МОНГОЛ НААДГАЙ МОДОН ТОГЛООМ УРЛААЧ

2020-04-28 02:15:59 | 53 | 0


Мужаан хүн уран байх ёстой, модоор сандал зангидсан хүн ямар ч модон байшинг барьдаг гэдэг. Тэр уран, уйгагүй хөдөлмөрч нэгэн.
Монгол наадгай тоглоомыг модоор зорж, зурж, эвлүүлэгч хосгүй уран нэгэн бол Эрдэнэцагаан сумын харъяат Баруун-Урт сумын 8-р багийн өндөр настан Соёлын биет бус өв тээгч С.Батсүх юм. Насаараа мужаан хийсэн. Нарс, царс, хус, модоор ур ухаанаа шингээн уламжлалт монгол гэрийн тавилгаас эхлээд урлахгүй бүтээл гэж түүнд үгүй. Хөрөө рам, мод зүсэгч модны үртэс дунд насаа элээсэн тэрээр далан насны босгыг давсан ч зүгээр суухаар зүлгэж суу гэдэг дээ, өдөртөө зүгээр байхаар хэдэн тоглоом сандал,модон дэрээ хийж сууна гэж хуучлав. Бидний сайн мэдэх бөгж нийлүүлэх, батхолбоо, есөн түлхүүр, модон шоо зэргийг урладаг.
Нугас тархины өвчинд сайн, тархи толгой сайн амраадаг модон дэр. Дээр үед ийм дэр хэрэглэдэг байсан учир толгой тархины өвчин бага байж.


Бага насны хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, ой тогтоолтыг сайжруулдаг модон шоо тоглоом. Долоон өөр дүрсийг эвлүүлж шоо хэлбэрт оруулж тоглодог.
Батхолбоо холбоос дан болон давхар гэж байна. Уг тоглоомыг холбоосыг задлах, нийлүүлэх, эвлүүлэх нь сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Мөн Батхолбоо айл гэрт байснаар тухайн гэр бүлийн бат бэх байдлыг хангадаг гэж бэлгэддэг байна.

 Манай ард түмний дунд үе дамжин түгэн дэлгэрсэн олон гайхамшигт тоглоомын нэг нь монгол түлхүүр буюу есөн түлхүүр нэртэй төмөр утсан тоглоом юм. Олон хэлхээ хэлбэр бүхий цагирагийн цоожийг ямар ч багаж хэрэглэхгүйгээр тайлснаараа нарийн ухаан уралдуулсан түргэн сэтгэх чадамгай амь биеэ аврах зориулалтаар монгол түлхүүр тоглоомын нууц нь оршдог. Амаржих гэж буй эмэгтэй уг тоглоомоор тоглож түлхүүрүүдийг гаргаж чадсанаар хүндрэлгүй амарждаг гэсэн яриа ч байдаг.
Монголчууд эртнээс бэр болох хүнийхээ гадаад үзэмж, биеэ авч явах байдал, ажилсаг чанараас гадна оюун ухааныг нь харгалзан “Бөгж нийлүүлэх” тоглоомоор шинждэг байв. Бог малын ( хонь ямаа ) чөмгийн ясны хоёр талын гогцоонд тус тусдаа буй шагайг нэг утсанд оруулж чадвал уран ухаантай бүсгүй байна гэж дүгнэдэг байжээ. Гар утас, телевизор хоёроос өөр гойд нөхөрлөх зүйлгүй орчин үеийн хүүхэд багачуудад  уламжлалт тоглоомыг таниулж мэдүүлэх хүсэлтэй тэрээр өөрийн хийсэн бүтээлээ өрөөл бусдад үзүүлж таниулах зорилгоор арав гаруй төрлийн тоглоомоо аймгийн Угсаатны зүйн музейд өгчээ. Модоор тоглоом наадгай урладаг мужаан ховордож буй энэ цаг үед Сүхбаатар аймгийн музей соёлын биет бус өв тээгчээ нэгээр нэмсэн байна. Монгол Улсын хошой аварга мужаан мартагдаж буй өв уламжлалаа сэргээх ажилд өөрийн хувь нэмрээ ийнхүү оруулж явна.
Уудалж баршгүй өв соёлоо хайрлан хамгаалж биет бус өв тээгчдээ алдаршуулж хамтран ажиллаж байгаа Угсаатны зүйн музейн хамт олонд талархая.

А.НАРАНТУНГАЛАГ

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна