“САЙХАН ХАНГАЙ” ДУУНЫ ХӨШӨӨТЭЙ БОЛЛОО

2015-10-07 03:24:18 | 1723 | 0


Сум нэгдлийн дарга агсан С.Цэрэндондогийн шүлэг “Сайхан хангай” дууг Хангай сумын сүлд дуу болгосон байна. С.Цэрэндондог агсаны хань, үр хүүхдүүдийн хамтаар сумынхаа 90 жилийн ойн баярын хүрээнд“Сайхан хангай” дуунд зориулж хөшөө босгон мөнхөлсөн юм.

С.Цэрэндондог агсаны охин Ц.Болормаа хэлэхдээ миний аав Самбуунямын Цэрэндондог нь 1976-1985 онд Хангай сумын сум нэгдэл /Ардын Зориг/-ийн даргаар есөн жил ажиллаж байсан. Тэр үед тус сум нь Дарханы цемент шохойн үйлдвэртэй шефийн холбоотой ажиллаж байлаа. Тус үйлдвэрийн ажилчид Хангай суманд ирж туршлага солилцож, ард түмэнд урлагийн тоглолт үзүүлэх, амрах зэргээр ирдэг байсныг хүмүүс мэдэх байх.1981 онд аав минь удам залгах хөвгүүдтэй болсондоо баярлахын зэрэгцээ сум орныхоо байгалийн сайхнаар бахархаж, нутгийн тухай шүлэг бичсэнээ Дарханы цемент шохойн үйлдвэрийн мастер А.Хишигтогтох гэдэг хүнд өгч ая хийлгэснээр энэ сайхан дуу Ноён Хатан хангай нэртэйгээр анх төрсөн түүхтэй. Хангай сумын 90 жилийн ойг тохиолдуулан сумын удирдлага болон ард иргэдийн санаачилгаар сумын сүлд дуугаар тодруулсан юм. Улмаар Хангайн хүүхдүүд уран бүтээлийн нэгдлийнхэн, түүн дотор аавын минь залгамж халаа болж байсан Батмөнх даргын хүү Ичинноровын удирдсан баг хамт олны хөдөлмөрөөр дуу маань дүрсжиж мөн хөшөөтэй болсонд гэр бүл, үр хүүхдүүд бид маш их баяртай байна. Хөшөө босгосон зорилго бол сумынхаа 90 жилийн ойн бүтээн байгуулалтанд гар бие оролцох, дууны шүлэгч С.Цэрэндондог гэдэг хүнийг хойч үедээ таниулах, энэ сайхан нутаг орноо хүн бүр хайрлан хамгаалж, хөгжүүлээсэй, сүлд дуугаа бүгд мэддэг байгаасай гэсэн гурван зорилготой юм. Хөшөөг УБ хотын хөшөө дурсгал цогцолборын Ногоон морь компани хийсэн. Клип 4,7 сая, хөшөө 1,5 сая төгрөгөөр бүтэж С.Цэрэндондогийн гэр бүлийнхнээс санхүүжүүлж түүхт 90 жилийнхээ ойд бэлэг барилаа гэж онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА