Хүний амь аврах энэрэнгүй үйлсэд сэтгэл зүрхээ зориулж яваа П.Цэрэндэжид эгчийг онцолж байна. Тэрбээр 20 жил цусаа өгч, хүний амийг аварч яваа энэрэнгүй үйлстэн, Хүндэт донор, сувилагч нэгэн юм.
“1983 оноос эхэлж цусны донор болсон. Тэр үед би 21 настай байлаа. Миний цус нэгдүгээр бүлгийнх болохоор хэрэгцээ өндөр байдаг байх. Хүний амь аврах энэрэнгүй үйлсэд нэгдсэндээ сэтгэл өндөр байдаг. Донор болсноос хойш 21 литр цусаа хандивлаад байна. Нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь авардаг гэж үздэг. Тэгэхээр олон хүний амь аварчээ гэсэн үг” гэж бахартайгаар ярих хүн яах аргагүй мөн билээ.
Донорын эгнээнд нэгдсэнээс хойш Хүндэт донор, Энэрэнгүй үйлстэн гээд цөөнгүй шагнуулжээ. Ажлынхаа хажуугаар хүний амь аврах үйлсэд сэтгэл зүрхээ зориулж яваа болохоор шагнаж урамшуулахаас яах билээ дээ. Салбарынхаа шагналыг ч хүртэж, Эрүүл мэндийн яамны жуух, Алтан гарт сувилагч зэргийг хүртсэн.
Цусны төв, Улаан загалмайн нийгэмлэг хамтраад залуу доноруудыг алдаршуулдаг, мөн ахмадуудаа жилд нэг удаа амралт сувилалд үнэгүй амраадаг, нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх олгодог, Улсын хоёрдугаар эмнэлэгт үзлэг оношилгоо үнэгүй хийлгэдэг байна. Тэтгэвэрт гарсан хойно нь ахмад доноруудаа ийнхүү халамжилдаг аж. Цэрэндэжид эгч 2013 онд тэтгэвэртээ гарч, энэ үйлчлгээг 2017 оноос хүртэж эхэлжээ.
Цусаа зүгээр ч нэг өгчихдөг юм биш. Эрүүл мэндээ тогтмол хянуулахаас эхлээд үндсэндээ эв эрүүл байх шаардлага мэдээж бий. Заримдаа цусаа өгөх гээд очиход нь толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг гэнэ. Харин цусаа өгсний дараа бие нь хөнгөрөөд, бүр сэргээд ирдэг байна.
Хүн нэг удаа 400 грамм цус өгдөг байна. Жилд эрэгтэйчүүд зургаа, эмэгтэйчүүд дөрвөн удаа цусаа өгч донор болох боломжтой ажээ.
Цэрэндэжид эгч тэтгэвартээ гарсныхаа дараа Эрдэнэмандал сумын “Ачит Болор“ сувилалд ээлжийн сувилагч, бариа заслын сувилагч хийж, тус сувиллын эрхлэгч М.Цогзолсүрэн эмчтэй хамтран ажиллаж байна. Залуу насаа эрүүл мэндийн салбарт зориулж, өдгөө ч өөрийгөө “шинэ” ажилд сорьж, амьдралын идэвхтэй яваа энэ эмэгтэйгээр бахархууштай.
Тэрээр залуусын талаар ингэж ярилаа. “Залуус хэсэг дээд боловсрол руу хошуурч байсан. Одоо эргээд дунд мэргэжлээр сурдаг залуус олширч байна. МСҮТ-д амжилттай суралцаж чадвал хаана ч ажилласан амьдралаа аваад явчихна шүү дээ. Залуус нийгэмдээ илүү идэвхтэй баймаар байна. Олон нийтийг хамарсан ажилд сэтгэлээрээ оролцдог байх хэрэгтэй. Нэг нэгэндээ тус дэм болдог баймаар байна. Нөгөөтэйгүүр, нийгэмд идэвхтэй залуусыг төр дэмжих тал дээр сул байдаг. Залуусыг дэмжээд өгвөл улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна шүү дээ. Манай улс залуусын орон учраас төр дэмжээд өгвөл хөгжих боломж байна” гэсэн юм.
Эрдэнэмандал суман дахь сурвалжлагч Б.Отгонсүрэн
Сэтгэгдэл үлдээх