АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ СУМАНД БАГИЙН ЭМЧИЙГ УНААЖУУЛСАН Ч АСУУДАЛ ДУУСААГҮЙ

2020-06-11 03:33:21 | 45 | 0


  Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тариат сумын 7 багийн Засаг дарга, 5 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, багийн 6 эмчид мотоцикль өглөө. Мотоциклио хүлээн авч байх мөчид Тэрх, Цагааннуур багийн эмч нартай уулзаж, сэтгэгдлийг нь сонсонгоо тулгамддаг асуудлыг мөн ярилцлаа.  Уулзсан хоёр эмч нар маань Дархан хотын АУДуС-ийг хамт төгссөн ангийн андууд байлаа. Тэд хүлээн авсан унаагаа хайрцагнаас нь ч задлалгүй гэр гэрийн зүг ачаад тун завгүй.

  Тэрх багийн эмч Б. Эрдэнэчимэг: Дархан хотын анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд 30 гаруй жил ажиллаж байна. Тариат суманд ирээд 10 гаруй жил болж байна. Энэ нутгийн бэр. Мөрөн багт ажиллаж байсан. Тэрх багт дөрвөн жил ажиллаж байна. Манай баг 257 өрхтэй, багаа тойроход 497 км явдаг. Сумын эмнэлгээс сард 15л бензин өгдөг. Хувийн унаа тэргээрээ явдаг. Дуудлагын бензин шатахуунаа ер нь өөрөөсөө гаргадаг даа. Иргэдийн ойлголт бол дуудлагын бензин шатахууныг эмнэлэгээс өгдөг гэж боддог. Дуудлага хол ойр, хаана л бол хаанаас ирнэ. Багт анхан шатны нэгжид ийм асуудал байна. Мөн эмийн фондгүй. Эмээ сумынхаа эмийн сангаас 500,000 орчим төгрөгт зээлээр авч борлуулдаг. Эмийн үнэ өртөг өндөр тул иргэд бидний дунд өр үүсдэг. Хүмүүс бэлэнчлэх сэтгэхүйтэй, тусламж харж, зүгээр авахыг л боддог болсон байна.

   Багийн эмчийн байр өнгөрсөн оны 11-р сард ашиглалтанд орсон. Үзлэг сургалтын өрөөтэй, эмч амьдрах байртай. Чанарын хувьд сайн гэж хэлэхгүй, сургалтын өрөөний шал нь ховхорсон. Сумын төв рүү сард нэг удаа болон цаг үеийн ажлаар очих тохиолдол гардаг. Шинэ унаа мотоцикль өгч байгаад баяртай байна. Харин жолоочийн хувьд бол асуудалтай гээд инээж байлаа.

  Цагааннуур багийн эмч Л.Баярхүү: 35 дахь жилээ ажиллаж байна. Ажлын гараагааа 1985 онд Тариат суманд ирж сувилагч, больницын бага эмч, дүн бүртгэгч эмчээр ажиллаж байгаад 1992 онд Цахир багт бага эмчийн салбарт эх баригч бага эмчээр ажиллаж байсан. Хөдөө орон нутагт ажилласан 20 жилд гэрт ордоггүй тун ч их ажилтай байж дээ. Мориор, мотоциклиор өдөр шөнөгүй дуудлаганд явдаг байсан. Аймагт 15 жил эх баригчаар ажиллаж байгаад одоо энэ багтаа жил болж байна. Дуудлага харьцангуй бага болсон байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байна. Эрүүл мэндээ хүнд лаахайдах маягтай болжээ. Эмчилгээ зааж өгөөд явуулахад хийхгүй, дур мэдэж эмчлэх юм.  Зарим иргэд “сүлжээний” эм эмчилгээгээр их хөөцөлдөх юм.

  Янз бүрийн судалгаа энэ тэр гээд бичиг цаасны ажил ихтэй болсон байна. Эрүүл мэндийн үзлэг, жирэмсний хяналт, 0-1 настай нярайн эргэлт гээд багаа сард 1-2 удаа тойрдог. Сүүлийн гурван сар багийн Засаг даргатайгаа хамт явлаа. Багийн эмчийн байр хүйтэн, орчин муу. Энэ тал дээр сумаас анхаарах, эмнэлэг, сум бидний ажлын уялдаа ний нуугүй хэлэхэд тааруу байна гэсэн юм.

  Багийн хоёр эмчийн маань нөхрүүд хувийн унаа машнаараа дуудлаганд хамт явдаг байна. Одоо бүр ч хосолсон унаатай болсон, их явах байх даа.

  Хоёр эмч: Нөхрүүд нь тууштай ажил хийж болдоггүй. Биднийг дагаж, мань хоёрынхоо цалингаар л амьдарч байх юм даа гэж хоёул ам зэрэгцэн ярина лээ. Мөн багийн Засаг дарга, Хурлын дарга, байгаль хамгаалагч гээд багийн удирлагууд багийн төвдөө суурин байдаг бол иргэдэд ч их тустай л байна. Сүүлийн жилүүдэд багийн дарга нар ер нь багтаа байхаа байжээ. Одоо иргэд багтаа суурин байдаг хүнээ л сонгох байлгүй дээ гэх нь багийн төвийг бүрэн бүтэн, хөл хөдөлгөөнтэй байлгах гэсэн санаа биз ээ.

  Алтаад багаас бусад хөдөөгийн дөрвөн баг төвийн эрчим хүчинд холбогдож, дэд бүтэц шийдэгдсэн тул багийн иргэд багтаа суурин амьдрал хүсэх нь арга ч үгүй биз ээ.

Тариат суман дахь сурвалжлагч В.ХАСБААТАР

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна