“Дөрвөлж” ОНӨҮҮГ-ын ерөнхий инженер Ч.Алдарбаттай ярилцлаа.
-2021-2022 онд Баруун-Урт хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэдэн хувьтай хангасан бэ. Өвөлжилтийн бэлтгэл ажил ихээхэн хөрөнгө төсөв зарцуулсан харагдсан. Энэ тухайд дэлгэрэнгүй яриач?
-2021-2022 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 2021 оны хоёрдугаар сард гаргасан. Энэ жилийн хувьд, 100 ажилтай төлөвлөгөө гаргасан. Аймгийн 2021 оны төсөвт 520 гаруй сая төгрөг тусгасан. Өөрсдийн хөрөнгөөр 600 гаруй сая төгрөг, нийтдээ тэрбум 200 орчим сая төгрөгийн өртөгтэй, төлөвлөгөөг аймгийн Засаг даргын орлогчоор батлуулаад, ажлаа эхлүүлсэн. Одоогоор төлөвлөгөөний гүйцэтгэл 85 хувьтай байна. Энэ жил 90 хувьд хүрнэ. Үлдсэн 10 хувь нь тодорхой шалтгааны улмаас энэ жилдээ хийгдэхээргүй болсон.
-Төлөвлөгөөнд тусгаснаар хаана, юу юу хийхээр болсон бэ?
-Үндсэн дулааны гурван эх үүсвэр дээр засвар, шинэчлэл хийхээр байсан ч эрчим хүчний яамны “Арван аймгийн Дулааны станцын төсөл” нь ковид19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор хойшилж Дулааны станцын өргөтгөл нь 2023-2024 онд ашиглалтад орно” гэж мэдэгдсэн. Үүний дагуу хавар мэргэжлийн зөвлөх инженерүүдийн багийг урьж, авчран, манай Баруун-Урт хотын дулааны эх үүсвэр болж байна уу, 2023, 2024 он хүртэл үүгээрээ явбал болох уу гэсэн тодорхой шийдэл гаргуулсан. Тухайн зөвлөхүүд өнгөрсөн зургаадугаар сард аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг удирдлагуудад үйл ажиллагаагаа танилцуулсан байгаа. Үүнд, “Баруун-Урт хотын дулаан хангамжийн үүсвэр нь ачааллаа дийлэхгүй. Гадна агаар -15 градус буюу түүнээс доош байсан үед дулааны эх үүсвэрийн дутагдалд орно. Дөрөв дэх дулааны эх үүсвэрийг зайлшгүй бий болгох хэрэгтэй. Ингэснээр нэгдүгээрт дулаан хангамж найдвартай болно, хоёрдугаарт, 2024 он хүртэл өсөн нэмэгдэх хэрэглээг хангах боломж бүрдэнэ” гэж дүгнэсэн. Үүний үр дүнд хуучин ашиглаж байсан 10 жилийн зуухыг дахин засвар үйлчилгээ хийж дөрөвдөгч эх үүсвэрээр ашиглах шийдэл гарсан. Ер нь Баруун-Урт хотын усан халаалтын зуухнуудыг дулааны станцын өргөтгөл ортол хүчин чадлыг нь өргөтгөхөөр 14 зуухыг шинээр тавихаар болсон. Ингээд ямар зуух сонгох вэ гэсэн судалгааны ажлыг богино цаг хугацаанд хийсэн. Судалгааны эцэст “Дорнын илч” компанийн 1,8 мвт зуухыг сонгохоор болсон. Тус зуухыг сонгосон шалтгаануудаас дурьдвал.
Гэх мэт судалгааны эерэг үр дүнгүүдээс хамаараад аймгийн Онцгой комисс болон ИТХ-д хүсэлт гаргаад, төсөвт дахин тодотгол хийлгээд, 14 ширхэг зуухыг шинээр авч суурилуулна. Боловсрол хорооллын зууханд 6, эмнэлгийн зууханд 3, арван жилийн зууханд 5 ширхгийг тус тус тавья гэсэн байдлаар шийдсэн. Одоогоор хоёроос бусад зуухыг нь үйлдвэрлэгчээс татан аваад, тоноглоод ажиллагаанд залгасан байгаа. Энэ нь 1,1 тэрбум төгрөг болсон. Ингээд манайх энэ жил нийтдээ 2,2-2,3 тэрбум төгрөгийн өвлийн бэлтгэл ажлыг хийж байна гэсэн үг.
-14 зуухыг тендерээр нийлүүлсэн үү?
-Үгүй ээ.
-Баталгаат чанарын хувьд хэр вэ?
-Ашиглалтын хугацаа 10 жил. Энэ компани нь олон жил зуух үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулсан. 20 гаруй жилийн туршлагатай компани. Өнгөрсөн өвөл Сүхбаатар суманд энэ төрлийн зуух хоёрыг байршуулсан. Тэгээд асуудал гарахгүй гэдгийг нь харсан.
-Аймгийн төвийн хэрэглэгчид энэ өвөл дулааны асуудалгүй өвөлжинө гэж ойлгож болох уу?
-Дулааны станц нь аймгийн төвийн 70 гаруй хувийн ачааллыг хангадаг. Үлдсэн 30 орчим хувийг эмнэлэг, Боловсрол хорооллын уурын зуухнаас хангаж байсан. Дулааны станц өвлийн ачааллаа дийлэхгүй. 11 сарын сүүлээр 12 дугаар сар гэхэд Дулааны станцаас 15 орчим хувийн ачааллыг нь 10 жилийн зуух руу шилжүүлэхээр тооцож байгаа. Бид дулааны станцын ялтсан дулаан солилцуураа бүрэн шинэчлэх, ялтас худалдан авахаар “Одкон” компанитай зургаадугаар сард гэрээ хийж, есдүгээр сард авахаар тохирч, урьдчилгаагаа шилжүүлсэн. Ковид цар тахлаас шалтгаалж, өнөөдрийг болтол ирээгүй байна. Ойрын хугацаанд тус ялтас ирээд бид нарын тооцож байгаа шиг үр дүн гарвал бид энэ жил дөрөвдөгч эх үүсвэрийг залгахгүй байх боломжтой гэж тооцож байгаа.
-Айл өрх, албан байгууллагын шугам сүлжээний найдвартай байдал хэр байгаа вэ. Сүүлийн үед ус алдсан гэсэн мэдээлэл их гарлаа?
-Аймгийн төв дээр манай эзэмшлийн 40 гаруй километр дулааны шугам бий. Шугам сүлжээний найдвартай ажиллагаа болон засвар үйлчилгээг манай байгууллага хариуцаад, жил бүр өргөтгөл шинэчлэл, засварыг хийдэг. 2020 оны эхээр нэн тэргүүнд өргөтгөл шинэчлэл засвар шаардлагатай 4 километр орчим шугам сүлжээний зураг төсөв хийлгүүлсэн нийт төсөвт өртөг нь 2,3 тэрбум болсон. Шинэчлэл хийлгүүлэх гээд хөөцөлдөөд их мөнгө шийдэгдэх боломжгүй тул бид хэсэгчилж аваад, өөрийн хөрөнгөөр болон аймгийн төсөвт тусгуулж, засвар үйлчилгээнүүдийг хийж байгаа. Энэ жил шугам сүлжээтэй холбоотой гэмтэл саатал гараад хэрэглэгчдийг аворын байдалд хүртэл тасалдуулахгүй ээ.
-Сүүлийн үед шинэ орон сууц баригдах нь ихсэж байна. Зарим барилгын дээд давхарт халуун ус ирэхгүй байна гэх мэтийн гомдол санал гарч байна. Энэ юутай холбоотой вэ?
Анх 1994 онд Дөрвөлж толгойн усан сан ашиглалтад орсон. Тухайн үед аймгийн төвийн гол өндөрлөг цэг дээр 3000м3 багтаамжтай усан сан байрлуулж усан сангийн эзлэхүүн болон өндрийн даралтаар нь ус түгээдэг байсан. Энэ шийдэл нь 2017 он хүртэл 23 жил ямар нэгэн асуудалгүй түгээж байсан сайн шийдэл байсан. Сүүлийн үед барилга байгууламж ихээр баригдах, өндрийн усан сангаас өндөр түвшинд баригдах, шугам сүлжээ ихсэх гэх мэт шалтгаануудаас болж дээрх усан сангаас хангах боломжгүй болсон. Бидний дараагийн шийдэл бол дулаан дамжуулах төвүүд дээрээ дулаанаа түгээдэг шиг усаа ч мөн насосоор шахдаг системд оруулах ёстой гэж үзээд, зураг төсөв хийлгүүлсэн. 650 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай болсон. Энэ хөрөнгө шийдэгдтэл бид шинээр баригдаж байгаа барилгуудад техникийн нөхцөлөө цэвэр усаар бүрэн хангах боломжгүй байгаа тул насос тавьж, ус хангамжийн асуудлаа шийд гэдэг байдлаар өгдөг. Яг өнөөдрийн байдлаар бид 650,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг бид аймаг орон нутгийн дэмжлэгтэй, өөрсдийн нөөц боломжоо ашиглан шийдээд байгаа. Одоогийн байдлаар зоорины давхартаа насостой 10 гаруй барилга байсан бол 16 давхар, Цэлмэг хотхоны 7-н давхар, 2-р сургуулийн 25 айлын орон сууцнаас бусад барилгуудын насосуудыг бүрэн зогсоосон. Насостой байх үед насосын ажиллагааны улмаас ус тасардаг асуудлууд зөндөө байсан одоо энэ асуудал цахилгаан хангамж тасрахгүй л бол ус тасрах асуудал гарахгүй. Халуун ус тасрах ирэх ирэхгүй асуудал хэд хэдэн шалтгаантай барилга байгууламжийн дотор систем стандартын шаардлага хангасан тохиолдолд манайхаас шалтгаалж халуун тасрах асуудал гарахгүй.
-Аймгийн төвд баригдаж байгаа өндөр барилгуудын бүх давхарт ус очих боломжтой юу?
-Боломжтой. Өөрсдийн ус хангамжийн боломж нөхцөлийг харгалзан, энэ цэгээс усаа ав, тухайн цэг дээрх даралт тэд байдаг, энэнээс их даралт шаардлагатай гэвэл орчин үед шийдэх шийдлүүд зөндөө гарсан тэгж шийдээрэй гэдэг байдлаар зөвлөмж өгдөг.
-Сүхбаатар аймгийн хэрэглэгчдийг ус, дулаанаар хангаж буй ганц байгууллага бол танайх. Цахим сүлжээнээс харж байхад иргэд танайх руу дайрах хандлага ажиглагддаг. Энэ нь танай үйл ажиллагаатай 100 хувь холбоотой байдаг уу?
- Бид Баруун-Урт хотын иргэдийг ажиллаж амьдрах үйлдвэрлэлийн процесс явуулахад байнга зайлшгүй, тасралтгүй ашиглах эдийн засгийн суурь бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн ханган ажиллаж байна. Үйлдвэрлэл, дамжуулах түгээх хэсэг, Хэрэглэгчдийн өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ авч байгаа хэсэг бүгд норм стандартын шаардлага хангаж байвал бүтээгдэхүүн үйлчилгээ асуудал гарахгүй. Бид мянга сайн үйлдвэрлэл явуулаад хэрэглэгч хэсэгтээ хүлээж авч чадахгүй байвал асуудал гарсаар л байна. Үйл ажиллагаанд гэмтэл саатал гарах нь бий. Аль болох богино хугацаанд засаж цаг хугацаатай уралдаж ажилладаг. Зэрэгцээ байгаа барилгууд, зэрэгцээ байгаа айлуудын нэгэнд нь өндөр даралттай өгөөд нөгөөд нь дутуу өгнө гэж байхгүй.
-Танайд хамгийн олон дуудлага өвөл ирдэг байх. Халаалт өгснөөс хойш өдөрт ирж буй дуудлагын тоо хэд байна вэ. Ихэнх нь ямар чиглэлийн дуудлага байна вэ?
-Хамгийн олон дуудлага халаалт залгах үеэр ирдэг. Ихэнх дуудлага хий авах. Иргэд хийгээ аваад сурчих хэрэгтэй. Өдөрт дуудлагууд харилцан адилгүй ирдэг. Үйл ажиллагаа жигдэрсэн үед бол 1-2 дуудлага ирэх ч тохиодол бий. 20-30 дуудлага ирдэг өдөр ч бий.
-Өдөрт 20 гаруй дуудлага ирж байна гэлээ. Дөрвөлж компанийн ажиллаж хүч ямар байна вэ. Хэдэн слесарьтай вэ. Хүн хүч хүрэхгүй тохиолдол гардаг уу?
-Манай байгууллагын хувьд боловсон хүчний дутагдалтай нэг хэсэг ажилласан. Сүүлийн жилүүдэд боловсон хүчин харьцангуй тогтвортой байна. Есдүгээр сарын сүүлчээс аравдугаар сарын хагас хүртэл буюу халаалт, дулаан жигдэртэл ачаалал ихтэй болдог. Учир нь өвлийн бэлтгэлээ хангаад зуухаа галлах гээд байдаг. Эсрэгээрээ хэрэглэгчдээс маш их дуудлага ирдэг. Паараа солиулъя, шугмаа солиулъя гэх мэт. Халаалт залгаад, ачаалал ихсэнгүүт иргэдийн дуудлага их ирдэг. Бид боломжоороо асуудлуудыг шийддэг. Шуурхай удирдлагын алба гээд 24 цагийн үйл ажиллагаатай, 24 хүний бүрэлдэхүүнтэй алба иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
-Манай аймгийн усыг хатуулга ихтэй гэж ярьдаг. Дөрвөлж толгой дээр байгаа ус цэвэршүүлэгч ажиллаж байгаа юу. Одоо бид ямар ус уугаад байна. Насос ажиллаж байгаа юу?
-Ус цэвэршүүлэгч ажиллахгүй байгаа. 2017 оны зургаадугаар сард авсан. 2018 оны эхээр ажиллахгүй болсон.
Шууд гүний худгаас татсан. Шүүлтүүргүй ус ууж байна гэсэн үг үү?
-Манай ус унд ахуйн усны стандартаас магни, фтор илүү байдаг. Бид үүн дээр хоёр, гурван зөвлөх ажиллуулсан. Шинэ схем боловсруулсан. Хаягдал багатай, цэвэршүүлсэн ус гаргахын тулд ямар технологи хэрэгтэй вэ гэдгийг сонгоод, ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулбал, цаашдаа иргэддээ, ашиглагч байгууллагадаа эерэг үзүүлэлттэй байх юм гэдэг үүднээс зураг төсөв хийлгүүлсэн.
Азийн хөгжлийн банкинд санал тавиад, хөрөнгө санхүүжилтийг шийдсэн. 2021 оноос ажил нь эхлэх төлөвтэй байсан ч ковидоос болоод хойшилсон. 2021-2022 онд энэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна гэдгийг холбогдох хүмүүс нь хэлсэн.
-Шийдэгдэх гэж буй ус цэвэршүүлэх байгууламжийн өртөг ямар байх вэ?
-Үлдсэн найман ус түгээх цэг шугамд холбогдоогүй байгаа. Үүнийг шугамд холбох зураг төсөл мөн хийж байгаа. Бүгд нийлээд 2.3 тэрбум төгрөг болсон. Ундны ус цэвэршүүлэх станцыг шинэчлэхэд 630 гаруй сая төгрөг шаардагдана. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ундны ус цэвэршүүлэх цогц төхөөрөмж буюу цогц төсөл юм.
-Та бүгдийг хэвийн ажлаа хийгээд явахад хүндрэл бэрхшээл юу байна вэ?
-Нэгдүгээрт. Баруун-Урт хот хөрсний ус, гадаргын ус дээшилсэн. Дулааны шугам сүлжээ рүү хөрсний ус нэвчиж орсноор шугам сүлжээнд асуудал үүсгэдэг. Хөрсний ус зайлуулах системийг шийдвэл олон барилга байгууламж болоод манайд их ач холбогдолтой энэ дээр мэргэжлийн гарц гаргалгаа гаргах зөвлөхүүдтэй ажиллах шийдэл гаргах шаардлагатай.
-Хоёрдугаарт. СӨХ-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх Уртын гэгээ компанид СӨХ-ийн үйл ажиллагааг хариуцуулсан Баруун-Урт сумын шийдвэр маш зөв байсан. Цаашид улам чадавхжуулаад явах нь чухал. Орон сууцны иргэд бүгдийг засгаас хүсдэг засгаар шийдүүлдэг. Наад зах нь СӨХ-ийн хураамжаа цаг хугацаандаа өгөөд хэвшчих хэрэгтэй.
Гуравдугаарт. Зарим нэг тоног төхөөрөмжүүдийн нөөц сэлбэг материалууд хил гаалийн үйл ажиллагаатай холбоотойгоор татан авалт удаашралтай байгаа. Ер нь манай байгууллага ямар ч тохиолдолд үйл ажиллагаа зогсох эрхгүй үйлдвэрлэл явуулдаг тул бүх юм л бэлэн нөөцтэй 2-р хувилбартай байх ёстой.
-Ус дулааны инженер хэд байна вэ?
-Дулааны инженерээр ажиллаж инженерүүд хангалттай байгаа, усны инженер ховор байна. Усны инженер орон нутагт ирэхгүй. Цэвэрлэх байгууламж баригдаж байгаатай холбоотой ус хангамж ариутга татуургын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх зорилгоо 10 сая төгрөг шийдэж өгсөн бид 5 инженер бэлдэж нийтдээ 24 сая₮ зарцуулж байгаа үүний 14 сая₮ байгууллага өөрсдөө шийдэж байгаа.
Ярилцсан Д.УЛААНАА
Сэтгэгдэл үлдээх