ХАВАР ЦАГТ ХҮҮХДИЙН ТУС ИХ

2020-05-28 02:57:09 | 38 | 0


Хавар цаг налайж, илч нь наашлах наран ээх үест малчны хотонд төлийн дуу цангинана. Малчны нэг өдрийг сурвалжлахаар Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн мянгат малчин Д.Амархүүгийнхийг зорилоо.

Эднийх Жаргалантын аманд хаваржиж байна. “Өвөлдөө малчин бид биеэ тэнхрүүлж аваад хаврын их ажилдаа бэлтгэдэг юм. Энэ жилийн хувьд хүүхдүүдийн тус их ажлыг нугалж байна даа” гэж Д.Амархүү ярьсаар угтлаа.

Хаврыг давахаар хүн малгүй л зүтгэнэ. Ингээд л дэлгэр цагтай залгаж, идээ цагаагаа хураах, намартаа хадлан өвсөө базааж, хашаа хороогоо цэвэрлэх гээд дөрвөн улиралд малчдын ажил мундахгүй.

Д.Амархүүгийнх дөрвөн хүүтэй. Дунд хүү А.Ганбаатар нь малд нүдтэй, малч аж. Түүнтэй хэдэн хором хуучиллаа. “Энэ хавар аав ээждээ туслах боломж гарлаа. Миний өдрийн ажил гэвэл өглөө эрт босч, ээж, аавтайгаа зэрэгцэн малаа хашаанаас гарган бэлчээж, төлийг нь эх нэг бүрт нь тавьж өгнө, заримыг нь барьж байж хөхүүлдэг. Ер нь хавар бол гэрт орох зав ховор доо” гээд бас хөгжилтэй яриа дэлгэлээ.

-Ямаа их ямбатай амьтан ш дээ /инээв/, Ишгээ ганц нэг үнэрлээд болж өгвөл хөхүүлэхгүй байх санаатай. Ишиг нь тэр хооронд төөрөөд аль таарсан хонь, ямааны дор очоод мөргүүлж өшиглүүлсээр, майлан ийш тийшээ гүйнээ. Энэ үед нь хүзүүн дэх уяагаар нь  таньж, эхийг нь барьж байж хөхүүлнэ дээ. Ишиг хургаа хөхүүлж дуусаад илүү гэртээ оруулах гэж бас хөөрхөн дажин болноо. Өнөөдүүл чинь гэдэс нь жаахан цадаад ирэхээрээ энд тэндгүй харайгаад баригдахгүй. Ингэж ишиг, хургатай хөөцөлдсөөр өдрийн ихэнх өнгөрнө дөө. Хонь ямаагаа бэлчээрт гаргаад хэсэгхэн зуур амрангаа унд цайгаа уучихаад хашааныхаа өтгийг цэвэрлэж, нойтон бууцаа гаргаж зөөх гээд дахиад л ажилдаа гарна даа гэж өөрийн ажлаа танилцуулан хуучлаад амжлаа.

Ганбаатар хүү сургуульдаа яваагүй удаж байгаа болохоор ангийн найзуудаа үгүйлж байгаа гэнэ. Цахимаар хичээл орж байгаа ч хоцрогдол гарч байгааг нуусангүй. Хааяа салхи зэргээс болж, телевизийн антен нь таарахгүй будилах үеэр нь зөндөө хугацаа алдаж, хичээлдээ “сууж” чадахгүй өнгөрдгөө ч хэлж байлаа.

Явдалдаа нугаларч элэгдсэн, харахад өхөөрдмөөр ч юм шиг, жижигхэн бакаал жийж, духан дээрээ сөөсгөр үс сөөвийлгөсөн сэргэлэн бор хүү сурцтай нь аргагүй баруун өвдгөө дөрөөн дээрээ тавьж, бүүрэгнээсээ зүүгдэн зүүн хөлөө давуулж мордоод дүүгийнхээ хамт хониндоо яваад өглөө.

Хоёр хүү нь хороо хотоо цэвэрлэж, үхрийн баасаа зөөж дуусаад, гэрийн эзэн худаг руу явж, гэргий Мөнххишигт хоол ундаа хийчихээд, өглөө барьж уясан хэдэн ямаагаа самнахаар гарлаа.

Ямаа самнах яггүй ажил аа. Эднийх бүл муутай болохоор өдөрт цөөнөөр нь самнадаг гэнэ. Малчид ноолуурын үнэ буухаас өмнө амжуулах гэж өдөр шөнөгүй ямаагаа самнадаг гэх боловч эднийх л лав хүйтэрвэл ялангуяа тэнхэрч амжаагүй эх мал даарчихна гээд нэг их яаран самнадаггүй гэнэ лээ.

Ганбаа хүү орой бэлчээрээс ирэх үнээндээ өгөх тэжээлийг гараараа хэвлэн суух нь цаанаа л нэг сурцтай. Энэ зуур аав нь: -Хургыг нялх үед нь буюу төрөөд 10 хоногтойгоос эхлэн хамгийн ихдээ гурван сартай болтол тэжээгээд 45-60 хоног болоход тэжээлээ зогсоон бэлчээрээр уламжлалт аргаар маллаж болно хэмэээн ярьж байлаа, Xаврын мал ногооны судал хөөгөөд жалга, уулын салаагаар таран алга болно. Хониныхоо араас явахаар Ганбаа хүү мотоцикльдоо дүүгээ сундлан одлоо.

Өдөр яах ийхийн зуургүй өнгөрч, нэг мэдэхэд мал хотлох цаг болж, хонь, ямаа майлалдсаар хотондоо ирэх чимээнээр хашаан доторх хурга ишиг зэрэг зэрэг майлалдан ёстой л “хонины найр” гээч шиг л юм боллоо. Ингээд л орой болтол хурга ишгээ эхд нь хөхүүлж, цадаагүйг нь угжих зэргээр борви бохисхийлгүй холхисоор оройн хоолтойгоо золголоо. Харанхуйгаас урьтаж хурга ишгээ хурааж, пүнзэнд оруулах гэж бас л бөөн хөөцөлдөөн, майлаан болсны эцэст сая нэг гэртээ орж ирцгээнэ дээ.

Би ч явах болж, гэрийн эзэн Амараа зурагтаа асаан мэдээллийн хөтөлбөрүүдийг нэг бүрчлэн үзэнгээ улс орны байдал, төр засгийн бодлого гээд л олон зүйлсийг дүгнэн хэсэгхэн зуур яриад амжлаа.

Ганбаа хүү ахынхаа хамт унтахынхаа өмнө хотоо эргэнгээ: -Ааваа шөнө 5-7 хонь төллөх бололтой хэмээхэд нь би: -Чи яаж мэдэж байгаа юм бэ гэж хэрэгт дурлавал: -Хөдөлгөөн нь удааширч сүргийнхээ сүүлийг бариад байдаг. Ер нь андашгүй дээ гэж хээв нэг хариулав.

Харин гэрийн эзэгтэй Ж.Мөнххишигт “Архангай“ сэтгүүлийн шинэхэн дугаарыг дэлгээд, нутгийн хүмүүс гарчээ хэмээн харж суугаа нь илт.

Энэ их ажлын ард гарчихаад унтах гэж яарах жишим ч үгүй байцгаахыг хараад өмнөөс нь ядрах шиг санагдсан билээ.

 Эрдэнэмандал суман дахь сурвалжлагч Б.ОТГОНСҮРЭН

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна