АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭМАНДАЛЫН “ЭРҮҮЛ” ТАЛХ

2020-06-11 03:28:04 | 962 | 0


Багш мэргэжилтэй боловч өөрийн сонирхлын дагуу талх үйлдвэрлэх болсон “Баялаг” талх нарийн боовны цехийн эзэн сумын сургуулийн хэл уран зохиолын багш Т.Мөнхжаргал буюу нутгийн хүмүүсийн дууддагаар Мөнжигөө багштай ярилцлаа. Түүний цехийн гол зорилго нь нэгэн төрлийн хэвшмэл талх бус, эрүүл мэндэд эерэг нөлөөлтэй, хугацаа уртасгагч болон ямар нэгэн химийн бодис агуулаагүй органик талхыг хэрэглэгчдэд хүргэх юм.  Цехээр ороход дөнгөж гарсан шинэхэн талхны үнэр ханхална. Цехийн эзэнтэй хэсэгхэн ярилцаж, үйлдвэрлэлээ яагаад эхлэх болсон, ямар бэрхшээлийг туулдаг, юу тулгамддаг зэргийг нь яриуллаа.

Т.Мөнхжаргал: Анх үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ телевизээр “Үйлдвэрлэгч өрх” гэсэн нэвтрүүлэг үзэж санаа авсан. Ингээд тухайн нэвтрүүлэгт оролцож байсан С.Жавхлантай холбогдож, хэрхэн ажиллах талаар зөвлөгөө авч, талхны пийшин бариулаад патентыг нь худалдан авч байсан. Хүнд сурсан зүйл илүүдэхгүй. Өмнө нь манайх 2006 онд Архангай аймагт явагддаг Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаанд анх “Бетонон блок” бүтээгдэхүүнээр оролцож, сумын Брэнд бүтээгдэхүүн гэсэн Өргөмжлөл авч байсан.

2007 оноос эхлэн талхны цехийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Талх нарийн боов гэдэг бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ. Мэргэжлийн хүн биш учраас хүндрэлтэй  зүйл гарч гардаг л байлаа. Ажилчин бэлтгэж авах, бүтээгдэхүүний борлуулалт, олон төрөл болгох гээд л тоочвол бэрхшээл гарна. Тэр бүхнээс шантралгүй ажилласаар ирсэн. Бүтээгдэхүүний жор, найрлагаа өөрөө зохионо. Багш мэргэжилтэй хүн энэ ажлаа ном, гарын авалга ашиглан, гэртээ талхаа барьж туршин үздэг байлаа.  Дараагаар нь ажилчин авч сургалтанд хамруулан мэргэжлийн болгож авсан.

Зах зээлийн талаарх мэдлэг маань эрсдэлд орохоос сэргийлэх, цехээ амжилтай ажиллахын үндэс болсон. Цехээ ажиллуулаад 13 жил болжээ. Энэ хугацаанд  асуудалтай тулгарна, түүнийг шийдвэрлэж даван туулах нь гол юм. Хөдөө орон нутагт тууштай ажиллах хүн олдоход хүндрэлтэй. Ер нь  ажилтныхаа нийгмийн даатгалыг төлж цалин урамшуулал өгөх зэргээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж байсан нь хүндрэл бага гарахад нөлөөлдөг.

Ямарваа ажил явуулахад цаг төлөвлөлт ажлын төлөвлөгөө гаргах шаардлагатай байдаг. Сайн төлөвлөж чадвал байр сууриа хялбар олох зэрэг давуу талтай. Төлөвлөгөөгөө өөрөө гаргана. Цагаа баримтална. Бүтээгдэхүүний тоо чанарт анхаарна. Бусад ижил төрлийн үйдлвэрлэл эрхлэгчидтэй харилцан туршлага судалдаг.

Тоног төхөөрөмжөө үйл ажиллагаа явуулснаас хойш гурван удаа шинэчилсэн. Хоногт дөрвөн төрлийн талхыг 150-200 ширхэгээр гаргаж байна. Ажилчдаа мэргэжлийн сургалтанд хамруулснаар тэд илүү чанартай амттай бүтээгдхүүнээр иргэдээ хангаж байна. Мөн борлуулалтын ажлыг эрхлэн явуулдаг нэг ажилчинтай.

Үйлдвэрлэл эрхлэж байгаа хүмүүсийн тулгамдаж буй гол асуудлууд бол орон нутгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлттэй зээл хэрэгтэй байдаг боловч тэр бүр олддоггүй. Хэрвээ иймэрхүү зээл тусламж авдаг бол үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх боломж байна.

Манайх нийгмийн хариуцлагыг сайн биелүүлдэг. Хүмүүстээ тусалж байсан түүхээсээ сонирхуулахад:

Цехээ ажиллуулснаас хойших энэ хугацаанд 4-5 өрх айлыг тогтвортой болон түр ажлын байраар хангасан. Мөн ажиллуулсан хүнээ тэтэгэвэрт гарахад тусалсан. Жилдээ хүүхдийн баяраар давхардсан тоогоор 100-аад хүүхдэд бэлэг тараадаг.  Манай цех сав баглаа боодлоо захиалгаар хийлгэдэг. Мэдээж ямар нэгэн хийж бүтээгээд явахад асуудал их гарна. Төхөөрөмж эвдрэх, дэлгүүрт хүргэсэн бүтээгдхүүний уут нь задраад талаар нэг болчихсон байх гээд л. Үйлдвэрлэл хийгээд явж байхад жижиг, том бүх зүйлийг өөрөө л хийдэг юм. Ганц талх хийж чаддаг байгаад талхан цех ажиллуулахгүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ бүхнийг хийх ажлын байрыг яваандаа бий болгохоор зорьж байгаа. Асуудал тулгарахад шантрахгүй давах ёстой гэсэн зарчмаар л явж байна. Цаашдаа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, эрүүл хүнс хар талх, бүхэл үрийн талх үйлдвэрлэх, ажлын байраа нэмэгдүүлэх зорилготой байна.“Баялаг” талх сумын дэлгүүрүүдээр худалдаалагддаг. Дэлгүүр бүр харилцан адилгүй темпратуртай учраас гурав хоногийн хадгалах хугацаатай талх хэт халуун дэлгүүрт нэг хоноод хөгцрөх, амт орох зэрэг асуудлууд үүсдэг байна. Харин энэ нь ямар ч хиймийн бодис агуулагдаагүйн баталгаа болдог. Жижиг дунд бизнес эрхлээд сумандаа нэг ч гэсэн ажлын байр бий болгоод баялаг бүтээхийг эрмэлзээд явж байгаа аль ч салбарын хүмүүсээ, тэр тусмаа эмэгтэйчүүдийн ийм л хөдөлмөрийг илүү дэмжээсэй.

Эрдэнэмандал суман дахь сурвалжлагч Б.ОТГОНСҮРЭН

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна