Шүүхийн захиргааны албан хаагчид бид ч гэсэн зүрх сэтгэлээрээ шинэчлэгдэж, шүүх бол иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага гэдгийг л мэдэрч ажилласаар байна

2015-04-15 12:13:53 | 957 | 0


Сайн байна уу та. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Та уншигчидад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

 

Сайн байна уу? Та бүхэнд ч бас уншигч олондоо ч бас энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна. Намайг Түдэвдоржийн Ганжолоо гэдэг. Сум дундын 18-р шүүхийн Тамгын газрын даргаар 2014 оны 05 сараас томилогдон ажиллаж байна. 

-       Шүүхийн шинэчлэлийн асуудлаас яриагаа эхлэх үү. Та өнөөдрийн шүүхийн шинэчлэл нийгэмд ямар бодит үр дагавар бий болгоно гэж үзэж байна вэ?

-       Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэчлэлийн бодлого, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бодлого үйл ажиллагаа буюу Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхлээд тодорхой хугацааг өнгөрүүлсэн байна. Эхнээсээ эерэг үр дүн өгөөд байгаа. Шүүх үнэхээр нээлттэй болж чадсан. Жирийн нэгэн иргэнээс шүүхийн тухай өнөөдөр асуухад ямар ч айдасгүйгээр  шүүхээр үйлчлүүлж чадаж байна гэсэн хариултыг олонтоо илэрхийлдэг болжээ. Ер нь шүүх шинэчлэгдэнэ гэж яриад байгаа нь шүүхийн байрны будгийг сольж, сандал ширээ шинэчлэхийг хэлээгүй.  Эцсийн үр дүнд нь иргэд зөвхөн хожих учиртай.

-       Шүүхийн тухай багц хуулийг мөрдөж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тухайлан танай шүүхэд ямар өөрчлөлтүүд хийгдэж байна вэ?

-       Багц хуультай холбогдуулан маш олон өөрчлөлт хийгдэж байгаагаас хамгийн чухал нь иргэдийн талархлыг хүлээгээд байгаа эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагаа нь шүүхэд шууд ханддаг байсан иргэд маань эвлэрүүлэн зуучлагчид хандах болсноор мөнгө төгрөгний хувьд ч, цаг хугацааны хувьд ч хэмнэлт гарч, асуудлаа шуурхай шийдвэрлүүлдэг болсон явдал юм. Энэ нь иргэдийн төлөө хийж буй шүүхийн шинэчлэлийн нэгээхэн хэсэг юм. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах болон бусад хуулиар тогтоосон эрх үүргийг хэрэгжүүлж буй Тахарын алба байгуулагдсан явдал нь шинэчлэлийн нэг хэсэг. Энэ алба үйл ажиллагаа явуулж эхэлснээр шүүн таслах ажил түргэн шуурхай явагдах, түүнчлэн гэрч, хохирогч, шүүх, шүүгчийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа нь талархууштай.

-       Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааны шинэчлэлийн талаар та юу хэлэх вэ?

-       Шүүх бие даасан, шүүгч хэнээс ч хараат бус байх нь хуульчлагдсан асуудал. Үүнийг хангаж ажиллах нь шүүхийн захиргааны үүрэг. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн Ерөнхий Зөвлөл олон зүйлийг хийж хэрэгжүүлж байна. Шүүгч нарын цалин нэмэгдсэн асуудлыг нийгэм янз бүрээр хүлээн авч байна. Гэвч энэхүү шүүгчийн цалинг нэмэгдүүлсэн асуудал нь зөвхөн шүүгчийн эрх ашиг биш энэ бас л эцсийн дүндээ иргэдийнхээ төлөө хийж буй алхам ...

-       Шүүхийн захиргааны талаар ...?

-       Шүүхийн захиргааны тухай хууль батлагдсан явдал нь нүдээ олсон зүйл байсан. Энэхүү хуультай холбогдуулан Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өмнө нь зохицуулаагүй байсан олон асуудлыг шийдвэрлэх журам, дүрэм батлагдаж, шүүхийн захиргаа нь маш цэгцтэй үйл ажиллагаа явуулж байна. Ер нь шүүхийн шинэчлэл, шүүхийн тухай багц хууль хэрэгжиж хийгдэж эхэлсэн нь цаг үеэ олсон, иргэдэд өгөөжтэй чухал үйл хэрэг болжээ. Шүүхийн захиргааны албан хаагчид бид ч гэсэн зүрх сэтгэлээрээ шинэчлэгдэж, шүүх бол иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага гэдгийг л мэдэрч ажилласаар байна. 

 

Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна