Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлж болно

2015-06-09 06:14:24 | 2129 | 0


Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлж болно

Сум дундын 18 дугаар шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн

 

 

-Шүүхийн багц хуулийн нэг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн онцлогийн талаар ярилцлагаа эхлүүлье?

 

Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлаас шүүхийн багц хуулиуд баталсны нэг нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль юм.       

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг батлан гаргаснаар анхан шатны шүүхэд мөн шүүхээс гадуур төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу тухайн салбарын эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотой шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоосноороо онцлогтой.

Эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх нь шүүхийн ачаалалыг бууруулах, маргаанд оролцогч талуудын хэн аль нь сэтгэл ханамжтай үлдэх онцлогтой бөгөөд давуу талтай.

 

-Хуульчид эвлэрүүлэн зуучлалыг манай улсад шинээр хөгжиж буй тогтолцоо гэж тодорхойлдог. Тэгэхээр та манай уншигчдад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юуг хэлээд байгааг тайлбарлаж өгөхгүй юү?

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг нь эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлагч гэх гуравдагч этгээдийн дэмжлэгтэйгээр харилцан ярилцаж тохиролцох замаар шийдвэрлэх шүүхийн бус аргыг хэлж байгаа юм.

Иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шүүхийн бус замаар шийдвэрлэх арга замууд сүүлийн үед дэлхийн улс орнуудад өргөн дэлгэр хэрэглэх болсон байна.

 

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал нь юу вэ?

 

 Нэгдүгээрт: Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хаалттай явагдана.

 Хоёрдугаарт:Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг чанд хадгалана.

 Гуравдугаарт:Шүүхийн бус аргаар маргааныг шийдвэрлэснээр иргэдийн хувьд ердийн журмаар маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээс хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэнэ.

 Дөрөвдүгээрт: Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь               шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжтой.

 Тавдугаарт: Талууд эвлэрүүлэн зуучлагчаа сонгох, татгалзах эрхтэй.

 Зурагдугаарт: Маргааныг эв зүйгээр шийдвэрлэх боломжийг талуудад олгодог үүгээрээ давуу талтай юм.

-Ямар төрлийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг ашиглах вэ?

 

Талууд хүсвэл иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлж болно. Тухайлвал:

 

*Зээлийн маргаан

*Хугацаа хэтэрсэн өр, төлбөрийн маргаан

*Гэр бүлийн маргаан

*Хөршийн харилцаанаас үүссэн маргаан

*Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан

*Бизнес түншүүдийн хоорондох маргаан

*Бусдад худалдах худалдан авах гэрээнээс үүдэлтэй маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулбал илүү тохиромжтой байдаг.

 

-Иргэд энэ аргаар маргаанаа шийдвэрлүүлэхийг хүсвэл харьяа дүүргийнхээ шүүхийн Эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандана гэсэн үг үү?

              Талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид, эсхүл эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид гаргана. Өөрөөр хэлвэл шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид маргаанаа шийдвэрүүлэхээр хүсэлт гаргахдаа шүүхийн харьяалалын дагуу гаргана гэсэн үг юм.

          

-Хэрэв эвлэрлийн гэрээний тохиролцоогоо аль нэг нь биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хандаж болох уу?

          Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан эвлэрлийн гэрээг тухайн шатны шүүгч баталгаажуулж байгаа ба эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгэгч биелүүлээгүй бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д заасны дагуу шүүхэд хандах эрхтэй.

-       Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна