ДАРЬГАНГА ХУУРЧ

2022-04-19 06:17:23 | 443 | 0


Д.УЛААНАА

 

 

ХУУРТАЙ ТАНИЛЦСАН НЬ

Таван настай байхад аав Лувсан нь хүүгээ хуурдуулж сургана хэмээн хар мод дөрвөлжлөн зангидаад, ямааны арьсаар ширлэж, гэрийнхээ унийг сугалан иш хийгээд, мориныхоо сүүлнээс авч чавхдасыг хийж, толгойгүй морин хуур хийж өгч, /морин хуур үүсэн тухай домогт ингэж гардаг/ Дарьгангын алдарт хуурч Сааралд шавь оруулсан нь өнөөгийн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэдэвсүрэнгийн унаган авьяас тодорчээ. Тэр үед хуурч Ш.Сааралынх тэднийхтэй Онгон сумын Түвд хэмээх газарт айлсан байсан нь нь 20 гаруй жил багшийгаа дагаж, хуур хөгжимд гарших боломж тийнхүү бүрдэж.

 Цэдэвсүрэн гуай хар банзан хуураа хоёр гэрийн хооронд чирч, явсаар “Хуурын зам” хоёр айлыг холбожээ. Тэр үеэс эхлээд багшийнхаа хамт ойр хавийн тасгийн суурь, хадлангийн бригад, сүүн тасаг зэрэг олон хүнтэй газарт тэмээн тэрэг хөсөглөн очиж, дуулж хөгжимдөн, концерт тоглосоор урлагийн зам нь тодорчээ. Сүүлдээ мотоцикль, трактороор унаа хийж, хөдөөгийнхөн соёл урлагийг түгээсээр багшаасаа 20 нас хүртлээ салаагүй. Мондалин хөгжмөө бүсэндээ хавчуулсан багш нь гармон тоглож, шавь нь хуурдаж, буйд хөдөөгийн анирыг хөгжмийн яруу эгшгээр сэрээдэг байжээ. Саарал гуай хэдийгээр хараагүй ч / Багадаа маш хүнд ханиад тусаж, хараагүй болсон гэдэг/ сонсгол маш нарийн тул хоёрхон хуруугаараа ямар ч хөгжимд ая оруулж тоглодог, өөрийнхөө аягыг ганцхан няслаад олдог, олон бүснээс өөрийн бүсийг үнэрлээд таньдаг гэх мэт гайхалтай ховор, авьяас, мэдрэмжтэй хүн байлаа хэмээн шавь Цэдэвсүрэн бахдан дурсав. Саарал хуурч ямар ч хөгжмийг сонсголоороо шууд ая оруулж  тоглодог байсан гэнэ.

Тэрхүү гайхамшигт хүний гарын шавь болсон нь түүний их хувь заяа гэлтэй. Багш нь гэрт буй олон төрлийн хөгжмөөрөө тоглодог тул бяцхан хүү түүнийг нь сонссоор харихаа умартдаг байсан нь насаараа урлагт зүтгэх зам нь дээр өгүүлсэн хуурын зам” шиг зурайсан амой. Тэднийхтэй 5-6 айл хамт байсан тул Саарал гуайгаар хуур заалгадаг хүүхдүүд айл бүрээс байсан ч цөөрсөөр ганц Цэдэвсүрэн л багшийнхаа дэргэд үнэнчээр үлджээ. Хүүхдүүд юм хойно багшийнхаа гэр дэх шуудайтай ааруулаас авах гэж шөнөөр гэтэж баригдаад, жавты хүртэж байсан нь урлагийн хүн болох замынх нь гэгээн хэсгүүдийнх нь нэг л дурсамж. Саарал гуай өндөр мэдрэмжтэй тул хөлийн чимээг андахгүй. Сар гарангуут ааруулд гэтсэн хүүхдүүдийг барьж алган хавсай хүртээдэг алдарт хуурч шавь Цэдэвсүрэндээ их итгэл тавьж байсан гэнэ лээ.

ӨВ ТЭЭГЧ

Айлын зургаан  хүүхдийн тав дахь хүү Цэдэвсүрэнг төрөлх нутаг нь морин хуурч болгон захиалсан гэлтэй. Ах, дүү нараас нь урлагийн ертөнцөд хүч сорьсон хүн үгүй.  Ээж нь сайхан дуулдаг эмэгтэй байжээ. Ер нь л хуурчийн нагацын талынхан нь дуулдаг, лимбэ тоглодог, исгэрдэг байсан нь найрууллын эзэнд уламжлагдсан болой. Түүний тал бүрийн авяьяасыг 200 гаруй дууны аялгуу, 4-5 магтаал бичсэнээр нь тодорхойлох боломжгүй. Бидний хүүхэд ахуйдаа дуулдаг байсан жанжин Д.Сүхбаатарын тухай магтаалаас гадна “Наран шарга”, Нутгийн чамдаа”, Баян талын малчид”, “Орлой хонгор”зэрэг дуунуудыг нутгийн болон монголын уран бүтээлчидтэй хамтран олны хүртээл болгожээ.  Урлаг, соёлын улсын уралдаанд 7 удаа орж, 5 алт, 2 мөнгөн медаль хүртсэн Дархан аварга. Бүтээлүүдийнхээ тухай бичлэг, үг, нотоос эхлээд урлагийн тухай сонирхолтой баримт таарвал хадгалчихдаг зуршилтай. Ном, сонины, хайчилбар, хуурцгийн том архивын эзэн. Нямбай, цэгцтэй хураасан архив түүний бүх өв хөрөнгөө гэлээ.. Аавынхаа хийж өгсөн хар модон хуураас хойш өөрийн гараар эдэлж буй гурав дахь хуураа  гэрийнхээ хойморт залжээ. Тэрхүү мастер хуурыг төрсөн эгчийнх нь хүү Нэргүй /”Нью жуулчин” компанийн захирал/ бэлэглэсэн аж.  Харин анхны хуураа хадгалж үлдээгүйдээ харамсдагаа нуугаагүй.

Тэрээр багшаасаа Дарьгангын зургаан татлага хэмээх тал нутгийн нэрийн хуудас болсон хуурын татлагыг тэр чигээр нь сурч үлдсэн нь “Өв тээгч” хэмээх хүндтэй шагналын эзэн болгосон юм. Тээж үлдсэн өв соёлоо өөрийг нь зорих шавь нартаа зааж сургах цаггүй их ажилтай буурал хуурч гэртээ дүнхийнэ. Хуурдаж сурах хүсэл тэмүүлэлтэй хүүхэд багачууд одоо ч Цэдэвсүрэн  гуайг зорьсоор. Гэрийнхээ нэг өрөөндөө бяцхан шавь нартаа хичээлээ заана даа. Хуурын тухай, хуураа хэрхэн дээдлэх, яаж тоглох зэрэг хуур сурахад эзэмшсэн байвал зохих бүхий л мэдлэг дадлыг ч орхихгүй хэлнэ.

Монголчуудын соёлын үнэт өвийн нэг морин хуур сурах, хөг аялгуугаар нь олон нийтийг хөгжөөн баясгаж, ухаарч уясуулах, баярлаж догдлуулах энэ буянтай ажилдаа хойч үеэ бэлдэхдээ жаргалтай. Хуураа тоглохоороо хөөрч, догдолж, хамаг эд эсээ шингээж буй нь гар, биеийн хөдөлгөөн, харц бүхнээс нь  илхэн. Ид залуухан уран бүтээлч ахуйдаа олон улсын хөгжмийн наадмын үеэр түүнийг хуурдахыг харсан  Оросын нэгэн хөгжимчин таны хуруу яаж ингэж хурдан хөдлөөд байна? Барьж үзье... гэж байсныг тэр наадамд хамт очсон гэргий Г.Цагаан нь дурссан юм.

НУТАГ РУУ ТЭМҮҮЛСЭН СЭТГЭЛ

Цэдэвсүрэн хуурч багш Сааралын хамт хөдөөгийн тасаг нэгж бүрээр урлагийн тоглолт хийж явсаар, 1961 онд цэрэгт татагдаж хотод очоод, Ардын цэргийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчнөөр оржээ. Хүндэт харуул жагсах үед тоглодог тэрхүү хөгжимчдийн бүрэлдэхүүнд  байхдаа хөгжмийн нотоос эхлээд мэргэжлийн талын бүхий л зүйлийг сурсаар 6-7  жил болохдоо жагсаалын дарга болж, ахлагч цолтой ч болсон ч сэтгэл нь нутаг руугаа л тэмүүлээд байжээ. Тэр үедээ Багшийн сургуулийг Дуу хөгжмийн багш мэргэжлээр ч суралцаж төгссөн мэргэжилтэй боловсон хүчин нэг л өдөр нутгийн зүг нисчихжээ. Тухайн үед шар өвчин туссанааршалтаглан дарга, эмч хоёртойгоо хуйвалдаж, “Үлээвэр найрал хөгжимд тэнцэхгүй” гэсэн бичиг хийлгэж авснаар төрөлх Сүхбаатар нутагтаа ирж, тухайн үеийн Соёлын ордонд хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн нь 1967 он байв. Гагц морин хуур биш ёочин, баяан, тромбон, үлээвэр хөгжмийг ч тоглодог, дуу хөгжмийн багш залууг аймгийн төвийн  сургуульд багшаар, аймгийн Соёлын ордонд хөгжимчнөөр орох сонголт ирэхэд “Урлагийн хүн болоорой...” гэсэн багшийнхаа захиасыг ёсоор болгож, Соёлын ордонд орсноор өдгөөгийн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Цэдэвсүрэн хэмээх уран бүтээлч бий болох эхлэл тавигджээ. Соёлын ордны хөгжмийн багшаар МУГЖ Б.Доржцэрэн, найрал дууны багшаар Ш.Цолмон, бүжгийн багшаар Ч.Түмэннаст зэрэг Сүхбаатарын урлагийн байгууллагын домог болсон уран бүтээлчид ажиллаж байв. Тоглолтод оролцох бүрд хань нь хамаг хувцсыг нь баадагнан, дагаж очсоор байгаад урлагийнхны ажлын онцлог, амьдралын хэмнэлд дасчихсан аж. Цэдэвсүрэн гуай гэргий Цагаантайгаа учирснаас хойш 53 жил ханьсан амьдарч байна. Энэ хугацаанд нэг ч удаа ам зөрж байгаагүй нь Тэнгэрлэг гэр бүлийн бахархал билээ.

ГАВЬЯАНЫ АМРАЛТТАЙ Ч ЗӨВЛӨХИЙН АЖЛАА ХИЙСЭЭР

2001 онд тэтгэвэртээ гарсан ч 2008 он хүртэл ажилласан он жилүүд нь түүний хамгийн жаргалтай, хамгийн дурсамжтай, хамгийн их түүх бүтээсэн жилүүд байсныг дурслаа. Аймагт болдог бүхий урлагийн тоглолтод оролцохдоо чаддаг бүх авьяасаа гаргана. Дуулна, хөгжимдөнө, ая зохионо, эвсэлтэй бол бүжиглэхийг ч шаарддаг байсан нь уран бүтээлчдийг сурч, хөгжих их сургууль нь болсон аймгийн Соёлын ордон /өдгөө “Жаахан шарга” театр/ нь түүний сэтгэл доторх гэрэл нь.

Урлагт амьдралаа зориулсан болохоор тэтгэвэрт гарсан ч урьж залж, авьяасаас нь суралцах хүсэлтэй хүмүүс цөөнгүй. Монгол Улсын Морин хуурын чуулга гавьяатыг нийслэлд урьж туршлага судлахдаа, хуурын чавхадсан дээр бүжиглэх хурууны түргэн хөдөлгөөнийг шагшин гайхаж, яаж? Гэдэг асуултаар булжээ. Дарьгангын татлагыг тоглох онцлог нь гэсэн товчхон хариулттай. Мэргэжлийн байна гэдэг бүх насаараа хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулахыг хэлдэг ажээ. Энэ талаар МУУГЗ Л.Гомбосүрэн түүнд нэгэнтээ та нар хуурдахаараа толгойноос нь эхлээд адислах мэт бүх биеэрээ уусаад, нэг л гоё болчих юм аа хэмээн хэлжээ. Хуураа татахаар сэтгэл сэргэж, урам орж хийморь сэргэдэг юм даа. Би хуурч болоогүй бол сайн малчин болох байсан хэмээн инээмсэглэх өв тээгч, өвгөн  хуурчийн духны үрчлээ эрт эдүгээгийн олон түүхийг хүүрнэх мэт.  

 Хуур тоглох нь хүний зан төлөв хүмүүжилд маш том эерэг нөлөө үзүүлдэг гээд, төлөв төвшин, тайван, амгалан, аливаа зүйлийн учрыг тунгаах чадвартай болдгийг онцлон хуучилсан юм. Дарьгангын онцлогийг шингээсэн морин хуурын өвөрмөц татлагыг шавь нартаа өвлүүлэхийг хичээдэг. Багшаасаа авч үлдсэн “Дарьгангын зургаан татлага”-ыг маш сайн сурсан хоёр  л шавь байдаг. Нэг нь ач хүү нь, нөгөө нь өдгөө АНУ-ад морин хуурын багшаар ажиллаж байгаа У.Хатанболд.

Морин  хуурт монгол ахуй, байгалийн сайхан, тэр дундаа морины явдлыг тоглоход илүүтэй тохирдог гэдгийг өвгөн хуурч Дарьгангын зургаан татлагаараа тамгалсан юм.

  • Могой хээр
  • Доголон цагаан
  • Харцага зээрд
  • Ширүүн хар
  • Нүцгэн цавьдар
  • Хөх нуурын тогоруухэмээх зургаан төрлийн морины явдлыг хуурын хөг аялгуугаар хэрхэн өгүүлэх чадварыг авч үлдсэнээрээ Дарьгангын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Морин хуурыг тоодоггүй нийгэм 2000 он хүртэл үргэлжилсэн. Тухайн үеийн ерөнхийлөгч Н.Багабанди айл бүр морин хууртай байх зарлиг гаргаснаар үндэсний хөгжим хоймор залагдах цаг дахин ирсэн юм. Сайн цагийн эхлэл болсон доо хэмээн Цэдэвсүрэн гуай сэтгэл тэнэгэр өгүүлэв. Монгол айл бүрд морин хуур заларч, гэрийн жаврыг нь үлээх болтугай хэмээх ерөөлийг дотроо үргэлж тээдэг. Сүүлийн жилүүдэд хуураа дээдэлдэг, хүүхдүүдээ сурагх хүсэлтэй аав, ээжүүд олширч буйд баяртай байгаа нь илт. Монголчуудын их соёлын нэгээхэн хэсэг морин хуур үүссэн түүх маш сонин.

Хөхөө Намжилын домогт өгүүлснээр “Хөхөө Намжил хэмээх нутаг усандаа цуутай  сайхан дуулдаг нэгэн залуу Жонон хар хэмээх нисдэг мориороо Монголын зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл ганц шөнийн турш нисэж очоод хайртай бүсгүйтэйгээ уулздаг болсоор гурван жил өнгөрчээ. Гэтэл Хөхөө Намжилын хайртай морины далавчийг нэгэн ховч хүүхэн хайчилж орхисноор морь нь үхжээ. Мориныхоо хойноос харамсан гашуудсан залуу сайхан Жонон хар мориныхоо урт сайхан дэл сүүлийг хайчлан авч толгойлон утаслаж, нимгэн газрынх нь арьснаас өвчин авч шир болгон нандигнаж, дараа нь банз модыг авдарлан дархлаж өвчиж авсан арьсаараа хөндий цараа ширлэж орой дээр нь ухаант мориныхоо толгойг сийлж мөнхлөв. 

Түүний доор хоолойд чих, мод хоёрыг зохиож, түүнээс хялгасан утсаа хоёр эгнээ болгон зүүж унжуулаад авдрыг давуулан ёроолд нь бэхлэв. Бас нарийн бургас модны хоёр үзүүрийг хялгасан утсаар холбож нааш цааш хөрөөдөх хөвч хийв. Хөвчөө нарсан модны давирхайгаар тослоход гарах дууны өнгө яруу болоод олон янз болохыг мэдэв.

Ийнхүү утастай хуурыг зохиогоод уран эгшиг аяыг оруулан өөрийн сайн морины дурсгалд молор эрдэнэ морин хуурыг үүсгэж, түүнд хайрт жонон хар мориныхоо янцгаах дуу, үүрсэх авиа, унгалдах аяс, алхаа гишгээ, арилжаа хатираа, төвөргөөнийг оруулж сэтгэлээ баясгав гэнэ. Түүнээс хойш урт аялгуут хуурыг хуурдаж суух зуур сайн морь нь санагдаж, сэтгэлийн гайхамшгийг төрүүлдэг болжээ.” Хэмээн өгүүлжээ.

Эрт цагийн гайхамшигт домгоор амилж, эдүгээ хэн хүний сэтгэлийг баясган цэнгүүлдэг морин хуурын шидийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж яваа буурал хуурчтай хөөрөлдөхөд ертөнцийн түмэн утга учрын нэгээхэн хэсгийг мэдрэх шиг яруухан.

Зургаан сайхан хүүхдүүдийнхээ буян, урлагийн хийморьлог ертөнцийн цагаан заяанд жаргаж суугаа буурал хуурчийн дурсамжаар тэрлэсэн бичвэрээ энд хүрээд жаргааж байна.

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна