Засаг захиргааны нэгж:
Өмнөговь аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 15 сум, 58 багтай. Аймгийн төв Даланзадгад хот.
Хүн ам:
2013 оны эцэст аймгийн нийт суурин хүн ам 58555, өрх 18788 бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос хүн ам 1970 хүнээр, өрх 959-өөр тус тус нэмэгдсэн байна. Нийт хүн амын 31,2 хувийг 0-15 насны хүүхэд, 63,1 хувийг 16-59 насны, 5,7 хувийг 60 ба түүнээс дээш насны хүн ам эзлэж байна.
Газар нутаг:
Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино.
Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй ба хүн амын суурьшил сийрэг 3,4 квадрат километр нутагт 1 хүн, 13,2 квадрат километр нутагт 1 өрх ноогдон хүн ам суурьшиж байна.
Хөдөө аж ахуй:
Аймгийн эдийн засгийн нэг гол салбар нь хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуй голлох байр эзэлдэг. 2013 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.6 сая толгой мал тоолуулсан. Өмнөговь аймаг нь дэлхийн улаан номонд багтдаг 2 бөхт тэмээний өлгий нутаг бөгөөд мөн онд нийт 101,0 мянган тэмээн сүрэг тоолуулж тоогоороо улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэх байр эзэлж байна.
2013 оны жилийн эцэст 5173 малчин өрх байгаа нь өнгөрсөн оноос 42 өрхөөр өссөн байна. аймгийн хэмжээнд 140 гаруй мянгат малчинтай болж түүний дотроос хамгийн олон малтай өрхөөр Булган сумын харъяат, улсын сайн малчин Ч.Одбаяр 2305 толгой мал тоолууллаа.
Боловсрол
Аймгийн хэмжээгээр 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 19 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 390 бүлэгт өдрийн ангийн 10421 сурагчид хамрагдан суралцаж байна. бүх суралцагчдын 93 хувь нь буюу 9684 суралцагч 12 жилийн хөтөлбөрөөр хичээллэж байна.
Эрүүл мэнд
Аймгийн хэмжээгээр эрүүл мэндийн байгууллага 73 ажиллаж байгаагаас улсын төсвийн эмнэлэг 19, өрхийн эмнэлэг 3, хувийн эмнэлэг 19, эмийн сан 28 тус тус ажиллаж байна. эрүүл мэндийн салбарт 147 их эмч, 319 дунд мэргэжилтэн ажиллаж байна.
Аймгийн хэмжээгээр 2013 онд 1544 хүүхэд мэндэлж, 304 хүн нас барсан нь урьд оны мөн үеэс төрөлт 18,8 хувиар, нас баралт 4,1 хувиар өсчээ. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 26 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4 хүүхдээр өсч, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 4 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5 хүүхдээр буурсан мэдээтэй байна. Эхийн эндэгдэл гараагүй байна.
Уул уурхай:
Өмнөговь аймагт 12 төрлийн ашигт малтмалын 71 орд, 185 орчим илрэл тэмдэглэгджээ. Орон нутагт ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолтын үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдын тоо 1997 оноос хойш тасралтгүй өссөөр ирсэн. 2012 оны байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын 520 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 57 нь ашиглалтын, 463 нь хайгуулын зөвшөөрөл байгаа ба эдгээрийг 186 гаруй аж ахуй нэгж эзэмшиж байна.
Таван толгойн нүүрсний уурхай нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 100 км-т Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т, Улаанбаатараас 540 км-т оршдог. УИХ-аас уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон.
Нүүрсний нийт нөөц нь 6.4 тэрбум тонн
Коксждог сайн чанарын нүүрс бөгөөд илчлэг нь: 7760-8120 ккал/кг
Уг ордыг "Таван толгой" ХК 1966 оноос эхлэн одоог хүртэл олборлолт хийж байгаа ба тус уурхайгаас сүүлийн 4 жилд буюу 2003 онд 38.5 мян.тн, 2004 онд 64.2 мян.тн, 2005 онд 404.6 мян.тн, 2006 онд 787.1 мянган тн нүүрс олборлож борлуулсан байна.
“Таван толгой" ХК-ийн 51 хувь нь орон нутгийн өмч бөгөөд 49 хувь нь хувь нийлүүлэгчдийн өмч юм.
Нарийн сухайтын нүүрсний уурхай нь Монгол улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Даланзадгад хотоос баруун урагш 296 км, Улаанбаатараас 850 км, Гурвантэс сумаас 24 км-т, "Шивээ хүрэн" хилийн боомтоос 40 км оршино. УИХ-аас уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон.
Нүүрсний нийт нөөц нь: 130 сая тонн
Нүүрсний илчлэг нь: 6645 ккал/кг
Анх 2003 оны 03-р сараас Монгол-БНХАУ-ын 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай "Чинхуа-МАК-Нарийн сухайт" ХХК олборлож эхэлсэн байна. Тус компани нь 2005 оны 7-р сарын 4-ны өдрөөс эхлэн 2015 оны 7-р сарын 4-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээг Засгийн газартай байгуулан ажиллаж байна. Тус компани нь 2003 оноос 70 га талбайд олборлолт хийж, 3.8 сая тн нүүрс экспортлоод байна.
Оюу толгойн зэс, алтны орд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрших бөгөөд аймгийн төв Даланзадгад хотоос 240 км-т Ханбогд сумын төвөөс баруун урагш 45 км-т, Улаанбаатараас 600 км-т оршдог.
Тус ордын нөөц нь 26 сая тн зэс, 1000 тонн алтны нөөцтэй нь тогтоогдоод байна.
Тус ордын хүдрийн нөөц нь 2.31 тэрбум тн бөгөөд үүнээс зэсийн агуулга нь 1.16%, алтны агуулга нь 0.35 г/тн байна. УИХ-аас уг ордыг мөн л стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон
Уур амьсгал:
Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, өвөлдөө -20-30 градус хүртэл хүйтэрдэг, дулааны улиралд халуун нь 30-38 градус, салхины хурд 5-15 м/сек, заримдаа 34-45 м/сек хүрдэг,
Аялал жуулчлал:
- Аймгийн төвөөс баруун зүгт 220 км Сэврэй сумын нутагт 800 м өндөр, 150 км үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уул,
- Монгол улсын алдарт 33 говийн нэг хэсэг болох хэдэн арван км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд,
- 50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палентологийн олдворууд олдсон Булган сумын нутагт байдаг Баян заг
- дэлхийд ховорт тооцогдох Нэмэгт, хэрмэн цав, Шаригийн ганга, Бүгийн цав, зэрэг байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, онгон зэрлэг байгаль,
- Хутагт Данзанравжаагийн байгуулсан энергийн төв болох Дэмчогийн хийд
- Аймгийн хамгийн баруун сум болох Гурвантэс сумын нутагт байдаг Хэрмэн цав
- Аймгийн хамгийн зүүн сум болох Манлай сумын нутагт байдаг үлэг гүрвэлийн чулуужсан мөр
- Дэлхийд ховордсон ан амьтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчин, аялагчдын сонирхлыг ихээхэн татаж байна.