С.АРИУНБОЛД:ОРОН НУТГИЙН ТЕАТРЫНХАН АЛИВААГ СУРАХ ГЭСЭН ХҮСЭЛ, ЭРМЭЛЗЭЛ ИХТЭЙ ХАРАГДЛАА

2022-02-23 02:29:37 | 376 | 0


Театрын урлагийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх зорилготой сценографын  төрлийг монголд хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа тайз чимэглэлийн зураач С. Ариунболдтой ярилцлаа. Тэрээр сценограф гэх мэргэжлээр 12 жил суралцаж, дэлхийн хамгийн шилдэг мастеруудаар хичээл заалгасан юм. Түүнийг “Жаахан шарга” театрын урилгаар Сүхбаатар аймагт ажиллаж байхтай нь таарсан юм.

-Таныг Сүхбаатар аймгийн гаралтай хүн гэж мэднэ. Та аймагтаа амьдарч байв уу?

-Би хотод төрж, өссөн. Манай өвөг дээдсүүд 1917онд Дарьганга нутгаас Төв аймаг руу нүүж, Богдод шавь орсон юм гэнэ лээ.  Дугарсүрэн бэйсийн ууган хүү Жамъянжамц Цагаан худгийн хийдээс долоон настайдаа хувилгаан тодорч байж. Тиймээс Төв аймгийн Баянцагаан суманд суурьшиж, амьдарцгаасан.

 

 

2007 онд би “13 дугаар зуун” хэмээх аяллын жуулчлалын төслийг хэрэгжүүлж байхдаа Монголын түүхсоёлтой гүнзгий танилцсан. Тэгээд хүн уг удмаа сайн мэдэж байх ёстой юм байна  гэдгийг ойлгосноор буурал өвөөгийн нутаг Сүхбаатар аймагт ирж, төрөл садангаа хайдаг болсон. Сүхбаатар аймгийн  зураач Ё.Бадарч гуайтай танилцаж, тэр хүн надад элэнц өвөө Бэйс Дугарсүрэн, буурал өвөө хувилгаан Жамъянжамц, буурал эмээ Эрэгжидлхам нарын тухай баримтуудыг олж өгсөн. Гэхдээ одоо болтол садан төрлүүдээ хайсаар л байгаа.

Манай аав Монголын хамгийн анхны танкны инженер хүн. Намын дээд сургууль төгссөн. Мөн “Намын үнэн” сонинд сэтгүүлч, редактор хийж байсан. Би багаасаа л зургийн дугуйлангаар явж байгаад, дүрслэх урлагийн дунд сургуульд 1978 онд элсэж, тайз чимэглэлийн зураачийн ангид суралцсан.

- Зураачийн авьяас тань яаж илэрч байсан бэ?

-Тэр үед пионерын ордон гэж байлаа. Зургийн авьяастай хүүхдүүд тэр дугуйланд суралцдаг байж билээ. Би ч мөн адил. Тэндээс л  зураач болох зам нээгдсэн дээ. Дараа нь дүрслэх урлагийн дунд сургуулийн нэгдүгээр курст байхдаа сценограф гэдэг  үгийг анх сонсож байсан. Манайх тайз чимэглэлийн урлагийн анги гэж нэрлэгддэг. Тэнд мэргэжлийн монгол, орос багш нар, мэргэжилтнүүдийн яриаг их сонсоно. Тухайн үеийн оросын урчуудын эвлэлийн хорооноос нэг хүн ирж, тусгай хичээл зааж байсан. 1980-аад оны үед шүү дээ. Тайз чимэглэлийн дөрвөн анги байлаа. Тайз чимэглэл гэдэг төсөөлж байснаас тэс өөр мэргэжил байв. Анх Японы зураачийн тайзыг гайхан харж байлаа.

-Та бүхэнд хичээлийг ямар хэлбэрээр ордог байсан бэ?

-Сценограф онолын хичээл бага. Практик ихтэй. Шавь сургалтаар сурдаг мэргэжил. Нэг сайн мастер биеэрээ зааж, бусдад түгээдэг гэсэн үг. Тодорхой ном уншаад ойлгоход маш хэцүү. Дүрслэх урлагийн дунд сургуульд 1980-аад онд сурч байсан чинь гэнэтхэн багшгүй болчихсон. Багш маань өөр тийшээ шилжсэн хэрэг л дээ. Тэгсэн дараа нь дөнгөж Ленинградад сургууль төгссөн Төмөрхуяг багш ирсэн. Би ч  жаахан танхай нөхөр байсан даа. Намрынхаа дадлагыг таслаад, Архангай аймагт амралтаа үргэлжлүүлээд, олон зураг зурсан. Тэгсэн Төмөрхуяг багш дадлагаар манай ангийнхныг Горхид авч яваад, уран зураг, зохиомж, хар зураг гээд л тэс өөр, шинэ юм заасан байв. Би энэ дадлагыг яах гэж таслав даа гээд дотроо их харамссан даа. Тэгээд тэр багшийн заасан хичээлүүдэд  дурлаж эхэлсэн. Жинхэнэ сценографын мэргэжилтэй хүн байлаа. Ахуйгаас холдуулж, оюун руу ойртуулсан хичээл их заана. Тайзан дээр бүх юм өөр байх ёстой л гэнэ. Төмөрхуяг багштай дараа нь хоёр жил хамт дадлагад явсан. Багш маань миний оюун ухааныг задалж, жинхэнэ орон зайг яаж буулгах вэ гэдгийг ойлгуулсан. Дипломын ажлаа хүүхдийн дууриар хийсэн. Төмөрхуяг багш маань тэр сэдвийг олж өгч билээ. “Дуурийн театрт залуучууд нийлээд дуурь хийхээр болж. Энэ дээрээ намайг ажил гэлээ. Хүүхдийн дуурь хийх гэж байгаа бол хүүхдийн сэтгэхүйтэй хүнээр зураачаа хийлгэх хэрэгтэй” гэж хэлсэн гээд л ярьж байв. Тэгээд зохиолыг нь авч, хөгжмийг сонстол, нэрт найруулагч Л.Эрдэнэбулган багш маань надаас ойлгож байна уу... гээд л асуугаад, халааснаасаа ирис чихэр гаргаж өгдөг байлаа. Тэр жүжгийн захиалагч нь Цэдэнбал гуайн эхнэр Филатова байсан гэдэг. Тухайн үед энэ чиглэлийн тэмцээн болоод би орж, шагналт байр эзэлсэн юм. Гэтэл Амгалан багш: Захирал чамайг их идэвхтэй авьяастай хүүхэд байна гээд Филатова чамаас юу хүсэж байгааг чинь асуулаа гэлээ” гэв.  Би шууд л Орост явж, академид суралцмаар байна гэж хэлсэн. Тэгсэн чинь: Асуудалгүй болно. Маяа гээд мэргэжилтэнд өргөдлөө өгчхөөрэй хэмээсэн. Өргөдлийг маань цохоод сургуульд явуулахаар болсон. Тэгээд сургуулийн зам нээгдсэн дээ.

Украйны Киев хотын Урлаг дизайны академид хуваарилагдан, театрын ангидаа суралцсан. Хоёр жил гаруй суралцаад, багш нар дээр хуваарилагддаг. Гэтэл би багаасаа нэрийг нь сонсож өссөн Даниел Данилевич Лидер гэдэг хүн дээр хуваарилагдсан. Тэр СССР-ийн Ардын зураач, Төрийн шагналт, Украйн улсын ардын зураач, Польш улсын гавьяат зураач, Болгар улсын гавьяат зураач. Тухайн үедээ л зүүн европт алдаршсан байлаа. Сценографын онолыг зохиогчдын гол төлөөлөл жинхэнэ мастер багштай учирсан даа.  Тэр хүний гарын шавь болоод, зургаан жил суралцсан.

- Монголдоо ирээд хийсэн хамгийн анхны тайзны бүтээл тань юу вэ?

-Украйнд дипломын ажлаа хоёр сэдвээр хамгаалсан. Түүний нэг нь “Спартак” бүжгийн жүжиг, нөгөө нь “Ногоон дарь” эх хүүхэлдэйн жүжиг хийсэн. Хоёулаа амжилттай болж, Спартак бүжгэн жүжгийн тайз бол Киевийн залуучуудын балетын театрт тавигдсан. “Ногоон дарь эх” жүжгийг Монголын Улсын Хүүхэлдэйн театрт толилуулсан. Шинэ сонин аргаар хийхийг зорьж байлаа. Диплом хамгаалсан хоёр жүжиг маань хоёулаа л амьдарсан даа.

Яг л ардчилсан хувьсгал болж байх тэр өвөл монголдоо ирж хийсэн. Өнөөх хувьсгалчдын дунд л нууц уулзалт, хуралд нь оролцоод л явж байлаа. Яагаад гэвэл хувьсгалын нэг гишүүн Баасан лам миний жүжгийн шашны зөвлөхөөр ажиллаж байсан юм. Мөн хүргэн ах нар маань тэр нууц бүлгэмд идэвхтэй оролцож байлаа.

-Монголдоо хэр удаан ажилласан бэ?

-Хүүхэлдэйн театрын дарга асан А.Чойсан гуайн хүсэлтээр тус театрт зураач, уран сайхны удирдаач хийж байсан. Завсраар нь гадагшаа их явсан. Лидерийн шавь гэж сонсоод Буриадаас “Манайд ирж ажилла, цалинг хэд нугалж өгье” гэлээ. Тэгээд тус театрт гурван жил ажилласан. Дараа нь хувь уран бүтээлч болоод нэлээд хугацааг өнгөрүүлсэн. Жижиг хувийн театруудад ажил хийж явсан. Тэгээд амжилт олох нь ховор байлаа.

Дараа нь наймаанд явж үзээд, миний хийх ажил биш байна гээд л орхисон. Дахин хүүхэлдэйн театртаа орж ажилласан. Хэд хэдэн аятайхан жүжиг хийв. Ихэнх жүжгийн бичлэг нь телевизийн архивд байдаг.

-Хүүхэлдэйн жүжгээс өөр том ямар жүжиг тавьсан бэ?

-Драмын театр, дуурь бүжгийн эрдмийн театрт жүжгүүдийг хийж байсан. Анхны рок балет, модерин балетыг Шарав гуайн хөгжим дээр хийж байлаа.  

-Монголд тавигдаж байгаа драмын жүжгүүдийн тайзны тавилтыг хэр үнэлдэг вэ?

-Даниел Лидер гэдэг хүний гурван шавь нь Монгол хүн байдаг. Бид цаг үедээ үүргээ гүйцэтгэсэн. Хэн хэн нь драмын театрт бүтээлээ туурвисан. Манайд бүрэн утгаараа сценографын урлаг дэлгэрэх боломж нь байдаггүй. Зураач нь байвал найруулагч нь байдаггүй. Надтай хамгийн их гар нийлж ажилласан найруулагч бол Баатар. Эрдэнэбулган гуайтай нэлээн хэдэн дуурь хийж байсан.

-Та их олон хүнтэй хамтраагүй юм байна. Тийм үү?

-Миний цаг үед ажиллаж байсан бүх найруулагчтай хамтран ажилласан. Хамгийн гар нийлдэг байсан нь Баатар найруулагч юм.

-Өөрийн хамгийн том хийсэн бүтээлээ хэлбэл юу гэх вэ?

-Өөрийнхөө хийсэн зүйлсээс “амьдарсныг” нь энэ гайгүй болжээ гэж боддог. Баатар найруулагчтай хамт хийсэн Кихот ноён, Кармен хүүхэн гэсэн жүжгийг нь нэрлэж болно. Түүнчлэн хөгжмийн зохиолч Шарав гуайтай хийсэн хоёр ч балет бий. 

-Таны одоо эрхэлж байгаа ажил юу вэ?

-“Хатан шонхор” ТББ-ыг ахлан ажиллаж байгаа. Коронавирусийн өвчин гараагүй байхад Өвөр Монголын Ордос хотын театрт ажилладаг байлаа. Хөх хот, Ордост жижиг театрууд ихтэй. Ордос хотын театр Хятад улсдаа наймдугаарт ордог. Тэнд л жүжгээ тавьдаг. Хятадууд үүнийг их сонирхдог.

Манайхан   нүүдэлчдийн сэтгэхүйгээр юманд ханддаг. Байр сууриа хадгалж чаддаггүй улсууд. Шинжлэх ухаан зохицдоггүй. Минимала гээд барууны хэв маягууд одоо хүчтэй орж ирж байна. Том дууриудыг гудамжинд байдаг хувцастайгаа тоглоно гэсэн минимал ойлголт Германы театруудад гарч ирж байсан. Берлиний хана нурснаар хойшоо олон коммунист улсууд шинэ замд орсон. Оюун санааны тэсрэлт болсон. Маш их эрэл хайгуул, шинэ орчин үеийн театрууд ямар байх вэ гэсэн юм гарч ирээд минимализм сэдэрч гарч ирсэн. Тэр хэрэгцээ шаардлагаар гарч ирсэн. Сценографын том наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Би 2011 онд очсон.

Тэгтэл орчин үеийн урлагийн хэлбэрүүд байна. Эдгээрийг сценографын урлаг өөртөө шингээсэн байна. Өөрийнхөө мөн чанарыг алдаагүй. Хадгалаад  хөгжиж байна. Харин орчин үеийн театрууд бага зэрэг өөрчлөгдсөн байна.

Өнөөдөр сценограф байхгүй гэж ярьж болохгүй. Аливаа тайзан дээр явж байгаа юм бүхэн сценограф шүү дээ. Агуулгын хувьд ярихад янз бүр.

-Таныг Сүхбаатар аймгийн театр урьж, ажиллуулж байна. Энэ хугацаанд  та орон нутгийн театрын талаарх тодорхой зүйлийг олж харсан байх.

-Би олон аймагт очиж бүтээл хийсэн. Орон нутагт ажиллах нь сайхан байдаг юм. Уран бүтээлчид шинэ соргог юм мэдэх хүслээр дүүрэн байдаг.

-“Жаахан шарга” театрт ямар уран бүтээлийг “амилуулах” вэ?

-Жаахан шарга театр дээр гурван бүтээл хийнэ. “Сэтгэлд харвасан туяа” гээд ганц хүний жүжиг хийнэ. “Гоолингоо” гэсэн мюзикл жүжиг, “Сүчигал эх” гээд эх хүний тухай Мэндсайханы бүтээлийг тавихаар төлөвлөөд, зураг макетыг нь гаргасан байгаа.  

-Орон нутгийн театрт ажиллаж байгаа ажилчдын тэмүүлэл ямар байна?

-Тэднээс 100 хувийн эрмэлзлэл харагддаг. Миний хувьд, Завхан аймгийн театрт бас гэрээгээр ажилладаг.

-Таны мэргэжлээр суралцах боломж ямар байдаг вэ?

-Соёл урлагийн их сургуулийн сургалтыг өөрчлөх хэрэгтэй. Нийгэм өөр болчихлоо. Залуучуудын сэтгэлгээ тэс өөр. Тайзны урлагийн хувьд, хэдэн өнцгүүдээ шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй байна. Урлагийн зүтгэлтнүүд, урлаг судлаачид хүртэл ний нуугүй бичмээр байгаа юм. Урлагийн шүүмж гэсэн зүйл байхгүй боллоо. Шинжлэх ухааны үг хэллэг гэж байхгүй боллоо.

Төвийн театруудад юм хийхэд байр  суурь хүндтэй. Орчин үеийн театр, сценографын тухай тодорхой үр дүнтэй ажлыг орон нутгаас эхэлье хэмээн шинээр байгуулагдсан Соёлын яамтай зөвшилцсөн. Бодлогын хувьд дэмжигдсэн. Баруун бүсийн театруудын дунд сценограф болон тайзны гүйцэтгэл, баримал% дизайн чиглэлээр сургалт явуулъя, төвийг нь Завхан аймгийн театр дээр бүтээе гэсэн санаачилгыг дэмжсэн. Удахгүй сургалт эхэлнэ. Ийм сургалт зүүн бүсэд ч болоосой, дэмжээсэй гэж хүсэж байна. Ялангуяа Сүхбаатар аймагт энэ зохион байгуулаасай.

Ярилцсан Д.Улаанаа

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна