Ш.БОРЧУЛУУН: ТӨРӨЛХ ХЭЛИЙГ НЬ ХҮҮХЭД ЗАЛУУСТ ЗААЖ, СУРГАНА ГЭДЭГ БАХАРХАЛТАЙ САЙХАН АЖИЛ

2021-12-03 07:48:01 | 303 | 0


У.ТҮВШИНБАЯР

 

-Монгол Улсын Гавьяат багш цолыг авсанд тань баяр хүргэе. Та эх хэлний багшаар хэдэн жил ажилласан бэ. Ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Би 1975 онд Улсын багшийн дээд сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд, Мөнххаан сумын сургуулиас ажлын гараагаа эхэлж, 1986 он хүртэл тэндээ 11 жил ажиллажээ. Миний хань Түвшинширээ сумын сургуулийн захирлаар томилогдсон учир 1986 оноос тус сумын сургуульд зургаан жил багшлав. Тэгээд 1992 онд аймгийн төвийн хоёрдугаар бүрэн дунд сургуульд зургаан жил багшлаад, 1998 оноос 2013 он хүртэл Үндэсний лаборатори нэгдүгээр бүрэн дунд сургуульд 15 жил ажилласан. Монгол хэлний багшаар нийтдээ 38 жил ажиллаад, тэтгэвэртээ гарч билээ.

-Сурагч байхаасаа л монгол хэлний мэргэжлийн хүн болъё гэж шийдсэн үү. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Би багаасаа монгол хэлний хичээлдээ их дуртай байлаа. Нэгдүгээр ангид М.Адьяа гэдэг багш угтан авч, бидний хэдэн нөхөд маш хурдан уншиж сурсан юм. Манай багш “Та нар үзсэн үсэг, үгүүдээ гэртээ байнга давтаж байгаарай” гэж их хэлнэ. Тэгээд л би ээжийг “Аяга аваад өг” гэхэд л А, Я, Г, А, гээд үсэглээд босдог хүүхэд байв. Ээж, “Манай хүүхэд чинь байнга давтаад л байх юм, бусад хүүхэд ийм байдаг юм уу” гэж хэлдэг байж билээ. Би Онгон сумандаа дөрөвдүгээр анги төгсөөд, Дарьганга сумын долоон жилийн сургуульд суралцсан. Монгол хэлний хичээлдээ дандаа онц авна. Дуртай, амархан санагдсан хичээлээ дагаж, хүн мэргэжлээ сонгодог юм болов уу даа. Би долоодугаар ангид байхаасаа л “Монгол хэлний багш болно” гэж бодож эхэлсэн. Тиймээс 10 дугаар ангиа онц дүнтэй төгсөөд, Улсын багшийн дээд сургуулийн хуваарь авч билээ. Тухайн үед онц төгссөн хүүхдүүд конкурсэд /Одоогоор ЭЕШ/ ордоггүй байв. Тиймээс шууд л сургуулийн хуваариа сонгосон. Хэрвээ гадаадын хуваарь авбал хотод очин, орос хэлний шалгалт өгөх ёстой. Москвагийн багшийн сургуулийн орос хэл, уран зохиолын ангийг би сонгох боломж нээлттэй байлаа. Гэхдээ хотод очоод, орос хэлний шалгалтыг өгч чадах болов уу гэж нэг талдаа эргэлзэж, аавтайгаа ярьтал, “Би чамайг гадаад явуулчхаад, хаана юу хийж яваа гэж бодож, суух вэ дээ. Монголдоо сургууль ав” гэж билээ. Сонирхолтой дуртай зүйлээрээ суралцсан болохоор хэцүү бэрхшээлтэй зүйл төдийлөн байгаагүй.

-Та хэдэн онд нэгдүгээр ангид элсэж байв. Тухайн үед хэдэн настайдаа хүүхдүүд сургуульд ордог байв?

-Би 1952 оны усан луу жилтэй хүн. 1961 онд 9 настайдаа сургуульд орсон. Гэтэл манай ангийнхны ихэнх нь 8 настай хүүхдүүд байв. Тэгэхээр нь тэднийг дуурайгаад, 1953 онд төрсөн гээд хэлчихсэн хэрэг. Одоо ч миний регистрийн дугаар 1953 он гэж явдаг. Манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул айл. Тэр үед багийн ухуулагч гэж жигтэйхэн эрх мэдэлтэй алба байв. Тэд сургуульд шинээр элсэх хүүхэдтэй айлд очин, хөнжил, даавуу, цүнх зэргийг нь бүртгэж шалгана. Намайг наймтай байхад, багийн ухуулагч ирээд шалгатал, аав, ээж хоёр заримыг нь дутуу бэлдэж. Тиймээс тэр жилээ сургуульд орохоо өнжсөн.

-Тухайн үед төрсний гэрчилгээ гэж байгаагүй юм уу. Төрсөн оноо буруу хэлэхэд, багш нар тань анзаараагүй нь хачирхалтай.

-Бидний үеийнхэнд төрсний гэрчилгээ гэж байгаагүй. 1953 оноос эхэлж, нугалсан цагаан цаас өгч байсан гэдэг. Надад бол тэр нь ч байхгүй. Төрсөн сарын хувьд ч регистрийн дугаарт бичигдсэнээс өөр. Ээжээс хэдэн сард төрснөө асуухад, “Наадмын өмнөхөн дөө. Аав нь “Морь уяна” гээд гэрийн бараа харахгүй байсан юм” гэж билээ. Тэгээд би зургаан сарын 27-н гээд өөрөө төрсөн он сараа зохиочихсон. /Инээв/ Ямартай ч мэлхийн ордон дотроо л хэлсэн байгаа юм. Сүүлд, аймгийн лавлагаанаас харахад, би долоодугаар сарын 10-нд төрсөн юм билээ.

-Таны нэр ямар учиртай вэ. Яагаад энэ нэрийг танд өгсөн юм бол?

-Би багадаа Түмэндэлгэр гэсэн нэртэй байсан гэдэг. Ойр, ойрхон урвайгаад байхаар нь аав, ээж хоёр ламаас асуутал, “Нэр нь хүндэдсэн байна” гээд гэрийн баруун талын ширдэг доороос хүрэн чулуу гаргаж ирээд, “Үүнийг авдрынхаа ёроолд хийчих. Тэгээд Борчулуун гэдэг нэр өгөөрэй” хэмээсэн гэдэг. Миний нэр солигдсон түүх ийм. Манай аав Борчулуун гэж ээлтэй сайхан нэр гээд, миний дараагийн дүүг Чулуунбор гэж нэрлэсэн учиртай.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би найман хүүхэдтэй айлын ууган.

-Айлын ууган хүүхэд ажилсаг байв уу?

-Гэрийн бүх л ажлыг хийнэ. Ээжийн гол туслагч болно шүү дээ. Найзуудтайгаа дулаан цагт хоёр, гурвуулаа нийлээд аргалд явна. Дан ганц аргаар аргал түүхгүй. Нэмээд жижигхэн шуудайтай аргалыг араг дээрээ хөндлөн тавиад ирнэ. Өвөлдөө цас үүрнэ, мөс хагална. Тэр их ажлын хажуугаар амжуулаад, сумын номын сан руу заавал орно. Өмнө нь уншсан номоо яг л өгөх өдөр буцаана. Бидний үеийн хүүхдүүдийн хийдэг ажил их.

-Аав, ээж тань ямар хүмүүс байв?

-Манай аав, ээж хоёул Онгон сумын уугуул. Аавыг Должингийн Шар гэдэг. Нутгийнхан маань “Дархан Шар” гэж нэрийднэ. Мод, төмрөөр юу л бол юуг хийдэг гарын ур дүйтэй дархан хүн байлаа. Ээжийг П.Цэвэлмаа гэдэг. Манай аав аливааг өөрийнхөө санаагаар засаж, янзалж байж, санаа нь амардаг адгуу гэмээр зантай хүн байв. Сав суулганы амсрыг хүртэл засаад, янзалчихна. Мөн жигтэйхэн цэгцтэй, цэвэрч. Бүх суран эдлэл, хазаар, чөдрөө жимбийтэл нь боож, дархныхаа хайрцагт хийчихнэ. Нэг юм аваад, хөдөлгөхийг андахгүй заавал засаж, өөрийнхөөрөө болгоно.

1967, 1968 оны үед хүүхдийн тэрэг гэж ховор байлаа. Аав аймаг яваад ирэхдээ, айлаас дөрвөн дугуй авчрав. Тэгээд модоор суудал хийгээд, сүүдэр нь буудаг, сөхөгддөг хүүхдийн тэрэг болголоо. Дүүгээ суулгачхаад, наадмын талбай дээр явж байхад, улсууд мөн ч их сонирхож байж билээ. Тэр үед дээлийн товч олддоггүй байв. Тэгсэн манай аав, шүдний сойзны ишийг бөөрөнхий хэлбэрт оруулаад, цэсээр сэнж зүүгээд товч хийчихнэ. Шүдний сойзны иш хуванцар маягийн аятайхан материалтай эд байсан юм. Бид ч дээлийн товчоор дутаж үзээгүй дээ. Гоё, гоё товч дээлдээ хаддаг хүүхдүүд байлаа.

-Одоо хоёулаа таны оюутан үеийн амьдралыг сонирхъё. Оюутны байранд амьдарч байв уу?

-Оюутны дотуур байранд гурван жил суусан. Говь-Алтай, Сэлэнгэ, Дунд-Говь, Дарханы хүүхдүүдтэй хамт амьдарч байлаа. Нэгдүгээр курсийнхээ шалгалтыг онц өгч, дараа жилээс нь нэмэгдэл стипенд /тэтгэлэг/ авч эхэлсэн. Тухайн үед сайн сурвал 80 төгрөг, онц сурвал 120 төгрөгийн нэмэгдэл авна. 80, 120 төгрөг бол их мөнгө л дөө. Дээд зэрэглэлийн ботинк их дэлгүүрт 80 төгрөг гэдэг байв.

Стипендээсээ 80, 80 төгрөг нийлүүлж, дөрвөн хүний 320 төгрөгөө сар сараар нь ээлжлэн барьж, зарцуулна. Гэр орноос гүзээтэй мах ирвэл, тухайн сарынхаа 80 төгрөгөөс чөлөөлөгдөнө гэх мэт. Бидний үеийн оюутны амьдрал их гоё. Килограмм мах 6 төгрөг 70 мөнгө байлаа. Байрандаа нэг оюутан сард 12 төгрөг өгнө. 4 оюутан 48 төгрөг өгнө гэсэн үг. Бусдыг нь хүнсэндээ зарцуулна. Гэр орноосоо мөнгө төгрөг барагтай бол авахгүй. Оюутнууд хичээлээ их сайн хийнэ. Багш нарын бич, тэмдэглэ гэсэн бүх л зохиол номыг олж уншина. Хагас, бүтэн сайны аль нэгэнд улсын төв номын санд сууж, хичээлээ хийнэ. Багш нар ч бас их чанга. Шүүлэг их авна. Шалгалт хатуу байлаа. Мөн нэг гоё юм нь өвлийн амралт болохоор дандаа онгоцоор гэртээ ирнэ. Борчулууны шалгалт хэзээ дуусах вэ, хэзээний онгоцоор Сүхбаатар явах нь вэ гээд сургууль цаанаасаа онгоцны билет бичүүлчихнэ. Завгүй байгаа оюутнуудад их дэмтэй. Буцахдаа мөн адил.  

-Тэтгэвэртээ гараад юу хийж байна?

-Тэтгэвэрт гарсны дараагаар буюу 2015 оны хаврын шалгалт, олимпиадын үеэр Боловсрол соёлын газарт, Монгол хэлний зөвлөхөөр ажилласан. Миний хань монгол хэлний багш Ч.Жамьянжав гэж хүн байлаа. Боловсрол соёлын газарт, монгол хэлний арга зүйч, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Сүүлийн таван жилд аймгийн монгол хэлний олимпиадыг ханийнхаа нэрэмжит болгон, эхний гурван байр эзэлсэн багш, сурагчдын шагнал урамшууллыг ивээн тэтгэдэг уламжлал тогтсон. Гэвч сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалж, олимпиад маань тасалдлаа. Цаашид энэ уламжлалаа алдахгүй явна. Миний хань аймгийн олон сургууль, цэцэрлэгийн дууны шүлгийг зохиосон. Түүнийхээ бүх уран бүтээл, уг гарвалийг нэгтгэн “Үл тасрах алтан үндэс” гэсэн нэрээр 2016 онд ном болгож хэвлүүлсэн. Миний монгол хэлний багш мэргэжлийг эзэмшсэнийхээ буянаар залуугаасаа эхлээд, санаанд буусан мөрүүдээ бичээд байтал, нэлээд юм болжээ. Үүнийгээ цэгцэлж, мөн ном болгон хэвлүүлэхээр бэлдэж байгаа. Одоо тун дөхсөн дөө. Хүүхдүүддээ зориулж, “Пэд овгийнхны уг удам, ураг төрлийн нандин хэлхээс” гэсэн номыг бичиж 2020 онд мөн хэвлүүлсэн.

Одоогоор би аймгийн багш нарын холбооны тэргүүлэгч, Боловсрол, соёлын газарт, орон тооны бус зөвлөх, хэлний бодлогын салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Төв, хөдөөгийн сургуулиудад урилгаар очиж, багш нарынхаа хичээл дээр сууж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажилладаг. ЭЕШ, эрхийн шалгалтад бэлдэж буй сурагчдад монгол хэлний хичээлийн давтлагыг өгч буй.

-Таны шавь нарын тоо хэдэн мянгад хүрсэн бэ. Түүнээс гадна монгол хэлний мэргэжлийг эзэмшсэн шавь нар хэд вэ?

-Боловсролын байгууллагад 39 жил ажиллахдаа, 36 жилд нь анги даасан. Наймдугаар анги таван удаа, аравдугаар анги гурван удаа, арван нэгдүгээр ангийг дөрвөн удаа дааж төгсгөсөн. Миний даасан ангид 452 хүүхэд сурч, хүмүүжиж төгссөн юм билээ. Яагаад ингэж сайн мэдэж байна вэ гэхээр 1976 оноос эхлээд ангийнхаа хүүхдүүдийн улирал бүрийн дүн, төгсөгчдийн “Б” маягтын хуулбар надад хадгалаастай бий. 2005 онд төгсгөсөн аравдугаар анги бол таваас нь аваад, арав хүртэл нь зургаан жил дааж ажилласан хүүхдүүд юм.

Давхардсан тоогоор 14000 гаруй хүүхдэд эх хэлний хичээлийг заажээ. Түүнээс монгол хэлний багш гэсэн мэргэжлийг минь өвлөсөн 61 хүүхэд бий. Нэрсийг нь гаргаж, тоолж үзсэн. Тэд маань эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж байгаа. Хамгийн ойр байгаа шавь нь гэвэл Баруун-Урт сумын 3-р сургуулийн монгол хэлний багш, хэл шинжлэлийн магистр, докторант С.Дорждуламрагчаа юм.

-Та ямар зан араншин, заах арга барилтай багш вэ?

-Өгсөн үүрэг даалгавраа заавал шалгадаг миний нэг зан бий. Энэ нь нөгөө талаасаа хүүхдэд их ядаргаатай байж магадгүй. Мөн 38 жил ажиллахдаа хичээлээс 10 минут ч хожигдож, тасалж байгаагүй. Цагаа харж байгаад, ажлаа зохицуулдаг. Давтлага гурван цагт гэсэн бол яг тэр цагтаа хаалгаа барьдаг. Энэ байдлаараа хүүхдэд үлгэрлэхийг хичээдэг.

-Ямар ямар гавьяа шагнал хүртэж байв?

-Би 2000 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2009 онд Алтан гадас, 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байлаа. Эрдэмтэн зохиолч Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит медалиар шагнуулсан. 1997 онд Монгол Хэлний багш нарын улсын олимпиадад түрүүлж, 1998 онд тавдугаар байранд орж билээ. 2009 онд дахин түрүүлж, “Үндэсний бичиг соёл дэлгэрүүлэгч” гэсэн гоё медалиар шагнуулж байв. 2008 онд зургаадугаар байранд шалгарсан. 2008 онд “Улсын тэргүүний багш” болж байв. 2003 онд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан, мэргэжлийн зөвлөх зэрэгтэй.

-Багшийн ажил ачаалал ихтэй байв уу?

-Миний хувьд, кабинет хариуцна, анги даана, заах аргын секц хариуцна. Хөдөө сумдад ажиллаж байхад, сэхээтэн гэдэг утгаар нь сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар томилчихно. Тэгээд л маш их ажилтай. Юмыг хойш нь тавихгүй, цаг хугацаанд нь өдөрт нь багтааж хийхийг зорьдог байлаа. Тэмдэглэлийн дэвтэртээ хийх ажил гээд товчхон хэдэн үг биччихнэ.  Маргааш гэж байхгүй юм шиг өдөр өдөрт нь тухайн ажлаа амжуулаад явах нь аль ч мэргэжлийн хүнд хэрэгтэй.

-Багшийн ажил хүнд үү, эсвэл бүр амархан уу?

-Нэгэнт сургуульд нь сураад, мэргэжлийг нь эзэмшсэн болохоор тун гайгүй байлаа. Эхэн үедээ хөтөлбөр боловсруулах, хүүхдүүдийн өмнө ярих гээд бэрхшээлүүд байсаан байсан. Гэхдээ дуртай мэргэжлээ эзэмшээд, ажиллаж байгаа болохоор үнэхээр хэцүү санагдаагүй. Ачаалал бол ихтэй байлаа. Үдээс өмнө зургаан цагтай, үдээс хойш мөн зургаан цагтай. Өдөрт 10-12 цагийн хичээл заах нь энүүхэнд байсан үе бий.

-Багшийн мэргэжлийн сайхан  нь юу вэ?

-Төрөлх хэлийг нь хүүхэд залууст зааж, сургана гэдэг бахархалтай сайхан ажил. Багш хүн мэдээллээс хоцордоггүй. Үргэлж сурагчидтайгаа хамт хөгжиж байдаг. Тасралтгүй хөгждөг мэргэжил гэж хэлмээр байна. Мөн олон зуун шавьтай. Хаана ч очсон багшаа хэмээн хүндлүүлдэг. Хүнээр хүндлүүлж явна гэдэг сайхан шүү дээ.

Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна