НООЛУУРЫН ХУДАЛДАН АВАЛТ МАЛЧДЫН УРМЫГ ХУГАЛАВ

2020-04-28 02:12:23 | 68 | 0


Малчид жил бүрийн  3-р сарын дунд үеэс ямаагаа самнаж дөрөвдүгээр сарын эхэн гэхэд ихэнх айлууд самнаад дуусдаг. Энэ жил аймгийн хэмжээнд 390 гаруй тонн ноолуур бэлтгэжээ. Ноолуурын анхны ханш нэг килограмм ноолуур 60000 төгрөгөөр эхлэв.  80000-85000 төгрөг хүрэх үеэр ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан малчид ноолуураа борлуулах гэж яарах хэрэггүй, ийм хүнд цаг үед ноолуурыг 100000 төгрөгөөс доош буулгахгүй авна гэж мэдэгдэл хийснээс хойш малчид банканд зээл төлдөг нь зээлийн хугацаагаа хойшлуулаад сар гаруй хугацаанд хүлээх шалтаг болов. 4-р сарын 21-нд эхний сум болох  Эрдэнэцагаан суманд ноолуур авч эхлэв. Энэ үеэр бид Эрдэнэцагаан суманд ажилласан юм. Тус сум энэ жил 50 орчим тонн ноолуур бэлтгэжээ. Энэ жил сайхан өвөл болсон тул ноолуурын гарц ч сайн байв.  Ноолуур авах сургаар Эрдэнэцагаан суманд малчид хонон өнжин дугаарлаж буй нь юун шинэ төрлийн вирус цаашаа, жинхэнэ бөөгнөрөл үүсжээ. Хоёр өдөр шахуу хүлээлгэсэн аж ахуй нэгж сумын Соёлын төвд ноолуур авч эхлэв. Нэг килограмм ноолуурыг 100 000-105000  төгрөгийн ханшаар авч байгаа гэж буй ч асуудалтай хэмээн бухимдсан малчид бидэнтэй олон таарсан юм. Ноолуураа өгсөн малчид ААН-тэй гэрээ байгуулж мөнгө нь 5-7 хоногийн дотор дансанд шилжиж орох баримтаа өвөртөлж гэртээ харьцгаажээ.

Өр, зээл, ямаа самнуулсны хөлсөө өгч чадаагүй малчид ноолуураа тушаасан ч дахиад мөнгөө орж ирэхийг хүлээнэ... Авч байгаа аж ахуй нэгжүүд нэг ямаанаас дунджаар 350 грамм ноолуур гарахаар тооцоо хийсэн нь А данс ноолуурын хэмжээ зөрөх тохиолдол гарч байлаа. Жин дээрээ ажиллаж, падаан бичихдээ будлиантуулж “луйвар”-ыг жинхэнэ утгаар нь хийж, бидэнд өгвөл өг, байвал бай гэсэн байдлаар хандаж байгааг бидэнтэй уулзсан малчид хэлж байлаа. Цаг агаарын байдал таагүй үед мал дээрээ хүүхэд голдуу үлдээж, зарим нь хажуу айлдаа малаа захиад иржээ. Ар гэр рүүгээ яарсан ч нэгэнт тээгээд ирсэн ноолуураа өгч байж буцна гэж дугаараа хүлээсэн малчид бухимдалтай байлаа.

Тус сум найман багтай баг багаараа ноолуур өгөх дарааллаар ороход тогтоосон тарифаараа авахгүй цэвэр бохироор нь ялгаж, сатуркан шуудайнаас нэг килограммыг хасаж, бүтэн жил хүлээж авдаг ноолуурын орлогоос нь шаардлага хангаж шалгуурт тэнцсэн  аж ахуй нэгжүүд луйвардаж байгаа хариуцлагагүй байдлын бурууг хэнээс нэхэх вэ?  Аргаа барсан хэдэн малчид Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж булхай луйвар хийсэн аж ахуй нэгжийг буруугаа хүлээж  гомдол барагдуулахыг шаардав. Ахиу хэмжээний ноолуур өгсөн иргэдээс бохир болон нэг шуудайнаас нь нэг килограмм нь хасагдаж, тогтоосон ханшаас доогуур авсан хариуцлагагүй байдлын бурууг хэн хүлээх нь тодорхой бус. Килограмм тутмаас ноолуураа хасуулсан малчдын гомдлыг тухайн аж ахуй нэгж барагдуулах нь ч эргэлзээтэй.

Эхний сонгогдсон Эрдэнэцагаан, Баяндэлгэр суманд энэ луйвар яг адил явагдаж үйлдэл давтагдаж байна. Бусад суманд аж ахуй нэгжүүд нь сонгогдож ирсний дараа ноолуур авч эхлэх хугацаа тодорхой болно. Дараа, дараагийн суманд энэ байдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Булхай луйваргүй бусдыг залилалгүй хэлсэн үнэндээ ноолуураа авахыг хүлээж байгаа малчдын итгэлийг хөсөрдүүлсэн Засгийн газрын шийдвэрт ундууцаж буйгаа малчид хэлж байна.

Эрдэнэцагаан сумын 4-р багийн малчин Х.Жамбал:Хүний өөрийн нийлсэн 200 гаруй кг ноолуур тушаах гээд зогсож байна. Хоёр дахь өдрөө дугаарлан зогсож байна. Төр засаг малчдыг харж үзэх нэрээр чирэгдэл учруулж байгаа нь хүндрэлтэй байна. Түүхий эд бүтээгдэхүүний үнэ үнэгүйдэж байна, малчид эзэнгүйдэж байна.

Эрдэнэцагаан сумын 3-р багийн малчин:Ямаа самнасан хөлс, банкны зээл нэхэгдээд хэцүү л байна. Ямарч байсан ноолуураа борлуулах гээд оочерт хоёр дахь өдрөө зогсож байна. Мөнгө нь шууд орж ирэхгүй байгаа нь хүндрэлтэй байна.

Эрдэнэцагаан сумын 4-р багийн иргэн А.Амарбаатар: Айл айлын нийлсэн 300 килограмм ноолуур өгсөн. Бүх ноолуураас 10 килограммыг хассан. Падаан дээрээ бичихдээ 22 килограмм болгож бичсэн. Шуудай болон падаан дээрээ ажиллаж, луйвар хийсэн маш олон үйлдэл гарсан.  Зарим малчид Цагдаагийн хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан байгаа.

 

А.НАРАНТУНГАЛАГ

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна