцэх үү? Ажлаа хийж чадаагүй хянадаг, шалгадаг хүмүүсийн хариуцлагыг амиа аргацааж байгаа жижиг үйлчилгээний хүмүүс үүрэх нь хэр зэрэг шударга вэ?

Харин, хүнсний бараа бүтээгдэхүүнтэй холбогдолтой шат дамжлага бүрт тавих хяналт шалгалт нь хугацаа, хадгалалтын горим, эх үүсвэр, ажлын байрны стандарт, эрүүл ахуйн шаардлага, дүрэм журмыг хатуу чанга мөрдүүлэхэд чиглэж байвал илүү үр дүнтэй юм.

Өнөөх олон цаасыг үзүүлэх төдийд бэлтгэх гэж өчнөөн чирэгдэл болдог. Төрийн байгууллагын шат шатны үйлчилгээ нь чирэгдэлгүй шуурхай байх хууль, журам амьдралд нийцэж байгаа эсэхийг дүгнэх хэрэгтэй юм. Ахиц өөрчлөлт гарч байгаа ч улам сайжруулах явц удаашралтай байж боломгүй.

Төвшрүүлэх суман дахь сурвалжлагч Ч.ТҮМЭНЖАРГАЛ

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна