НУТГИЙН ИРГЭДИЙН МАНЛАЙЛСАН БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ /Байгаль орчны эрхзүй дэх зарим асуудал ба гарц шийдэл/

2022-05-11 02:35:04 | 347 | 0


 

 

“Энэ гол усанд бидний өвөг дээдэс амьдарч ирсэн, бидний үе амьдарч байна,

бидний хойч үе ч амьдарна, энэ газар нутгийг биднээс илүү мэддэг,

хамгаалах хүн хаана ч байхгүй, бидэнд дасан зохицож амьдрах газар

өөр хаана ч байхгүй”.

Өмнөговь аймгийн Манлай сумын малчны үг.

 

УДИРТГАЛ

     Түлхүүр үгс:

  • Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал,
  • Экологийн    хамтын менежмент,
  • Ойн мэргэжлиийн байгууллага,
  • Байгаль орчны урамшууллын систем,
  • Эрхийн баталгаажилт, LM-Лэнд менежер программ
  • Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн дундын сан

Нэг байгаль хамгаалагийн хариуцах талбай байгалийн цогцолбор газарт хамгаалах газар нутгийн онцлогоосоо хамаараад 40-300 мянган га талбай байдаг ба сумын ЗДТГ-т Байгаль орчны тасагт 2 байгаль хамгаалагчийн орон тоотой ажилладаг нь төрийн байгаль хамгаалах тогтолцоо болоод хүний нөөц нь зорилгоо биелүүлэх чадамж сул байгааг бодит нөхцөл байдал дээр баталж байна. Хариуцах талбайн хэмжээг багасгаж байгаль хамгаалагчийн орон тоог нэмэх эсхүл цахим технологи ашиглаж экологийн хяналт тавих шаардлага үүсч байна. Мөн эдгээр аргаас гадна нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын цогц тогтолцоог хуулиар нарийвчлан зохицуулж өгөх шаардлага үүсч байна. Өөрсдийнх нь амьдарч буй хүрээлэн буй орчныг нь нутгийн иргэдээр өөрсдөөр нь хамгаалуулах аргыг хуульчлан баталгаажуулснаар байгалийн аливаа төрлийн нөөц обьект өдөр тутам дэргэдээ харж хандах эзэнтэй болно. Энэ хуульчлалын агуулга нь идэвхитэн байгаль хамгаалагч, түүний урамшуулал, хариуцах газар нутгийн хэмжээ, нутгийн иргэдийн холбоо, түүний дундын сангийн асуудлыг хамрах юм.

НУТГИЙН ИРГЭДИЙН СҮЛЖЭЭ

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.8-д Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг тодорхойлон хуульчилсан байдаг. Гэвч энэ нөхөрлөл нь Иргэний хуулийн 481-р зүйлд зохицуулснаар Бүртгэгдээгүй холбоо нөхөрлөл нэртэйгээр хуулийн этгээдийн эрхгүйгээр хуульчлагдсан байдаг. Энэ нь эрх зүйн бүрэн чадамжгүй эрх зүйн этгээд болж буй юм. Байгаль хамгаалах чиглэлээр иргэд нэгдэж байгуулагдсан ийм эрх зүйн этгээд буюу Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл одоогоор Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Ховд, Говь-Алтай аймгийн 27 сумын 116 багт 154 нөхөрлөл үүсгэн байгуулагдаад байгаа бөгөөд үүний 82 нь албан ёсны гэрчилгээгээ авч сумын Засаг даргатайгаа гэрээ байгуулсанаас 22 нь газрын LM буюу Лэнд менежер програмд хариуцан хамгаалах газар нутгийнхаа хилийн цэсийг оруулж баталгаажуулсан.

Дээрх нөхөрлөлүүдийг илүү чадамжтай болгохын тулд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өгөх хэрэгтэй. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл нь хуулийн этгээдийн эрхтэй болсноор дараах давуу талуудтай.

  • Эрх зүй, эдийн засгийн харилцаанд бүрэн чадамжтай оролцох
  • Нэхэмжлэгч ба хариуцагч байх боломжтой болно.

Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлд иргэдийг нэгтгэснээр иргэдэд байгаль хамгаалах соёл төлөвших, хамтын амьдралын зан төлөвт суралцах, байгалийн нөөцөд тулгуурласан орлогын эх үүсвэрээр орлогоо төрөлжүүлж амжиргаагаа дэмжих, ингэснээр малын тоо толгойн хэт өсөлтөөс сэргийлж хөрс, ургамлын доройтлоос сэргийлэх зэрэг олон давуу талтай.

ЭКОЛОГИЙН ХӨГЖЛИЙН САН

Байгаль орчинд нөлөөлөл үүсгэж буй аж ахуй нэгж, иргэний үйлдвэрлэл үйл ажиллагаа, гадаргын ус ашиглагч болон агаар бохирдуулагч, агнуурын үйл ажиллагаа эрхлэгч, мал аж ахуйн орлогын татварын тодорхой хувийг нэг санд төвлөрүүлэн засаг захиргааны анхан шатны нэгжид хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоотой санг хуулиар үүсгэн байгуулж экологийн хөгжилд зарцуулах нь зөв шийдэл юм. Дээрх сангийн орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1 хувь, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 10 хувь, Агаарын бохирдлын төлбөрийн 10 хувь, Ус бохирдуулсны төлбөрийн 10 хувь, Газрын тосны нөөц ашигласны 10 хувь, Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувь, Малын тоо толгойн татварын 25 хувь, Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамжийн 10 хувь, Газрын төлбөрийн 10 хувь, Хог хаягдлын үйлчилгээни хураамжийн 10 хувь, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн 10 хувь, Усны нөөц ашигласны төлбөрийн 10 хувь, Рашаан ашигласны төлбөрийн 10 хувь, Ойн нөөц ашигласны төлбөрийн 10 хувь, Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн 10 хувь, Түгээмэл тархацатай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг гэхчлэн дээрх байгаль орчин нөлөөлөл үзүүлдэг 16 төрлийн татвар, төлбөр, хураамжийг нэг дансанд нэгтгэн төвлөрүүлэхэд өнгөрсөн жилийн улсын нэгдсэн төсвийн орлогоос дүйцүүлэн харахад ойролцоогоор 1,8 их наяд төгрөг уг дансанд төвлөрөхөөр байна.

БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН УРАМШУУЛАЛ

Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгааллын тогтолцоонд урамшууллын системийг бий болгох нь байгаль хамгаалах үйлсэд хувь хүн, нөхөрлөлийг идэвхижүүлэх оновчтой арга болж чадна. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл дундын сантай байдаг ба түүний хэмжээ нь нэг өрх 150 000 төгрөгнөөс 500 мянган төгрөг жилд нэг удаа дундын сандаа төвлөрүүлдэг бөгөөд  нэг нөхөрлөл 10 – 50 орчим өрхтэй байдаг. Үүнээс харахад дундын сандаа хамгийн багадаа нэг сая таван зуун мянган төгрөгнөөс 50 сая төгрөг төвлөрүүлсэн байдаг ба үүгээрээ менежментийн төлөвлөгөөндөө тусгасан байгаль хамгаалах үйл ажиллагаагаа явуулах, өсөн нэмэгдэх хуримтлалын дэд сангаараа дамжуулж гишүүддээ бага хувийн хүүтэй зээл олгож санхүүгийн засаглалаа хөгжүүлдэг.

Энэ дундын санг улам сайжруулах болоод нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллыг идэвхижүүлж чадавхижуулахын тулд нөхөрлөлийн өөрсдийнх нь бүрдүүлсэн дундын сангийнх нь нийт хөрөнгөтэй тэнцэхүйц урамшууллыг төрөөс буюу Экологийн хөгжлийн сангаас олгож, үйл ажиллагаа зарцуулалтанд нь хяналт тавих асуудал юм. Нөхөрлөлүүд дундын сангийн хөрөнгөөрөө идэвхитэн байгаль хамгаалагчийг цалинжуулах, түүнийг сургах, унаа шатахуун, тоног төхөөрөмжөөр хангах, ой нөхөн сэргээх, амьтан хамгаалах, булаг шандны эх хаших, бэлчээрийг усжуулах зэрэг менежментийн төлөвлөгөөндөө тусгасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээс гадна мал аж ахуйн бус орлогын эх үүсвэрийг бий болгож орлогоо төрөлжүүлэх, мөн түүнчлэн нөхөрлөлийн засаглалаа бэхжүүлэх үйл ажиллагаагаа санхүүжүүлж явуулах юм.

Мөн үүнээс гадна байгаль орчны судалгаа шинжилгээний ажил хийж буй эрдэмтэн судлаач, сайн дураараа ойн нөхөн сэргээлт, байгаль орчны нөхөн сэргээлт хийж буй хувь хүн аж ахуйн нэгж, ховордсон ургамал амьтан өсгөн үржүүлж буй экологид ээлтэй үйлдэл, үйл ажиллагаа явуулж буй этгээдэд үр дүнгийн гэрээний үндсэн дээр нөхөн олговор олгох системийг бий болгох нь зүйтэй. Энэ утгаараа ажил орлогогүй ядуу хүн мод тарьж ургуулчихаад ургуулсан модоо төрд үзүүлээд урамшууллаа аваад амьдраад байх эдийн засаг, нийгмийн халамжийн бодит ач холбогдолтой юм.

ОЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ

Ойн тухай хуулийн 3.1.15-д “Ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэлнэ гэж тодорхойлжээ. Энэ хуулийн уг зохицуулалтаар бол ургах чадвараа бүрэн алдаж үхжсэн босоогоороо байгаа хуурай модыг огтолж унаган ашиглах боломжгүй байгаа юм. Түүнийг хэрэглэх бол өмхөрч унахыг хүлээх ба чингэтэл өөрийн жамаар унасан мод нь алив төрлийн хэрэгцээнд үл нийцэхээс гадна аятайхан түлээ ч болох боломжгүй болсон байдаг. Ингэж унатлаа ургах чадвараа алдсанаас хойш 15-20 жилийг өнгөрүүлдэг. Энэ бол зохистой хэрэглээ биш болчихож байгаа төдийгүй ойн баялгийн үр өгөөжийн алдагдал болчихож байгаа юм.  Иймд үүнийг зохистой хэрэглээ болгохын тулд дээрх зүйл заалтыг “Ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан “болон ургах чадвараа бүрэн алдаж хуурайшсан босоогоороо байгаа хуурай” мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг” хэлнэ хэмээн нэмэлт оруулбал ой дах олон сая төгрөгөөр үнэлэгдэх нөөцийг өмхөрч ялзраагүй байхад нь авч эдийн засгийн эргэлтэнд оруулж болно.

Босоо модыг унагах эрхийг зөвхөн “Ойн мэргэжлийн байгууллага”-д олгож монополчилсноор тэд мод ба хагас боловсруулсан модон материалын үнийг хэт өндөр өсгөж иргэд хэрэглэгчдийг хохироож байна. Ойн мэргэжлийн байгууллагууд ойн ашиглалтын талбайг ашиглалтын зурвасаас хэтрүүлэх, үндэс тоолон хяргах, ургаж буй нойтон модыг ашиглалтанд бэлтгэж байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.

Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ” гэж заасан. Гэтэл энэхүү байгууллага маань ойг зөвхөн огтолж ашигладаг болохоос биш нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг огт хийхгүй хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, түүнд нь хяналт тавих байгууллагууд зохих шаардлагаа тавьж арга хэмжээ авахгүй байгаа нь сумдын байгаль орчны тасгийн оны эцсийн тайлангуудаас тод харагдаж байна. Иймд ойн мэргэжлийн байгууллагыг ашиглалтын үйл ажиллагаа явуулсан ойн талбайд огтлосон модны тоогоос 10-100 дахин илүү тооны мод ойн нөхөн сэргээлтийн журмаар суулгахаас гадна өмнө нь ой байгаагүй талбайд шинээр мод үржүүлгийн ойн төгөл үүсгэх талаар мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-г өөрчлөн найруулах замаар тус зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна. Хуулийн зохицуулалтыг сайжруулахаас гадна ойн нөөцийн талбай дах модыг үндэс тоолон бүртгэлжүүлж мэдээллийн санд оруулах, түүнийгээ цахим технологийн аргаар хянах аргыг нэвтрүүлэхэд төвөггүй цаг ирсэн байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭРХ ЗҮЙН ТЕХНИКИЙН АСУУДАЛД

Эрх зүйн систем дэх хууль тогтоомжийг системчлэх үндсэн 2 арга байдаг нь кодификаци, инкорпораци. Кодификаци нь төрөлжүүлэн хуульчлах. Байгаль орчны эрх зүйн салбарт нийт 20 орчим хууль, олон зуун журам мөрдөгдөж байгаа нь хууль хэрэглэгчид төдийгүй хэрэгжүүлэгчдэд төвөгтэй байдалд орж эхэлсэн. Үүнийг эрх зүйн нигилизм буюу хэм хэмжээний давхцал гэж үздэг. Тухайлбал Ойн тухай хууль, Усны тухай хууль, Байгалийн ургамалын тухай хууль, Амьтны тухай хууль, Агаарын тухай гэхчлэн хэт жижиглэж хуульчилсан. Үүний оронд Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д баталсанчлан Байгалийн нөөцийн тухай хууль гээд нэг сэдэв доор системчлээд багтаачих юм.

 

Шарайд овогт Цэдэвдоржийн Чойжамц

 

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЭХ СУРВАЛЖ

  1. Монгол улсын Үндсэн хууль 1992 он
  2. Байгаль орчныг хамгаалах тухай хууль 2012 он
  3. Ойн тухай хууль 2012 он
  4. Монгол улсын 2021 оны төсвийн тухай хууль
  5. The Nature Conservancy Олон улсын байгууллагын Монгол дах хөтөлбөрийн газрын тайлан – 2021

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

  • ЗДТГ – Засаг Даргын Тамгын Газар
  • БНХМН – Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна