Аймгийн Засаг даргын байгаль орчин уул уурхай эрхэлсэн орлогч С.МӨНХБАЯР: Аймгийн төсвийн орлого энэ онд нэмэгдэх боломжтой байгаа

2017-01-23 04:18:04 | 1522 | 0


- Орлогчоор томилогдсоноос хойш уул уурхайгаар их явж байх шиг байна. Юунд илүү анхаарлаа төллөрүүлж ажиллахаар зорьж байна вэ?
- 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсоноос хойш нэлээдгүй ажлуудыг хийж, төлөвлөж байна. Надаар ахлуулсан 10 гаруй ажлын хэсэг ажиллаж байгаа. Тухайлбал Гашуун сухайтын боомт, согтууруулах ундааны зөвшөөрөл, Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа, Онцгой байдалтай холбоотой гэх зэрэг олон ажлуудыг чиглүүлэн ажиллаж байгаа. Эрчим хүчний зохицуулах зөвлөлийг хариуцдагийн хувьд дулаан цахилгааны үнэ тариф, дэд бүтэц, мөн байгаль орчны  менежментийн төлөвлөгөөг уул уурхайн компаниуд хэрхэн хийж хэрэгжүүлж байгаа талаар ажлын хэсгүүдийг хариуцаж байна. Онцлох ажил нь гэвэл манай аймгийн гол төсвийн орлогыг бүрдүүлдэг Тавантолгой  ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар нүүрсний үнийг нэмэгдүүлж Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс компанийн үнэтэй ойролцоо тогтоож өгч байгаа. Ингэснээр аймгийн төсвийн орлого нэмэгдэнэ, хувьцаа эзэмшигчдийн орлого нэмэгдэхийн хэрээр та бидний хийж хэрэгжүүлэх олон ажил төсөв санхүүтэй болох боломжтой юм. Өнгөрсөн оны хувьд Тавантолгой ХК өөрийн төлөвлөсөн ажлаас гурав дахин илүү ажлыг хийсэн орлого мөн тэр хэмжээгээр нэмэгдсэн. Аймгийн төсвийн орлого энэ онд нэлээд ихээр нэмэгдэх боломжтой байгаа.
Айл өрхийн хэрэглээний нүүрсний үнийг тодорхой хугацаанд хямдруулдаг. Энэ хугацаанд айл өрхүүд нүүрсээ авчихсан байх гэж бодож байна. Ирэх жилээс орон нутгийн иргэдэд энэ хөнглөлттэй үнэ тарифаар нүүрс нийлүүлэх асуудлыг бусад компаниудтай ярилцаж шийдвэрлүүлэх боломжтой. Жил бүр энэ ачааг Таван толгой ХК үүрч ирсэн. 
- Нүүрсний үнэ хэд болсон бэ?
- Экспортын нүүрсний үнэ өнгөрсөн долоон сараас сэргэж эхэлсэн тэр үед уурхайн аман дээр 22 доллар байсан. Өнгөрсөн есдүгээр сард 33 доллар болгосон. Үүнээс хойш эрэлт хэрэгцээ их байсан учраас 51 доллар болгон өсгөж байна. Энэ бол урьд байсан хэмжээнээс нэлээд өндөр үнэтэй болгож байна гэсэн үг. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн орлого нэмэгдэх боломж бүрдэж байна. Мөн Засгийн газраас нүүрсний үнийн нэг цонхны бодлого баримталж байгаа учир бусад уурхайнуудтай адилхан үнээр борлуулат хийхийг эрмэлзэж байгаа.
- Уурхайнуудад жишиг буюу дундаж үнэ гэж байдаг уу?
- Нүүрсний чанараас шалтгаалж үнэ янз бүр байдаг. Тавантолгой уурхайн нүүрсийг коксжих, үл коксжих, эсэлдсэн гэж гурав ангилдаг. Цаашдаа зах зээлийн жишигт хүргэж ажиллана. Зарим компаниуд нүүрсээ маш нарийн ялгаж тус бүрт нь үнэ тогтоодог учраас бүх уурхайн нүүрсний үнэ адилхан байх боломжгүй. Аль болохоор үнийг ойртуулж зах зээлийн жишигт хүргэх зорилго тавин ажиллаж байна.
- Гашуун сухайтын хилийн боомт, Цагаан хад орчмын нөхцөл байдал асуудал ихтэй байна. Уурхайн замд осол, гэмт хэргийн гаралтыг бууруулахад чиглэсэн ямар ажлуудыг хийж байгаа вэ? 
- Гашуун сухайтын боомт өөрөө манай улсын төсвийн орлогыг бүрдүүлж байгаа боомт болчихсон. Энэ асуудалд аймаг төдийгүй, Засгийн газар анхаарч байна. Гашуун сухайтын боомтын асуудлыг шийдэх ажлын хэсгийг ахлаж байгаагийн хувьд гурван удаа газар дээр нь очиж уулзалт хийсэн. Мөн эрүүл мэндийн яамны дэд сайдтай газар дээр нь очиж танилцсан, эрүүл мэндийн үйлчилгээ, цагдаа тэнд байдаггүй. Өвдсөн хүн зуу гаруй км явж эмнэлгийн тусламж авдаг. Хүндэрсэн хүн тусламж авч чадахгүй нас барах тохиолдлууд зөндөө байсан. Тиймээс гэрээт цагдаа нар ажиллуулахаар болсноос гадна эмч, сувилагч, жолоочийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн Гашуун сухайт боомтын байгаль орчин, тоосжилтын асуудал тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн ундны уснаас эхлээд асуудлуудыг шийдвэрлэх гэж хураамжийн асуудал ярьж байгаа. Яагаад гэхээр нүүрс экспортлож байгаа маш олон тээврийн хэрэгслээс орсон орлогоор боомтыг хөгжүүлэх, байгаль орчныг эргэж сэргээх шаардлагатай. Татвар хураамжийн асуудлыг судалж аймгийн ИТХ-хуралын хурлаар хэлэлцүүлнэ. 
- Замын хураамжийг сайн авдаг хэдий ч зарцуулалт нь харагддаггүй. Зам дагасан олон асуудлыг хэрхэн шийдэж байна?
- Эхнээс нь шийдэж байгаа. Засгийн газрын түвшинд яригдаж байна. Аймгийн авто тээврийн газар ч ажиллаж байна. Өнгөрсөн сард ажлын хэсэг тээврийн бүх компаниудад шалгалт хийсэн. Тээврийн компаниуд өөрсдөө шаардлагаа хангахгүй байгаа. Нэгдүгээрт жолоочийн асуудал, хоёрдугаарт тэр жолоочийн ажиллах нөхцөл, байр хоол, ажил амралтын горимыг зөв шийдэх ёстой. Энэ асуудлаа шийдээгүй компаниуд их байна. Гашуун сухайт авто зам компанитай ярилцаж байгаа. Анхаарал хандуулснаас хойш шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл багассан. Тавигдсан шаардлагуудыг хангуулахын төлөө ажиллана. 
- Шаардлага биелүүлэхгүй байгаа компаниудад ямар хариуцлага тооцох вэ? 
- Олон улсын тээврийн эрхийг нь цуцлах арга хэмжээ авна. Өвлийн улиралд жолооч нар зутарч, эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр бүх түвшиндээ анхаарч ажиллана. 
- Даланзадгадад утаа болон тоосжилтын асуудал ихэссэн. Үүнд чиглэсэн ямар ажил хийж байна вэ? 
- Утааны асуудлаар бас л ажиллаж байгаа. Засгийн газар энэ сарын эхээр шөнийн тарифийг тэглэсэн. Айл өрхүүд халаагуураа аваад шөнийн тарифтай тоолуураа тавиулах боломж бололцоо бий болчихлоо. Тэр аргыг аймагт мөрдүүлэх шаардлагатай байна гэсэн албан бичиг хүсэлтүүдээ явуулж байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр бүх аймагт гарсан. Манай аймагт хэрэгжээгүй байгаа. Яагаад гэхээр дулааны станц улсын төсвөөс татаас авдаг учраас танай аймаг хөнгөлөлтөө эдэлж байгаа гээд шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөхгүй байсан. Цаашдаа ер нь дулааны станцыг ашигтай ажиллуулах улсаас татаасгүй болгох, магадгүй технологийн шинэчлэл хийх, шинэ эх үүсвэр бий болгох гэх мэт энэ асуудлуудыг судлан ярьж байгаа. Компаниудтай хамтран шийдэхгүй бол энэ утааны асуудал их хүнд, гол нь айл өрхүүд нүүрс түлэхгүй, цахилгаан болон нарны эрчим хүчээр асуудлаа шийдээд эхлэх юм бол утаагүй болно. Тийм учраас Засгийн газрын шийдвэр гарчихсан учраас бүтэх боломжтой гэж харж байна. Эрчим хүчний зөвлөлд Өмнөд бүсийн цахилгаан түгээх станцаас болон бидний зүгээс хүсэлт явуулсан, хариу ирээгүй байгаа.
- Нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа дулааны болон шугам сүлжээ эзэнгүйдэж дулааны шугам хагарсан, айлуудын дулаан тасарсан явдал гарсан.  Байшин барилга ихээр бий болж байна. СӨХ-ийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
- Нэгдүгээрт дулааны станц, хоёрдугаарт дулаан хангамж хоёр орон нутгийн өмчит компани байгаа. Энэ хоёр компанийн эд хөрөнгийн өмчлөлийн маргаан, үйл ажиллагааны хоорондын уялдааг хангуулах хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт аймгийн орон сууцнуудад СӨХ-г яаралтай байгуулахгүй бол үнэхээр тулгамдсан асуудал болсон. СӨХ-г байгуулах гэхээр айл өрхүүд мөнгөө төлдөггүй учраас хэцүү байдаг. Үүнийг Гүний ус компани, мөн ӨБЦТС гэсэн мэргэжлийн байгууллагууд нь эхний ээлжинд энэ асуудлыг хариуцаад СӨХ-ны үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагыг удаа дараа ярьж байгаа. Энэ хавраас энэ асуудлыг цэгцлэнэ. Мөн энэ өмчлөлийн асуудлыг бас нэг тийш шийдэх нь яаралтай шаардлага байна. 
- Орон нутгийн өмчит Тавантолгой компанийн тосгоны байдал тоосжилт ихтэй болсон учир нүүлгэн шилжүүлэх асуудал юу болж байгаа вэ? 
- Таван толгойн тосгон буюу Цагаан-Овоо багийн нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэгт аймгийн Засаг дарга орсон байгаа. Цагаан-Овоо багийн иргэдийн шилжилтийг, өмчлөлийн газрын асуудлыг шийдэж өгөөчээ гэсэн хүсэлт тавьсан. Тавантолгой ХК-ийн өмч хөрөнгө, баригдсан барилга байгууламжийн үнэлгээ, айлуудын газар шийдэгдсэн хойно үе шаттай дэд бүтцийг шийдвэрлэж нүүлгэн шилжүүлэх ажил алсдаа хийгдэнэ. 
- Саяхан МУ-ын ерөнхий сайд уурхайнуудаар ажилласан. Баруун  бүсийн уурхайнуудын нөхцөл байдал ямархуу байна вэ? 
- Баруун чиглэлийн уурхайнуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг яваад ирсэн. Олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниудаар орсон. Ажиллах хүчний хувь ямар байгаа талаар, мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажил, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр гээд бүх чиглэлүүдээр ажлуудыг шалгаж байна. Зарим компанийн үйл ажиллагаа зогсонги байна. Ер нь цаашдаа бүх компаниуд дээр 50 хувь хүртэл ажилчдыг орон нутгийн иргэдээс бүрдүүлэх естой гэсэн шаардлага тавьсан. Мөн аймгийн ИТХ-аас ч тийм шийдвэр гарсан. 
- Уурхайнуудын хаалтын төлөвлөгөө ямар байдаг вэ? 
- Уул уурхайн хаалтын төлөвлөгөөг компаниуд ашиглаж эхлэхээсээ эхлээд төлөвлөдөг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хаалтын төлөвлөгөө гэж ойлгож болно. Хаалтын төлөвлөгөө нь энгийнээр тайлбарлахад уул уурхайн овоолгуудаа байгалийн хэлбэрт оруулах, мод, зүлэг тарихаас эхлээд байгаль хамгаалахад чиглэгдсэн байх учиртай.
- Өмнөговь аймгийн хэмжээнд бичил уурхайг хөгжүүлэх, зарим нэг сумдын нутаг дэвсгэр дээр жижигхэн газруудыг ашиглаж болно гэсэн зөвшөөрөл өгсөн гэсэн энэ талаар? 
- Бичил уурхай ашиглах журам гараад нэлээд хэдэн жил болсон. Бичил уурхайг Засгийн газар болон орон нутгийн бодлогын түвшинд их дэмжихгүй байгаа. Эрэлт хэрэгцээ үнэхээр байгаад газар нь олдоод, үнэхээр хүмүүс тэнд ажиллах хүсэлт байх юм бол тухайн сум, сумын ИТХ- д нь хуулийн хүрээнд ажилла гэсэн чиглэл өгчихсөн. Бичил уурхай гэдэг маань өөрөө үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаад байхад ямарч үр ашиггүй гэж тогтоогдсон тэр газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох. Тэгэхдээ тэр зөвшөөрлийг дахиад ашигт малтмалын газар өгдөг учраас олон үе шат дамждаг, хугацаа шаарддаг ийм төвөгтэй, хүмүүст бас их хүндрэл учруулдаг. Бичил уурхай эрхлэх гэж байгаа хүмүүсийг зохион байгуулалтанд оруулж ТББ байгуулья. Тэгээд татвар хураамж төлдөг эргээд байгаль орчныхоо нөхөн сэргээлтийг хийдэг, байгальдаа ээлтэй орон нутагтаа ч ээлтэй, өөрсдөдөө ч хэрэгтэй нийгмийн асуудлаа шийддэг цогц асуудлаа шийдэх хэрэгтэй гээд чиглэл өгсөн байгаа. Хориглосон заалт огт байхгүй. Үнэхээр тийм боломж бололцоотой газар байвал хэн ч тэр газрыг судлаад хөөцөлдөөд бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой. 
Ж.Жаргал

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна