Д.УЛААНАА
/Аян замын тэмдэглэл/
Хялгана халиурч, нар ээсэн намар цагаар Дорнод аймгийн Баян-Уул сумыг зорилоо. “Улзын Уянга, яруу найргийн наадамд оролцох нутгийн уран бүтээлчид, МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүн, яруу найрагч Ц.Оюундэлгэр, тус салбарын гишүүн, Ганхуяг, Гантулга, Мөнххаан сумаас оролцогч ахмад яруу уран бүтээлч Дандарбаатар, залуу найрагч Б.Анхбаяр нарын хамт аян замын дөрөө хоршуулав. Бидэн дээр нийслэл хотоос МУСГЗ яруу найрагч С.Амартайван, яруу найрагч Ч.Эрдэнэбаатар нар ирж, Сүхбаатар аймгийн баг бүрдсэнээр найргийн тэмцээнд оролцсон юм.
Дорнод аймгийн төвөөс 200 гаруй километрт оршдог дээрх тус ОХУ-ын хилийн наахан талд оршино.
Тус сумтай холбоотой түүхэн баримт сөхвөл: Баян-Уул сумын одоогийн 6-р багийн нутаг дэвсгэр дайны ар тал, бэлтгэл болж байжээ. Баян-Уул суман дахь Хонхрын дэлгүүрийн цагаан байшин нь шатахуун түгээгүүрийн газар болон дайны цувааг нэвтрэн өнгөрүүлэх цэг байжээ. Мөн Цагаан-Овоо сумаас хойш 10 орчим км газарт бас адилхан байшин, шатахуун түгээгүүрийн цэг, Оросын улс төрийн болон эрүүгийн хоригдлуудын байр, Эрээн нурууны Засмал давааны ард Ар Хөндлөнгийн гүүрийн хажууд улс төрийн болон эрүүгийн хоригдлуудын байр байсан тухай баримтууд бий. Чойбалсан хотоос Ульхан боомт хүртэлх сайжруулсан шороон зам нь Халхын голын дайны үед тавигдсанажээ.
Баян-Уул сум 5000 орчим хүн амтай, аймгийнхаа хэмжээнд хоёрдугаарт ордог. Сүхбаатар аймгийн нутгаас тийш очиход Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдыг дамжина. Цагаан-Овоо сумаас 80 километр яваад өндөр ургасан модод замын хоёр талаар сүглийх нь намрын шаргал нартай хоршин байгалийн чамин үзэмжийг бүрдүүлжээ. Баян-Уул сумаас урагшаа сайжруулсан замыг засах ажил эхэлж, хүнд механизмууд ажиллаж байлаа. Бумбатын даваа уруудаад, хэсэг яваад л нийт хүн амынх нь 80 хувийг буриад ястнууд эзэлдэг, Улз голын эрэгт орших Баян-Уул суманд хүрэв. Сумын төв нь нэлээд том. Яг л Оросын тосгонууд шиг байшингуудтай. Талх, цөцгий, мойлтой тос гээд ажилсаг түмний аж амьдрал сэнхийнэ.
Дээр өгүүлсэн найргийн наадам бол Улз голын буриад хошуу байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан тус сумын сургуулийн захирлаар олон жил ажилласан Д.Энхбарсын санаачилгаар зохион байгуулж байгаа олон ажлуудын нэг нь. 1922 онд байгуулагдсан буриад хошууны түүхийг залуу үедээ таниулах, нутагтаа хүндлэл үзүүлэх зорилгоор таван ажил зохиож байгаагийн нэг нь зүүн гурван аймгийн найрагчид шүлгэн хүлгээр уралдсан найргийн наадам байлаа. “Нутагтаа хүндэтгэл үзүүлэх сэн...” гэдэг бодлоо олон жил тээсэн хэмээн тэрхүү ажиллагааг зохион байгуулагч Д.Энхбарс хэллээ. Үүнээс гадна “Унаган нутаг Улз” эсээ бичлэг, Улз голын дагуух Хэнтий, Дорнод аймгийн сумдын сургуулийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, Улз голын буриад хошууг магтан дуулсан дууны уралдаан, “Улзын хишиг” азын сугалааг ч давхар зохион байгуулсан юм.
Урьсан зочдод үзүүлж, сонирхуулах зүйл ихийг бэлджээ. Баян-Уул сумын уугуул сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Цэндийн Бадамдорж агсны охин Б.Энхцэцэг, Б.Одцэцэг нар санаачлан найз нөхдийн хамтаар орчин цагийн шийдэл бүхий шинэ номын санг тохижуулан тус сумын Ерөнхий боловсролын сургуульд 9 дүгээр сарын 14-ний билэгт сайн өдөр хүлээлгэн өгчээ. Энэхүү номын санг 90 сая төгрөгийн өртгөөр байгуулсан бөгөөд уншлагын заал, номын фондын өрөө гэсэн хоёр танхимтайгаар иж бүрэн тохижуулжээ. Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн номын сан нь 2007 онд Ц.Бадамдорж гуайн нэрэмжит болсон бөгөөд ийнхүү шинэчлэгдэн уншигч хүүхдүүддээ үйлчилж байна.
Соёлын төвд нь Д.Энхбарсын хувийн цуглуулгаас бүрдсэн хуучны сургуультай холбоотой музей дэлгэсэн байв. 1930-аад оны үеийн сурагчийн модон ширээ, сандал, хичээнгүй бичсэн дэвтэр, диплом, шугам сампингаа эхлээд, өдгөө тэр бүр бидний мэддэггүй олон зүйлс тавигдсан үзэсгэлэнг нэг сарын турш нийтийн хүртээл болгох аж.
Баян-Уул сумын урд хэсэгт таван га газарт 16 мянган мод тарих ажил эхэлжээ. Тус суманд мод ургах нөхцөл хамгийн сайн бүрдсэн учир “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорнод аймагт тарих 20 сая модны зургаан саяыг нь Баян-Уул суманд тарихаар төлөвлөжээ. Биднийг очих үеэр намрын мод тарих ажил ид өрнөж байлаа. Очсон зочид төлөөлөгчдөөр нэг, нэг мод суулгуулж, сумынхаа ногоон байгууламжийн түүхэнд хөрш аймгийн уран бүтээлчдийнхээ нэрсийг сийлж, сайхан түүх бичсэндээ бид баярлаж байгаа.
Буриад нутаг, зон олноо дээдэлж үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан дээрх уралдаануудын шагналын сан өндөр байсан нь оролцогчдод томоохон урам өгч чадсан юм. Төрөлх нутгаа хүндэтгэж, ивээн тэтгэгчээр ажилласан байгууллага, хувь хүмүүсийг зохион байгуулагчид зарлалаа. Зүүн бүсэд сүүлийн жилүүдэд болоогүй томоохон яруу найргийн тэмцээнийг хүлээсэн, зорьсон, шүлэг сонсох гэж догдолсон олны цугларалт доор гурван аймгийн 30 орчим найрагчид гурван шаттайгаар шүлгээ уншлаа. Эхний шатанд чөлөөт, хоёр дахь шатанд буриад зоны тухай, харин сүүлийн шатанд Баян-Уул гэдэг нэрийн эхний үсгүүдээр шадалсан шүлэг унших даалгавартай уралдааны дүн гарахад:
Дорнод аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн П.Гэрэлхүү тэргүүн байр эзэлж, Сүхбаатар аймгийн залуу яруу найрагч Б.Анхбаяр 2 дугаар байр, Дорнод аймгийн уран бүтээлч, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Мөнхсайхан 3 дугаар байр, Хэнтий аймгаас оролцогч МЗЭ-ийн шагналт, Болор цом-37 наадмын дэд байрын шагналт яруу найрагч Б.Энхжаргал 4 дүгээр байрт, Дорнод аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүн яруу найрагч Улаанхүүхэн 5 дугаар байрт тус тус шалгарав. Найргийн тэмцээний шүүгчид оролцогчдын насны ангилал, туулж ирсэн зам, хүйсийн тэнцвэрт байдал зэргийг нарийн мэдэрч дүгнэх шиг.
Уг наадам Баян-Уул сумын шинэхэн баригдсан 250 хүний суудалтай, сумдад тэр бүр байдаггүй Соёлын төвд болсон юм.
Гар зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлийг Соёлын төвийн зааланд байрлуулжээ. Яг л уран зураачдын үзэсгэлэн мэт утга төгөлдөр, өнгө будгийн хоршил нь буриад хошууны онцлог, өвөрмөц аж амьдралыг өгүүлсэн нь анхаарал татна. Дууны бүтээлийн уралдаанд оролцсон бүтээлүүд, уран бүтээлчид нь ч чамбай. Эсээний уралдаанд тэргүүлсэн бүтээл таван цувралаас бүтсэн гэдгийг шүүгчид оролцон тусгайлан баяр хүргэлээ. Азын сугалаанд тэр өдөр Соёлын төвд цугласан нийт иргэдийн дундаас хурдан удмын даагаар манлайлуулсан олон азтануудын дотор зүүн аймгуудаас очсон зочид ч багтав.
Суманд болж буй үйл ажиллагаа тийм өргөн, тийм өндөр зохион байгуулалттай болж буйд очсон зочин бүр талархаж байсныг онцолъё.Буриад ястнаа гэсэн сэтгэл зүрх, тэмүүлэл, хөдөлмөр нь бүхий л уралдаан, зохиосон ажилд оролцож буй уугуул нутгийн иргэдийнх нь хандлага, идэвхээс харж болохоор.
Хоёр дахь өдөр нь Баян-Уулчууд урьсан зочдоо Онон голын эрэг дэх амралтын газарт байрлуулж, байгалийн сайхан, бахархам мөрний эрэгт үдлүүлэв юм.
Онон гол яг л
Ариухан Онон миний л гол
Алдхан биений минь амин гол
Уртхан Онон миний л гол
Уг биений минь улаан гол... хэмээн яруу найрагчН.Нямдоржийн шүлэглэснээр уулга алдмаар үзэсгэлэнтэй бас цэнгэг. Голын хөвөө, унасан модод хүртэл өнө эртний дурсамж, дурдатгалыг өгүүлж, цаг хугацаа зогссон мэт нам гүмийг тунгалаг усных нь урсгал чимнэ.
Буриад хошууныхаа түүхт 100 жилийн ойд зориулж, нутгаа хүндэтгэн дээдлэх агуулга бүхий олон төрлийн уралдаан тэмцэн зохион байгуулсан хүндэт багш Д.Энхбарс болон найрсаг зочломтгой Баян-Уул сумынхандаа ТАЛАРХАЯ.
Сэтгэгдэл үлдээх