АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭНХЭРИЙН ХҮЧТЭНҮҮД БЭЛТГЭЛДЭЭ ГАРЛАА

2020-06-26 10:35:44 | 907 | 0


Хангайн нурууны Ноён оргил Суварга хайрханаас эх авах Цэнхэрийн голын хоржигнох чимээ, урсгалд нь гялтганах нарны туяанаа амгалан өглөөг анирдах нь таатай.

Гүйлт, дасгал хослуулан дэвээ шаваагаа үзэх бөхчүүд, эр биеийн ихэмсэг дэвэлт нь байгалийн сайханд уусаад бахархалтай аж.

ЦЭНХЭР ХАНГАЙН ХҮЧТЭН клубынхэн наадмын бэлтгэлээ нутагтаа хийж буй нь энэ.

Монгол бөхийн хөгжлийн төлөө түмний хүүхдүүдийг ялгахгүй, бөхийн эрдэм болоод амьдралын замд суралцуулж байгаа эрхэм багш,чөлөөт бөхийн 1-р зэрэгтэй, тамирчин, бөх, дасгалжуулагч Лундаагийн Болдбаатарын сэтгэл зүрх, уйгагүй хөдөлмөрийн үр шимийг дурьдахгүй байхын аргагүй юм.

Тэрээр 2008 оноос эхлэн бөх болох сонирхолтой, нутгийн өсвөр бөхчүүдийг дасгалжуулж, улмаар нэгэн гал болгож, бөхийн клубээ санаачлан байгуулсан хүн.

Тэрчлэн Бөхбилигт дэвжээнд харьяалагддаг ба уг дэвжээнээс Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ц.Санжаадамба, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын гарьд Д.Дамбийрагчаа, Улсын начин Б.Амар-Заяа, Ж.Дагва-Очир, Л.Шинэбаатар нарын зэрэг бөхчүүдэд хүч тэсвэрийн багшаар нь багшилж, хувь нэмрээ оруулж явсан нэгэн билээ.

Энэ хугацаанд бөхийн клубын анхны шавь нараас нь Улсын начин Ц.Нямдорж, Улсын начин Э.Ванданцэрэн, Аймгийн заан Б.Баатарсүрэн, Улсын харцага М.Бадарч, Аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ, Аймгийн харцага Б.Батсайхан, Аймгийн арслан Д.Ням-Очир, Сумын заан Х.Очирхуяг нарын зэрэг олон залуу бөх төрөн гарсаар байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд л гэхэд унаган шавь нараас нь Архангай аймгийн баяр наадмын 5 түрүү, 1 үзүүр, 1 их шөвөгт үлдсэн амжилтыг үзүүлжээ.

Цэнхэрийн бөхчүүд нутагтаа бэлтгэлээ хийж, сум, аймаг, улсын наадмын торгон дэвжээнээ хүчээ үздэг сайхан уламжлал тогтоод байна.

Наадам дөхлөө. Уйгагүй хөдөлмөр, хүч чадал, хүсэл сонирхол, монгол жудаг, бөхийн эрдэм чадлыг биедээ шингээсэн Цэнхэрийн бөхчүүд бэлтгэлдээ гарчээ. Эгэл бөхчүүд маань ард олноо баясгах наадмын өнгөтэй байна. Хурай, хурай, хурай.

Цэнхэр суман дахь сурвалжлагч Х.Энхмандал

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна