Монгол улсын гавъяат эдийн засагч Дамбаагийн ДАРГАХҮҮ: Төлөвлөлтийн шинжлэх ухаан гэж том зүйл бий шүү дээ

2017-01-16 10:00:57 | 1492 | 0


Шинэ үндсэн хууль батлалцсан Д.Даргахүү гуай Монгол улсын гавъяат эдийн засагч болж Өмнөговьчуудаа баярлууллаа. Түүнтэй уулзаж ярилцсанаа уншигч танд хүргэж байна. - Монгол улсын гавъяат эдийн засагч хэмээх эрхэм нэр хүндтэй шагналын эзэн болсон танд баяр хүргэе.  
- Монгол улсын гавъяат эдийн засагч хэмээх эрхэм нэр хүндтэй шагналын эзэн болсон танд баяр хүргэе.  
- Баярлалаа. “Монгол говь” сониныхоо нийт уншигчиддаа шинэ оны баярын мэнд хүргэе. 
- Хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэлээ төр засаг, ард түмнээрээ үнэлүүлнэ гэдэг бол бахархал. Монгол улсын гавъяат хэмээх энэ цол хэргэмийг тэр бүр аавын хүү авдаг ч эд биш байх.  Төрийн ордонд төрийн дээд өндөрлөгөөс хүндтэй шагнал авсан торгон агшинд юу бодсон бол та? 
- Ховор тохиолдол л доо. Говь нутгийн хөдөлмөрч түмэн олны маань дэм тус, хамтын зүтгэлээр хүндтэй шагнал авлаа. Баярлаад сэтгэл хөөрөхөөр нутгийн тэр амгалан сайхан байдал, сэтгэлтэй, зүтгэлтэй говийн ард түмэн маань өөрийн эрхгүй л бодогддог юм билээ. Манай үеийнхэн намайг “Нутаг амьтай хүн” гэдэг байсан. Говьд шигдээд хонин гүрвэл болох нь уу гээд тоглоом хийдэг байлаа. Хайрлахгүй байхын аргагүй юм шүү дээ энэ говь нутаг. Тухайн үед надад мэргэжил, мэдлэг олгосон маш том суут хүмүүс, миний багш Монгол улсын Засгийн газрын тэргүүн Жасрай, эдийн засгийн ухааны доктор Уламбаяр, Жамбын Батмөнх гуай /эдийн засгийн сургаалийн түүхийн хичээл зааж байсан доктор/ гээд олон сайхан хүмүүсээс үлгэр дууриалал авч, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж зөв явах гэж хичээсний үр дүн юм даа. Залуухан байсан сан бол ач тусыг нь тэгж ингэж ажиллаж хариулна гэж хэлэх сэн. Хэлэх үг олдохгүй л юм билээ.   
- Та АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч дарга бөгөөд төлөвлөгөөний комиссын даргаар олон жил ажилласан. Нийтээрээ ажлын хариуцлага өндөртэй цаг үед удирдах албанд хэрхэн очсон бэ?   
- Төр засаглалын байгууллагад 32 жил тасралтгүй ажилласан хүн. Үүнээс 26 жилийг нь аймгийн удирдлагын түвшинд ажилласан байдаг. Оюутны ширээнээс гараад төлөвлөгөөний комисст хувиарлагдаад сар орчим хугацааны дараа аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны өндөр босгыг алхаж орох хувь надад тохиосон юм. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс буюу хожим хойно харахад тухайн ажил надад их нөлөөлсөн. Учир нь их мундаг эрдэм чадалтай, ухаалаг, гайхамшигтай бүтээлч, ажил хэрэгч олон сайхан хүмүүсийн сургаал үг, үлгэр дууриалал бүхнээс нь суралцсаны үр дүн, мөн хамтарч ажилласан олон хүний хүч намайг Монгол улсын гавъяат эдийн засагч хэмээх нэр хүндтэй, төрийн том хайр хишиг хүртэх нөхцөлийг бий болголоо гэж ойлгож байна. 
- Та шинэ Үндсэн хууль баталсан хүний нэг. Энэ цаг үед Үндсэн хууль баталсаны 25 жилийн ой тохиож байгаа учир танд баяр хүргэе? 
- Баярлалаа. Монгол улсад шинэ Үднсэн хууль батлагдсаны түүхт 25 жилийн ойн баярын мэндийг энэхүү ярилцлагыг уншиж суугаа бүх хүмүүстээ хүргэж байгааг минь хүлээн авна уу. Үндсэн хуулинд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд зааж өгсөн хэрнээ өнөөдрийн байгаль орчны нөхцөл байдал ямар байгаа билээ. Хуулиа хэрэгжүүлэхгүй, улстөржиж, туйлширч, хоорондоо зөрчилдсөн, эв нэгдэл муутай байгаа зэргээс харахад нэгдсэн бодлого чиглэлтэй, нягтарч үр бүтээлтэй ажиллах шаардлага тулгарч байна. Бидний үед нэг л шийдвэр гарсан бол түүнийг хэрэгжүүлэхийн төлөө төр нийгмээрээ, ажилчин малчин бүгд гар бие оролцож, хариуцлагатайгаар ханцуй шамлан ордог байсан. Энэ бол одоо үед үгүйлэгдэж байгаа зүйлийн нэг. 
- Та төр, олон нийтийн, байгаль орчны, бизнесийн гээд маш олон ажил хийж байсан, одоо ч хийж байгаа. Та ер нь ямар мэргэжилтэй юм бэ? 
- Би эдийн засагч мэргэжилтэй ч, төлөвлөгчөөр мэргэшсэн. Энэ ажиллах явцдаа төрд тэрсэлж элдэв авир гаргаж явсангүй, түмэн олонд хар буруу саналгүй, Монгол орноо хэрхэн яаж хөгжүүлэх төлөвлөлтөнд өөрийнхөө оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулсан. Төлөвлөсөн ажил, үйлс бүхэн улс, аймгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэж байсан. Төлөвлөнө гэдэг нь онол, арга зүй, тооцоо судалгаа, арга ухааныг шаардсан ажил. Өмнөговь аймгийг хөгжүүлэх тав, таван жилийн төлөвлөгөөг маш оновчтой жил, улирал, сараар нь төлөвлөж, мөн ирээдүйн 10, 20 жилийн судалгаа, ХАА, ахуй үйлчилгээ, ахуй соёл нэвтрүүлэх гэх зэрэг салбар бүрт чиглэсэн маш олон программ хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг оновчтой зохион байгуулж чаддаг байсны илэрхийлэл бол Өмнөговь аймгийн өнгө, зүс өөдөө байж улсад гурван жил дараалан түрүүлж том бай шагналыг хүртсэн явдал юм. Энэ нь өөр аль ч аймагт тохиолдож байгаагүй. 1979 онд манай Өмнөговь аймаг БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, МХЗЭ-ийн төв хороо, Төв дөрвөн байгууллагын үүрд хадгалагдах улаан тугаар шагнуулж байсан. Энэ туг одоо аймгийн музейд хадгалагдаж бий. Ер нь манай аймгийнхан хоёр одонгоо ярьдаг болохоос биш “Үүр хадгалагдах улаан туг”-ийг ярьдаггүй. Тухайн үедээ энэ шагнал бол ямар ч одонгоос дутуугүй үнэ цэнэтэй ирдэг шагнал байлаа. Энэ цаг үед дэд бүтэц хөгжөөгүй байлаа шүү дээ. Тэгэхэд манай аймаг малын зүй бус хорогдол, төл бойжилтын чухал мэдээг тав хоног тутамд гаргана. Тийм айхтар хурдан шуурхай, нарийн зохион байгуулалтай ажиллаж хаа байгаа захын сум, багийн айл өрхөд хүрч мэдээлэл авч чаддаг байсан.
- Та бизнесийн талбарт ажилласан тухайгаа сонирхуулаач? 
- Төрийн их ажлаас гадна бизнесийн салбарт хүчээ сорьсон. Сүүлийн үед Төрийн бус болон олон нийтийн байгууллага удирдан төр, нийгмийн хосолсон ажил хийж байгаа. Өмнөговь аймагт экологийн анхны аяллыг бий болгох суурийг тавьж тэмээн болон явган аялалыг эхлүүлж жуулчны бааз байгуулж байлаа.  
- Байгаль хамгаалах чиглэлээр ямар ажлуудыг санаачилж байв? 
- Би хүүхэд байхаасаа байгаль хамгаалахад сэтгэл оюунаа зориулсаар ирсэн. 1980 онд Даланзадгад хотын хамгаалалтын зурвас буюу “Мод үржүүлэг”-ийн ногоон бүсийг байгуулсан. Энэхүү ногоон ойг зүүн доод гол хүртэл байгуулж аймаг ногоон бүсээр хүрээлүүлэх төлөвлөгөөтэй эхлүүлсэн юм. Ногоон хэрэм төслийг хэрэгжүүлэх ажлыг анх санаачилж оруулж ирж байлаа. Гио экологийн хүрээлэнгийн захирал Цогтбаатар доктор, Зүүн хойд Азийн Ногоон чуулганы Ерөнхийлөгч бусад эрдэмтэн судлаачдыг аймагтаа урьж ирүүлэн Булган, Баянзаг, баруун тал зэрэг газруудаас дээж авахуулан шинжлүүлж боломжтой гэсний үндсэн дээр эдгээр хүмүүсийг аймгийн дарга удирдлагуудтай уулзуулснаар “Ногоон хэрэм” төсөл хэрэгжих эхлэлээ тавьсан түүхтэй. Энэ ажил бол байгаль хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулсан. Говийнхоо байгалийг хамгаалах, мэдээлэх, сурталчилах үүднээс Байгалийн музейг анх санаачлан 1989 онд байгуулсан юм. Энэ музейг өргөжүүлэн аялал жуулчлалын том цогцолбор байгууламж байгуулах хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажиллаж байсан тухайн үед. Үүнд аймгийн удирдлагууд анхаарлаа хандуулж хөгжүүлэх байлгүй дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай их ярьдаг болсон шүү дээ. 
- Та төсөл их бичдэг. Хичнээн төсөл хэрэгжүүлэв? 
- Сүүлийн 15 жилд том жижиг 40 гаруй төсөл боловсруулан бичсэн байна лээ. Үүнээс 30-аад төсөл нь хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа, хэрэгжих боломжтой. 10 гаруй төсөл хөрөнгө санхүү, боломж хүлээж байна. Жишээ нь “Говийн хур” гэж том төсөл байгаа. Энэ нь говийн бүс нутгийг ган гачиг, цас зуднаас хамгаалахад чиглэгдсэн төсөл л дөө. Ер нь хэрэгжүүлэх тал дээр нэлээд яригдаж байгаад эдийн засгийн хямрал энэ тэр гээд хүлээлтэнд орчихоод байгаа. Одоогоор Ханбогд сумын нутаг Галбын говьд сэргээгдэх эрчим, ногоон бүтээн байгуулалтын цогцолборыг байгуулахаар ажиллаж байна. Нар салхины эрчим хүчийг гаргах энэ төсөл хэрэгжсэнээр гадагшаа гарч байгаа валютын урсгалыг хязгаарлах, гаднаас импортлож байгаа эрчим хүчийг зогсоож дотоодоос илүү гарсан эрчим хүчээ экспортлох юм. Энэ хавраас 1000 мод тарих гээд ажлууд хийгдэнэ. 
- Та говь нутгийнхаа зон олон, ард түмэнд хэлж зөвлөх, зааж сургамаар санагддаг бодлоосоо хэлнэ үү? 
- Дэлхийн нийтийн хандлага ногоон, эко үйлдэл рүү чиглэж байна. Эдийн засаг өндөр үр ашигтай байх, үр ашиг нь эко, ногоон, өгөөжтэй байх тухай. Нэг дэлхий дээр долоон тэрбум гаруй хүн амьдарч байна. Дэлхийн ачаалал, чадамж ямар билээ. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбум 300 гаруй саяд хүрнэ гээд эрдэмтэн судлаачид тооцоолчихсон. Одоо гэхэд хэдэн сая хүн өдөрт өлсөж, цангаж үхэж үрэгдэж байна шүү дээ. Тэгэхээр хүрээлэн байгаа байгаль орчноо хайрлан хамгаалж гамнадаг байх учиртай. Манай говь нутаг дахин давтагддаггүй гайхамшигтай бүс нутаг шүү дээ. Байгалийн нөөц боломжийг зүй зохистой ашиглаж, хамгаалах, аривжуулах хэрэгтэй. Гэтэл Оюутолгойн баялгийг найран дундаа ашиггүй шахуу тавиад туучихсан байгаа шүү дээ. Баруун уурхайнуудын хувьд тасралтгүй нүүрс гадагш нь зөөж байгаа, тэнд ямар өөрчлөлтүүд бий болж байгааг хэлдэг, судалдаг хүнгүй л байна. Тиймээс аливаа асуудалд ухаалаг сэтгэлгээгээр шударга хандах учиртай.  
- Эдийн засгийн хар хайрцагны бодлогын тухайд та юу бодож явдаг вэ? Заримдаа улс үндэсний аюулгүй байдлын тухайд айдас төрөх юм.  
- Нийтээр нэг ийм бодолтой боллоо л доо. Би аймгийнхаа ажлыг судалж, төлөвлөж, хийж, удирдаж явсан өөрийн гэсэн баримжаатай хүн л дээ. Төлөвлөлт маш чухал. Энэ төлөвлөлт гэдэг юм алдагдаад Монгол улс бодлогогүй болчихсон. Бодлогогүй болно гэдэг нь дампуурахын илэрхийлэл. Бодлого байхгүй, нэг нам гарч ирээд хөтөлбөр гаргадаг. Зарим нам нь хоёроос гурван ч хөтөлбөр гаргаж байсан. Тэр хөтөлбөр нь зүгээр улс төрийн хоосон амлалт буюу иргэдийн тархи угаасан, хэрэгжих боломжгүй, бодитой тооцоо судалгаа үндэслэлгүй, шинжлэх ухаанч биш жагсаалт. Төлөвлөлтийн шинжлэх ухаан гэж том зүйл бий шүү дээ. Судалгааны үндсэн дээр төлөвлөнө, тэгж гэмээнэ амьдралд ойртож уялдаж байж хэрэгжих нөхцөл нь бүрддэг. Салбаруудын хоорондын уялдаа холбоо, бодитой бодлого тооцоо судалгаагүй, төлөвлөлтгүй явж байгаа нь Монол улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хар хайрцагны бодлого алдагдсан гэсэн үг. Үүнийг засаж залруулж болно, харин назгайрч оройтож л болохгүй. Бас нэг зүйл бол Тавантолгойг Оюутолгой шиг болгож болохгүй. Оюутолгойн гэрээ дэндүү хариуцлагагүй гэрээ болсон гэж үздэг. Би аймгийн ХАҮТанхимыг байгуулж байх үед Оюутолгойн гэрээнд тусгуулахаар олон саналуудыг бичгээр өгч байсан. Оюутолгой орон нутагтай таван сая долларын гэрээ байгуулсан юм гэнэ лээ гэж сонссоноос биш хэрхэн яаж хамтарч ажиллаж байгаа нь тодорхой бус. Хамтран ажиллахдаа салбар бүрийн төлөөллийг оролцуулсан байхын зэрэгцээ хийж байгаа, хийхээр төлөвлөсөн, алс ирээдүйн гэх зэрэг бүхий л ажиллагаа нь тодорхой, нэгдсэн нэг бодитой мэдээлэлтэй, нээлттэй байх ёстой гэх зэргээр олон удаа санал, бодлоо илэрхийлж байсан боловч хэрэгжихгүй болохоор “цөхрөөд” юм ярихаа больчихдог юм байна. Ер нь газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдаж яригдах ёстой. Үүний цаана улс орны эдийн засгийн хар хайрцагны бодлого нь жин тан байж байх учиртай. Улс хамтын ажиллагаан дээр хөгждөг. Би 1989 онд ӨМӨЗО-руу очиж хэлэлцээр хийж Гашуун сухайтын хилийн боомтыг анх нээх ажлыг эхлүүлж хоосон тал дээр бараа солилцож байсан түүхтэй. Гэтэл ижил “нам гараа”-наас гарсан хоёр улсын хилийн боомтын хөгжил өнөөдөр өдөр шөнө шиг ялгаатай байгааг хүн бүр мэдэж байгаа. Манай улсын хилийн боомт хог шороондоо дарагдаад, хүн ард нь хохироод, баялаг нь үнэ цэнэгүйдсэн ийм л орчин болсон. Ер нь бохир улс төр, бизнес нийгмийн хөгжлийг доройтуулж байна. Үүний цаана ард түмэн хохирч, бохир тоглолт хийж байгаа нь хождог л болсон цаг юм. Гэхдээ энэ бохир байдал ойрын ирээдүйд арилна. 
- Мэдээллийн хариуцлагын тухайд та юу хэлмээр санагддаг вэ? 
- Одоо үед цагааныг харлуулж, харыг цайруулж, худлыг үнэн болгож, үнэнийг худал болгон дураараа дургин хариуцлага хүлээдэггүй ийм л зуршил тогтоод байна. Мэдээллийн эрин үед бид амьдарч байна. Мэдээллийн маш олон хэрэгсэл бий. Ардчилсан нийгмийн зах замбараагүй, хэт дураараа байдал үргэлжилж байна. Гэвч энэ олон мэдээллийн хэрэгслээс авсан мэдээлэлдээ хувь хүн өөрөө задлан дүгнэлт хийх, ялгаж салгадаг, юунд нь итгэх итгэхгүй байх,  ур чадвар, арга ухаан, эрдэм мэдлэгт суралцаж эзэмших л ёстой. Аливаа зүйлийн үнэн мөнийг тунгааж чаддаг байх нь хувь хүний аливаад хандах хариуцлагын асуудал. 
- Баярлалаа. Та урт насалж, хойч үедээ үлгэр дууриалал болж яваарай. 
Ж.САЙНЖАРГАЛ 
 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна