СҮХБААТАР АЙМАГ ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГАА АЙМГИЙН ТООНД ОРДОГ

2022-03-23 02:25:15 | 334 | 0


 

Д.Улаанаа

Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Найгалдоржтой ярилцлаа.

  • 2021 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт өмнөх оноос ямар хувьтай байв. Шалтгаан нөхцөлийг тодорхойлсон уу?
  • 2020-2021 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд гарсан нийт хэргүүд урьд онтой харьцуулахад 10-15 хувиар буурсан. Энэ нь цар тахлын улмаас хөл хорионы хязгаарлалтын дэглэмд орсонтой холбоотой. 2020 онд 474, 2021 онд 445 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 6,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт хэргийг нөхцөл байдлаар нь авч үзвэл Баруун-Урт суманд 46 буюу хамгийн олон бүртгэгдсэн. Дараа нь Мөнххаан, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумдад 29-40 орчим хэрэг бүртгэгдсэн нь хэргийн гаралт өндөртэй сумын тоонд орж байна.

2021 онд гэмт хэргийн талаарх 755 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гомдол мэдээлэл 138 буюу 15,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хяналт тавьж ажилласан гомдол, мэдээллийн 328 буюу 43,4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 302 буюу 40 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 71 буюу 9,4 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Нийт гомдол мэдээллийн 93 хувийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Гэмт хэрэг үйлдэгчдийн нас хүйсээр нь ангилахад 2020 онд 16 эмэгтэй, 3 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бол 2021 онд 11 хүүхэд болж, бараг 4 дахин өссөн нь анхаарал татаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүний ихэнх хувийг 19-35 насныхан эзэлж байна. Эдгээр хүмүүсийг боловсролын байдлаар нь авч үзвэл бүрэн дунд боловсролтой 64, бүрэн бус дунд боловсролтой мөн 64 хүн буюу 128 хүн гэмт хэрэг үйлджээ. Дээд боловсролтой 17 хүн гэмт хэрэгт холбогдсон.

  • Хэргүүд ихэвчлэн ямар орчинд үйлдэгдсэн бэ?
  • Ахуйн хүрээнд 142 буюу 31.9, зам талбайд-19 буюу 4.2, олон нийтийн газар 7 буюу 1.5, бэлчээрт 79 буюу17.7, орон байранд нэвтрэлт 37 буюу 8.3, цахим орчинд 40 буюу 8.9 хувийг эзэлж байгаа. Цахим орчинд үйлдэгдэж буй хэргүүд онцгой анхаарал татаж байна. Цахим хаягийг нь хакердаад, өмнөөс нь чатаар харилцаж ах дүү, найз нөхдөөс нь мөнгө зээлж залилах, бараа бүтээгдэхүүн худалдах зарын дагуу захиалгын мөнгө шилжүүлэх зэргээр хохирсон иргэд олширч байна. Тиймээс цахим худалдаа хийхдээ сайтар нягтлах, цахим хаягийнхаа нууц үгийг тааварлах боломжгүй үгээр солих зэргээр сэрэмжлэх хэрэгтэй.

Гэмт хэргийн улмаас 1,5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч, 11 хүн хүнд гэмтэл, 19 хүн хүндэвтэр гэмтэл, 95 хүн хөнгөн гэмтэл тус тус авч,  2 хүн амь насаа алдсан бөгөөд золгүй байдлаар нас барсан 27 хүн байна.  Үүн дотор анхаарал татаж буй нэг зүйл бол бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөнд халдах гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Эдгээр хүмүүсийн ажил эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл ямар дүр зураг харагдаж байна?

  • 2021 онд 139 ажилгүй хүн гэмт хэрэгт холбогдсон нь гэмт хэргийг  ажил эрхэлдэггүй хүмүүс голчлон үйлдсэн гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн онд 4 төрийн албан хаагч гэмт хэрэгт холбогдсон тоон үзүүлэлт гарсан. Эдгээр хэргүүд голчлон цэргийн ангиудад үйлдэгдсэн. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан 53 хүн, согтуугаар 92 хүн, бүлэглэн үйлдсэн 7 хэрэг бүртгэгджээ.
  • Сүхбаатар аймагт гарч буй хэргүүдийн тоо, нөхцөлийг бусад аймгуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
  • Улсын хэмжээнд 21 аймгийг гэмт хэргийг гаралтаар харьцуулсан судалгаанаас харахад манай аймаг 11-13 дугаарт байдаг. Дундаж үзүүлэлт мэт боловч хүн амын тоонд харьцуулахаар эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа аймгийн тоонд ордог. Сүүлийн жилүүдэд хүрээлэн байгаа орчны гэмт хэргүүд өсөх хандлагатай байна. Цахим залилан, хулгайн  хэргүүд ч өсөж байна.
  • Гэмт хэрэг өсөх нь нийгэмд олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгааны ямар ажлууд хийж байгаа вэ?
  • Миний бие 2021 онд Сүхбаатарт аймагт томилогдож ирээд, яг энэ асуудал дээр нэлээд шүүмжлэлтэй хандсан. Аймгийн ГХУСЗЗ-д хамтарч ажиллах тухай санал хэлсэн ч төдийлөн үр дүн гарахгүй л байна. Аймагт эрүүгийн нөхцөл байдал хүндэрч буй шалтгааныг тодруулах мэргэжлийн судалгааны байгууллага ажиллаж байгаа бөгөөд судалгааны дүн дээр тулгуурлан тодорхой ажлууд хийгдэх байх. Энэ жил аймгийн ГХУСАЗЗ-ийн ажлын төлөвлөгөөнд саналуудаа тусгуулсан. Ирэх сараас хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил жигдэрнэ гэж харж байгаа. Ялангуяа бүх сургуулиудад яриа таниулга хийхээр төлөвлөсөн.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгийн үнэлгээг бодит уу, үгүй юу гэдгийг ямар шалгуураар хэмжих вэ?
  • Бүтэн жилийн ажлын үр дүн жилийн эцсийн тоон үзүүлэлтээр л гарна. Улсын ерөнхий прокурорын газар биднээс ГХУС чиглэлээр ямар ажил хийсэн тухай мэдээ тайлан авдаг. Шаардлагатай үед ирж ажилтай танилцдаг.
  • Зарим сумдад очиж ажилласан байна. Тэнд очоод танхимд хэдэн хүн суулгаж яриа таниулга хийхийн хажуугаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтраад ажиллавал илүү олон хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой харагддаг?
  • Олон хүнийг хамруулах гэдэг дээр санал нэг байна. Орон нутгийн сонин, телевиз, радиотой хамтаръя гэдэг саналыг аймгийнхаа ГХУСАЗЗ-д тавьсан. Гол хүндрэл нь эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд асуудал үүсэж байгаа. Олон нийтийн сурталчилгааны зардлын багахан төсөвтөө тааруулаад, сардаа нэг удаа сонин, телевизээр мэдээлэл хүргэж ажиллахаар төлөвлөсөн.
  • Төрийн албан хаагчдын холбогдсон хэргүүдийг тодруулаач?
  • Хууль эрх зүйн мэдлэг нимгэн байгаагаас зарим төрийн албан хаагч санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдож байна. Дээрх дөрвөн хэргийн хоёр нь ховор зүйл хадгалж, цуглуулдаг хоббиныхоо дагуу, ховор ан амьтны хэрэгслийг хүнээс худалдаж аваад, хадгалж байсан нь гэмт хэрэгт холбогдох шалтгаан болж байгаа юм. Болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг. Нэг нь цэргийн ангид гар утас алдагдсан, нөгөө нь хоорондоо дүрмийн бус харьцсан хэргүүд байгаа. Тиймээс төрийн албан хаагчид хэрэгт холбогдохоос сэргийлж, хуулийн мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй.
  • Бага насны хүүхдийг хүчирхийлэх хэргийн тоо эмзэг туслаа. Энэ хэргийн гол шалтгаан юунд байна, эцэг, эхийн хараа хяналт сул байна уу, эсвэл нийгмийн сүлжээний чөлөөт байдал нөлөөлж байна уу?
  • Энэ төрлийн хэргийн ихэнх нь хамаатан садангуудын хооронд болсон байдаг. Эцэг, эхчүүд, хамаатныдаа бага насны  хүүхдээ харуулахаар үлдээдэг, эсвэл дагавар хүүхэдтэй хүнтэй сууснаас гэх мэтчилэн дандаа таньдаг мэддэг хүмүүсийн  хооронд, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа. Зарим эцэг, эхчүүдийн хариуцлага сул, ухамсар доод түвшинд байна. Аав, ээжүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэй.
  • Цахим орчинд үйлдэгдэж байгаа хэргүүдийн хохирогчдын итгэмтгий байдал дээр тоглолт хийж хохироодог гэж хуулийнхан үздэг. Энэ төрлийн  хэрэгт хохирогчийн амьдралын түвшин нөлөөлдөг үү?
  • Энэ хэрэгт өндөр орлоготой хүмүүс өртдөггүй. Дундаж юм уу дунджаас доогуур орлоготой хүмүүс ихэвчлэн өртдөг. Ялангуяа бага хүүтэй өндөр дүнтэй мөнгө зээлүүлэх санал, сугалаанд өндөр дүнтэй мөнгө хожлоо гэдэг ч юм уу, ямар нэг бараа захиалж авахын тулд урьдчилгаа шилжүүлэх зэргээр хүний итгэмтгий занг ашиглаж, цахимаар луйвар хийх үзэгдэл газар авч байгаа. Энэ төрлийн хэрэг улсын хэмжээнд өссөн. Тиймээс иргэд цахим сүлжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн  хохирогч болохгүйн тулд маш сайн нягталж, судалж байж харилцах хэрэгтэй.
  • Ял шийтгэлтэй цөөнгүй хүн хэрэг давтан үйлджээ. Эдгээр хүмүүсийг нийгэмшүүлэх ажил сайн биш байна гэж үзэж болох уу?
  • Ийм хүмүүсийн дахиж хэрэг үйлдээд буйн эхний шалтгаан нь тухайн  хүмүүсийн ёс суртахуунтай шууд холбоотой. Хэрэг үйлдэж болохгүй гэдгийг олон удаа хэлж, сургалтад хамруулж байхад засрахгүй байна гэдэг нь хувь хүний ёс зүй муу байна гэсэн үг. Тэдэнд зориулсан сургалтууд ч бас өндөр үр дүнтэй болохгүй байна.
  • Гэмт хэрэг нэмэгдэх шалтгааныг та юу гэж харж байна?
  • Хэргийн гаралтын талаар Цагдаагийн байгууллагатай хамтраад судалгаа хийсэн. Сүхбаатар аймагт 2012-2017 он хүртэл маш цөөхөн хэрэг гардаг байсан бол 2018 оноос бага зэрэг нэмэгдээд, 2019 онд нэлээд нэмэгдсэн. Сүүлийн хоёр жилд Ковид цар тахлаас үүдээд нэлээд хумигдсан. Гэмт хэргийн тоо өсөж буйн гол шалтгаан нь хүмүүсийн зорчих хөдөлгөөн ихэссэн. Дээрээс нь Төмстий сэрвээ гэдэг газраас хууль бусаар алт олборлосон хэрэг 10 гаруй бүртгэгдсэн. Экологийн хэрэг нэмэгдээд байгаагийн шалтгаан нь байгалийн баялагтай орд газрууд нээгдсэнтэй холбоотойгоор хөдөлгөөн ихсэж байгаа, үүнийг дагаад хэргүүд нэмэгдэж байгаа. Орон нутагт тоо нь олшроод байгаа цахим хэргүүдийн  хувьд дээр хэлснээр улсын хэмжээнд ч нэмэгдсэн. Саяын хэлсэн хоёр төрлийн гэмт хэрэг аймгийн хэмжээнд нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хүүхдүүдээс эхэлж хийвэл ирээдүйн үр дүн гарах нь илүү санагддаг?
  • Бид боломжийн хэмжээнд хуулийн хүрээнд урьдчилан сэргийлэх ажлуудыг нөөц бололцоогоороо хийж л байгаа. Зуун хувь сайн үр дүнтэй биш ч олон нийтэд хүрч байна.  Энэ ажлыг ганцхан цагдаа, прокурор дангаараа хийгээд үр дүн багатай. Манай байгууллагад гэхэд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил хариуцсан хүний орон тоо байхгүй. Үүнээс гадна улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулгад зан харилцаа, ёс суртахууны холбогдолтой хичээлийг оруулдаг байвал ирээдүйн залуусын ухамсар өөр болох болов уу гэж боддог.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна