Сүүлийн 2 жилд авто ослын улмаас 104 хүүхэд амий алджээ

2017-04-11 18:53:23 | 1673 | 0


“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, БСУГ, Авто сургуулиудын холбоо, ГХУСАЗЗ хамтран ЕБС-ийн сурагчид болон эцэг эх, багш нарын дунд өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн хичээл заасан юм. Мөн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдэд хүндэтгэд үзүүлж, замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн мэдэх вэ сэдэвт АХА тэмцээнийг явууллаа.

Зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа “Сургуулийн эргүүл”-ийн ажлыг үнэлж, үр дүнтэй ажиллаж байгаа Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн захиргаа, Мэргэд сургуулийн багш Д.Пүрэвдуламыг шагнаж урамшууллаа. Мөн ЕБС-иудтай хамтран сургуулийн ойр орчмын замыг засах, тэмдэг, тэгдэглээтэй болгох зэрэг ажлуудыг хийсэн юм.

Улсын хэмжээнд Зам тээврийн ослын улмаас 2015 онд 54, 2016 онд 50 хүүхэд нас барсан бөгөөд үүнээс 45 хүүхэд нь орон нутгийн замд осолдсон байна.

2016 онд улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1783 бүртгэгсэн бөгөөд 1247 хүн хөнгөн, хүнд  хэлбэрээр гэмтэж, ослын улмаас 399 хүн амиа алдсан байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2015 онд 45, 2016 онд 39 осол гарч, 22 хүн амиа алджээ. Үүнээс 3 хүүхэд нас барж, 5 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна.

Тээврийн хэрэгслээр хүүхдийг буруу тээвэрлэсэн, хурд хэтрүүлсэн, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг шалтгааны улмаас осол аваар гарсаар байна.

Осол аваарыг бууруулах чиглэлээр сумдад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх баг ажиллуулж, орон нутгийн замыг чанартай болгох, тэмдэг, тэмдэглэгээг зөв байлгах, замын эвдрэлийн судалгааг гаргаж, засвар хийх зэрэг ажлуудыг хийж байна.

                                                                                                                                             Б.Мөнгөнцэцэг

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна