“Онги Ус Суваг”ОНӨААТҮГазар нь тэртээ 1936 нь онд нийтийн аж ахуй үйлчилгээ эрхлэн байгуулагдсанаас хойш 80 гаруй жилийн турш ард иргэдээ цэвэр усаар хангахын зэрэгцээ бохир шингэнийг татан зайлуулж цэвэршүүлэх, дулаан дамжуулах ажлуудыг амжилттай гүйцэтгэсээр ирсэн. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Онги Ус Суваг”ОНӨААТҮГазрын Ерөнхий инженер М.Дагвадоржтой ярилцлаа.
- Дэлхийн усны өдөр тохиож байна. Танай байгууллагаас ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
- Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд дэлхий нийтээрээ “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.Анх 1992онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байдаг. Түүнээс хойш одоог хүртэл энэ өдөр дэлхий нийтээрээ усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Манай аймгийн БОАЖГ, Онги, Таац голын сав газрын захиргаа, манай газар хамтран нэлээд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
- Компанийнхаа ажлын талаар товч танилцуулвал...?
- Манай компани 1936 онд НААҮ-ний ажил эрхлэн анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо Арвайхээр сумын иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагуудыг унд, ахуйн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир шингэнийг татан зайлуулж, цэвэршүүлэх, мөн төвийн хэсгийн дулааны зуухны дулааныг дамжуулах ажлуудыг хариуцан ажиллаж байна. Манай компанийн эзэмшилд цэвэр усны 59,7 км, бохир усны 20,3 км, дулаан дамжуулалтын 5,6 км \хос\ шугам ашиглагдаж байгаа. Эх үүсвэрийн гүний 4 худаг, 2 дугаар өргөлтийн насосны станц, 1000 метр кубын цэвэр ус хадгалах даралтат сав \усан сан\, бөөнөөр ус түгээх нэг цэг, хоногт 2700 метр куб бохир шингэн цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ашиглагдаж байна.
- Манай аймгийн хувьд цэвэр усны нөөц ямар хэмжээнд байгаа вэ?
- 2014 он хүртэл Арвайхээр хотын цэвэр усны эх үүсвэр Дэлгэрэхийн голын сайрт байрлах гүний дөрвөн худгаар хангагдаж байсан. Энэ үед усны олборлолт аймгийн төвийн хэрэглээг сайн хангаж чадахгүй байсан. Энэ нь усны нөөц багассан, худгуудын ундарга муудсантай холбоотой байсан. 2014 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Онги голын ойролцоох цэвэр усны эх үүсвэрийг ашиглах болсноор усны нөөц хангалт, чанар маш сайн байгаа. 1981 онд одоогийн ашиглаж байгаа усны эх үүсвэрийн нөөцийг 6480 метр куб/хоног гэж тогтоосон байдаг. Бид усны нөөцийг байгаль экологийн өөрчлөлттэй холбогдуулан ойрын жилүүдэд дахин шинээр тогтоолгохооор санал дэвшүүлээд байгаа.
- Цэвэр усыг ариг гамтай ашиглах талаар танай байгууллагаас ямар ажил зохион байгуулж байна вэ?
- 2007, 2008 онд цэвэр усны эх үүсвэрийн худгуудын ундарга муудаж, аймгийн хэрэглээг бүрэн хангахгүйд хүрч байсан. Энэ үед бид ус хэрэглэгчдийг тоолууржуулах ажлыг эрчимтэй зохион байгуулж ажилласан. Ингээд 2009 онд Арвайхээр хотын бүх ус хэрэглэгчдийг 100 хувь тоолууржуулж дууссан. Ингэснээр орон сууцны айл өрхийн ус хэрэглээ 80 хувь буурсан үзүүлэлт гарсан. Бид үүнийг туршилтандаа тулгуурлан баталгаажуулсан. Усыг ариг гамтай, зөв зохистой хэрэглэхийн гол үндэс нь тоолууржуулах явдал юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр усыг ариг гамтай, зөв зохистой хэрэглэх талаар сурталчилгааг байнга явуулдаг.
- Усны үнэ нэмэгдэх үү?
- Манай компани 2011 онд усны үнэд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш өргөн хэрэглээний бараа болон шатахууны үнэ өсөн нэмэгдэж, үүнийг дагаад шатахуун, шугам сүлжээний материал тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэн. Энэ нь манай компанийг алдагдалтай ажиллахад хүргээд байна. Иймд орон нутаг, удирдах дээд байгууллагуудтай зөвшилцөж үнээ өөрчлөх саналтай байгаа.
- Одоо хаана, ямарүйлчилгээ явуулж байгаа вэ?
- Одоо манай компани Арвайхээр, Богд, Сант сумдад үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 онд Арвайхээр сумын 56 нийтийн орон сууцны 1516 айл өрх, амины орон сууцны 68 өрх гэр хорооллын 47 ус түгээх байрны ус хэрэглэгч 6200 өрхийн 25100 хүн, 185 аж ахуй нэгж, албан байгууллагыгстандартын шаардлага хангасан цэвэр усаар тасралтгүй хангаж, бохир шингэнийг татан зайлуулж цэвэршүүлж, мөн Богд, Сант сумын иргэд аж ахуй нэгжид үйлчилгээг үзүүлж, компанийнүйл ажиллагаатай холбогдсон дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч ажиллаж байна.
- Техник, тоног төхөөрөмжийн хувьд хэр хангалттай байдаг вэ?
- Байгууллагын үйл ажиллагаанд цэвэр ус зөөвөрлөх автомашин-3ш, бохир шингэн сорж зөөвөрлөх автомашин-2ш, экскаватор-1ш, авто кран-1ш, авто ачигч-1ш,үйлчилгээний портор, прадомашинууд ашиглагдаж байна.
- Захиалгаар үйлчилгээ үзүүлдэг үү?
- Гадны ААН, байгууллагуудад захиалгын дагуу үйлчилгээ үзүүлдэг. Энэ дашрамд хэлэхэд бид тусгай зөвшөөрлийн хүрээнд ямар ч ажил хийх туршлага, боловсон хүчин, машин механизмтайг онцолмоор байна.
- Томоохон ажлуудаасаа дурдвал...?
- Бид өөрийн хөрөнгөөр шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажил хийхийн зэрэгцээ 2014 онд ус шинжилгээ болон усны тоолуур туршилт, тохируулгын лаборторын барилга /100 2015 онд компаний оффисын барилгыг 2 давхар /300 /- 2016 онд ус зөөвөр болон үйлчилгээний автомашинуудад зориулж граж /200 / барих ажлуудыг гүйцэтгээд байна. Манай хамт олон байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааг найдвартай байлгах, орлого ашгаа нэмэгдүүлэхэд өөрсдийн хүч бололцоогоо дайчлан ажиллаж байгаа.
- Энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
- Компаний үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх. Ус шинжилгээний лабораторийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтанд оруулж, улсын итгэмжлэгдсэн лаборатори болгох.
Оффисын гадна талбайг тохижуулах /авто машины зогсоол, ногоон байгууламж/, цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбох хүсэлтэй айл өрх, аж ахуй нэгж, албан газруудад хүсэлтийн дагуу холболт хийж ажиллах. Ус хангагч, хэрэглэгч нарын дунд мэргэжил арга зүйн зөвлөгөө, сурталчилгаа, сургалт явуулах. Ус хангамжийн үйл ажиллагааг нэгдсэн хяналтанд хамруулж камержуулах. Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулж ажиллах зэрэг олон зорилтууд тавьж ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Б.Мөнгөнцэцэг
Сэтгэгдэл үлдээх