Зүүн бүсийн хөгжил, Сүхбаатар аймгийн ирээдүй, иргэдийн сайн сайхны төлөө гол зорилгоо тавьж ажиллах ёстой

2020-05-05 01:57:21 | 29 | 0


-Та Сүхбаатар аймагт ирээд хоёр жил боллоо. Орон нутагтаа хэр их дасаж байна даа, Завхан аймгийн хүн гэж сонссон?

Япон улсад суралцаж байхдаа хагалгаанд ороход япон эмчийн хэлсэн үг санаанд орчихлоо. Хэрвээ Та манай улсад ирээд нэг сар болсон бол бие организм япон хүнийхтэй адилхан. Яагаад гэвэл Таны амьсгалж байгаа агаар, хоол хүнс, амьдралын хэвшил бүгд энэ орон нутгийнх болсон. Тиймээс Японы эм эмчилгээ илүү тохирно гэж зөвлөж байсан. Тэгвэл би аль хэдийн эндхийн хүн болчихжээ.  Найз нөхөд, хүмүүстэй ярилцаж байхад манай Сүхбаатарынхан гэдэг үг өөрийн эрхгүй гарах болж дээ.

- Тантай нэлээд илэн далангүй, нээлттэй ярилцъя гэж бодож байна. Анх аймагт ирэхэд танд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

2000 оны эхээр ажил төрлийн шугамаар Сүхбаатар аймгаар нэлээд явдаг байлаа. Дотроо 00 той буудал, хоол идэх нийтийн хоолны газар ч үндсэндээ байгаагүй шүү дээ. Арваад жилийн дараа ирэхэд бүтээн байгуулалт ихээхэн өөрчлөлтүүд хийгдсэн нь шууд харагдсан. Шинэ орон сууцууд, барилга байгууламж, зам талбай баригдсан байсан нь бахархах сэтгэл төрүүлсэн хэдий ч харамсал төрүүлсэн зүйл ч багагүй байлаа.

Улс төржилтөөс шалтгаалаад аймгийнхаа удирдлага, Засаг даргаа ч томилж чадаагүй, хоёр жил дараалан төсвөө батлаагүйн улмаас хөрөнгө оруулалтууд бүр мөсөн зогссон, төсвийн байгууллагууд нь ажилчдынхаа цалин, урамшууллыг ч бүрэн тавьж чадахгүй байдалд хүрсэн байсан. Улс, орон нутгийн төсөв төдийгүй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан барилга байгууламжууд нь зогсчихсон, аймгийнхаа төвд гэхэд хэд хэдэн балгастай болчихсон байсан.

Зочид буудал, дэлгүүр, худалдааны төв, нийтийн хоолны салбарын үйлчилгээний соёл, чанар үнэхээр хангалтгүй байсан нь шууд анзаарагдаж байлаа.

Жижиг газар хэтэрхий том улс төр хийж, сүүлдээ улс төрийн өшөө авалтад хүрэхэд бэлэн болсон мэт харагдаж байлаа. Бусад аймагтай харьцуулахад сошиал ертөнц нэлээд хөгжсөн, нам, нам дотроо хагаралдан талцаж, бие биеэ гүтгэн доромжлох, үгүйсгэх, хувийн амьдрал, нэр хүндэд нь эрээ цээргүй халдах байдал хэвийн үзэгдэл болсон байсан нь харамсал төрүүлснийг нуухгүй.

Уул нь нэг нутаг усны нэг довон дээр тоглож өссөн, ураг төрлийн холбоотой хүмүүст энэ аймгийн хөгжил, ирээдүйгээс өөр ашиг сонирхол байх ёсгүй юмаа. Улс төрд ч, хувь хүнд ч эргээд уулзах нүүр, эвлэрэх орон зайг заавал үлдээх ёстой.

-Та аймаг, орон нутгийн бодлого тодорхойлогчдын эгнээнд багтаж, Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байгаагийн хувьд ирээдүйг, хөгжлийн гарц гаргалгааг хэрхэн харж байна?

 Энд ажиллаж, амьдарч байгаагийн хувьд Сүхбаатар аймгийн хөгжлийг хэрхэн урагшлуулах, зүүн бүсийн хөгжлийн гарцад Сүхбаатар аймаг ямар салбараараа манлайлах вэ? Ирээдүйд ямар гарцаар урагшаа явах вэ гэдгийг харж төлөвлөж байгаа. Өнгөрсөн жилийн 8 дугаар сард “Зүүн бүсийн хөгжлийн гарц 3x3” зүүн бүсийн чуулга уулзалт аймагт зохион байгууллаа. Зүүн бүсийн төв нь Сүхбаатар аймаг байх боломжтой.

Хөөтийн аж үйлдвэрийн парк байгуулах асуудал Засгийн газрын хуралдаанаар орж дэмжигдээд, ТЭЗҮ нь боловсруулагдаж байгаа. Одоо Сүхбаатар аймаг, Улаанбаатар хот, Багануураас цахилгаанаа авч байна. Цаашлаад дээрх паркийг түшиглэсэн найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болох шаардлага гарч ирнэ. Тиймээс цахилгаан станц, суурьшлын бүсийг хамгийн түрүүнд барих ёстой гэж үзэж байгаа.

Монгол улсын эрчим хүчний нүүрс болох хүрэн нүүрсний нөөц зүүн бүсэд тэр дундаа энэ аймагт хангалттай хэмжээгээр байна. Өнгөрсөн жил 800 гаруй сая тонны нөөцтэй “Дорнын чулуулаг” компанийн шинэ уурхай нээгдсэн. Баталгаат нөөц нь нэмэгдэх боломжтой 100 жил ашигласан ч барагдахааргүй нөөцтэй уурхайн нэг ам нь өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ уурхайн нүүрсийг дотооддоо хэрэглээд зогсохгүй, экспортод гаргах шаардлага байна. Цаашлаад нүүрснээс хий гаргах үйлдвэр байгуулах боломжтой. Мөн цайр, жонш, төмрийн хүдрийн ордууд шинээр нээгдлээ. Уул уурхайн тээвэрлэлтэд ашиглах хүнд машин механизмын үйлдвэр барьж байгуулах боломжийн талаар судлагдаж байна. Дорнод аймаг уул уурхай, газрын тосны мэргэжилтэн, Дорноговь аймаг төмөр замын мэргэжилтэн бэлтгэж эхлээд байна. Хэнтий аймаг аялал жуулчлалын чиглэлээр хөгжих бодлого баримталж байна.

Харин манай Сүхбаатар аймаг эрчимжсэн мал аж ахуй, хариуцлагатай уул уурхайг түшиглэж хөгжлийн гарцаа тодорхойлж болж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт эрэгтэйчүүд голдуу ажиллана. Харин эмэгтэйчүүд юу хийх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл дээрх хүнд үйлдвэрүүдийг дагасан хөнгөн үйлдвэрийг байгуулах боломжтой юм. Манай аймагт байгаа МСҮТ-д улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийж, шинээр барилга байгууламж барих төлөвлөгөө бий. Үүн дээр түшиглээд хөнгөн үйлдвэр, үйлчилгээний салбарын мэргэжилтэй ажилтан, ажилчдыг бэлтгэх чиглэлийг барьж болох юм.

-Ямар ямар хөнгөн үйлдвэрүүд байгуулах боломжтой вэ?

Монгол Улсын хамгийн сайн чанарын ноолуурын нөөц Сүхбаатар аймагт байна. Баяндэлгэрийн улаан ямааны ноолуур дэлхийд ч дээгүүрт ордог. Энэ боломжоо ашиглаж нэмүү өртөг шингэсэн ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах боломж бий. Сүхбаатар аймгийн нэг давуу тал бол Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц дээр оршиж байна. Бичигтийн боомтын хил нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Сүхбаатар аймгийн малын махыг амттай гэдэг. Бид наад зах нь махандаа ангилан ялгалт хийж, Улаанбаатар хотын зах зээлд өндөр үнээр нийлүүлэх, экспортолж олон улсын зах зээлд гаргах боломжтой. МАА-н дайвар бүтээгдэхүүн, нэхийг ашиглахгүй шахам хаяж байна. Тэдгээрийг боловсруулаад зах зээлд нийлүүлдэг үйлдвэрүүд байгуулж болох юм.  Мөн ноос боловсруулах анхан шатны үйлдвэр, үүнийг дагаад нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрүүд бий болох боломжтой.

Сүхбаатар аймаг хурдан морь олонтой. Эрэгтэй  хүн бүр шахуу адуу сонирхдог. Морь тэжээж байгаа маш олон уяачид байна. Байгалийн хадлангаар хадсан ногоон өвсөөр морь тэжээж байна. Нөөцөд бэлтгэсэн өнжмөл өвсийг шинэ өвстэй нийлүүлээд малын хүчит тэжээл үйлдвэрлэж яагаад болохгүй гэж. Орон нутагтаа үйлдвэрлэсэн тэжээлийг уяачдад нийлүүлж болно.

 Сүхбаатар аймгийг хөгжүүлэх чиглэлийг хайж, харсан гарцаа ажил хэрэг болгох цаг хэзээ вэ? гэдэг асуултын хариултыг уншигчид хүлээж байгаа?

Манай аймаг хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж төрийн бодлоготой уялдуулан Засгийн газрын анхаарлын төвд  аваачих ёстой. Үүний эхлэл нь өнгөрсөн жилийн 3х3 уулзалт. Тэндээс гарсан санал санаачилгууд Засгийн газарт хүрсэн нэг жишээ бол Хөөтийн аж үйлдвэрийн парк Засгийн газраар дэмжигдэж Баруун-Урт-Бичигтийн чиглэлийн 272 километр автозам, төмөр замын асуудлыг шийдэхээр боллоо. Бичигт боомтын шинэчлэлийн ажил энэ жилээс эхэлж байна. Энэ бол дээрх уулзалтын үр дүн гэж ойлгож болно. Бодлогоо зөв тодорхойлж, дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэрээ шийдсэн тохиолдолд бусад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд цаг хугацааны л асуудал. Аймагт байгуулагдсан Үйлдвэр технологийн парк /ҮТП/-ийн суурь хөөрхөн тавигдсан юм байна лээ. Алдааг нь жаахан засаад, дэмжээд явчихвал ирээдүйтэй харагдаад байгаа. Энэ бүхнийг хийхэд бидэнд боловсон хүчний асуудал маш чухал. Мэргэжилтэй ажилтнуудыг олноор бэлдэх шаардлагатай байна. Боловсон хүчний асуудлыг ярьсан дээр нэг зүйлийг онцолж хэлэхэд, Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчийн нөөц байхгүй болчхож. Энэ жилээс төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхлээд байна. Төрийн албаны шалгалт өгөөд нөөцөд бүртгэгдсэн нэг ч хүн алга.

-Төрийн албаны шалгалтын зар явж байгаа харагддаг. Тэнд шалгалт өгдөг хүмүүс нь хаачдаг юм бэ?

Төрийн албаны шалгалт өгдөг хүмүүсийн тоо цөөхөн, тэнцдэг нь бүүр цөөхөн. Нэг ажлын байранд шалгалт өгсөн хүмүүсээс өндөр оноо авсан нэг нь ажилд орно. Дараагийн хүмүүс нь нөөцөд бүртгэгддэг ч ажлын байраа хүлээж тэвчихгүй Хэнтий, Дорнод, Улаанбаатар хот руу явчхаад байна. Боловсон хүчнүүдээ алдаад байна. Ажилгүй хүн амьдрахад хэцүү. Өөр ажлын байранд байж байгаад, төрийн алба руу шилжиж болно. Гэтэл өөр ажлын байр ховор. Өөр нэг зүйл нь төрийн албанд ажиллахын тулд аль нэг улс төрийн намын дэмжлэг шаардаад байгаа юм болов уу гэж ажиглагдсан. Нөөцөд хүлээгдээд байгаа залууст итгэл үнэмшил төрөхгүй болоод байна. Хэзээ ажлын байр гараад, ажилтай болох вэ гэдэг найдваргүй.

Сүхбаатар аймаг нэг үеэ бодвол залуус амьдрах боломж нөхцөлөөр хангагдаж байна. Орчин үеийн шинэ орон сууцууд баригдаж байна. Худалдаа, үйлчилгээний төвүүд бий болчихлоо. Арван  хэдийн жилийн өмнө ирэхэд дотроо ариун цэврийн өрөөтэй зочид буудал байгаагүй. Тэгвэл өнөөдөр “Дарьганга” гэдэг сайхан том зочид буудалтай боллоо. Үүнийг дагаад үйлчилгээ, нийтийн хоолны салбарт анхаарах ёстой. Зөвхөн гаднаас ирж байгаа зочдодоо биш бид яагаад өөрөө өөрсдөдөө гоё үйлчлээд, гоё амьдарч болохгүй гэж. Дотроо амьдраад байгаа болохоор болж байгаа гэж бодоод байна. Харьцуулах зүйлүүд хажууханд байгаа. Сүхбаатарт очихоор олигтой буудал, олигтой хоол байх биш, Хэнтийд хоночхоод өглөө Сүхбаатарт очъё гэж ярих хүмүүстэй олон удаа таарч байсан. Гэтэл одоо шүтээд байсан Хэнтий аймагт байхгүй сайхан буудалтай болчихлоо. Үйлчилгээ нь супер байна байх. Үүнийг дагаад аймгийн бусад буудал, хоолны газрын үйлчилгээний чанар, бүх зүйл сайжирч өрсөлдөөн буй болно шүү дээ.

Бид буй болгосон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа хайрлаж хамгаалах, ямар ч юманд хандах хувь хүний хандлагаа өөрчлөх хэрэгтэй санагдаад байна. Сүхбаатарчуудад нэг хандлага давамгайлаад байна. Урьд нь тийм байсан, одоо ийм болчихлоо. Болоо ш дээ гэсэн хандлага. Хувь хүн ямар ч зүйлийг хийхдээ бүрэн гүйцэд нэг үгээр хэлбэл ажлыг төгс гүйцэтгэх ёстой. Энгийн үгээр хэлэхэд ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг үг байдаг шүү дээ. Хариуцсан ажлаа төгс гүйцэтгэж арай томоор сэтгэж ажиллах шаардлагатай шүү дээ. Бусдадаа ч зарчимч шаардлагыг тавих зоригтой байх хэрэгтэй. Нутаг орныхоо хөгжилд оруулах хувь нэмэр үүнээс л эхэлнэ.

-Түрүүний таны ярьсан хэт их улс төржилт, талцал одоо намжсан уу?

Найзыгаа магтаж байгаа юм биш. /инээв/ Ж.Эрдэнэбаатар Засаг дарга болж ирснээрээ хоёр намыг хооронд нь зөвшилцүүлж, нэг юман дээр нэгтгэж чадсан гэж боддог. Энэ нь аль ч нам, хувь хүний ашиг сонирхол Сүхбаатар аймгийн хөгжил, иргэдийн эрх ашгийн дээр тавигдах ёсгүй гэсэн зарчим юм.   Түүний олон салбарт ажилласан ажлын туршлага, удирдлагын арга барилаас гадна хувь хүний мөн чанар, асуудалд хандах хандлага зэрэг нь нөлөөлсөн гэж боддог. Магадгүй өөр хүн байсан бол ингэж эвлэрүүлж чадаа ч уу үгүй ч үү.  Хоёр жилийн  хугацаанд /2018-2020/ их зүйл хийж болдог юм байна.

 Хэт улс төржилт, талцал бидний хөгжилд ямар их хохирол, саад учруулдгийг, ямар их боломж алддагийг бидэнд ойлгууллаа. Сүхбаатар аймгийн хөгжлийн төлөө хүсэл зорилгоо нэг болгоод явбал юуг ч хийх боломжтой юм байна гэдгийг харлаа. Ганц хүн бүгдийг хийчихлээ гэж хэлж болохгүй, хамтран  ажилласан бүх хүний хүчин зүтгэлийн үр дүн юмаа.

-Таныг Элчин сайдаар ажиллаж байсан, дэлхийн 60 гаруй улс оронд аялж, ажиллаж байсны хувьд дипломат арга барилд туршлагажсан гэж сонссон. Туршлагаасаа орон нутагт хэр нэвтрүүлж байна? Ирснээсээ хойш нэлээд хэдэн хүлээн авалтуудыг гардаж зохион байгуулсан гэж сонссон?

Би болмэргэжлийн дипломат биш л дээ. Миний Элчин сайдаар ажиллаж байсан улс бол Куба. Тэнд ЭСЯ хоёр дипломат монгол ажилтантай. Бусад ажилтнуудаа тэндээс авч ажиллуулдаг. Элчин сайд гэдэг бол өөрийн улсыг төлөөлж, тухайн улсад суудаг. Орон тооноос үл хамаарч тухайн улсад Монгол улсаа сурталчлах, Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх үндсэн үүрэг чиглэлтэй ажиллахаас гадна тэнд байгаа Олон улсын байгууллагын төлөөлөл, бусад орны ЭСЯ-уудтай харилцдаг. Тиймээс бүх зүйл нуруун дээр ирнэ. Чадахгүй зүйлээ сурахаас өөр арга байхгүй. Зарим үед оюутнуудын хүчийг ашиглана. Хүлээн авалтын хоолыг Элчин сайд өөрөө бэлддэг тохиолдол ч бий. 130 гаруй орны Дипломат төлөөлөгчийн газрууд оролцсон арга хэмжээ, хүлээн авалтуудыг Дипломат ёс жаягийн дагуу бусад орнуудаас дутахааргүй Монгол улсын онцлогийг харуулж алдаа мадаггүй хийх үүрэг толгой дээр ирнэ шүү дээ. Тэр бүхэнд өөрөө суралцахаас гадна оюутнууд, ажилчдаа сургах шаардлага гарна. Сурсан зүйл хүнд илүүддэггүй. Алтан-Овооны 105 жилийн ойн хүлээн авалт, бас өөр хүлээн авалтуудыг зохион байгуулсан. Орчин нөхцөлдөө тохируулаад тогооч, үйлчлэгчид зааж зөвлөөд л хийсэн. Одоо туслах хүмүүстэй болсон шүү.

-Танд хүмүүс хэр хандаж зөвлөгөө авдаг вэ?

Намайг гэж зориод ирж байгаа хүнд мэддэг чаддаг бүхнээрээ туслахыг боддог доо. Ажил төрлийн зөвлөгөөнөөс гадна ахмад хүний хувьд хувийн амьдрал, бизнесийн зөвлөгөө авахаар залуучууд ирдэг. Ер нь л миний өрөө байнгын хүнтэй байдаг шүү. /Инээв/

Залуучууд бие биедээ шаардлага тавих тал дээр сул санагдсан. Шаардлага тавих зүйлээ өөрөө эхлээд мэддэг байх ёстой. Дараа нь шаардлагаа тавьж байна гэдэг бол мэддэг зүйлээ зааж өгч байна гэсэн үг. Шаардлага тавина гэхээр муухай аашлаад шүүмжилнэ гэж ойлгох нь буруу. Нэг газар л хамт амьдарч байгаа юм чинь шаардлагаа зөв тавиад, тэрийг нь зөвөөр хүлээж аваад хэрэгжүүлнэ гэдэг л маш том өөрчлөлт авчирна.

- Сүхбаатар аймаг сонирхол татаж байна гэсэн. Яг юу нь сонирхолтой байна?

Сүхбаатар аймгийн хөгжилд эргэлт гаргахуйц бодлого, шийдлүүд их байна. Энэ бүгдийг хэрэгжүүлбэл бидний ирээдүй болсон залуучуудын төлөө амьдрах таатай орчин, тогтвортой ажлын байрыг олноор бий болгох, шинэ шинэ бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх боломж ойрхон байна. Үүнд өөрийн хувь нэмрийг ямар хэмжээнд оруулах вэ гэдэг асуулт миний сонирхлыг татаж байгаа.

Сүхбаатарчууд оюуны өндөр чадавхтай, авьяастай ард түмэн. Уралдаан тэмцээнд үзүүлж байгаа амжилтаас харахад залуучууд, хүүхдүүдийн маань оюуны чадавх бусад аймгуудаас ч илүү юм шиг харагддаг. Үүнийг л бид ашиглах ёстой. Сүхбаатар аймгийн хөгжлийн төлөө Сүхбаатарчууд л санаа зовж, хувь нэмрээ оруулах, Сүхбаатарын төлөө гэсэн хэнтэй ч хамтарч ажиллах шаардлагатай.  Засаг даргын төлөвлөсөн нэг ажил нь энэ жил Сүхбаатар аймгийн гаралтай бизнес залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч нөхцөл байдлаас шалтгаалаад хойшиллоо. Энэ аймгийн гаралтай олон бизнесмен залуус бий. Тэднийг аймагтаа хөрөнгө оруулалт хийгээч, ажлын байр бий болгооч, аймгийнхаа ирээдүйн талаар хамтдаа зүтгэцгээе гэсэн уриалга байсан юм.

Эцэст нь хэлэхэд Сүхбаатар аймгийн хөгжлийн ирээдүй тод харагдаж байна. Хөгжлийн төлөө орон нутгийн ажилтан, албан хаагчид, иргэд өндөр хариуцлагатайгаар өөрийн мэдлэг боловсрол, хүчээ шавхан санаачилгатай ажиллах үүрэг тулгарч байна.

Ярилцсан Д.Улаанаа

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна