Бүл чадал муутай хүмүүсийг судалж байгаад малыг нь хулгайлдаг сүлжээ үүссэн байна

2015-04-15 11:53:49 | 1898 | 0


 

“Гүхээт хонгорын аргамжаа” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ч.Пэрлэйбазар

Бүл чадал муутай хүмүүсийг судалж байгаад малыг нь хулгайлдаг сүлжээ үүссэн байна

Харсан хүн болгон тогтоогоод авах содон тэмдэг тавих хэрэгтэй

Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэрэг газар авч, тэр ч байтугай малыг олноор нь хулгайлах, азарга азаргаар нь адуу хөөх хэргүүд хаа сайгүй гарах болсон. Малын хулгайтай тэмцэх тусам хулгайч нарын арга нарийсч, энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн илрэхгүй байсаар...  Өвөрхангай аймгийн хэмжээнд мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах, алдуул болон хулгайд алдсан малыг ард иргэдийн оролцоотойгоор олж илрүүлэх, малын хулгайтай тэмцэх зорилготойгоор “Гүхээт хонгорын аргамжаа” ТББ байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус ТББ нь Арвайхээр сумын 8 дугаар багт байрлах “Жигүүр оргил” төвийн хоёр дугаар давхарт байрлаж байгаа бөгөөд “Өвөрхангайн мэдээ” сонинтой хамтран ажиллаж байна. Буянт малаа “Бузар гартан”-аас хамгаалах, мөн алдсан малаа олоход иргэн таны оролцоо маш чухал тул Та бүхэн “Гүхээт хонгорын аргамжаа” ТББ-тай хамтран ажиллаарай. Энэ тал дээр хамтран ажиллахад мэдээлэл өгөх үүднээс тус ТББ-ын Гүйцэтгэх захирал Ч,Пэрлэйбазартай хийсэн ярилцлагыг уншигч танд толилуулж байна.

-       Сайн байна уу Та. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-       Юуны өмнө Өвөрхангайчууддаа, аймгийнхаа нийт малчид, хөдөлмөрчдөд нар наашилж, цаг урин болж буй хаврын сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. 2015 он бол Өвөрхангайчуудын хувьд их онцлогтой сайхан жил байх болно. Учир нь: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойгоор улс, бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдана. Манай малчид хөдөлмөрчдийн хувьд Өндөр гэгээний их ойгоо сэтгэл өндөр, ажил хөдөлмөрийн ололт амжилттайгаар угтахаар шамдацгааж байна. Намайг Ч.Пэрлэйбазар гэдэг. Уугуул нутаг Хархорин сумынх. Одоогоор Арвайхээр суманд амьдран сууж байна. Монголын МСУяачдын  “Арвагар хээр” холбооны Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэдэг. Мөн “Гүхээт хонгорын аргамжаа” ТББ-ыг байгуулаад Гүйцэтгэх захирлаар нь ажиллаад явж байна.

-       “Гүхээт хонгорын аргамжаа” ТББ-ынхаа талаар танилцуулвал...?

-       Сүүлийн үед хангай дэлхий ивээж, Өвөрхангай аймагт маань мал сүрэг таван төрөл дээрээ өсөж, манай аймаг түүхэндээ хамгийн олон мал тоолууллаа. Гэвч “сайны хажуугаар саар” гэж мал хулгайлах гэмт хэрэг өссөөр байна. Малчид маань малаа хулгайд алдсанаар мал хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч байна. Цагдаагаас малын хулгайтай тэмцдэг хэдий ч тэр хэрээр хулгайч нарын арга барил улам бүр нарийсч байна. Алдсан малынхаа араас малчин хүн хичнээн яваад олдохгүй, зарим нь яаж хайж олох арга учраа ч олохгүй байна. Цагдаад л гомдол мэдүүлдэг. Алдсан малын талаар хэрэг үүсгэлээ гэхэд тэр болгон бензин тос зарцуулаад алдсан малыг хайгаад явах боломж цагдаад байдаггүй. Явж чаддаггүйн улмаас хэргийн ул мөр бүдгэрч, хулгайч нар улам даварч байна л даа. Энэ бүхнийг зүгээр хараад суух хэцүү санагдаад бидний хэдэн нөхөд энэ чиглэлээр нэлээд ажил хийе гэж зориг шулуудаад энэхүү ТББ-аа байгуулсан юм. Тиймээс малчин Та малаа алдсан даруйдаа манай ТББ-д хандаж мэдээллээ өгснөөр бид цаг алдалгүй, зохих газруудад мэдэгдэж, шалгуулж, таны малыг олоход тус дэм үзүүлнэ. Мөн цахим ертөнц хөгжсөн өнөө үед алдсан, олдсон малын талаарх мэдээллийг мэдээллийн бүхий л хэрэгслээр түргэн шуурхай түгээж, ирсэн мэдээллийг эргээд танд хүргэх болно.

-       Яагаад “Гүхээт хонгорын аргамжаа” гэж ТББ-аа нэрлэсэн юм бэ?

-       Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1950-иад оны сүүлч 1960-аад оны эхээр Сэрээнэнгийн хонгор гэж оонон гүхээтэй, хурдан хонгор морь тодорч гарч ирсэн байдаг. 1959 онд Майн баяраар Өвөрхангай аймагт болсон уралдаанд хол тасархай түрүүлж, улсад уралдах эрх авч байсан.  Сумандаа нийт 10 гаруй удаа түрүүлсэн. Улсынхаа их баяр наадамд уралдаж байсан хурдан буян. Бүрд сумынхан бол андахгүй л дээ. Гүхээт хонгор морь улсын наадамд уралдаж байхдаа уралдааны замд саатаад, түрүү морьд Айдсын даваагаар давсаны нэлээд хойно уралдааны замдаа орсон гэдэг. Тэгэхэд Айдсын даваагаар цогиогоороо гарч, 400 гаруй морь уралдсанаас ес дээр ирж байсан хурдан ажнай. Уяачдын баяраар морин тойруулга байгуулагдахад 10 километрт 10 гаруй томсоктой уралдан түрүүлж алтан медаль авч байсан. Сэрээнэн гуай 1968 онд Хархорин сум руу шилжиж сангийн аж ахуйд ажилласан. Тухайн үедээ Гүхээт хонгорыгоо гурван удаа аваад явсан ч гүйлгээд алдсан гэсэн. Тэгээд Бүрд суманд нь байлгаж байгаад хөгширхөөр нь актанд өгөөд явуулсан чинь Эрдэнэсантын урд талаас дахиад алдсан байгаа юм. Тууж явсан хүмүүс нь араас нь ирж, барьж авч яваад ахиад Эрдэнэсантын цаахна дараагийн өртөөнөөс алдсан гэдэг. Тухайн үед агт авч явсан хүмүүс “хурдан хонгор нутагтаа үлдэх гээд байгаа юм байна” гэж ярилцаад орхиод явсан юм гэнэ лээ. Түүнээс хойш Шарилангийхаа голд байж байгаад тэнгэрт хальсан даа хөөрхий. Нутаг амьтай, хаа  газраас нутаг руугаа гүйж байдаг хурдан адууг билэгшээж ТББ-аа “Гүхээт хонгорын аргамжаа” гэж нэрлэсэн юм. Ард иргэдийн маань мал сүрэг нутаг хошуунаасаа гарахгүй, аргамжаатай байж, гарсан ч энэ домогт адуу шиг нутаг руугаа ирээсэй гэж бэлэгшээсэн юм.

-        Ямар үеэр малын хулгай илүү гарч байна, үүнээс сэргийлэхийн тулд малчид маань юу хийвэл зохимжтой вэ?

-       Бартаа ихтэй замтай, хангайн сумдуудад малын хулгай илүү гардаг. Улсын баяр наадам, сумдуудын наадмын үеэр, иргэдийг наадамд явсаны орой, шөнө нь азарга азаргаар адуу алдагдсан байдаг. Бас бүл чадал муутай хүмүүсийг судалж байгаад малыг нь хулгайлдаг сүлжээ үүссэн байна. Мөн өвчин зовлонтой, хот хүрээ явах гэх мэт эзгүй үеэр, идэшний үеийг энэ хулгайчид андахгүй ш дээ. Энэ жил цасгүй, мөр гарахгүйн улмаас аймаг тойрсон газруудаар бага насны адуу, тарган сувай гүү, тарган морь бол ганц нэгээрээ алдагдаж байна. Тиймээс малын хулгайг ард иргэдтэйгээ хамтарч барьж, илрүүлж, таслан зогсоохгүй бол Цагдаа дангаараа ажиллаад үр дүнд хүрэхгүй байна. Замын постууд дээр гарч байгаа Цагдаа нар малын гарал үүслийн бичгийг нь сайн шалгаж байх хэрэгтэй. Малчид маань малаа сайн тэмдэглэх, ээмэгжүүлэх, содон тэмдэг тавих хэрэгтэй байна. Намартаа хяргаад тосон будгаар хоёр талд нь будаж өгөх. Тэгэх юм бол хулгайч нар содон тэмдэгтэй малыг тэр бүр хөтлөөд явахгүй болов уу. Хөтлөөд явлаа гэхэд машины гэрэл ойно. Харсан хүн болгон тогтоогоод авах содон тэмдэг тавих л чухал байна даа. Манай малчид алдсан малынхаа талаар орон нутгийхаа хэсгийн төлөөлөгчид яаралтай мэдэгдээд мөн ТББ-д маань давхар мэдэгдэх хэрэгтэй. Эрлийг сургаар гэж. Дээр үед бол хүний малыг эргүүлж тойруулж байгаад эзэнд хүргээд өгдөг байсан. Харин орчин үед алдуул малыг нуун дарагдуулах асуудал бас гарах болсон. Алдуул малыг нуун дарагдуулсан хүнд  хуулийн дагуу арга хэмжээг нь авч байх хэрэгтэй. Нуун дарагдуулж байгааг утсаар бидэнд мэдээлж байх хэрэгтэй. Бид мэдээллийн нууцыг чанд хадгална. Алдуул малыг мэдээлж байх нь хамгийн чухал байна.

-        Цаашид хийх ажлынхаа талаар танилцуулвал...?

-       Цаашид хийхээр төлөвлөсөн ажил маш их байна. Манай ТББ нь “Өвөрхангайн мэдээ” сонинтой хамтран ажиллаж байгаа. Тус ТББ нь Арвайхээр сумын 8 дугаар багт байрлах “Жигүүр оргил” төвийн хоёр дугаар давхарт байрлаж байна. Таны алдсан малын зарыг “Өвөрхангайн мэдээ” сониноор болон  тус сонины дэргэдэх WWW.UVURKHANGAI.EKHORON21.MNсайт, “Өвөрхангайн мэдээ” FACEBOOK хуудас, Uvurkhangain.medee@yahoo.comхаяг,  “Гүхээт хонгорын аргамжаа” ТББ-ын Gha.tbb@gmail.comцахим хаягаармэдээллийг түгээж, алдсан малаа олоход тань бид тусална. Тиймээс малчид та бүхэн алдсан, олдсон малынхаа талаарх мэдээллийг 96620913, 93236888 дугаарын утсанд өгнө үү? Мэдээллийн нууцыг чандлан хадгална.

-       Ярилцсан         Б.Мөнгөнцэцэг

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна