Д.УЛААНАА
Хэн нэгэн ямар нэг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд нээлттэй болсон нийгэм бидэнд олон боломжуудыг өгч буй. Тэр утгаараа хэн илүү хөдөлмөрлөж, цаг үеэ мэдэрсэн нь орлоготой байх, цаашлаад бизнесээ өргөжүүлэх нөхцөл дүүрэн цаг үед амьдарч буй маань давуу тал хэмээн хардаг хүмүүс бол орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчид билээ. Тэд байгаа газраа өөр өөрийн цомхон ч эрэлттэй байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон хөдөлмөрлөсөөр явна.
Харин тэднийг зангидаж, мэргэжил арга зүй, зөвлөгөө, сургалтад хамруулах үүрэгтэй байгууллага нь МҮХАҮТ-ийн салбар танхим. Аймаг бүрд байдаг энэ салбарын гишүүн болох нь орон нутгийн бизнес эрхлэгчдэд олон боломж олгодог хэмээн Сүхбаатарын бизнесийн салбарынхан хэлж байв.
Тэд саяхан хаяа зэргэлдээ Хэнтий аймгийн Чингис хотоор аялж, өөрсдийн үйл ажиллагаатай ижил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан юм. “Автобустай аялал” хэмээх содон нэртэй аялалд Сүхбаатар аймагт ЖДҮ эрхэлдэг 40 орчим бизнесмэн оролцсон юм. Хоёр дахь удаагаа зохиогдож буй энэ аяллынхан багтаа ЧИНГИС нэр өгсөн. Их хааны өлгий нутагт зочилж буй учир ийн бэлгэдэн ийн нэрлэж хоёр бүтэн өдрийн аяллаа эхлүүлсэн юм.
МҮХАҮТ-ын Сүхбаатар салбар зохион байгуулж, хөнгөлөлтэй үнээр шинэ санаа, шинэ туршлагыг нэвтрүүлэх зорилготой болсон уг аяллын үр дүнд тэд аймагтаа нэвтрүүлэх өвөр дүүрэн “олз”-той ирсэн гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.
Сургалт, танилцах аялалтай хослон болсон энэхүү үйл ажиллагаа оролцогчдод сонирхолтой байснаас гадна үзэж харсан зүйл бүр нь анхаарал татахуйц байв.
УЙДАМГҮЙ СУРГАЛТ
АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлагаар дамжуулан тус улсын ард түмний дэмжлэгээр хэрэгждэг Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой BEST хөтөлбөрийн Хэнтий аймаг дахь сургагч багш Хөгжлийн шийдэл ТББ BEST хөтөлбөрийн бизнесийн зөвлөх Н.Болортуяа, сургагч багш Д.Оюунжаргал, Хөгжлийн шийдэл ТББ BEST хөтөлбөрийн засаглал хариуцсан зохицуулагч П.Амармэнд нар оролцогчдод олон чухал мэдээллийг өгсөн юм. Бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөр, ЖДБ эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллаж буй талаараа болоод бизнесээ өргөжүүлэх арга замуудын талаар зөвлөн туслах сургалт оролцогчдод гойд таалагдав. Сургагч багш нарын заах арга барил, шинэлэг, сонирхолтой байсан тул оролцогчдын хүлээн авах чадамж ч өндөр байлаа.
Бизнесийн зээл авахад шаарддаг олон төрлийн бичиг, баримт, барьцаа хөрөнгө, борлуулалтын орлого зэрэг дарамт ихтэй нөхцөлүүдээс үүдэн зээл хөөцөлдөх урам зориггүй болдог тухай, түүнчлэн сум болон ОНХС-ийн зээл жинхэнэ эздэд биш, танил талтай хүмүүст л очиж буй зэрэгт санал нэгдсэн нь орон нутгийн бизнес эрхлэгчдэд учирдаг гол саад аж. Эл асуудал зөв гольдрилдоо ороосой гэдгийг автобустай аялагчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн нь тэдний “хашгираан” байсан юм.
БИЗНЕСИЙНХНИЙ ӨНГӨ ТӨРХИЙГ БҮСГҮЙЧҮҮД ТОДОРХОЙЛЖ БАЙНА
Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгчдийн цех, ажлын байраар явлаа. Аймгийнхаа онцлогт тохируулан үйлдвэрлэл эрхэлдэг тэднийг маш хөдөлмөрч юм хэмээн Сүхбаатарын бизнес эрхлэгчид тодорхойлов. Амралтын өдрүүдээр ч ажилладаг хувийн хэвшлийнхний буцалсан их ажлыг голдуу бүсгүйчүүд нугалж байна. Санаачлагч, хэрэгжүүлэгч, удирдагч, захирал, эрхлэгч гээд ажлын голыг тэд л үүрэх нь гайхамшигтай. Энэ аялалд оролцогч Сүхбаатарын бизнесменүүдийн 90 гаруй хувь нь мөн л бүсгүйчүүд байсан. Эл дүр зургаас харахад бүсгүй хүн ямар их зориг, тэвчээртэй, хөдөлмөрч, бүтээлч байдаг нь хоёр аймгийн хувийн хэвшлийг авч яваа тэдний уйгагүй чанар хэлээд өгөв. Мужааны цех, чулуун эдлэл, цонхны үйлдвэр зэрэг цөөн хэдэн үйлдвэрлэлээс бусад бүх ЖДҮ-ийн түүчээ нь болсон эмэгтэйчүүд бидэнд үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Хөл дээр нь босгосон бизнесээ өргөжүүлэх, тэлэх талаар байнга шинийг эрэлхийлдэг тэдэнд гол тулгардаг асуудал нь ажиллах хүчний эрэлт.
Хэнтий аймаг нийслэл Улаанбаатар хоттой харьцангуй ойр оршдог. Хатуу хучилттай замаар холбогдсон тул залуус нийслэлд очиж ажиллах нь олширсноос орон нутгийн хувийн хэвшилд ажиллах хүч хомсоджээ. Үүнд ЖДҮ эрхлэгчдийн зүтгэлээс илүү төрийн бодлого чухал буйг тэд онцоллоо.
Чингис хот дахь хүнсний дэлгүүрүүдийн бараа өргөн сонголттой, үйлчилгээ шуурхайгаас гадна, эмх цэгцтэйгээр өрж хураасан нь анхаарал татлаа, эн мэт жишгийг өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ хэмээн сумдын бизнес эрхлэгчид олзуурхаж байсан юм.
Цаг хугацааг хөдөлмөр болгож, цай уухаа жаргал болгож чадсан бүсгүйчүүдийн эрхэлдэг бизнес гойд хүртээмжтэй нь сонин. Тухайлбал хонины ноосон утсаар төрөл бүрийн хувцас хийж борлуулдаг “Энх наран эрхэс” ноосон хувцас үйлдвэрлэлийн эзэн Д.Энхмаагийн бүтээгдэхүүний үнэ бусад төв суурийн газруудаас харьцангуй хямдаас гадна өнгө, загвар сайтай тул автобусны аялагчид цөөнгүй хувцас худалдан авсан юм. “Нандин өв соёл” нэртэй урлангийн бүсгүйн чамин тансаг бүтээлүүд ч хараа булаана. Талх, нарийн боовны цехийн бүтээгдэхүүнүүдийг ч хөрш аймгийнхан нэлээд хэмжээгээр авч харьсан нь амт чанарыг нь үнэлснээс гадна жаргал зовлон нэгтэй бизнесийнхнээ дэмжсэн хандлага байлаа. Тэднийг хийсэн, хийхээр төлөвлөсөн, одоо хийж байгаа ундарсан их ажил, санаачилга, ААН-ийнхээ үйл ажиллагаа, хамт олныг зохицуулж буйг хараад, ХЭЗЭЭ НЬ АМАРЧ, ХЭЗЭЭ НЬ ХАЙРЛАН ДУРЛАЖ, ХЭЗЭЭ НЬ ӨӨРТӨӨ БОЛОН ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ГАРГАДАГ ЮМ БОЛ ДОО... Бүсгүйчүүд мандтугай... гэмээр бүтэн биеэ умартаж ажиллах нь бахдууштай.
АЖИЛЛАХ ХҮЧ ХААЧИВ?
Ажлын байр нь байхад ажил хийх залуус ховордсон ганцхан жишээ энд дурдъя. Чингис хотод цөөнгүй жил мужааны цехийн 7-8 ажилтан бүгд тэтгэврийнхэн. Тэдний хамгийн залуу нь 60 орчим настай. Тус цехийн ажилтнууд сар бүр дунджаар 1,5 сая төгрөгийн цалинтай. Гэвч тэдэн дунд залуу хүн байхгүй нь анхаарал татна. Цехийн эрхлэгч Л.Зоригханд: Манай цехэд ажиллавал модон эдлэл хийх технологид суралцана. Цаашлаад амьдрах ухаан сууна. Бид тэр тал руу нь илүү зөвлөн, сургаж ажилладаг гэлээ. Харамсалтай нь олонх залуус сургуулиа төгсөөд төв суурин бараадаж, аль болох биед амар, цалин боломжийн ажил хайж оддог ажээ. Энэ нь өнөөгийн нийгэмд үүсээд буй бэлэнчлэх сэтгэлгээтэй хойч үе бий болоод буйн гашуун үнэн билээ.
Чингис хотын зочид буудлууд, ресторануудын үйлчилгээ, хоолны амт чанарын тухайд хол ойрын зочид ам сайтай гэдэг нь үнэн ажээ. Тэд үйлчилгээгээ илүү боловсон, хоолны амтаа сайжруулах тал дээр өдөр бүр туршлага судлан суралцдагаа эзэд нь хэлсэн юм. Магад тийм эрэл хайгуул хийж, хөгжих боломжийг судалдаг нь бусад ижил төрлийн бизнесээс ялгарч, үйлчлүүлэгчдээ татах гарц болдог буй за.
ХЭНТИЙН ИРГЭД ХӨДӨЛМӨРЧ
Сүхбаатар аймгаас автобустай аялалд оролцсон аж ахуйн нэгжүүдийн зарим төлөөлөл хөрш аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдээс юу олж харсан талаараа бидэнд сэтгэгдлээ хуваалцсан юм.
Түмэнцогт сумын бизнес эрхлэгч А.Нандинцэцэг:
Хэнтий аймагтболсон сургалтад хамрагдсандаа баяртай байна. Маш олон зүйлийг мэдэж авлаа. Тухайлбал, бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай зээл, санхүүгийн дэмжлэгийг хэрхэн авах боломжтой талаар “Best” хөтөлбөрийн сургагч багш нар маань маш тодорхой хэллээ. Яг ийм онол практик хосолсон сургалтад хамрагдаж байгаагүй. МҮХАҮТ-ийн Сүхбаатар аймгийн салбар танхимдаа баярлалаа.
Хэнтий аймгийн урдаа барьдаг хүнсний дэлгүүрүүдээр орж үзлээ. Бараагаа маш гоё өрдөг юм байна. Үйлчлүүлэгчдээ дахин үйлчлүүлэх боломжийг яаж хангадаг аргыг олж харлаа. Олж авсан туршлагаа сумандаа очиж хэрэгжүүлнэ.
Мөнххаан сумын “Алтантээл баясгалант” ХХК-ийн ажилтан Ж.Анхтуяа:
Хоёр өдрийн үр дүнтэй сургалтад хамрагдсандаа баяртай байна. Маш их зүйлийг мэдэж авлаа. Хэнтий аймгийнхан хөдөлмөрч хүмүүс байдаг юм байна. Харилцаа, хандлага маш их таалагдлаа.
Мөнххаан сумын бизнес эрхлэгч М.Булгамаа:
Энэ сургалтад хамрагдсанаар их зүйлийг мэдэж авлаа. Мөнххаан сумаас хот руу дамжин өнгөрдөг л болохоос Чингис хотод саатан бууж, ААН-үүдийн үйл ажиллагаатай нь ингэж танилцаагүй. Сурах, нэвтрүүлэх шинэлэг зүйл олон байна. Хэнтийчүүд маш хөдөлмөрч хүмүүс байдаг юм байна. Ялангуяа дэлгүүрийн бараагаа маш эмх цэгцтэй өрсөн нь анхаарал татлаа. Хүмүүсийнх нь харилцаа маш гоё найрсаг юм.
Баруун-Урт сумын бизнес эрхлэгч З.Рэгзэдмаа:
МҮХАҮТ-ийн Сүхбаатар аймгийн салбар танхимаас зохион байгуулсан туршлага судлах сургалт, аялалд оролцсондоо баяртай байна. Бизнес эрхлэгчид ямар боломж байдаг, өөрсдөөсөө шалтгаалсан ямар зүйлд алддагаа мэдэж авлаа.
Хэнтий аймгийн бизнесийн байгууллагууд манайхаас олон талаараа давуу талтайг харлаа. Бизнесээ байнга өргөжүүлдэг, санаачилгатай байж, өөрийнхөө ажиллах ёстойг илүү ухамсарласан нь мэдрэгдлээ. Мөн маш хөдөлмөрч юм байна гэдгийг харлаа.
Эрдэнэцагаан сумын бизнес эрхлэгч С.Эрдэнэтуяа:
МҮХАҮТ-ийн Сүхбаатар аймгийн салбар танхимаас олон сайхан сургалтууд зохиодог. Энэ сургалтаас би олон зүйлийг мэдэж авлаа. Сурах зүйл ч их байна. Хэнтий аймгийн ЖДҮ-үүдийн бүтээгдэхүүн нь шууд хэрэглэгчдэдээ хүрдэг, дээрээс нь гол гол үйлдвэрүүд нь аймгийн төвдөө байгаа нь бүтээгдэхүүний өртөг хямд байх боломжийг бий болгодог юм байна. Чингис хотод олон томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн байна. Түүнийг дагаад бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа өргөжих боломж бүрджээ гэж харлаа.
МҮХАҮТ-ийн Хэнтий аймгийн салбар танхимын дарга Батболд Сүхбаатарын бизнес эрхлэгчдэд аймгийн төвөө танилцуулах аяллыг эртнээс төлөвлөжээ.
Чингис хотод сүүлийн үед баригдаж буй баатруудын хөшөө бүхий шинэ цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд, хийд, аваргуудын хөшөө, танктай цэцэрлэг гэх мэт аялагчдын очих дуртай бүхий л газруудыг сонирхуулж тайлбарласан тус салбарын менежер Б.Мөнхчимэгт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Аяллын өртөө Сүхбаатар аймагт болоход найрсгаар зочлон угтана гэдгээ автобустай аяллынхан үүгээр дамжуулан дайж байна.
Аяллын турш хамт байж, сайхан дурсамжуудыг бүтээлцсэн аймгийнхаа бизнес эрхлэгчдэд, МҮХАҮТ-ын Сүхбаатар салбарын дарга Б.Мөнхбат, менежер Э.Батзаяа ,түүнчлэн манай сонинтой хамтран ажиллах гэрээ байгуулсан Эрдэнэцагаан сумын бизнесмэн бүсгүй С.Эрдэнэтуяа, Баруун-Урт сумын Бизнес бүсгүй З.Рэгзэдмаа, “Арвижих” дэлгүүрийн захирал Э.Энхцэцэг, аялалд оролцох боломж олгосон Хишиг супермаркет дэлгүүрийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхцэцэг эгчдээ гүн талархал илэрхийлье.
Дараагийн аялалд дахин хамт явж, илүү сайхан, шинэ санаа, бүтээлч санаачилгыг орон нутагтаа авчрах өдрийг хүлээж байна.
Д.УЛААНАА
Сэтгэгдэл үлдээх