Д.УЛААНАА
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ СҮҮДЭРТ ӨРТСӨН ЭЭЖ, ОХИН
1931 оны хонь жилд Монгол Улсын зүүн аймгийн хөдөөх айлд нэгэн охин мэндэлсэн нь өдгөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумандаа түүхийн буурал түүхийг тээн налайн насалж буй Цэвэгийн Цэгмид гуай юм. Олон жилийн тэртээ өнгөрсөн түүний хүүхэд нас жаргалтай байсангүй. Ганц Цэгмид гуай ч биш тэр үеийн хүүхдүүд хэлмэгдүүлэлт, дайны жилүүдийн хавсарсан сүүдэр доор тэвчин тэсэхээс аргагүй нөхцөлд өссөнийг дурсах буурлуудын нэг нь найрууллын маань баатар билээ. Эмнэг сургах, морь уургалах, эсгий хийх, үнээ саах, сүү борлуулах гээд хөдөөх айлын хүүхдүүдийн хийдэг зах хязгааргүй их ажлыг залгуулсаар хүн болсон буурал.
Аав Дарам нь түүнийг бүүр жаахан байхад өөд болж, /хороогдсон гэдэг /ээж нь хүү, охин, өөрийн ахын хамт амь зууж ахуйд их хэлмэгдүүлэлтийн үе буюу 1937 онд ахыг нь, хоёр сарын дараа ээжийнх нь ахыг шөнө дөлөөр машинтай хүмүүс ирж, баривчлахыг, айхдаа орны хөндийдөө нуугдаж байсан охин урт төмөр /буу/ тулгаад аваад явахыг харжээ. Түүнээс хойш эд хөрөнгө, мал хуйг нь таван өдрийн зайтай хоёр удаа ирж хуу хаман одсон хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг Цэгмид гуай одоо ч мартдаггүй.
Өрх толгойлсон эмэгтэй хүнд энэ үйл явдал тэсвэрлэшгүй бэрх. Ээжийг нь уйлан унахад саахалтын Аюур хэмээх айлын хөгшин өргөж түшихэд 10 нас ч хүрээгүй жаахан охин хормойдон дагахдаа бяцхан зүрх нь тасран урагдах шиг энэлж. Тийн баригдаж явснаас хойш хоёр сарын дараа мал хөөсөн хүмүүсийн ачаатай тэргэнд дайгдаж, Хэрлэн голын гүүрний дэргэд хонь хариулж байсан ахтайгаа хальт уулзсанаас хойш барааг нь хараагүй гэнэ. Кинонд гардаг шиг ахыгаа “мөн ч их хүлээдэг байжээ. Хожим буудан хороогдсон тухай сонссон гэдэг. Ийн нэг гэр бүлийн дөрвөн хүний хоёр эрэгтэй нь хэлмэгдэн, эргэж ирэхгүйгээр одов. Ах нарыг нь хэрхэн хэлмэгдүүлснийг цагаатгасан тухай Хэлмэгдүүлэлтийн цагаан номд бичигдэн үлджээ.
ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ НААДМЫН УНААЧ ОХИН
Цэгмид гуайн өнгөрсөн амьдралынх нь түүхийг сонсоход цаг хугацаагаар аялах шиг содон дурсамжууд олон ажээ.
Халх голын дайн болж байх үед Бүх цэргийн наадам гэж Дорнод аймагт болжээ. 1939 онд байх аа. Ид байлдааны үед хэмээн Цэгмид гуай дурсаж байна. Тэр наадамд ойр нутаглаж байсан хэдэн айл морь уяж очиход Цэгмид гуай нэгийнх нь морины унаач хүүхдээр явжээ. Хурдан морьд уралдааны замд гарахад дээгүүр нь онгоцнууд зөрөлдөн нисэж байжээ. Наадмын хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй /чүдэнзний хайрцаг дээрх зураг шиг гэж дүрслэн ярив/ тэдгээр онгоцнууд маш доогуур нисэж байсан тул дуу чимээ нь дүлийрэм их. Уралдааны замд толгой, хүзүүгээ цагаан маарлаар боосон /шархадсан/ цэргүүд замын хажуугаар сажилж явахтай ч таарсан гэдэг. Түрүүлж айрагдсан морьдын бай шагналыг цэрэг хувцастай залуус өгч байхыг харсан наадамчид, энэ сайхан залуус маргааш гэхэд байлдааны талбарт очно шүү дээ хэмээн халгалж байсныг сонссоноо сонин болгож хуучилсан.
АМЬДРАЛД СӨХРӨӨГҮЙ ЭЭЖ
Сөхөрч болдоггүй амьдралтай тэмцэж хэлмэгдсэн ах, бас хүүгээсээ хагацаад, үлдсэн ганц охиноо хүний зэрэгт хүргэх гэж зүтгэх ээж нь Цэгмид гуайг орь залуу 30 настай байхад /1961 он/ бурхны орон руу явчхаж. Түүнээс хойш гурван жилийн дараа буюу 1964 онд хань Самданг нь мөн л бурхан дуудаад авчхаж. Цэгмид гуай өнчин хэдэн хүүхдээмөр бүтэн, гэдэс цатгалан өсгөхийн тулд таарсан ажлаа хийнэ. Социализмын үеийн хатуу нийгэм одоогийнх шиг хувиараа хийх ажил олдох биш. Сумын төвд баригдаж буй барилгад ажиллах, сумын клубийн үйлчлэгч, гуанз гээд олдсон ажил бүрийг хийсээр он жил өнгөрөхийг ч үл анзаарах энүүхэнд.
Зургаан сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн Цэгмид гуай хүүхдүүдээ тэр бүр эрдэм номын мөр хөөлгөж чадаагүй. Ядуу ч байлаа, өнөөгийнх шиг том сургууль үгүй байсан болохоор 10 дугаар анги төгссөн хүн боловсролтойд тооцогддог байж. Тэгэхэд 4 дүгээр анги төгссөн хүн одоогийн 10 дугаар анги төгссөн хүнээс илүү мэдлэг, чадвартай байлаа шүү дээ хэмээн сургалтын чанарыг ганцхан өгүүлбэрээр илэрхийлсэн. Хоёр дахь охин яруу найрагч Ц.Оюундэлгэр маань л сүүлд өөрөө зүтгэсээр дээд боловсрол эзэмшжээ. Тэднийдээ очих дуртай ч холдоод байдаг гэнэ. Өндөр боловсрол мэдлэгтэй эсэхээс үл хамаарч сэтгэлийг нь зовоохгүй сайхан амьдарч байгаа хүүхдүүдээ харах л ээж хүний жаргал аж.
МОРИО УНАМААР Л БАЙНА
90 гаруй наслахдаа юу эсийг үзэх вэ дээ. Том охин нь автомашины ослоор өөд болоход хэлмэгдүүлэлтийн хар шуурга нөмөрсөн балчир насных нь хүнд өдрүүд буцаад ирэх санагдаж энэлсэн гэдэг.
Гэвч миний охин ээждээ буцаад ирсэн хэмээн сэтгэлээ тайтгаруулж сууна лээ. Сүхбаатар сумынхаа Дэлгэр-Ус хэмээх дэлэнт мал дүүрэн нутагт анх айлын бэр болж ирсэн цэл залуу бүсгүйн хүүхдүүд одоо Дарханхаан уулаа тойрон нутаглаж байна. Тахилгат их хайрхан Дарханхаан уулаа наян насыг давтал морь унаж гороолдог байжээ. Одоо ч гэсэн морь унаж уулаа тойрмоор байвч, хүүхдүүд нь өндөр настай ээжийгээ унаж бэртэхээс болгоомжилж тас хориглодог. Сүүлийн хэдэн жил л моринд ойртоогүй болохоос Дэлгэр-Уснаас сумын төв рүү морь унаж ирж очдог байсан түүнийг нутгийнхан нь “Морьтой ээж” хэмээн нэрлэдэг. Араг хөмөрч байгаад, дээр нь гарч морддог байсан үе ч саяхан. “Морь унамаар байна, эмээл байхгүй болгочихлоо...” гэж хүргэнээ зэмлээстэй. Бид нар айгаад хүрч чаддаггүй омголон морийг ч эргэцүүлж байгаад мордчихдог байсан хэмээн хүү С.Энхбаяр нь ээжийгээ эрэмгий бүсгүй болохыг бахархан ярьсан юм.
Хоёр жилийн өмнөөс сумын төвд суурьшин ач хүүгийнхтэйгээ хамт амьдарч байна. Сүхбаатар сумын төвийн дэлгүүр хоршоогоор хааяахан ордог Цэгмид гуайг олон түмэн андахгүй. Хөгшин ч олон төрийн нүүр үзсэн хүний додигор зан цухуйлгаж залуусыг хөгжөөнө. Миний барьсан цүнх ЭЭС /S/ байна уу? хэмээн хоржоонтойгоор мэндчилэх бууралтай залуус баясан уулзах дуртай гэнэ.
СҮХБААТАР СУМЫН АМЬД ТҮҮХ
Саяхан Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан Цэгмид гуайн одонгийн цайллагыг үр хүүхэд, ач зээ нар нь төрөлх суманд нь хийлээ. Манай сумын түүхийн амьд архив шүү дээ хэмээн сумын удирдлагууд нь хүндэтгэх юм. Сумын төвд байдаг хуучны барилга бүрийн түүхийг ярина. Тэдгээр байшингуудыг босоход бүгдэд шахуу гар бие оролцсон болохоор аргагүй биз.
Түүнийг суманд нь танихгүй хүүхэд ховор юм. Ухаан санаа саруул, өнөө л хөгжилтэй зан нь үе үе цухалзаж, ойр хавийнхнаа инээлгэнэ. Үг хэл, хурц тод, уран цэцэн гэж жигтэйхэн. Цайллагад ирсэн хүн бүрд шахуу цалгисан сайхан ерөөл айлдахад нь алга нижигнэж, хайрлан бахархах олны сэтгэл давлагаа мэт сүртэй.
Цайллагадаа тоорцог малгайгаа өмсөж, одонгоо зүүсэн нь онцгой. Торгоны өөдсөөр оройг нь гоёж, сагалдаргаар нь эрүүн доогуураа унахааргүй бэхэлж өмсдөг тэрхүү малгайг өөрийн гараар урлаад өмсчихдөг. Бүх зүйлийг өөрөө хийж, эвлүүлж зүйж, нөхөж хавсаар хэдэн хүүхдийнхээ дутууг гүйцээж асан амьдралаас үлдсэн ухаан нь юмхнаар юм хийх. Хөнгөн шингэн ч гэж учиргүй.
Нүд, чих муудаагүй байсан бол хэдэн хүүхдийнхээрээ ээлжилж айлчлаад явахгүй юу хэмээн хошигносоор зуны сууц хэмээх модон пиндээ тухална. Хаврын сар гарав уу үгүй юу, пиндээ орно гээд сандаргачихна. Гөеөгийнхөө суух дуртай доогуураа хөндий чаргатай пинг ач хүү нь доторлон тохижуулж, хоёр талд нь цонх гаргасан нь салхи нэвт үлээн сэрүүцүүлнэ. Жижигхэн төмөр зуухандаа цай чанаж, орсон гарсан бүхнийг дайлж цайлна.
Дарьгангын Алтан-Овоондоо 2014 оноос хойш очоогүй. Чадалтай байсан бол их тахилгад очихгүй юу хэмээн санаашрангуй... Харин хоёр ахыг нь баривчлагдах үеэр нутаглаж байсан газрынх ойр байдаг Пүнгийн Алтан-Овоондоо бол очно шүү хэмээн баясангуй. Насны нар хэвийсэн учир ханиадыг алгасахгүй хүрдэг болжээ.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ийм л нэгэн амьд домог болсон буурал аж төрсөөр. Туулсан амьдралынх нь зам нэрийн хуудас нь болсон сайхан бууралдаа урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.
Сэтгэгдэл үлдээх