Ил захидал: УИХ-ын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар танаа

2017-02-08 03:03:39 | 1882 | 0


Монгол улсын Еранхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар хийсэн мэдээлэлдээ “ҮАБЗ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрье”, ”Улаанбаатарын хөрс бохирдсон. Энэ орчинд нөхөн сэргээлт хийхгүйгээр бүтээн байгуулалт хийх асуудал байхгүй. Үүнийг ойлгомоор байна”, ”Их дээд сургуулиудын түвшинд ямар нэг хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг зогсоох хэрэгтэй. Хийвэл хотоос гарч хийе” гэж ярьсан нь  гашуун ч гэсэн ташаагүй үнэн үг. Нийслэлийнхний ундны усны эх үүсвэр болсон Туул голын хөвөөгөөр орон сууцны хорооллуудыг сүндэрлүүлж байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсаны гор удахгүй гарч уух усны хомосдолд орох аюул ч бас хотынхонд ойртсоор байгаа гэж яригддаг. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд нийслэл хот байрладаг тухай ч зөндөө л сэрэмжлүүлэг, анхааруулга сонсогддог, бичигддэг. Аймаг, орон нутагтаа бүтээн байгуулалт хийхийн оронд Өмнөговьчуудын төлсөн татвараар бүрдсэн  орон нутгийн төсвийн хөрөнгөөр заавал Улаанбаатар хотод   бүтээн байгуулалт хийх шаардлага байгаа юм уу. Зөвхөн зураг төсөв боловсруулахад л 108 сая төгрөг \Монгол говь. 2017.01.06.№01\ батлагдсан байна лээ. Газрын үнэ гэж бодоход дуудлага худалдаагаар авсан бол хэдэн тэрбумаар яригдах байлгүйдээ. Эсхүл хотын төвөөс зайдуу, их дээд сургуулиудаас алслагдсан байршилд \Монгол говь 2016.12.09. №33\ үнэгүй  хямдхан газар авсан юм уу. Хэрэв тийм бол нийслэлээр нэг тарж байрласан их, дээд  сургуулийн оюутнууд хичээл, сургуульдаа яаж ирж очих билээ. Нэлээд хэдэн жилийн өмнө энэ бүтээн байгуулалтад багаар бодоход 7 тэрбум төгрөг шаардлагатай тухай яригдаж төлөвлөгөөнөөс хасагдаж байсан санагдана. Одоо бараг хэд  нугарч өсөх байлгүй дээ. Маш олон хүчин зүйлийг нарийвчлан тооцож байж л ийм том бүтээн байгуулалтыг хийх нь зөв байх аа. 
 
Надад өөр санал байна
 
Даланзадгад хотдоо “Оюутны хотхон”-оо байгуулаад МСҮТ буюу Политехникийн коллежид суурилуулаад  улсын чанартай Технологийн дээд сургууль байгуулчихвал асар их ирээдүйтэй олон сайн үр дагаврыг аймагтаа авчрахаар бодогдоод байна. Зөвхөн манай аймгийн ч биш хөрш зэргэлдээ аймгуудаар  зогсохгүй бусад аймгууд, нийслэлээс ч оюутан элсүүлж болно. Тухайлбал газар нь шинэ Даланзадгадад чөлөөтэй байна, Дэд бүтэц нь хангалттай, төрөлх хот маань оюутан залуусын эрч хүч, дуу хуур халгиж  цалгисан, эрдэм боловсролын ундарга болон өнгө үзэмж нэмж өргөжин тэлнэ. Нэгэнт хэрэглэгчид  нэмэгдэх  учраас төрөл бүрийн үйлчилгээний байгууллагуудын ашиг орлого өснө. Оюутны зуны амралтаар хотхоныг дотоодын тойрон аялагчдад зориулж ашиглахаас гадна улс, бүсийн спортын тэмцээн зохион байгуулж тамирчдыг ч байрлуулахад болохгүй гэх газаргүй. Говийн сайхан байгалд аялахаас гадна нийслэл болон бусад аймгуудаас Даланзадгадын шинэ паркыг үзэх, үйлчлүүлэхээр эцэг эхчүүд үр хүүхдүүдээ дагуулаад олноороо ирэх болсныг ч мартаж болохгүй. Ажлын байр нэмэгдэнэ. Хэрэв нийслэлд байгуулбал оюутны зуны  амралтаар манаач хөлсөлж ажиллуулаад нэлээд хэдэн цонх хагараад л намартай золгох  болов уу гэж сэтгэл зовних юм. 
За точхондоо ийм л зүйлсийг Та бүхний сонорт хүргэж “Монгол говь”  сонины мэргэн уншигчдын мэлмийг давхар мялааж, ухаан бодлыг уралдуулах гэсэн юм аа. Та бүхэн өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй хэмээх гурамсан цагийн уялдаанд сүлжилдүүлэн эрэмбэлж, сайтар шүүн тунгааж, эргэцүүлэн бодоод эцсийн шийдвэрээ гаргана гэдэгт найдаж байна. Морьд зурхайдаа хүрч эргэж амжаагүй байна. Өмнөх шийдвэрээ өөрчлөхөд оройтоогүй байна.
Эрхэм дүү нарын ухаан саруул, мэлмий тунгалаг байж, өлмий бат оршиг.
 
Хүндэтгэсэн: Ж.АВАРЗЭД

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна