Хөшөөний эргэн тойронд

2022-05-11 03:12:50 | 344 | 0


Д.УЛААНАА

Сүхбаатар аймгийн төв дэх Дөрвөлж толгой дээрх Алунгоо эхийн хөшөөг саяхан зөөж нүүлгэсэн. Энэ үйл явдалд тус хөшөөг бүтээсэн МУЭ-ийн гишүүн зураач Ё.Бадарч зохиогчийн эрхийн асуудалд халдлаа хэмээн эмзэглэж буй. Бид энэ талаар зураач болон албаны хүмүүсээс тодруулсан юм.

МУЭ-ИЙН ГИШҮҮН, ЗУРААЧ Ё.БАДАРЧ: ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДЛЫГ ХӨНДӨЖ БАЙНА

-Дөрвөлж толгой буюу Баруун-Уртчуудын дээдэлж шүтдэг, эрт дээр үеийн түүх домогтой Их дөрвөлж дээр түүхэн хөшөө баригдах процесс хэрхэн явагдсан бэ?

-2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ойгоор тухайн үед аймгийн Засаг дарга байсан Р.Эрдэнэцогт нартай ярилцаад Төмөртэйн уурхайгаас санхүүжилт авч барихаар болсон. Сүхбаатарын хөшөөг барья гэсэн санал хүртэл гарсан юм билээ. Тэгээд зураач урчуудтай уулзаад, надтай уулзаад, төр улсаа бодсон ч гэсэн Монгол төрийн тухай асуудал их хөндөгдөж, энд тэнд хөшөө дурсгал байгуулах яригдаж байсан болохоор би энэ ажлыг хариуцан авч байсан. Тендер зарлагдаж байгаагүй. Дорнод Монголын хүн чулууг хамгаалах, урлагийн бүтээлд шингээх олон ажилд гар бие оролцож байсан болохоор Алунгоо эхийн хөрөг хөшөөний зураг төслийг гаргасан юм.

Төмөртэйн уурхайгаас гарч буй чулуунуудыг авчирч, нутгийн нэртэй яруу найрагчдын шүлгүүдийг сийлж, шат болгон дээр гарч хүмүүс шүлгээ уншаад, хөшөөндөө очиж мөргөж байг гэдэг утгаар цогц байдлаар хийсэн. Яг газраа сонгохдоо Тэр үед Эрдэнэмандал хийдийн хамба лам байсан Даваажавын хамт УИХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Эрдэнэцогт дарга болон Төмөртэйн уурхайнхан ирээд шав тавьсан. Шав тавихдаа мөн л шашны зан үйлээр нь хийсэн. Даваажав багшийн хэлсэн газрыг ухахад дээшээ харсан пүүз хүртэл гарч байсан. Дөрвөлж дээр хог хаядаг байсан нь тэгж мэдэгдсэн. Даваажав хамба маань Хог гэж бодохгүй дээшээ харсан сав олдлоо гэж бэлэгшээж байсан. Түүхэн байгууламжид оролцсон.

Хөшөөг барих жил гаруйн хугацаанд Хот байгуулалтын газрын дарга байсан Нацагдорж, одоо аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Батсуурь дөнгөж төгсөөд ирсэн байсан. Дөрвөлжийн газрыг хөндөхгүй. Усны хамгаалалттай газар учраас. Уран бүтээлчдийн баг Нацагдорж, аймгийн одоогийн ХБТХОХ-ийн хот байгуулалт, газрын харилцааны бодлогын мэргэжилтэн Ж.Батсуурь хоёроор ахлуулаад нэлээн олон хүний бүрэлдэхүүнтэй энэ бүтээн байгуулалтыг хийж байлаа.

Хүмүүс архиддаг газар байгуулах гэлээ гэж эсэргүүцэх хүмүүс ч байсан. Гэхдээ сүүлд нь ойлгосон. Хөшөөн дээр хуучин монгол бичгээр, Чингисийн сургаалыг бичиж байсан. Д.Нямсүрэн гуайн “Эх орон” шүлгийн хэсгээс, Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла”, Мэнд-Ооёогийн “Дэлхий ээж”, Шагдарсүрэнгийн “Үүрд хамт байгаач, ээж ээ” гэх мэт мундаг шүлгүүдийг чулуун дээр гараараа сийлж байсан.

Төмөртэйн уурхайтай уран бүтээлчийн хувьд гэрээ хэлцэл хийсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Халзан сумын Цэрэндорж багшийн хүү Энхтайвантай уран бүтээлийн гэрээ байгуулж байсан. Нэмэлт төсөв аваад, энэ хөшөө дурсгалыг Цогц бүтээл болгосон. Оюуны бүтээл юм л даа. Гэтэл өнөөдөр миний энэ оюуны бүтээлийг надад огт мэдэгдэлгүйгээр нураасны дараа би аймгийн удирдлагуудтай уулзсан. Баруун-Уртын засаг дарга Ж.Жавхаатөгстэй би энэ байгууламжийг буулгахаас хориод хоногийн өмнө уулзаж байсан. Бага Дөрвөлжид байгаа морьтой хөшөө, аймгийн ойгоор хийсэн нисэхийн наана байдаг Үдэлтийн хаалгыг дахин сэргээх төсөл авъя гэж байсан. Гэтэл Баруун-Урт хотын захиргаанд ч мэдэгдэлгүй нураасан юм билээ. Энэ хөшөө маань эргэн засварлах боломжгүй болсон байна лээ.

2006 онд Алунгоо эхийн хөшөөг ашиглалтад оруулаад Баруун-Урт сумын мэдэлд өгсөн. Түүнээс хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын соёлын өвийн санд бүртгэсэн байх ёстой. Бүх намтар түүх нь байгаа. Яагаад зөөчхөв өө гээд асуусан, аймгийн Засаг дарга, тусгай парк байгуулж, энэ бүтээлүүдийг нэг газар байрлуулна гэсэн. Тэр парк нь хаана хэзээ байгуулагдахыг би мэдэхгүй байна. Олны үгээр бол шинэ байгуулагдаж байгаа цэцэрлэгт хүрээлэнд баригдана гэсэн цуу үг явж байсан. Одоо тэр хөшөө хаана байгааг би мэдэхгүй байна. Хоёр тонн гарантай хөшөө байгаа. Арван жилийн хүүхдүүд түлхэж унагаад эвдсэн асуудал бий. Хөшөөг зөөсөн явдал бол нэгдүгээрт, Зохиогчийн эрхийн асуудлыг хөндөж байна. Хоёрт, Баруун-Уртын өмчийг, соёлын өв хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэлгүй шийдсэн байна. Энэ бол зохисгүй асуудал юм. Бүх аймагт урчуудын эвлэлийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Би Монголын зураачдын эвлэлийн гишүүн, олон улсын зураачдын эвлэлийн гишүүн. Тэгэхээр миний уран бүтээлчийн хувьд хийсэн бүтээлийг бүтээл биш гэж үзсэн, үл тоосон бол би зохиогчийн эрхийг хөндлөө гэж ойлгож байна. МУЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар дамжуулж саналаа өгсөн. Энэ хөшөөг эргээд энд нь байгуул гэхгүй. Урд нь хөшөө дурсгалыг эвдэж сүйтгэсэн, зөөж зөөвөрлөсөн урьдын асуудлуудыг нэгтгэж тавих болно. Урлагийн бүтээлүүдэд хүндэтгэлгүй хандаж байна.

 СҮХБААТАР АЙМГИЙН СОЁЛУРЛАГИЙН ГАЗРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Б.ЗОЛХҮҮ: БИДЭНД ОДОО ХҮРТЭЛ ЯМАР Ч АЛБАН БИЧИГ ИРЭЭГҮЙ

- Дөрвөлж толгой дээрх Алунгоо эхийн хөшөөг саяхан нүүлгэжээ. Танай газар үүнийг мэдсэн үү?

- Энэ асуудлыг өнөөдөр хүртэл бид мэдээгүй. 5 дугаар сарын 6-ны орой зураач Ё.Бадарч гуай ирж уулзаж мэдэгдсэн. Сумдын урлагийн наадам хийгээд бужигнаж байх үед өглөөний алхалтаа хийгээд очтол Алунгаа эхийн хөшөө алга болчихжээ. Гайхаад аймгийн удирдлагатай уулзлаа. Мэдэх  хүн алга. Энэ ямар учиртай юм бэ гэж хандсан.

Харин бидэнд өнөөдрийг хүртэл аймгийн ИТХ-ын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамж гэх мэт цаасан дээр албажсан зүйл ирээгүй. Хөшөөөнүүд хуулиараа түүх соёлын  үл хөдлөх дурсгал гэдэг нэр томьёонд багтдаг. Үүнийг эвдэрч,  гэмтэх, авран хамгаалах шаардлагатай болсон тохиолдолд тухайн аймгийн ИТХ-ын шийдвэрээр авран хамгаалах арга хэмжээ зохион байгуулна. Мөн түүх Соёлын дурсгалыг зөөвөрлөх журам гэж байдаг. Журмын дагуу зөөвөрлөнө. Эрх бүхий субъектээс зөвшөөрөл авч, ямар учраас авран хамгаалах гэж байгааг  тогтоосны үндсэн дээр зөөвөрлөх журамтай. Гэтэл бидний олж авсан мэдээллээр Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэдэг нэрээр шууд зөөвөрлөсөн процесс явагдсан байгаа юм.

Аймгийн Соёл, урлагийн газарт ямар ч албан бичиг ирээгүй, эрх зүйн акт гараагүй учраас бид ямар шийдвэр гарахыг харзнасан байдалтай л байна.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу аймгийн Соёл, урлагийн газарт мэдэгдэх ёстой байх?

- Мэдэгдэх ёстой. Дээрээс нь Алунгоо эхийн хөшөө аймгийн Соёлын өвийн Бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй. Угсаатны зүйн музейд байдаг. Солбицол нь түүн дээрээ байгаа учраас аймгийн ИТХ-ын тогтоолоор авран хамгаалах ажил ном журмын дагуу явагдах байсан. Одоо зөөчихсөн болохоор хаана байгааг нь ч мэдэхгүй байна.

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ: ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН УЧИР АМАН ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН

Аймгийн төвийн Дөрвөлж толгойд цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж сонслоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Аймаг байгуулагдсаны түүхт ойг угтаж, аймаг сумдын нутгийн зөвлөлүүд тухайн жилдээ бүтээлч ажлуудыг хийдэг. Энэ жил Улаанбаатар  хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс аймагтаа бурхны  хөшөөтэй, ойр орчмыг тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн барья. Хаана байгуулах вэ гэдэг санал тавьсан. Энэ асуудлыг бид ярилцаад, Дөрвөлж толгой дээр хийхээр болсон. Энэ бүтээн байгуулалт бол цэвэр хандиваар босно.

“Дөрвөлж” толгой дээрх цэцэрлэгт хүрээлэн 10-аад жилийн өмнө баригдсанаас хойш, одоо цэцэрлэгт хүрээлэн гэхэд хэцүү болчхоод байгаа. Дээш гарсан шатны гишгүүр эвдэрсэн, сүүдрэвчүүд нь бүгд эвдэрсэн, асаж байгаа гэрэл байхгүй. Иймээс улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүйгээр нэг сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болж, ойр орчмыг нь янзлуулаад авна гэдэгт миний хувьд маш их олзуурхаж байгаа. Хэрвээ энэ цэцэрлэгт хүрээлэнг өөр газар байгуулсан бол Дөрвөлжийн цэцэрлэгт хүрээлэнг янзалж л таарна. Ингэхийн тулд улс болон орон нутгийн төсвөөс багагүй хэмжээний мөнгө гарна. Харин Нутгийн зөвлөлийн байгуулах гэж байгаа энэ цэцэрлэгт хүрээлэн улсын төсвөөс гарах мөнгийг нэлээд хэмнэж байгаа юм.

Дөрвөлж толгой дээр байсан Алунгоо эхийн хөшөөг саяхан нүүлгэсэн. Аймгийн Бүртгэл  мэдээллийн санд бүртгэлтэй Түүх соёлын Үл хөдлөх дурсгалыг нүүлгэхийг та мэдсэн үү?

- Мэдсэн. Үл хөдлөх дурсгал гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ энэ дурсгалыг эвдэж гэмтээсэн зүйл байхгүй. Энэ жил Эко хорооллын урд хэсэгт Сүхбаатар аймгийн уран бүтээлчдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Зураг төсөв нь гараад, ажил нь удахгүй эхэлнэ. Тэнд Ё.Бадарч гуайн Алунгоо эхийн хөшөөг байршуулна.

Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг зөөх, авран хамгаалах шийдвэрийг аймгийн ИТХ-ын хурлаар шийддэг тухай хуультай. Гэтэл шийдвэр гараагүй, бас зохиогчид мэдэгдээгүй, мөн орон нутгийн эрх бүхий байгууллагуудад огт мэдэгдэлгүй яагаад зөөсөн юм бэ?

- Аймгийн ИТХ хуучнаар яаралтай үед тэргүүлэгчдээрээ хуралддаг байсан. Одоо Засаг захиргааны шинэ нэгжийн хуулиар Тэргүүлэгчид гэдэг бүтэц байхгүй болсны улмаас орон нутгийн засаг захиргааны ажил явахад хүндрэлтэй болсон. Бүх шийдвэрийг том хурлаар шийдэх ёстой. Аймгийн ИТХ-ын хурал энэ сарын 16-нд хуралдана. Тэр хурлаар энэ асуудлыг оруулж хэлэлцэнэ.

Аймгийн Соёл, урлагийн газар, Баруун-Урт сум зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалын  харьяаны газруудад огт мэдэгдэхгүй гэнэт нүүлгэж болдог уу. Энэ талаар  судалсан уу?

- Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил нь эхлэх гээд байсан учир зөвшөөрөл өгөөч ээ гэдгийг холбогдох хүмүүс хүссэн учир аман зөвшөөрөл өгсөн.

-  Холбогдох хүмүүс гэж хэн бэ?

-  Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймаг дахь Нутгийн зөвлөл.

-  Зөвшөөрлийг нь хэн өгсөн бэ?

-  Би өгсөн.

-  Хөшөөний эх загварыг бүтээгч тантай уулзсан гэсэн. Ямар хариулт өгсөн бэ?

-  Энэ хариултыг л өгсөн.

-  Энэ асуудал зохиогчийн эрхийг зөрчсөн гэдэг маргаан цаашид үргэлжилбэл яах вэ?

-  Гомдол тэмцэлтэй бол асуудлаа тавиад явна биз.

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд: 

42.2.Соёлын өвийн дурсгалт газар байгуулах саналыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Саналд тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг харгалзан үзэж болно.

46.4.Хуульд өөрөөр заагаагүй бол соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага соёлын биет өвийг сэргээн засварлаж болно.

46.5.Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй сэргээн засварлахыг хориглоно гэж заажээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна