Ц.ЧОЙЖАМЦ
СУРАЛЦАХ, ХӨГЖИХ ТАЛААР БИД ЯМАР ЭРХТЭЙ ВЭ
Монгол улсын үндэсний хууль тогтоомж болоод Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцод хүүхэд, залуучуудын суралцах, хөгжих эрхийг дараах байдлаар баталгаажуулсан байна.
“Алсын хараа–2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хоёрдугаар бүлэг - Хүний хөгжил, Боловсролын хэсгийн 2.2-т “Иргэн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулна...” гэсэн зорилт тавьж баталсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д“Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно”,
Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 28-р зүйлд:
“Хүн бүр сурч боловсрох эрхтэй, Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсрол нийтэд хүртээлтэй байх ёстой. Авьяас чадвартай нь уялдан хүн бүрд дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй байх ёстой”,
1966 оны Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн тухай олон улсын пактын 13 дугаар зүйлд: “... улсууд хүн бүр сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрнө. Боловсрол хүний хувийн зан чанарыг бүхэлд нь хөгжүүлэх, нэр төрөө ухамсарлахад чиглэгдэж хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэн бэхжүүлэх ёстой...”,
1989 оны Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 28-р зүйлд”
а/ Бага боловсролыг үнэ төлбөргүй заавал эзэмшүүлэх,
b/ Дунд боловсролын олон хэлбэр, түүний дотор ерөнхий болон мэргэжлийн боловсролыг хүүхэд бүрд хүртээмжтэй болгох, хөгжүүлэх, шаардлагатай тохиолдолд санхүүгийн тусламж үзүүлэх буюу үнэ төлбөргүй боловсрол олгох
c/ Хүн бүр чадвартаа түшиглэх дээд боловсрол эзэмших бололцоог шаардлагатай бүх арга замаар авах
d/ Боловсрол, мэргэжлийн бэлтгэл олгох талаарх мэдээллийг хүүхэд бүрд хүртээмжтэй болгох
e/ Хүүхдийн хичээлийн оролцоог тогтмолжуулах болон сургууль завсардалтын түвшнийг бууруулах,
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д“Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заасан бол мөн хуулийн 6.3-д “Монгол улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй”,
Бага, дунд боловсролын тухай хуулийн 2 дугаар зүйлд: Бага, дунд, суурь боловсролын зорилгыг “... эх хэлний чадамжтай, бүтээлч, .. мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн ерөнхий суурь чадамжтай иргэн төлөвшүүлэхэд тус тус оршино”, хэмээн хуульчлан баталгаажуулсан.
Дээрх хууль тогтоомжуудаас дүгнэн үзэхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрх, бага боловсрол эзэмших эрх, суурь боловсрол эзэмших эрх, техникийн тусгай болон бүрэн дунд боловсрол эзэмших эрх, дээд боловсрол эзэмших эрх, бакалаврын дараах боловсрол эзэмших эрх гэх мэтээр Монгол хүний суралцах эрхийг олон ангилж болох ажээ.
Эрх зүйн хувьд хүүхэд, залуучуудын сурч боловсрох эрхийн талаарх эрх зүйн зохицуулалт бие даасан салбар эрх зүйн түвшинд хүрч төрөлжсөн байна.
Харин хөгжих эрхийн талаар 1981 оны Хүний ба ард түмний эрхүүдийн Африкийн дүрмийн 22 дугаар зүйлийн 2-т “Улс орнууд дангаараа эсвэл хамтдаа хөгжих эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй ” хэмээн үүрэг болгон олон улсын хэм хэмжээний хүрээнд дүрэмчилж өгсөн. Энэ дүрмээр хөгжих хэмээх ухагдахууныг улс орон, ард түмэн, бүлгийн хэмжээнд авч үзсэн байна. Харин 1986 онд НҮБ-н Хөгжих эрхий тухай тунхаг батлагдан гарсан ба үүнд хувь хүн хүний хөгжлөөс гадна бүлгийн, нийтийн эрхээ эдлэх нь хүний хөгжих эрхэд илүү хамаарахаар тусгасан. Эдгээр баримт бичгийн дараагаар Венийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр/1993/, Хүрээлэн буй орчны хөгжлийн талаарх Риогийн тунхаглал/1992/, Уугуул хүмүүсийн эрхийн тухай тунхаглал/2007/ зэрэгт илүү нарийвчилсан зарчмууд орсон бөгөөд энэ нь хөгжлийн төвд хүн байх ёстой ба хүн эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх, бие даан болон бүлэг, нийтлэгээрээ хөгжих эрхийг чухалчилсан байдаг.
Ингээд сүүлийн үеийн албан ёсны статистик тоо баримтуудаас сурвалжлан, тэдгээрийн талаар их дээд сургуулийн оюутнуудтай ярилцаж, суралцах, хөгжих эрхийн талаар санал бодлыг нь хуваалцлаа.
МОНГОЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СУРАЛЦАХ ОРЧИН
Хүний хөгжлийн судалгаагаар сургуульд хамрагдалтын түвшин өндөр оноо авдаг ч боловсролын чанарын үзүүлэлт доогуур байдаг. 2021/2022 оны статистик дүнгээр 88 их дээд сургуульд 148954 хүн суралцаж байна. 2022 оны хичээлийн жилд 30545 оюутан шинээр элссэн, мөн ийм тооны суралцагч дээд боловсрол эзэмшиж төгсдөг. Энэ нь нийт хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээрээ олон улсын дунджаас дээгүүр үзүүлэлт болдог. Гэхдээ төгсөгчдийн ажлын байраар хангагдах байдал, өрсөлдөх чадварын хувьд төдийлөн хангалтгүй статистик байгаа хэмээн МИУС-н оюутнууд өгүүлэв.
Харин 2022 оны хичээлийн жилийн мэдээгээр Гадаадын их дээд сургуульд манай улсаас хоёр улсын Засгийн газар хоорондын тэтгэлэг болон МУ-н Боловсролын зээлийн сангийн зээлээр 1144 оюутан суралцаж байна. Үүний 550 нь ОХУ-д, 184 нь Унгарт, 76 нь АНУ-д, 36 нь Англид, 35 нь БНХАУ-д, 39 нь Австралид, 29 нь Канадад, 8 нь БНСУ-д, 3 нь Японд, бусад нь дэлхийн бусад улс орнуудад зээл, тэтгэлгээр суралцаж буй юм.
Дотоодын их, дээд сургуулиуд/МУИС, ШУТИС, ХААИС, СУИС/-ын сургалтын төлбөр 1 кредит цаг нь дунджаар 89825-133943 төгрөг байгаа бөгөөд нийт сургалтын төлбөр жилд дунджаар 2245825 төгрөгөөс 4688075 төгрөг, түүнээс дээш түвшинд байна. Харин гадаадад суралцахад засгийн газар хоорондын тэтгэлэг, боловсролын зээлийн сан нь хүртээмжгүй, ил тод бус, шударга шалгаруулалт байхгүй гэж оюутнууд үзэж байна.
Мөн түүнчлэн сургалтын хөтөлбөр нь дэлхийн стандартаас хоцорсон, сургалтын лаборатори хангалттай байхгүй нь их их дээд сургуулиудын төгсөгчид ажлын хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй, ерөнхий боловсрол эзэмшигчид чанартай их дээд сургуульд элсэн орох чадваргүй төгсөж байгаа юм.
НИЙГМИЙН ТОДОРХОЙ БҮЛГИЙН СУРАЛЦАХ, ХӨГЖИХ ЭРХ
Боловсролын бүх шатанд залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нийцэхүйц боловсрол эзэмшүүлэх нь тэднийг үр өгөөжтэй, сэтгэл хангалуун амьдралд бэлтгэх чухал нөхцөл болно.
Залуучуудын талаарх бодлого, чиглэл Монголын хүний хөгжилд гарсан ахиц дэвшил зарим талаар үр ашгаа өгсөн хэдий ч нийт залуу үеийнхэнд хүртээмж муутай байна. Тэдний чадамжийг дээшлүүлэх, хийх сонголт, хүртэх боломжийнх нь цар хүрээг нэмэгдүүлэхэд ихээхэн сорилт тулгарсаар байна.
Их дээд сургуулийн оюутнуудын хувьд орон нутгаас ирж суралцах боломжтой хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг иргэд дахин суралцах, мэргэжил дээшлүүлэх, ахиулах, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд сурч, хөгжихөд орчин хязгаарлагдмал байсаар байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн 4.1.5-д“Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг бүрдүүлж, гэр бүл, хамт олны дунд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийг” , хэмээн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжих эрхийн талаар тодорхойлж хуульчилсан.
Хүн зөвхөн хүүхэд залуу байх үедээ төдийгүй амьдралынхаа бүх цаг үед ч суралцах, хөгжих хэрэгцээ шаардлага тулгарсаар байдаг. Нэг дээд сургууль төгсчхөөд залуучууд суралцаад болчихлоо, суралцах эрхээ эдэлчихлээ гэвэл өрөөсгөл. Үйлдвэрлэлийн өндөр технологиос эхлээд ахуйн хэрэглээний эд зүйл хэрэглэгчдээс өдөр тутмын амьдралын харилцаанд оролцоход нь мэдлэг, чадвар шаардсаар байна. Хөдөө орон нутагт амьдарч буй залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дунд насны эмэгтэйчүүдэд суралцах, хөгжих эрхээ хэрэгжүүлэх эрх хуульчлан батлагдсан ч бодит боломж нь хаагдмал байна.
МОНГОЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СУРАЛЦАХ, ХӨГЖИХ ЭРХИЙН АСУУДАЛ
СУРАЛЦАХ, ХӨГЖИХ ЭРХИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫН ШИЙДЭЛ:
Боловсролдоо хөрөнгө оруулсан ард түмний ирээдүй жаргалтай байдаг.
Сэтгэгдэл үлдээх