Б.НАРАНЧИМЭГ
10 жилийн өмнө
Царайлаг биш ч гэсэн цаанаа л нэг хайр татам, хамаагүй харьцаж боломгүй тийм гоё охин. Ярьж хэлж байгаа нь, биеэ авч явж байгаа нь, бусадтай харилцаж байгаа нь нэг л ялгуун. “Би монголын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болно” гэж итгэлтэй нь аргагүй ярьж байна. Эмэгтэй хүүхэд ингэж мөрөөдөж болдог талаар анх удаа түүнээс сонсож билээ. Монголын уран зохиол хичээл дээр багшаас “зохиолч, яруу найрагч Д.Анударийн талаар та бидэнд яриад өгч болох уу” гэж асууж байна. Д.Анударь гэж залуухнаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн өвөрмөц бичлэгтэй зохиолчийн тухай анх түүнээс сонсож билээ...
Харин би бол бусдаас нэг их ялгараад байх юмгүй, азаар гэх үү, үнэхээр сайн шалгуулсан юм уу ямартаа ч МУИС-д элсэн орж чадсандаа маш баяртай нийслэл хотыг зорин ирсэн жирийн нэг оюутан. Сэтгүүлзүйн анги болохоор жаран хүүхдээс 50 нь охид. Би уг нь оюутан болоод олон хөвгүүнтэй ангид орохыг хүсдэг байсан ч яг эсрэгээрээ юм болсон. Ингээд л сурах их үйлсэд шамдаж эхэлсэн дээ. Нөгөө онцгой охины аав нь дэд сайд гэнэ. Дэд сайдын охин өөртэйгөө адилхан хотын гэгддэг хэдэн онцгой охинтой найзална. Би ч яах вэ өөртэйгөө адилхан хөдөөгөөс ирсэн ч, хичээлдээ “онцгой” шамддаг охидын бүлэгт багтаад авлаа.
Хотын охид цаанаа л өөр. Сонсдог хөгжим, уншдаг ном, өмссөн хувцас, бодож сэтгэж байгаа нь, англи хэлний түвшин биднээс хавь илүү. Чөлөөт цагаараа сагсны лиг үзээд л, зуны амралтаараа АНУ-д ажиллаад л...
Харин манай “фракцийнхан” хичээлээс бусад үед голдуу номын санд. Боломжоороо ажил хийж, ээж ааваасаа мөнгө авахгүй байхыг хичээнэ. Зуны амралтаараа хөдөө гэртээ очиж, аав ээждээ туслаад л...
Түүний мөрөөдөл тэртээ алсад. Харин би яаж түүн шиг онцгой байх тухай мөрөөднө...
10 жилийн дараа
Юун түрүүнд, би өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байдгаа энд хэлмээр байна. Улсынхаа нийслэл Улаанбаатарт, нэг нөхөр, хоёр хүүхэдтэй, ипотекийн зээлтэй, бусдын адил хичээж амьдраад л... Би одоо өөрийнхөө хүүхдүүдийг “нөгөө хотын охид шиг” өөртөө итгэлтэй, том мөрөөдөлтэй, онцгой нэгэн болоосой гэж хүсдэг.
Нөгөө “хотын охид” ч гэсэн сайхан амьдарч байгаа. Хоёр ч охин нь сагсны лигийн гоё залуустай гэрлэсэн. Олон хүүхэдтэй, гадаад дотоодоор аялаад л, өөрийн гэсэн бизнестэй, хит дууны шүлэг бичээд л, санхүүгийн эрх чөлөөтэй, хүссэн ажлаа хийж, амар тайван амьдарч байх шиг санагддаг.
Бид хувь заяагаа сонгодоггүй
Хотын эсвэл хөдөөгийн охин байхаа бид сонгож төрдөггүй. Гэхдээ хотод амьдарч буй хүний хөгжлийн индекс хөдөө амьдарч буй хүнээс хавь илүү байдаг нь амьдрал дээр ч тэр, статистик үзүүлэлтээр ч тэр батлагддаг. Тийм болохоор хүн бүхэн хотод амьдрахыг, хүүхдээ хотын төвийн сургуульд өгөхийг эрмэлзэж, хамран сургах тойргийн сургуульд нь явуулдаггүй. Энэ бол хөгжлийн эсвэл боловсролын тэгш бус байдлын үр дүн.
Хүүхдүүд дунд сургуулиас зөвхөн суурь боловсрол эзэмшээд зогсохгүй, өөртөө итгэх итгэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар, өөрийгөө таньж мэдэх, авьяас чадвараа нээж илрүүлэх эрхтэй. Энэ эрхийг зөвхөн хотын төвийн сургууль, бүр цаашилбал хувийн сургуульд нээх боломжтой байна гэдэг дэндүү харамсалтай.
Хөдөөгийн охидод үлдсэн нэг хувийн боломж
Нөгөө талаар, хотын эсвэл хөдөөгийн охин байхаас үл хамаарч өөрийгөө бүрэн нээх, хөгжүүлэх боломж цөөхөн хувь байдгийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ тохиолдолд охид ааваасаа бүрэн дүүрэн хайрыг мэдэрч чадсан байдаг юм шиг санагддаг. “Аавдаа хайрлагдсан охин үзэсгэлэнтэй бөгөөд өөртөө итгэлтэй байдаг” гэж гэр бүлийн зөвлөх Р.Мөнхцэцэг пост оруулжээ. Энэ бол гэр бүлийн боловсрол хувь хүний хөгжилд ямар үнэ цэнтэй байдгийн баталгаа юм. “Хэрэв та дэлхийг өөрчилмөөр байвал хариад гэр бүлээ хайрла” гэж Тереза эх хэлсэн байдаг. Тэгэхээр та ямар орчин нөхцөлд амьдарч буйгаас үл хамаарч хүүхдээ бүрэн дүүрэн хайрлаж, хүүхдэдээ итгэж чадвал таны хүүхэд өөрөө өөрийгөө хөгжүүлж чадах юм шүү.
Сэтгэгдэл үлдээх