- Бага сургуульд сурч байсан үеэ товчхон дурьдана уу? Та сургуульд байхдаа шүлэг уран уншдаг байсан гэсэн?
- Би 1955 оны намар анх төрөлх Ханбогд сумынхаа сургуульд орсон. Ангийн багш маань О.Цэрэндондов гэдэг хүн байлаа. Бага сургуулийн 4-р ангийг Лүймэд багштай төгссөн. Монгол Улсын гавьяат малчин Д.Хүүхэн, ХАА-н тэргүүний ажилтан, ахмад мал зүйч Ц.Хүүдүү, МУ-ын “Тэргүүний уран сайханч” Д.Банди, барилгын салбарын тэргүүний ажилтан О.Нямсүрэн гээд улс нийгэмдээ гавъяатай олон сайхан буурлуудаараа манай үеийнхэн бахархаж явдаг. 1958-1959 онд сумын нутаг бүхэлдээ гандаж сумын төв хилийн ойролцоо орших Жороо булаг гэдэг газарт төвлөрч тэр үед бид байранд байдаг байв. Гэр хол тул өвлийн амралтаар харина гэж байхгүй байрандаа эрхэлж тоглож хичээл даалгавраа хийж амарна. Шүлэг цээжилж сургуулийн концертонд орж уншдаг байсан. Гайгүй уншдаг байсан юм байлгүй дээ. Үргэлж л дахиулдаг байсан. Анх би Ц.Гайтавын “Цаасан бөмбөгний цэнэгчин” гэдэг шүлгийг уншиж багш, сурагчдын нижигнэсэн алга ташилтаар шагнуулж байснаа ер мартдаггүй юм. Гэхдээ би их шог шүлэг унших дуртай хүүхэд байсан. Намайг цэрэгт байхад яруу найрагч Ш.Дулмаагийн “Хүүгийн эцэгт бичсэн захидал”, Д.Пүрэвдоржийн “Хар цас” зэрэг найраглалууд гарч ёстой цэрэг эрсийн сэтгэл зүрхэнд асаж байлдагч бүр уншдаг байсан. Би тэр үед НАХЯ-ны болон хилийн цэргийн удирдлага генерал Б.Доржийг цэргийн анги дээр очиход “Хар цас” найраглалаас уншиж генералаас магтаал сайшаал хүртэж байлаа.
- Та ямар мэргэжилтэй билээ?
- 1975-1978 онд Дундговь аймгийн ХАА-н техниккум, 1984 онд Намын дээд сургуульд тус тус суралцаж мал зүйч, ХАА-н эдийн засагч мэргэжилтэй болсон.
- Та хүүхэд байхаасаа шүлэг зохиол бичиж эхэлсэн байдаг. Хамгийн анхны бүтээлээ хэдэн онд хэрхэн бичсэн бэ? Анхны шүлгийн чинь санаа хаанаас төрж байсан бэ?
- Би 1959 онд Ханбогд сумынхаа бага сургуулийг сайн дүнтэй төгссөн боловч сургуульд яваагүй. Цаашид суралцах хүсэл зорилго дүүрэн байсан ч ээж минь 12 настай намайг “Миний хүү дэндүү балчир юм. Хаа хол очиж өвдөж баривал хэцүү, тэгээд ч ганц малын хүнээ явуулахгүй” гээд намайг авч үлдсэн юм. Тэр жил гантай байсан тул манай сумын айлууд урд хилийн дагуу отор нүүдэл хийж байсан. Би сургуульд байхдаа их ном уншдаг хүүхэд байсан. Сургуулиас гараад мөн номноос салдаггүй, гэрт байсан ч, малын бэлчээрт ч ном уншиж явдаг байлаа. Ном, сонин их уншиж судалснаар тухайн үеийн олон улсын байдал болон монгол орныхоо түүх өв соёл, сүүлийн үед өрнөж байгаа мэдээ мэдээлэл гээд асар их зүйлийг мэдэж авдаг байлаа. Ном уншихын зэрэгцээ шүлэг их бичдэг байсан. 1962 оны хавар сумын ХЗЭ-ийн үүрийн дарга Х.Лувсан-Иш манайхаар ирж миний шүлгүүдийг үзээд магтаж, зарим шүлгүүдийг Говийн мэдээ сонинд гаргана гээд аваад явсан. Бараг зун болж байхад “Багачуудынхаа бүтээлийг бахадмаар” гэсэн нэртэй миний тухай бичсэн тэмдэглэлийн дор миний “Амралтын газар” гэдэг анхны шүлэг нийтлэгдэн гарч ирж билээ. Тэгж би анх удаагаа сонинд гарч бас болоогүй шүлгээ нийтлүүлсэнд урам зориг дүүрэн, баяр хөөртэй явдаг байж билээ.
Би 300 гаруй ном уншиж сумандаа анх удаа “Д.Нацагдорж” тэмдгийн болзол хангаж эвлэлийн үүрийн дарга А.Сумьяагаас үнэмлэх тэмдгээ гардан авч байлаа. Тэгээд “Д.Нацагдорж” тэмдгийн болзол хангасан хүүхэд залуучуудыг пионерийн зусланд амруулсан. Амарч байхдаа цаасанд буулгасан хэдэн үгээ хөдөө ирээд шүлэг болгосноор миний анхны шүлэг мэндэлж байлаа.
Ууланд амарлаа бид нар
Усанд шумбалаа бид нар
Ойд зугааллаа бид нар
Олуулаа тоглолоо бид нар
Цэцэг навч түүлээ бид нар
Цэнгэж сайхан амарлаа бид нар
Ариун салхин амьсгалтай
Аадар бороон ундтай
Амралтын газар минь баяртай
Ахиад бид нар ирнээ... гэж бичсэн байдаг юм.
/Ёстой хөөрхөн шүлэг байна/
-Тэр үеийн залуус бүгд л МХЗЭ-д элсдэг байсан. Эвлэлийн гишүүний үүргээ хэрхэн биелүүлж байв?
- Намайг зуд турхантай хүнд үед 500-аад төлөг гардан маллаж онд мэнд оруулсан, олон төл бойжуулсан, ноосны төлөвлөгөөг давуулан биелүүлсэн, мөн олон ном, сонин уншиж “Д.Нацагдорж” тэмдгийн болзол хангасан гэж 1962 онд эвлэлийн гишүүнд элсүүлж байсан юм. Эвлэлийн гишүүнд элсэнэ гэдэг бол хоньчин надад маш том амжилт бөгөөд нэр төрийн хэрэг байлаа. Тэр үед чинь нам, эвлэлийн гишүүд гэдэг чинь бусаддаа үлгэр дууриал үзүүлдэг, улс нийгмийнхээ төлөө бие сэтгэлээ харамгүй зориулдаг, улс төрийн үзэл бодол, соёлыг бусдад ухуулан таниулах зэргээр маш их үүрэгтэй байлаа шүү дээ. МХЗЭ-д элссэнээс хойш улам ч нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон. “Цог” сэтгүүл, “Залуучуудын үнэн” сонин захиалан уншдаг байсан тул тэр үед соёлын довтолгоог айл өрхүүдэд уншиж танилцуулдаг байв. Мөн сумын төв дээр шинэ байшин барилга барилцах, чулуу татах, өвс хадлан, хороо бууц гээд эвлэлийн гишүүдийн хүч хөдөлмөрөөр олон ажлыг богино хугацаанд нугалдаг байсан даа. Нам, эвлэлийн байгууллага гэдэг бол залууст жинхэнэ ажил сургаж тэднийг хүмүүжүүлж зөв түвшин хүн болгон төлөвшүүлж чадаж байсан юм даа.
- Та ХЗЭ-ийн үүрийн дарга хийж олон залуусыг удирддаг байсан. Тэр дурсамжаасаа хүүрнэхгүй юу?
- 1972 оны 3 сард Ц.Мижидээс Ханбогд сумын ХЗЭ-ийн үүрийн даргын ажлыг хүлээн авч тэр үед ажил үйлсээрээ манлайлагч залуучуудыг сонин хэвлэлд урамшуулан сурталчилж бичих, бусад эвлэлийн үүрүүдээс туршлага судлаж ажилдаа нэвтрүүлэх зэргээр уйгагүй шамдан ажилласны үр дүнд манай сумын ХЗЭ-ийн үүр аймагтаа социалист уралдаанд манлайлагч болж 3 байр эзэлж байсан нь ганц миний амжилт биш манай үүрийн гишүүдийн хамтын хүч хөдөлмөр байв. 1973 онд манай сумын ХЗЭ-ийн үүр 92 гишүүнтэй байсан. Эвлэлийн үүрийн гишүүн Б.Отгонцэрэн, Р.Таванжин, Ц.Хүүдүү, С.Адьяа, О.Бямбаа гээд олон гишүүд миний ажилд их тус дэм болж ажилладаг байлаа. Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байх үед аливаа ажлуудыг ХЗЭ-ийн нэрэмжит ажил болгон зохион байгуулдаг, гишүүд маань ч бүгдээрээ идэвхтэй оролцдог тийм үе байсан. ХЗЭ-ийн үүрээ сонин сэтгүүлд тавьж сурталчлах, залуучуудынхаа дунд АСТ зохиож түүнийгээ төв орон нутгийн сонинд мэдээ сурвалжлага болгон нийтлүүлж “Залуучуудын үнэн” сонины 50 жилийн ойн медалиар шагнуулж байлаа. Ингэж би анхны медалиа энгэртээ зүүж байсан.
- Та бол туршлагатай сэтгүүлч, сурвалжлагч, идэвхтэн бичигч хүн. Анхныхаа мэдээг ямар сонинд хэрхэн нийтлүүлж байв?
- 1966 онд “Мэнд сүрэгтэн” нэртэй анхны мэдээгээ Говийн мэдээ сонинд нийтлүүлж байсан. Энэ нийтлэлд: “Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн Баян бригадын хоньчин ХЗЭ-ийн гишүүн Д.Цэдэндорж энэ онд төллөх 399 хониноос 410 хурга бойжуулж бригадын мэнд сүрэгтэн “Энх төлчин” дарцаг хүлээн авлаа. Хоньчин Д.Цэдэндорж суурьт хөтлөгдөх анхан шатны тоо бүртгэл, ажлын төлөвлөгөө, соёлжилтын дэвтэр зэргийг бүрэн хөтлөж, өөрөө бие даан зоо мал эмнэлгийн анхан шатны бүтээгдэхүүн эзэмших зорилт тавин ажиллаж байна” гэж бичиж байсан нь одоо надад хадгалагдаж байдаг.
- Одоогийн байдлаар сонин хэвлэлд хичнээн мэдээ сурвалжлага нийтлүүлэв? Нэлээд их тоо гарах байх даа?
- Монголын үнэн, Ардын төр, Шинэ хөдөө, Тоншуул, Залуучуудын үнэн, Хийморь болон төв орон нутгийн радиод 2300 гаруй мэдээ сурвалжлага, найруулал, тэмдэглэл, фото зураг, нийтлэл, хөрөг дурсамж нийтлүүлж 1979, 1986 онуудад дээрх сонинуудын оны ээлжит шагналыг хүртэж байлаа. Эдгээр сонин болон бусад чөлөөт хэвлэлд цаг үеийн янз бүрийн асуудал хөндсөн
Алтаар бичих хөрөг /хөрөг найруулал/
Буухиа элч явсан нь /түүхэн тэмдэглэл/
Тэмээ говийн сүлд /асуудал дэвшүүлсэн/
Өндөр ээжийн ивээл /хөрөг найруулал/
Цаг хугацааны урсгал /хөрөг/
Малчдын хөдөлмөрийг үнэлье
Ямаагаа адлах нь ямар ёс вэ
Тэмээчдээ алдаршуулья
Цөлжилт айсуй
Алтан говио хайрлая зэрэг тэмдэглэл, найруулал, сурвалжлага, хөрөг нийтлүүлсэн.
Мөн бие дааж Говийн мэдээ, Монгол говь сонинд
Аймгийн намын хорооны үзлэг угтсан МХЗЭ-ийн үүрийн ажил
Адгийн байрнаас айргийн тавын төлөө
Уншигч, редакцийн уулзалт
Ханбогд сумын 60 жилийн ойд зориулсан нүүр
“Эрдэнээс бүтсэн Ханбогд” нэг нүүр
Баян багийн 1000 ботгоны баярт зориулсан нүүр
Арслангийн дэвэлт /тусгай дугаар/
Галбын говийн унаган хүү /бүтэн нүүр/ шүлгүүд
Ханбогд ЕБДС-ийн 70 жилийн ойн /нүүр/
Уншигч редакцийн уулзалт-Тэмээчдийн нутагт зэрэг нүүрүүдийг бие даан гарган нийтлүүлж байлаа.
- Таны хийж бүтээснийг тань төр засаг хэрхэн яаж үнэлсэн бэ? Гавьяа шагналаасаа товчлон хэлбэл?
1. Алтан гадас одон
2. Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медалиуд
3. Залуучуудын үнэн сонины 50 жилийн ойн медаль
4. МСНЭ-ийн 60 жилийн ойн медаль
5. Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль
6. Соёлын алдар медаль
7. Ижий говь хүндэт медаль
8. Монгол Улсын Онц хилчин цол тэмдэг
9. Ханбогд сум байгуулагдсаны, Мал эмнэлэг үржлийн албаны 90 жилийн ойн медалиудаар шагнагдсан.
10. МСЭ-ийн 15-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдож оролцсон.
- Та бол Галбын говиос төрсөн зохиолч хүн. Одоогийн байдлаар хичнээн ном бүтээгээд байна даа? Анхны ном тань хэдэн онд хэвлэгдсэн бэ?
- 13 дахь номоо 2016 оны сүүлчээр хэвлүүлж уншигчдын гар дээр тавиад байна. Анх 2000 онд “Гурван мянган чонын хөнөөл” гэдэг багахан хэмжээний ном гаргасан. Дараа нь Ханбогд сумаас төрөн гарсан шилдэг тэргүүний 72 хүний намтар түүхийг багтаасан “Галбын говийн бахархал” номоо төрөлх сумынхаа сургуулийн 60 жилийн ойд зориулан гаргаж байлаа. Хамгийн сүүлд “Дуулга улаан тэмээд мину” номоо Баян багийн “Түмэн тэмээний баяр”-т зориулан бүтээгээд байна. 2016 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүнээр элссэн.
- Таны шүлгээр бүтсэн дуунууд радио, телевизийн алтан фондонд орж нийтийн хүртээл болсоор байна. “Цэрэг эрсийн зүрхний бичээс” гэдэг цэрэг эх орны сэдэвтэй дуу чинь Малчин сувгаар хааяа дуулагдаж байдаг. Энэ дууныхаа түүхээсээ дурьдана уу?
- Цэрэг эх орны сэдэвт найраглал, Монгол улсын онц хилчин эмэгтэйчүүд, төрсөн нутагтаа халуун залуу насаа зориулсан эгэл хүмүүсийн дурсамжуудаас сэдэвлэн нэлээд хэдэн шүлэг бичиж заримыг нь дуу болгосон.
Аз жаргалын дуу
Баян хайрхан
Бурхны гэгээтэй ижий
Эх үрсийн дуу
Дуулга улаан тэмээд минь уу
Амар мэндийн цэнхэр говь зэрэг дуунуудад хөгжмийн зохиолч, ая зохиогч нар уянгалаг сайхан ая зохиож дуу болгон олны сонорыг мялааж байгаад би маш их баярлаж явдаг.
- МУСТА Донойжавын Халтар гэдэг хүн миний 2013 онд бичсэн “Хилчин эрсийн зүрхний бичээс” найраглалын хэсгээс авч ая зохиож хөгжмийн найруулгыг Э.Жамсран хийж клипжүүлэн Сүхбаатар аймгийн Онгоны хилийн отрядын 70 жилийн ойгоор тэндэхийн Сүхбаатарын танхимд мөнхжүүлснээр хилчдийн сүлд дуу болсон. Бас 2014 онд Монгол улсын 40 гаруй хилчин дайчдын намтар түүхийг багтаасан “Эх орны цохилох зүрх” номоо хэвлүүлж хилийн цэргийн 0131-р анги, 184-р отрядын салбаруудад тараагдаж хилчин эрсийн номын санг баяжуулсан.
- Саяхан болсон “Түмэн тэмээний баяр”-аар “Дуулга улаан тэмээд минь уу” номын маань нээлт болсон. Мөн энэ үеэр номын нэрээр нэрлэгдсэн дууны клипны зураг авалт болж МУБСТА Ш.Эрдэнэжаргалын ая “Дуулга улаан тэмээд минь” дууг дуулсан дуучин МУСТА Отгонтогтох ирж Баян багийн тэмээчид, малчдад ая дуугаа өргөн барьлаа. Миний энэ дуу маань хос аятай болсон.
- Таны уран бүтээлийн их харгуй тань сүүн цагаан замтай цааш үргэлжлэх болтугай гэж хүсэн ерөөе.
- За тэр ерөөл бат орших болтугай. Баярлалаа.
МСНЭ-ийн Ган үзэгтэн шагналт, идэвхтэн бичигч Ч.Амгалан
Сэтгэгдэл үлдээх