Гал бузартахгүй ХАРИН БАЙГАЛЬ...

2020-05-27 04:30:43 | 35 | 0


Хог тойрсон сэдэв дуусахгүй. Энд зөвхөн ахуйн хогийг ангилж шатаах, хогийг гэрийн нөхцөлд шатааж, хогийн цэг дээр зөвхөн үнс хаядаг болцгооё гэсэн агуулгаар бичиж байна. Нийтлэлээ бичих явцад хогийг ангилж шатаах талаар хүмүүстэй уулзаж явахад гал бузартана, галаа тахиулсан, галын бурхан гомдоно гэхчлэн ярих юм. Эндээс гал үүссэн тухай төсөөллөө л дөө.

Гал нь анх үүсэхээсээ л ямар нэг шашинтай огт холбоогүй бөгөөд харин байгалийн үзэгдэгдэл байсан гэж болохоор юм. Чулуун зэвсгийн үе, түүнээс өмнөх үед ч байж магадгүй, хүний үүсэл гарвалын үеүдэд аадар орж, аянга цахиж, түүнээс улбаалан ой хээрийн  болон талын түймэр дэгдэж байсан нь галын анхдагч юм гэж би ойлгоном. Түймэрт өртсөн ан амьтны сэг зэмийг “зэрлэг” хүмүүс амталж үзээд үүнээс илүү амттан үгүйг мэдэрсэн байх. Эндээс эхлэн түймрийн галаас тасдан авч, ан авын хишгээ шарж, түлж идэх үйл явц эхэлсэн боловч гал унтрахад дахин асаах аргаа ололгүй удсан гэж бодном. Зэрлэг ан амьтны хөлийн хурдаас үүссэн хайрга чулууны харшилтаас оч хаяж байхыг харсан хүний өвөг дээдэс чулууг хооронд нь харшуулахаас эхлээд олон арга хэрэглэсэн нь үр дүнд хүрч, хэт цахиурыг бий болгосон гэдэг. Цахиурын төрлийн төрлийн чулууг төмөрлөг зүйлстэй харшуулж, оч хаяулж хөвдөрхөг зүйл буюу уул хэмээхийг бүтээснээр хүний өвөг дээдэс гал үүсгэж сурсан билээ. Ингээд нийтлэлийнхээ гол санаа руу оръё.

Хогийн цэг дээр очиж, ямархуу байгааг харлаа. Хог бас “хөгжжээ”. Түрүү үеийн хогийн цэг дээр үнс нурам, өтөг бууц, бага зэрэг шил шаазангийн хагархай, модны хог зэрэг бага сага зүйл байдаг байв. Харин одоо бол хэмхэрхий буйдан, эвдэрхий зурагт, угаалгын машин, машины дугуй, төрөл бүрийн техникийн эд анги, барилгын материалын үлдэгдэл, есөн шидийн хуванцар эдлэл, архины болон бусад шил, цаас маш их хэмжээгээр, бас арьс ширтэй нь хаясан том жижиг малын сэг зэм хэтэрхий том талбайг эзэлжээ. Үүнээс үзвэл нийт хогийн 90% орчим нь шатах хог байх юм. Дэлхий дээр хогоо ангилахгүй хаядаг газар манайх л байх шиг.

Шат шатны шийдвэр гаргагчид, иргэд дор бүрнээ хогоо ангилаад, түүндээ тохирсон дүрэм, журмаа гаргаад, ягштал мөрдөөр явбал болохгүй гэх газар үгүй билээ. Гэрийн нөхцөлд шатааж болохгүй хогийг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс тохирсон хэмжээний төлбөр аваад хогийн цэгийн зууханд шатаадаг болоход л нилээд зүйлс эмх цэгцэндээ орох юм. Жишээ нь: дугуй засвар, барилгын компани гэх мэт.

Шилний тухайд бол бутлагч төхөөрөмж аль хэдийн дэлгэрсэн дээ. Тэр ч байтугай дунд сургуулийн хүүхдүүдийн дунд шил бутлах бага оврын бутлагч зохион бүтээх уралдаан зарлахад ч болно. Харин шатаах тухайд байгальд ээлтэй технологи бишгүй байж таараа. Ахуйн нөхцөлд шатаах хогийн тухайд гал бузартана гэсэн мухар сүсгээсээ илүүтэй шатаахгүй бол байгаль бузартах талаар бодох хэрэгтэй юм.

“Хог...” гэсэн асуудлаар хүн болгон ярьж, бичдэг ч ажил болохгүй байгаа нь цөөхөн шалтагтай. Хоггүй байхад зориулсан төсөв тийм ч багагүй гэдгийг санахад илүүдэхгүй. Хийх нь аргаа олдог, хийхгүй нь шалтгаа хайдаг гэдэг дээ.

Цахир суман дахь сурвалжлагч Л.ГАНХУЯГ

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна