ХОЙМОР НУТГААС ХОРМОЙЛСОН ХОМООЛ

2020-01-31 02:46:27 | 198 | 0


 

Эх орныхоо хоймор нутаг Хөвсгөл аймагт очих сон гэдэг хүслийг олон  жил дотроо хадгалсан сан. Далай ээжийг ямар бол гэж үргэлж төсөөлөн боддог байлаа. Дорнод аймгийн нутаг дахь Мэнэнгийн талыг гатлан хүрдэг Буйр нуураа нэг биш удаа үзсэн ч Хөвсгөл далайг... гэсэн далдхан хүсэл л үе үе тэр тааварлашгүй  их далайн захад авааччихна.

Далай үзэх сэн

Давлагаа нь сэтгэл шиг минь

Дэврүүн байдаг болов уу...хэмээн хэдэн жилийн өмнө Сүхбаатарт аймагт болсон нэгэн яруу найргийн наадмын тайзнаа Дархнаас ирсэн бүсгүй найрагчийг уншихад нөгөө л хүслээ тээсэн...

Бүх зүйл цаг хугацааны эргүүлэг дунд хөвөрч, цагаа олсон бүхэн тэр үе мөчийг хүлээн, яаж ч догдлон яарсан ч болох ёстой, явах ёстой, ирэх ёстой, уулзах ёстой, учрах ёстой бүхний “хувьсгалын тохироо”-г бүрдтэл хясдаг аж. Зун болонгуут олны хөлд дарагддаг “Хөвсгөлийг үзээгүй сүүлийн  хүн” хэмээх хошигнолыг бодон дүн өвлөөр тайгыг зорьж явлаа.

Аялагч Эби буюу О.Эрдэнэбилэг хэмээх залуу дотоодын аялал, тэр дундаа өвлийн аяллыг хөгжүүлэх тэмүүлэлдээ хөтлөгдөн улирал бүр аялал зохион байгуулаад 6 жил болж буй аж. Хоёр сарын өмнө Шилийн богд уулын ар бэлд болсон “Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадмын үеэр аяллынхаа талаар цухас ярьснаас хойш сар гаруйн дараа олон жилийн мөрөөдөл маань ийн биелж хоймор нутгийг зорьсон маань энэ.

Өвлийн аяллыг сонирхсон, аялах дуртай, бага зэргийн эрсдэлтэй ч адал явдалтай Тайгын аяллыг битүүхэн сонирхсон залуусаар багаа бүрдүүлсэн бидний аялал 1 дүгээр сарын 10-ны орой Улаанбаатар  хотоос Хөвсгөл аймаг руу жолоо залав. Нийслэлээс 860 километрт орших Мөрөн  хотод өглөөний 09.00  цагийн үед хүрлээ.

“Өргөө” ресторанд захиалсан аян замын хүмүүст зориулсан өег хоол, цай идээд, аялал зохион байгуулагчаас бэлэглэсэн дулаан дээлийг авав. Мэдээж бид талархлаа илэрхийлэхээ мартаагүй.

“Хөвсгөлийн өнгө” сонины эрхлэгч Б.Гэрэлням хэмээх үзэг нэгт, дайчин бүсгүй угтан мэндчилж, аялалд амжилт хүссэн чамд гүнээ талархъя.

БОШЛОЙ ХАД

Мөрөн хотод Эрка буюу Г.Эрдэнэбилэг хэмээх аялагч Эби-ийн хуурай ах, олон удаагийн аялалд хамтарсан түүний фургон машинд бид ачаа бараатайгаа шилжин сууснаар аяллын эхний өдөр эхлэв.

Мөрөн сумаас цааш нэлээд явахад цас нимгэрч, орчны уул талын өвс шаргалтах нь яг л намар мэт. Бидний эхний зогсоол Баянзүрх сум. Эргэн тойрондоо өндөр өндөр хадан уулын дунд байрлах  суманд хоноглоод, аяллаа үргэлжлүүлэв. Байгалийн сайхныг үзвэл Баянзүрхийг үз... гэдэг үг нутгийнхны дунд хэдийн дэлгэрчээ.

Үнэхээр ч сайхан байгальтай. Өндөр уулын хажуугийн замаар явах ахуйд тэртээ доорх харагдах газрын байдал сүрдмээр. Жолооч Эрка ах энэ байтугайг үзсэн хашир “толгой” болохоор ажрахгүйд дотор уужирна. Замын эргэн тойронд сүглийн ургасан өндөр модод найр тавин угтах шиг ярайна. Нар, үүл, модод, зам... хаашаа л харна уран зураг мэт сайхан төрхийг хармагц бууя, сууя хэмээн шалах биднээс жолооч ах залхаагүйд талархъя. Харин хаана бууж харайж, дэгдэж зураг авах газруудыг андахгүй зөвлөсөн. Сүүлдээ ч түүний үгийг дагах янзтай.

Аяллын эхний үзэх газар Бошлой хад. Асар өндөр байц мэт уг хадыг үзэх гэж гадаад, дотоодын аялагчид ийш зорьдог. “Бошлой хад нь өнчин Бошлой хүүгийн хайр сэтгэлийн домгийг он жилүүдийн уртад хадгалан оршино. Ноёны охинд хайр сэтгэлтэй болсон Бошлойг мөнөөх бэрх хадны нэгэн агуйд хорьж орхиж. Бошлой өвлийн туршид бүргэдийн хоёр дэгдээхэй тэжээн хоёр улирал дамнан гаршуулаад намар нь шувууддаа зүүгдэн нисэж агуйгаас оргожээ. Бэр буусан хуримаас хайрт бүсгүйгээ оргуулан хил давж, Тувагийн зүгт зугтан одсон гэдэг” домгийн тухай сэтгүүлч Т.Мөнхтунгалаг эгч бичжээ.

Бошлой хадны хажуугаар Бэлтэсийн гол Дэлгэрмөрөнтэй нийлж урсдаг. Эргэн тойрны байгал, агуй уул, ус, хөлдсөн голын мөс, хурааж тавьсан первоз гээд анх харж буй бүхэн гайхамшигт түүхийг бүтээн байх шиг, бас зөвхөн биднийг л хүлээж байсан мэт.

ДАРХАДЫН ХОТГОР-АР БОСГОТЫН ХАВЦАЛ

Замд таарах бүхнийг харж, мөрөөдөж байсан аймгийнхаа байгалийн сайхныг биширсээр Улаан-Уул сумын Тоомын бригадад ирэв. Бригадын төвд өвөлдөө ердөө хоёр айл бууриа сахиж үлддэгийн нэг нь биднийг гарын цуйвангаараа дайлсан Дүүжий гуай. 70 нэлээд гарсан ч хөнгөн шингэн. Тогоо, шанагийн ажилдаа огт түүртэхгүй.

Тоомын бригадаас 30 километр яваад алдарт Өлийн даваа Дархадын цэнхэр  хотгортоо тавтай морилно уу гэх шиг угтаж авав. Даван дээрээс цэвцийн цайрах Дэлгэрхаан уул, Дархадын хотгор хэмээх цаг агаарын мэдээгээр хүйтний эрч илүүтэй нэмэгдэх тухай онцлон зарладаг хаа хол мэт санагдаж асан нутагт очиж байгаадаа хэсэгтээ л итгээгүй. Өлийн даваан дээр 12 жилийн бэлгэдэл, бөөгийн овоонууд, сүүдрэвч зэргээр тохижуулсан нь тухлаг. Жил бүрийн хавар тэдгээр овоонуудыг тахидаг уламжлал тогтжээ. Даваан дээрээс хорвоод ховорхон вансэмбэрүү цэцгээр хүрээлүүлэн ургадаг Таг нуурын уулс ч харагдана.

Өлийн даваанаас уруудаж явсаар Улаан-Уул сумын төвд ирж хоноглоод, маргааш нь Дархадын хотгор, Хорьдал сарьдгын ноён оргилыг зориход Дэлгэрхаан хайрхан сүрлэг орой замчилж хөтөлсөөр Ар босготын хавцалд хүрлээ.

 Тал, хангай нутгийн ялгааг эндээс илүү мэдэрнэ. Асар өндөр хадан дундах өргөн гол бүхий хавцлыг зөвхөн өвлийн улиралд л үзэх боломжтой. Учир нь бусад улиралд голын усан дээгүүр зөвхөн завиар явж хавцлыг сонирхож болох ч эрсдэл өндөр.

Хавцлын голын мөсөн дээгүүр алхахад хөндий төмрөөс хөгжим уянгалах мэт дуу гарна. Хадны завсраас ус урсдаг бололтой хөлдсөн мөснүүд хаа сайгүй байх нь жижигхэн хүрхээ мэт орчноо чимжээ. Хэдэн зуун жил оршин буйг үл мэдэгдэх хавцлын зузаан  хаданд чихээ нааж сонсохыг хичээвч хэдэн ч эрин улирсан энэ л хэвээрээ эрхэмсэг, басхүү нууцыг чанад хадгалж буй мэт чимээ үл сонсогдоно. Хөл доорх мөсөн гол ч тэр л адил чимээгүй цэлийж, цасанд хучигдсан үзэсгэлэнт моддыг фоноо болгон зураг даруулах аялагчдыг зугаацан ажих шиг энгүүн, сүрлэг.

Хавцлын цаагуур хаяа хярхаггүй орших Хорьдал сарьдгийн нуруугаар хөндлөн  гулд хэрэн тэнэмээр санагдавч, эх орны, эх дэлхийн сүр хүч, таагдашгүй, тайлагдашгүй цогцолсон их нуруудын өмнө  хүчин мөхсөдмөөр гүн сэтгэгдэл үлдлээ.

ЦАГААННУУР СУМ

Бидний газарчин бас жолооч Эрдэнэбаяр Цагааннуур сум руу явах замд нэгэн хүнтэй холбогдож байна. “Сайхан загас шараад, шөлтэй нь бэлэн байлгаж байгаарай”... хэмээн товчхон тушаал буулгав.

Очиход яг хэлснээр нь бэлджээ. Хөвсгөлийн брэндүүдийн нэг цагаан загас шарж, шөлийг халуунаар бидний  өмнө талбив. Хол замд алжаасан бид ширээн дээрх загасны сетийг авч явсан зүйлүүдээр хачирлан идэж, талархан дуусгав.

Цагааннуур сум зочид гийчид ихтэй. Тиймээс тэднийг байрлуулах буудал хамгаас чухал. Лхагва хэмээх энэ сумын уугуул иргэн буудал ажиллуулж, дээрээс нь бидний дээр идсэн цагаан загас, шөлөөр жуулчдыг дайлдгаараа хүмүүс андахгүй. Тийн.. гэдэг үгийг үргэлж хэлдэг болохоор анд нөхөр Эрдэнэбаяр /манай нөгөө жолооч ах/ элдвийн юм асууж цаашлуулна.

 Буудал нь ч тухтай. Хэдэн жилийн өмнө Содура киноны багийнхан ирж бүтэн жид манай буудалд байрласан хэмээн ярилаа. Энэ сумын нутагт тус киноны зураг авалт хийгджээ.

Сумын яг урдуур Цагааннуур урсана. Ердөө ганцхан километр орчим. Зуны улиралд нуурынхаа эрэгт загас жараахай барьсан шиг л жаргана шүү дээ хэмээн Лхагваа хуучиллаа.

УРЦАНД

Хөвсгөл аймгийг зорих аялагч, жуулчлагчдын хамгийн их сонирхон очдог газар бол тайга.Жангас тайга буюу Зүүн тайга Цагааннуур сумаас 30 километр. Битүү модон дунд байх урц, жижигхэн модон байшин байх. Тайгын амьдралыг сонирхож очсон хүн бүрийг угтан авч, ахуй амьдралынхаа сонин сайхныг хүүрнэдэг Ганбаатарынх биднийг мөн л тэгж тослоо. Цааны сүүгээр сүлсэн сүүтэй цай, цааны ааруулаар дайлж, аялал зохион байгуулагч Эби-ийн бэлэглэсэн өвлийн дээлийг гардсан хоёр хөгшин баярлаад ханахгүй. Эби тэдний хуурай хүү болоод уджээ. 3,4 дүгээр ангийн  хоёр охин, хоёр настай хүү тэднийд бүл нэмэн амьдарч байна. Сургуулийн амралт эхэлсэн болохоор тайга дахь өвөө, эмээгийнхээ гарын үзүүрт тус болохоор иржээ.

Хэдий балчир ч тэд бие даачхаж. Дүүгээ асарна, мод түлээг зөөж өгнө. Хоёр наст ч хормойд орооцолдохгүй чигээрээ.

Пүнхийсэн дулаахан байшиндаа тухтай нь аргагүй амьдрах юм. Тайгын амьдралыг сонирхсон урцанд хоносон аялагчид бидэнтэй таарлаа. Урцанд хонох гэж зорьж ирснээ ч нэг нь хэлээд, урьд шөнө урцанд хоноход хүйтэн эсэхийг лавлав.

Дан берзэнтээр хучсан хар модыг зөрүүлж холбоод, яндан гаргасан төмөр зуухтай, хоёр модон наартай урцанд анх очиж буй хүн бүрийн адил бид сонирхон хонолоо. Түлээний асуудал тэнд огт гарахгүй. Байшинтайгаа чацуу шахуу жиргэж хураасан их модноос хүссэн хэмжээгээр түлэхэд урцанд даарах гэдэг зүйлийг мартана. Харин шөнө босож галаа нэмээгүй манай урцныхнаас хамгийн их даарч атирч хоносон нь би. Урцанд яг тэгж даарах байх гэж төсөөлж байсан маань ёсоор болж, хамт аялсан Ууганбаяр шөнө босож галаа нэмээгүйд өглөө нь түүнийг буруутгасан ч урцанд хоносон шөнө маань цаатны амьдралын зах зухыг мэдрүүлсэн болохоор хэдэн цаг чичрэх илүү экстрэм санагдав.

Тайгад хоносон орой аяллын нэг чухал хэсэг галын наадам хийлээ. Галын наадмаар дуулж бүжиглэж, хөгжилдөж, хөлхөлддөг тэр бүх үйл явдал оройжин үргэлжилсэн.

Цаа бугууд оторт гарсан тул бид энэ удаад тэднийг харж чадаагүй ч дараа дахин ирэхийн бэлгэдээд цааш аялав.

Энэ удаад манай аяллын  хамгийн хатуужил, тэсвэр, багаар ажиллах чадварыг шалгасан хоноглолт байлаа. Тэнгис, Шишгэдийн голын бэлчир, Тэнгисийн голын хойд хөвөөн дээр майхнаа босгосноор өвлийн аяллын шалгуурт сорилын оргил хэсэг эхлэв. Тэр орой бид хорхог хийж идээд, мөн л түүдэг гал асааж, оройжин бужигнав. Өчигдөрхөн урцанд даарч хоносон болохоор энэ шөнө майханд хонох тул түүнээс илүү жиндэнэ гэдэгт би зуун хувь илүү итгэлтэй байсан. Гэвч төсөөлснөөс тэр өөр халуу дүүгж, даарах бүү хэл аяны хөнжлөө задгайлж хоноцгоов.

Аялалд сэтгэлийн  хөөрлөөр ханддаг зүйл биш, маш их бэлтгэл, хамтын хүч, нэгдэж ойлголцох зайлшгүй нөхцөл бий болдгийг мэдрүүлэв. 10 хүн хонох боломжтой өвлийн том майханд зориулсан цахилгаан пийшин Тайгад аялсан бидний нөхдийн дулаахан хонуулсан. Аялагчдынхаа тав тух, хоол унд, сэтгэл зүй,   хоноглох болон үзүүлэх газрын маршрутыг нарийн төлөвлөж, аливаа эрсдэлт хүчин зүйл, гэнэтийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх дадал чадварт гаршсан, тийм гайхамшигт аяллыг санал болгосон Эрдэнэбилэгт бүгдийн өмнөөс талархъя. Магадгүй тийм хариуцлагатай найдвартай аялуулдаг учраас маш  итгэлтэйгээр аялалдаа урьдаг байх.

Тэнгисийн голын хөвөөнд сэрсэн бид голын мөсөн дээр тогтсон цасаар  хоол цайгаа хийж, майхныхаа гадаа, цэвэр агаарт ундаалахын жаргалыг мэдэрсэн.

Цаашлах тусам аялал илүү сонирхолтой, илүү хөгжилтэй, илүү тааварлашгүй адал явдал хүлээх мэт... Тийм ч байсан.

РЕНЧИЛХҮМБЭ СУМ. ЖАРГАНТЫН ГОЛ

Ренчинлхүмбэ сумын хажууханд 10 хүрэхгүй километрт орших Жарганатын голоос уур савсана. Манай жолооч Эрка ахын төрж, өссөн нутаг. Урьд орой нь сумын төв дэх тэдний гэрт хоноод, өглөө гол руу явлаа. Уг нь Жаргалантын гол хэмээн нэрлэдэг ч удаандаа товчлогдон хэлэгдсээр Жарганатын гол болон хувирчээ.

Голын эрэгт хүрэн хүртлээ Ренчинлхүмбийнхнийг үлгэрийн оронд амьдардаг гэж төсөөлөөгүй. Дөрвөн улирлын турш буй чигээрээ урсаж байдаг Жарганатын голын ус харзлан уур савсуулан байна. Жарганатын голыг “Амьд ус” хэмээн нутгийнхан нэрийддэг гэнэ лээ. Аль ч улиралд өнгө зүсээ хувиргалгүй, амьд байгалийн сүнс нь байх даалгаврыг дэлхий ээжээс авсан мэт.

 Голын усан дахь замаг, ургамал нов ногооноороо... Эргэн тойронд сэвсийтэл цасанд хучигдсан модод сүглийнэ. Өнгө, үнэр, агаар гэж тансаг. Тэнд яг балчир ахуйдаа сонсдог асан үлгэрийн ертөнц санаанд бууна. Голын чимээ, моддын сүр, тэнгэрийн өнгө, тэнд байгаа бүх зүйлс уран зураг мэт яруу гайхамшгийг бий болгожээ.

Нутгийнхаа сайхныг бидэнд үзүүлсэн Эрка ах маадгархан. Ийм л газар амьдардаг юм даа... гэж хааяа гайхуулахаа мартахгүй.

Үлгэрийн гэмээр ертөнцийг үүл  манан дунд үлдээгээд, далай ээжээ зорилоо.

ХӨВСГӨЛ ДАЛАЙ

Далай, далай... Дотроо битүүхэн яарч, хурдхан харахсан гэж догдолж буйгаа дарж ядан явав. Хатгал тосгон хүрэх зам дардан биш. Бартаа, нугачаа, даваа, гүвээ, энхэл донхлыг гатлан гатлан явсаар бүрий болох үед Хөвсгөл далайн мөсөн дээр гарч ирэв.

Хааяа хярхаггүй мэт их далай анир чимээгүй, басхүү аюумаар амар амгалан. Тас хөлдсөн зузаан мөсний доор юу агуулж, өгүүлж, хэлж байгааг тааварлашгүй гүн гүнзгий аж. Далайн мөсөн дээр хөл тавив. Толь шиг тунгалаг, бас жавартай салхи исгэрнэ. Далайн уудам мандал яг л манай тал нутаг шиг хязгааргүйд хараа цуцмаар цэлийн алсарна.

Өвлийн энэ цаг үед тэс хөлдүү далайн мөсөн дээгүүр 100 гаруй километр явж Хатгал тосгон хүрнэ. Жолооч далайн мөсөн дээр фургон машинаараа шарвах үзүүлбэрийг хэд хэдэн удаа хийж бидний сэтгэлийг  сэргээснээр аянаа үргэлжлүүллээ. Харанхуй, далай, тэртээ харагдах гэрлээр баримжаалан явав. Мөс цөмрөх вий дээ, машин шарвах вий дээ гэсэн айдас арилахгүй л байлаа. Азаар далай ээж биднийг ямар ч саадгүй, мөсөн дээгүүрээ аялуулсаар Хатгал тосгонд хүргэлээ.

Шөнө очсон тул өглөө нь далай үзэхээр яарцгаалаа. Их мөсний жавар хургасан болоод тэр үү нэлээд хүйтэн. Өнөөх л цэлийсэн тунгалаг мөс. Доош харахад мөсний цаанаас ёроолын чулууд нь алгалж харагдана.  Хэдэн  сая хүний хөлд дарагддаг хэрнээ толь шиг тунгалаг хэвээр байдгийг гайхмаар. Мөсөн дээр дээшээ харж хэвтлээ. Тунгалаг тэнгэр. Ер хаашаа л харна сэвгүй тунгалаг их далай. Хүмүүн бидний мөчид ааш, хөрөнгөнд шунах өчүүхэн  сэтгэл ертөнцийн нүсэр хүрдэнд байгаагаараа, бадрангуйгаар орших их далайн сүрлэг, агуу, уужим, эрхэмсэг оршихуйн дэргэд базаад хаясан цаас мэт үнэ цэнэгүй.

Толин мандал дээгүүр нь хурдлах тусам улам л гялалзан, үл тайлагдах нууцаа  гүндээ нуух шиг барагдашгүй аж.

Хөвсгөл далайг зорьсон хүн бүр Хүслийн хад-нд заавал очно. Далайн дундах толгой дээрх  хадан хясаа. Орой дээр нь овоо босгож, хадаг хиур намирна. Тийш очсон хүн бүр хүслээ шивнэж, сүсэлдэг. “Хүслийн хад”-ан дээрээс далай ээж бүүр ч үзэсгэлэнтэй. Нэг том шилэн тойрог дунд хаачихаа мэдэхгүй зогсох шиг. Хамгийн чангаар хашхирвал хаа хүртэл сонсогдох бол. Мөсийг нь анирдвал хэдэн зууны түүхээ ярих болов уу... зэрэг түмэн янзын төсөөлөлдөө төөрсөөр, зургаа даруулсаар атал явах цаг болчхов. Зуны улиралд ус нь амь орж, үүнээс гойд сонин мэдрэмж авна гэж бодовч, өвлийн далайн үзэсгэлэнг марташгүй.

Далайн эрэгт “Сүхбаатар” хөлөг онгоц мөстэй хамт өвлийн зогсоолдоо царцаж, хавар иртэл аварга биеэ амраан нойрсоно. Урин цагт энд түм түжигнэж, бум бужигнана. Тэр үед хөлөг онгоц, далайдаа гарч, хөлдсөн далай сэрнэ.

Хөвсгөл далай минь... Хатгал тосгоноос гарах үед далайг дахиад л хармаар. Тув тунгалаг мөс чив чимээгүйхнээр үдэв. Дахиад ирээрэй...хэмээх шиг томоос том мэлмий ширтсээр. Дахиад  очноо. Тэр үед далайн хэлийг мэддэг болчихсон байх сан.

Аяллын өдрүүд дуусаж, нийслэлийн зүг хөдөллөө.  Есөн өдөр найман шөнийн аялал гайхамшигтай байлаа. Өлсөх, ядрах, өмөлзөж, гомдох, дутуу дулимаг зүйл үнэндээ байсангүй. Хамт аялсан нөхөд маань ч зам нийлсэн сайхан залуус. Салбар салбарын мэргэжилтэй 10 өөр ертөнцөөр давхар аялсан. Содоо, Уугнаа, Мандухай, Навчаа, Гэрлээ, Болороо, Дээгий, Билгүүн дээр Эрка ах, Эби нэмэгдээд бүүр хөгжилтэй.

Шөнө дөл болтол хөгжилдсөөр маргааш нь хөдлөх цаг үргэлж хойшилчихно. Содоо зураг дарах, бичлэг хийх үндсэн үүрэгтэй. Өнцөг, гэрлийг тохируулмагц моделиуд гэдэгтээ бүрэн итгэлтэй манай аяллын багийнхан түүн дээр шавчихна. Олон гоё зурагтай болгосонд талархсанаа бид одоо ч илэрхийлсээр л буй. Эби аян замын  хоолыг огт давтагдашгүй амт, үнэртэй хийнэ. Аялагчдынхаа хоолонд аль хэдийн гаршсан, зохион байгуулагч. Бид зөвхөн туслахууд нь.

Навчаа намбатай, бас эмэгтэй хүний наалинхай зан цухалзана.  

Уугнаа, Мандухай  хоёр ураг барилдсан хосууд учир хаа ч явсан цуг. Уугнаа үнсэж хайрлахыг илүүтэй үздэгээ аяллын турш илэрхийлсэн. Энэ хандлага нь аяллын турш инээлдэн хөгжилдөх уур амьсгалыг таслаагүй.

Гэрлээ гэнэхэн ч яг өөрийнхөөрөө.  Бид олон талаараа төстэй. Болороо шийдэмгий ч, хүүхдээрээ, хөөрхөн. Түүний хувьд энэ аялал илүү нандин дурсамжийг агуулж байгаа.

Дээгий нууцлаг. Аяллын туршлага биднээс илүү, ханилгаатай, жаахан хатуу байж магад.

Билгүүнийг ээж нь нээлттэй байлгах гэж аялалд явуулсан ч тэрээр аль хэдийн нээгдчихсэнийг ээж нь анзаараагүй бололтой.

Эрка ах элдэв зангүй энгийн сайхан эр хүн. Залуустай үеийн юм шиг арзганавч хил хязгаарыг үл давах нь сайхан.

Олон зүйлийг мэдэж, мэдэрч, сурч анзаарсан Тайгын  аялал дуусах хүртэл гайхамшиг үргэлжилсэн. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханат багийн нутаг Сэлэнгэ мөрний хөвөөнд өвөлжиж байгаа малчин Б.Ариунбаатарынд бид Улаанбаатарт ирэх өдрийн өмнөх орой буудаллаа. Сайхан нутагт сайхан амьдарч буй залуу малчин гэр бүл.

Ээжийгээ өвчсөн мэт хоёр охинтой. Модон байшинд тохижоод таван жил болж байгаа гэнэ. Төвийн айлаас ялгарахааргүй тухтай амьдарна.

Далай руу хүсэж тэмүүлсэн мөрөөдлийг минь биелүүлж, тайгын содон амьдралыг сонирхсон, радиогоор л сонсдог асан асар хол мэт санагддаг байсан эх орныхоо сайхан газруудыг үзэх боломжийг олгосон Эби-дээ, урт замд, холын аялалд нэгдэн нягтарч, дэмжин тусалж, ойлгож мэдэрч, олж нөхөрлөсөн аяллын багийн анд нөхдөдөө, угтан авч, зочилж хүндэтгэсэн Хөвсгөл нутгийнхандаа гүнээ ТАЛАРХАЯ.

Өнөөдрөөс  сайхан  маргаашийн төлөө.. хэмээн үргэлж урам өгч, аялалд маань амжилт хүсэн үдэж өгсөн Ц.Мөнхцэцэг, Т.Тэгш-Эрдэнэ, “Талын түрлэг” Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн бүлгэмийн тэргүүн Э.Ирэхбаяр, энэ бүлгэмийн урдаг, зурдаг уран бүтээлч ах  МУСГЗ Ай.Төмөр-Очир, Д.Амараа нартаа талархсанаа  илэрхийлж байна.

Ая дуусахаас өмнө бүжиглэ

Амьдрал дуусахаас өмнө аял... хэмээсэн багийн гишүүн М.Содбилэгийн үгээр тэмдэглэлээ өндөрлөе.

Аялах тусам амьдрал амттай болдог аж.

Д.УЛААНАА

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна