“АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭН Ч.ТӨМӨРБААТАРЫНХ ЖИЛД 200 УНАГА АВДАГ

2020-05-13 02:26:24 | 17 | 0


Хорь гаруй жил адуу маллаж байгаа Дарьганга сумын 2 дугаар багийн аймгийн Сайн малчин, аймгийн Алдарт уяач Ч.Төмөрбаатарынх энэ жил Монголын радиогийн “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан унаганы эзэн”-ээр  тодорсон юм. Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Мөнхжаргал тэргүүтэй  ажлын хэсэг түүний шагналыг саяхан гэрт нь очиж гардууллаа.

“Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга, ажиллагааг боловсронгуй болгож, мал сүргийнхээ чанарыг сайжруулан, ашиг нэмэгдүүлж, улс нийгэмдээ оруулж буй хөдөлмөрийг нь үнэлж...” олгосон уг шагналыг тэрээр аав, ээжийнхээ буян заяа түшиж байна хэмээн онцолсон юм.

Ч.Төмөрбаатарынх Шилийн богдын урдхан талд Хуягт гэдэг газар нутаглаж байна. Эднийх 25-26 азарга, 750 гаруй адуутай. Жилдээ 200 гаруй унагаар адуун сүргийн тоогоо нэмдэг. Сумандаа хамгийн олон адуутай өрх. Адуугаа өсгөхийн тулд бэлчээрийн сайныг даган нүүдэллэдэг. Адууг бусад малтай харьцуулахад түргэн хөлийн амьтан учраас хариулга, маллагаа, арчилгаа их шаарддаг ажээ. Аав, ээжээс олуул учраас дүү нар нь адуун сүргийг нь хариулж маллахад маш их нэмэр тус болдог хэмээн хуучиллаа. Түүний аав аймгийн Сайн малчин Ч.Чулуунбаатар гэдэг хүн байжээ. Харин ээж нь өдгөө амьд сэрүүн аж төрж байна.

Шилийн богдоо тойрч нутагласаар олон жил болж байгаа ажээ. Адуугаа өсгөөд зогсохгүй, морь уяж хурдлуулдаг, аймгийн Алдарт уяачийн болзлыг хэдийн хангажээ. Өнгөрсөн жилийн улсын наадамд түүний уясан сарт хэр хэмээх соёолон морь айргийн дөрөвт хурдалсан байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна