Б.ЭНХЦЭЦЭГ: МАЛЧДЫН АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХ НЬ МАНАЙ ҮЙЛДВЭРИЙН ТУЙЛЫН ЗОРИЛГО

2023-04-22 08:27:16 | 547 | 0


Сүхбаатарын бизнес бүсгүйчүүд

 

Ярилцсан Д.Улаанаа

  • Хүн нутаг усаараа овоглон бахархдаг. Сүхбаатар аймгийн аль сумын харьяат вэ. Яагаад бизнес эрхлэхээр шийдсэн бэ. Бизнесээ анх яаж эхэлж байв?
  • Өвөө, эмээ маань Сүхбаатар аймгийн Баяндэлгэр  сум Хонгор бригадын уугуул хүмүүс. Аав, ээж маань аймаг руу шилжиж ирээд, би 1983 онд Баруун-Урт суманд төрсөн. 1991 онд Урт цагаан сургуулийн Мажигаа багштай нэгдүгээр ангид элссэнээр эрдмийн гараа маань эхэлсэн дээ. 2001 онд тэр үеийн Тэмүүлэл цогцолбор, одоогийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Цэцэгханд багштай ангид ороод, 2001 онд төгссөн. Тухайн үед 10 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд эмч, багш, цагдаа гэсэн мэргэжлүүдийг сонгодог байлаа. Тоглохдоо хүртэл эдгээр мэргэжлүүдээр дүр болж тоглоно.

Миний хувьд байгалийн ухааны хичээлд илүү сонирхолтой байсан болохоор химийн хичээлээр бэлдээд конкурс өгсөн. Эмч болох сонирхолтой байсан болохоор химийн сонгонд хоёр жил явсан. Миний нэг ах маань эмч. Конкурс ойртох үед ахтайгаа ярилцсан чинь нэг гэрт хоёр эмч хэрэггүй. Өөр мэргэжил сонго гэж зөвлөсөн. Тэгээд химээр бэлдчихсэн болохоор  тэр хичээлээрээ л шалгалт өгсөн чинь нэгдүгээрт жагсчихсан. Анагаахыг сонгох гэтэл ах хориглочихсон байдаг. Өөр мэргэжил гэхээр аж үйлдвэрийн чиглэлээр сонгох хэрэгтэй болсон. Хуваарь сонгох тал дээр зааж зөвлөх хүн байгаагүй. Нэгт жагссан болохоор намайг хуваариа сонгосны дараа дараагийн хүүхэд сонгох болохоор яаралтай шийдэх хэрэгтэй болсон тул ээж маань намайг Дэлгэр багш руу дагуулж очоод, сонгох мэргэжлийн жагсаалтуудыг үзүүлээд аль нь зүгээр вэ гэж зөвлөгөө авлаа. Дэлгэр багш: ХАА-н бүтээгдэхүүний хими технологич гэж гоё мэргэжил байна гэж надад мэргэжлийг минь сонгож өгсөн дөө.ХААИС-д юугаа ч мэдэхгүй хүүхэд очиж байлаа.Их сургуульд орсон юм чинь сайн сурахгүй бол болохгүй гэж бодоод хичээж сурдаг байв. Сурлагаар ч сайн оюутан байлаа. Дээд сургуулийн багш нар бидэнд онол заахаас илүү амьдрах ухааныг лекцийнхээ дундуур маш сайн заадаг байсан. Тэндээс л амьдралын мөн чанарын анхны мэдэгдэхүүнийг олж авч билээ. Нарийн мэргэжлийн хичээлүүд ороод эхлэхээр хүний амьдрал газраас эхлэлтэй юм байна. Газар байж ногоо ургана, ногоо ургаж байж амьдрал байна гэдгийг ойлгож эхлээд, сонгосон мэргэжлийнхээ  хичээлд илүү дурлаж эхэлсэн. Их сургуульдаа дөрвөн жил онц сураад төгссөн. Төгсөхөд захирал маань сургуульдаа багшаар үлдэхийг хүссэн ч би нутагтаа очиж ажиллаж, амьдармаар санагдаад. Настай ээж, эгч хоёр маань аймагт үлдсэн болохоор захирлынхаа саналыг хүлээж авалгүй аймагтаа ирсэн. Их сургуулиа онц төгссөн хүн чинь маадгар. Намайг ажилд урина гэж бодоод хаана ч хандаагүй. Хамгийн инээдтэй нь нэг жил болсон чинь хэн ч тоож ажилд уриагүйшд. /Инээв/ Тэгж бүтэн жил гэртээ суухдаа зүгээр байгаагүй ээ. “Мерси кор” олон улсын төслийн сайн дурын ажилтнаар ажиллах үедээ суусан сургалтуудаас их зүйл сурсан. Төсөл бичих, бизнесийн анхан шатны мэдлэгүүд маань өнөөдрийн бизнесээ хөгжүүлэх суурь болж өгсөн. Хоёр ах маань тэр үед ХАА-н бүтээгдэхүүний ченж хийдэг байсан болохоор тусалъя гэж шийдээд бага ахтайгаа хамт сумдаар явж ажилд нь тусалж эхэлснээр ченж болж хувирсан.

2007 онд Дарьганга суманд ажиллаж байхдаа нөхөртэйгөө танилцаад, тэгээд л Дарьгангын иргэн болсон доо.Гэр бүлээ тэндээ батлуулсан. Тэр үед хүсэл тэмүүлэл  ихтэй байлаа. Нөхөр маань ажилсаг.  Энэ суманд мэргэжлийнхээ дагуу ямар нэгэн зүйл хийе гэж ярилцаад, гэрлэлтийнхээ 500 мянган төгрөгөөр блокийн жижиг машин аваад, блок цохиж эхлээд, бас нэг цахилгаан гаргадаг пад пад мотор аваад, хоёр  төрлийн жижиг бизнес эхэлсэн  маань өнөөдрийн үйлдвэрлэлийн  маань гараа байсан гэж хэлж болно. Тэгээд суманд үнээний цэвэр сүүгээр зайрмаг хийж үзье гэж шийдээд, хийж эхэлсэн. Тэр үед сумдад цахилгаан байхгүй, үйлдвэрлэл эрхлэхэд хүнд байсан үе. Өдөртөө 100 ширхэг зайрмаг хийгээд зарчихвал тэрэндээ маш их урамшдаг байлаа. Хоёр жилийн хугацаанд блок, зайрмагаа хийгээд жаахан хуримтлалтай болчихлоо. Суманд нэг аятайхан үйлчилгээний төв нээе гээд 2008 онд Дарьганга сумын уурын зуухны барилгыг худалдаж аваад, намар 8 сараас 12 сар хүртэл засаж янзлаад үйлчилгээний төв ашиглалтад оруулж байлаа. Хуучин уурын зуухны барилга болохоор цэвэрлэгээнд их цаг зарцуулсан. Зөвхөн гадна талаас нь 10 гаруй машин хог ачуулж байсан. За тэгээд хөө тортог гээд бүгдийг цэвэрлэж янзалсан даа. Их зоригтой байжээ гэж одоо бодогддог юм.

  • Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв байсан бэ?
  • Баар. 2009 онд 12 сарын 28-нд ах  дүү нараа уриад, баараа нээгээд, анхны орлогоо барьж үзээд, баярлаж байтал 12 сарын 31-нд буюу 3 хоногийн дараа “Азийн чоно” гэдэг архины асуудал гараад, тусгай зөвшөөрлийг цуцлаад хаачихсан. Зээлээ төлөөд эхэлчихсэн байсан бидэнд маш том цохилт болсон. Ирэх оных нь 5 дугаар сард зөвшөөрлүүдийг буцааж олгож эхэлсэн болохоор санхүүгийн хямралд орно шүү дээ. Ингээд ах дүү нараасаа мөнгө зээлээд Хүнсний дэлгүүр нээлээ. Суманд Хүнсний дэлгүүр олон учраас нэг их ашиг олохгүй. Нөгөө баарныхаа зээлийг төлмөөр байдаг. Бууж өгөхгүй, хажуугаар нь мал мах, арьс ширнийхээ ажлыг давхар  хийдэг байлаа. Хот руу том машин бариад явна. Яг л эр хүн шиг болсон. Тэр жил би жирэмсэн болоод, ажил цалгардаад, сүүлдээ банкны зээлээ төлж чадахгүй болоод, 2009 оны 8-р  сард долоон сартай жирэмсэн хүн барилга байшин, дэлгүүр гээд бүх юмаа банкинд өгөөд, өмсөж байсан майк шорттойгоо л нөхөртэйгөө хамт аймагт ирж билээ. Ирээд зүгээр суугаагүй ээ.

Нөхөр маань ах нартай мал мах, арьс шир авахад нь тусална. Би Гамбургер хийдэг өвөөгийн охинтой нь хамт хэд хоног бургер, торт хийж хамт ажиллаад, 7 хоногийн дараа төрсөн. Бүтэн нэг жил хүүхдээ харж гэртээ суулаа. 2011 онд нөгөө цэвэр сүүний зайрмагаа аймагт хийхээр шийдээд зайрмагийн машин худалдаж авч, ахынхаа хуучин байшинд хийж эхэлсэн. Хаана ч явсан зайрмагтайгаа л байсан даа.Тэр үеийн хүмүүсийн сэтгэхүй бол аймагт юу ч хийдэггүй, идэж уух, өмсөж зүүх гээд  бүх юмыг хотоос авчирч зардаг гэсэн ойлголттой байлаа. Талхаа хүртэл хотоос авчирдаг байсан үе. Зайрмаг нь ч хотынх л байдаг тийм л хэцүү үе байсан. Аймагт хийсэн зайрмаг гэхээр дэлгүүрийнхэн гайхаж хүлээж авдаг. Ганц нэг дэлгүүрт Шаргын талх зарагддаг.

Бид өдөртөө 100 зайрмаг хийгээд дэлгүүрүүдээр явж зээлээр өгөхөөр аймагт хийсэн зайрмаг юм уу гэж гайхаж асууна. Эхэндээ 5-10-ыг л дэлгүүртээ тавиулна. Нэг зайрмагаа 250 төгрөгөөр зарна. 10 зайрмаг зараад 2500 төгрөгийн олно. Тэрнийхээ ашиг болох 500-г нь хөлсөлсөн мотоцикльдоо өгчихнө. 7-10 хоногийн дараа дахиад очиход үнээний цэвэр сүүгээр хийсэн болоод ч тэр үү, таалагдсан юм шиг байгаа юм. Гүйлгээ сайн болохоор авах тоо нь нэмэгдээд 10, 20, 30 болсон. Өдөрт 100-г хийдэг байсан бол 300-500 болохоор их урамшдаг юм байна лээ. Тухайн үед нэг их том бизнес биш шүү дээ. Хамгийн гол нь хүүхдүүдэд эрүүл бүтээгдэхүүн нийлүүлэхийг чухалчилдаг байсан маань тэгж богино  хугацаанд олон хэрэглэгчтэй болж чадсан байх гэж боддог. Дараа нь напалеон хийдэг болсон маань том шалтгаантай. Зайрмагаа зараад дэлгүүрээр явж байхад хөгцөрсөн напалеон лангуун дээр нь байгааг анзаарсан. Нэг удаа өөрөө авч идэж үзсэнээр нотлогдсон. Тэгээд л ер нь яагаад энэ бүтээгдэхүүнийг өөрөө хийж болохгүй гэж бодоод, напалеон хийдэг хүнээс жор технологийг нь худалдаж аваад, хамгийн сайн материалаар хийж эхэлсэн чинь маш сайн борлуулалтай болсон. Напалеон, зайрмаг хийгээд эхлэхээр 2-3 ажилтантай болсон. Тэдэндээ үдийн хоол хийх болоод хэрчсэн гурил дэлгүүрээс авсан чинь мөн л хөгцөрсөн байсан. Ерөөсөө бид нар хэрчсэн гурил аймагтаа хийе л дээ гээд хүнээс хуучин төхөөрөмжийг арай хямд өртгөөр аваад, өөрөө технологийг нь гаргаад, хэрчсэн гурил хийж нийлүүлж эхэлсэн. Энэ мэтчилэн өөртөө тулгамдсан асуудлаа шийдэх замаар бусдын асуудлыг ч давхар шийдээд явах нь бизнест маань өгөөжөө өгч эхэлсэн юм.

Миний мэргэжил чинь мах, сүү, гурилтай шууд холбоотой. Энэ гурав дээр суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл бодоход хамгийн түрүүнд, бууз банш санаанд орсон. Хүмүүс завгүй болж, цаг хугацаатай уралддаг болох тусам цаг хэмнэсэн хоол эрэлттэй болдог. Бууз, баншаа хийж эхэлсэн, мөн л сайн гүйлгээтэй болсон. Сүүлдээ зайрмаг, сүү сүүн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулаад явсан.

Манайхыг зайрмаг  хийгээд эхэлсэн чинь өөр хүмүүс бас зайрмаг хийж эхэлсэн. Зайрмагийнхаа сүүг малтай 3-4 өрхтэй гэрээ байгуулж аваад, тэдгээр айлууд хөөрхөн орлоготой болоод явж байтал 10 сард зайрмагаа хийх гэтэл сүү олдохгүй болчхов. Ингээд 2013 оноос үнээний фермтэй болох шаардлагатайг мэдрээд, 2014 онд төсөл бичиж өгөөд 2015 онд үнээний фермтэй боллоо. Аймгийн төвөөс 3 км-т одоо манай үйлдвэр байгаа газарт анхныхаа үнээний ферм, тахианы аж ахуйг эхлүүлж байлаа. Тахианы аж ахуйг эрхлэх болсон шалтгаанаа мөн л үйлдвэрлэл эрхэлж байхдаа олсон туршлага. Напалеон хийхэд өндөг нэлээд хэрэглэнэ. Заримдаа өндгөө үнэтэй авдаг тул ер нь яагаад өдөр бүр шинэ өндөг хэрэглэж болохгүй гэж хэмээн бодоод тахианы аж ахуйгаа нээсэн.

 

ХИЙЖ БАЙГАА ЮМ БҮХЭН МААНЬ ХҮНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ

БАЙГААСАЙ ГЭЖ ЗОРЬЖ ХИЙДЭГ

 

-Зах зээлийн эрэлтийг биеэр мэдэрчээ. Эрхэлж буй бизнесийн хэлбэрүүд ёс зүйн гүнзгий зарчим баримталдаг нь анзаарагдлаа. Магадгүй тийм учраас  бизнесийн тань цар хүрээ тасралтгүй тэлж буй болов уу гэж бодож байна. Бизнестээ баримталдаг ёс зүйн код тань юу вэ?

- Хийж байгаа юм бүхэн маань хүнд хэрэгтэй зүйл байгаасай гэж зорьж хийдэг. Хэрэгцээ болоод эрүүл мэнд талаасаа нэг тийм гоё бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Органик болон органик бус бүтээгдэхүүн гэж юу байдаг, хүний бие органик бүтээгдэхүүнийг маш сайн хүлээж авдаг гэдгийг их сургуульд заалгасан учраас элдэв химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүн хэрхэн хийх, хугацаа хадгалах бодис хэрэгтэй үгүй гэдэг технологийг мэддэг болохоор давуу талтай. Тиймээс орон нутагтаа үйлдвэрлэдэг шинэ бүтээгдэхүүн хэрэглэх нь олон давуу чанартай. Миний хувьд аймгийнхаа талхыг хэрэглэх маш дуртай. Ийш тийш явах үедээ Сүхбаатарынхаа талхыг санадаг.

Монгол Улс хөгжихөд маш амархан. Хамгийн наад зах нь дотооддоо хийсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж хэвших. Гэтэл орон нутгийнхан гадаадын болон улсын томоохон үйлдвэрийн бүтээгдэхүүн, дараа нь аймгийнхаа бүтээгдэхүүнийг сонгодог. Энэ хандлага эсрэгээрээ эргэчихвэл хөгжил ойрхон байна гэж хардаг. Харин дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сонгодог дадал суулгахын тулд үйлдвэрлэл эрхлэгчид боловсрол мэдлэг дээр тулгуурласан эко бүтээгдэхүүн хийх шаардлагатай. Зарим бизнесийг харж байхад маш их химийн бодис агуулсан бүтээгдэхүүн хийж байна. Мөнгө л олж байвал гэсэн сэтгэлгээгээ халах ёстой. Хэрвээ ийм сэтгэлгээгээр бизнес эрхэлбэл ямар ч ёс зүйгүй болж хувирна. Ингэж мөнгө олно гэвэл маш том эндүүрэл.

Ганц жишээ хэлье. БНХАУ-ад очоод нэг газарт хоол идэж байхдаа манайх сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тухайгаа ярихад: Өө тийм үү. Тэгвэл танайх манайхаас Бабулайны бэлдэц аваач гэсэн. Тэр нь юу байдаг юм бэ? Гэсэн чинь бэлэн бэлдэц авчраад устай холиод, хөрөнгөлөөд тараг шиг юм болгоод зардаг юм байна. Бабулайг бага насны хүүхдүүд маш их хэрэглэдэг шүү дээ. Гэтэл нь бэлдэц нь урдаас орж ирдэг юм байна гэдгийг мэдээд тухайн үед шоконд орж байлаа. Харин манайх монгол сүүнийхээ цөцгийг цохиж аваад, тослоггүй таргаа бүрээд, савлаад гардаж хийдэг болохоор мэл гайхсан. Монголчууд манайхаас л бүгд авдаг шүү дээ гэж хэлэхэд нь хэлэх үггүй болсон.

Түүнээс юу ойлгосон бэ гэхээр хүн хэчнээн мөнгө олж болох ч монгол хүүхдийн ирээдүйг бодох ёстой. Ялангуяа хүүхдийн идэж уух зүйл дээр хэзээ ч ингэж хандаж болохгүй дээ гэж бодож байсан. Манай бизнесийн амжилттай яваагийн гол үндэс нь бүх хийж байгаа зүйл маань хүн рүү чиглэсэн, хүний хэрэгцээг бодож хийдэг, улс орныхоо ирээдүйг бодож хийдэг учраас ийм явж байгаа гэж боддог. 2015 онд үнээний ферм,  тахианы аж ахуй байгуулсан гэж ярьсан, үйлдвэрийнхээ түүхий эдийг хангаад, илүүгээр нь аймаг, орон нутгийнхаа хэрэгцээг шинэ зүйлээр хангах гээд хичээж яваа царай нь энэ шүү дээ.

Тахианы аж ахуйн хувьд анх 1500 тахианы аж ахуй болгоод. Эхний 2-3 сардаа боломжийн явж байтал тэжээл нь хятадаас 100 хувь хараат. Сүүлдээ үнэд ороод, тэжээлээ аваад тахиагаа тэжээгээд ашиг олох боломжгүй болсон. Өндөглөлтийн хувь буураад, амжилтад хүрэхгүй болсон тул тахиагаа бүгдийг устгаад, ажилчдынхаа хэрэгцээнд нийлүүлсэн ч зөрүүлээд суурин дээрээ одоогийн махны үйлдвэрээ байгуулсан даа.

  • Яаж тахианы аж ахуй сууринд махны үйлдвэр байгуулав?
  • Бизнес эрхлэгч хүн зүгээр сууж чадахгүй болдог юм байна. Тэр үед Улаанбаатар хотод нойтон адууны мах үнэтэй, хөлдөөсөн нь хямд байгааг судлаад мэдсэн. Зайрмагийн машин байсан болохоор энийг ашиглаад бойноос нь худалдаж аваад, хөлдөөхгүйгээр хүргээд өгөх боломжтой юм байна гэдгийг хараад, Гөлгөө, Насаа ахын бойноос нойтон махыг газар дээр нь  2300 төгрөгөөр аваад, хотод 3000 төгрөгөөр өгч эхэлсэн.

Улаанбаатар-Баруун-Уртын хооронд мах зөөдөг болсон. Маш энгийн анзааралт байхгүй юу. Тэгж явахдаа яагаад нойтон мах үнэтэй, хөлдүү мах хямд байгааг олоод мэдчихсэн. Нойтон махыг хилээр шууд гаргадаг юм байна.

Сургуульд байхдаа салаа тууртай малд өвчин халдварладаг. Ганцхан битүү туурайтай буюу адуунд л өвчин халддаггүй гэдгийг заалгасан болохоор нойтон мах нь илүү үнэтэй байдаг юм байна гэдгийг мэдчихэв ээ.

Тэгээд л адууны мах шулдаг хүнийг Улаанбаатараас сургаж авчраад махны  үйлдвэрээ нээж байлаа. Үйлдвэрээ нээсний дараа малчдын хувьд давуу тал бий болох юм байна гэж харсан. Тэдэнд малаа ачаад, хот руу явах зардлаа хэмнэхээс эхлээд маш олон боломжууд бий болж эхэлсэн. Аймгийнхаа махны үйлдвэрт өгснөөр олон зардлаа хэмнэж, малаа үнэ хүргэж өгөх боломж нээгдсэн. Ингээд малчид маань хот руу ирж очих зардлаа хэмнээд, жин тус бүрдээ “нухуулах” асуудлаас ангижирч манай байнгын үйлчлүүлэгчид ч олширсон.

Жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой үйлдвэртэй байх ёстой юм байна гэдгийг мэдрээд үйлдвэрээ шалны халаалтайгаар барьсан. Тасралтгүй ажилладаг үйлдвэр нээх мөрөөдөл маань ингэж биелсэн юм.

Бидэнд ханддаг хувь хүн, ААН-үүд ч олширсон. Тэр үед аймгийн BBS телевизээр “Ажлын сайнаар амьдрал өөдөлнө” гэдэг нэвтрүүлэгт гэр бүлээрээ оролцлоо. Нэвтрүүлэг хүмүүст маш их хүрсэн. Гаднын хүмүүс бас нэлээд сонирхож үзсэн юм байна лээ. Нэг удаа хотод махаа өгөөд явж байсан чинь нэг хүн яриад тантай уулзаж, хамтран ажилламаар байна гэлээ.

Ирээд уулзсан чинь нэг монгол, хятад залуу хоёр байна. Танайх адууны мах бэлдэж өгөөч ээ гэдэг санал тавив. Бид сайн түнш болсон. Яг миний бодож байсан бодол маань биелэхээр гайхдаг юм байна. Тэр хүмүүс бид нарыг нэлээд судалсан байна лээ. Итгэж болох хүмүүс үү үгүй юу гэдгийг аль хэдийн орон нутгийнхантай уулзаад мэдчихсэн байсан. Тэр хамтын ажиллагаанаас хойш махны үйлдвэрийн ажил маань тасралтгүй явж байгаа.

  • Махны том үйлдвэр нээхээр хөрөнгийн эх үүсвэр, нөөц нэмэгдэнэ. Суурь хөрөнгөөс гадна хөрөнгө оруулалт шаардагдана. Аль банкнаас зээл авдаг байсан бэ?
  •  2016 онд шалны халаалттай үйлдвэрээ барьж эхлээд 2018 онд ашиглалтад оруулсан. Анх Хас банк бидний бизнесийг дэмжиж, боломжийн нөхцөлтэйгөөр зээл өгдөг байсан. Бизнесийн үйл ажиллагаа маань өргөжөөд, зээлийн түвшин өндөр болоод ирэхээр тус банкны орон нутагт олгох эрх мэдэл нь хүрэхгүй болж, 80 саяас дээш зээлийг төв банкныхаа зөвшөөрлөөр олгодог шалгууртай байсан нь бидэнд хүндрэл бий болгосон.  Тэр асуудлыг ХААН банк олж хараад, бид нар танд 120 сая төгрөгийн зээл гаргаж өгөх боломжтой гэдэг санал тавьсан. Түүнээс хойш бид ХААН, Голомт банкны харилцагч болоод явж байна.
  • Зээлийн төлөлтөд хүндрэлтэй зүйл гардаг уу?
  • Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэж.  Дарьганга суманд бизнес эхлээд алдсан шүү дээ. Алдаан дээрээ суралцаад хийх гэж байгаа зүйлээ төлөвлөсөн. Аль сард хэдэн төгрөгийн төлөлтөө хийх үү, гэдгээ санхүүгийн программ дээр банк шиг гаргадаг. Хүү нь тэд, үндсэн төлөлтөө аль сард хийх боломжтой вэ гэдгээ банктайгаа тохироод явсан болохоор алдаагаа давтаагүй.

Махны үйлдвэр дээрээ энэ туршлагаа ашигласан. Энэ үйлдвэрт хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь малчдыг өвөл яаж махаа авчирдаг болгох вэ гэдэг асуудал байсан. Энэ асуудлыг шийдэж чадсан гэж болно.

Энэ маань монголын малчдын амьдралыг өөрчлөх бодлогын маань нэг хэсэг. Зорилгын маань ихэнх нь биелсэн.

 Манай малчдын уламжлалт сэтгэлгээгээр залуу гэр бүлд 100 толгой мал тастаад өгчихдөг. Нөгөө гэр бүл тэр хэдэн малаа өсгөөд л явна. Гэтэл тэд малаа яаж өсгөх, эргэлтэд хэрхэн оруулах, амьдралын чанараа яаж сайжруулах ёстой, бэлчээр нутгаа яаж хайрлаж хамгаалах ёстой юм бэ гэдгийг олонх нь ойлгоогүй л яваа. Тиймээс л малчдын амьдралыг өөрчлөх ёстой юм байна гэдгийг хараад, 2019 оноос эхэлж намрын улиралд хурга авч эхэлсэн. Хургаар ашиг олох боломжтой юм байна гэдгийг малчдад ойлгуулахыг хичээх оролдлого маань юм л даа. Том жижиг хамаарахгүйгээр авч байгаа.

Манайх зумлах технологийг хамгийн анх оруулж ирсэн болохоор онд орохгүй, хөгшин хөвөө, зааз малуудыг авч хурганы махтай хамт зумлаад, зах зээлд нийлүүлж эхэлсэн. Малчдад маш том буян болж байгаа. Зумлах технологи жинхэнэ монголын эдийн засагт хэрэгтэй зүйл. Үүнийг манай өрсөлдөгч нар нялх малыг халуун усанд хийж зумлаж байна гэх зэргээр хар пи ар хийдэг байсан. Гэвч зөөлөн нь хатуугаа гэдэг шиг зааз малаа зүгээр үхүүлэхгүй мөнгө болгох боломж олдсоныг зарим боловсролтой малчид овжиноор олж хараад, манай үйлдвэрт байнга нийлүүлдэг болсноор дээр хэлсэн сөрөг сэтгэгдлийг дарж чадсан.

Хүний гар дүрж болох халуунтай усанд малыг амь тавьсны дараа хийгээд үсийг нь зумлаад, арьстай нь хамт махыг нь ашиглана гэсэн үг. Өөрөөр хэлбэл хуйхтай хорхог шиг болгодог гэсэн үг. Үүний үр дүнд нэг малын маханд 3 кг орчим мах нэмэгддэг. Ашиг нь хамаагүй өндөр. Ингэснээр байгальд, малчиндаа хамаагүй илүү ээлтэй.

Мал чанаржуулах дараагийн бодлого  маань хурга. Хургыг бид нар Иран улс руу хоёр дахь жилдээ экспортолж байна. Жилд 15 мянга орчим хурга нядлах хүчин чадалтай үйлдвэр ажиллаж байна. Өнгөрсөн жил гэхэд 30 орчим  мянган хурга экспортолсон байна.

Жил бүрийнхээ үйлдвэрийн үйл ажиллагааныхаа явцыг тус бүрд нь файл болгоод хадгалаад эргэж хардаг. Манай үйлдвэрийн маш том дата мэдээлэл болоод үлддэг. 2019 онд ямар байлаа, 2021-2022 онд өөрчлөлтүүд бий болсон.Манайд хургаа өгдөг малчид хургаа яаж томруулах вэ гэдэг дээр бүр шинжлэх ухаанчаар хандсан байвал яах уу? Гурван төрлийн шалгарсан арга олсон байгаа юм.

Нэгдүгээрт: Хонио цагаан сар дөнгөж гаргаад арай эрт төллүүлсэн байна.

Хоёрт: Хурганы тэжээлийг дөнгөж гарсан төлдөө идүүлдэг болсон. Тэр тэжээлийг шинэ ногоо гартал идсэн  хурганы өсөлт шал өөр болж байна.

Гуравт: Битүү хөнгөлсөн байна. Эр  малын өөрийн физиологи нь төмсөг нь байж бие нь томордог. Гэтэл манайхан ихэнхдээ паацганасан жоохон амьтан байхад нь засчихдаг. Тэгэхээр хурганы өсөлт мууддаг. Битүү хөнгөлөлт гэдэг бол үрийн сувгийг нь тусгай багажаар тасална гэсэн үг. Эр мал төмсөгтэйгөө үлдэхээр биеийн өсөлт сайн болдог гэдгийг мэдчихсэн байна.

Өнгөрсөн жил манай дээр 20 гаруй хургатай нэг малчин ирлээ. Тэдний нэг хурга нь 24 кг татсан. Энэ бол бидний бодлогын үр дүн гарч байгаа юм л даа.

Баавгайд загас барьж өгөх биш, барих аргыг нь зааж өг гэдэг үгийн утга энэ.

Бид нар малчдад боломж олгож байгаа. Харин малчид үүнийг яаж ашиглах вэ гэдэгт ухаанаа уралдуулж байна. Хурганы махыг кг-ыг 7000 төгрөгөөр бодоход 24 кг татаж байгаа хурга 168 мянган төгрөг болно. Энэ мэтчилэн бид нар малыг чанаржуулах бодлогоо бага багаар хэрэгжүүлж л байна. Үүнийгээ хониноос эхэлсэн. Цаашдаа үхэр, ямаан дээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

  • Иран,  болон БНХАУ руу мах гаргаад багагүй хугацаа үдэж. Олон улсын зах зээлээ хэрхэн судалсан бэ?
  • Худалдан авагчид зүгээр нэг хүнээс авдаггүй юм байна. Заавал судалгаа явуулдаг. Нэгт: Махны олдоц, хоёрт малын чанараа, гуравт, хамтрагч байгууллага хэр найдвартай, чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг вэ гэдгийг судалчихсан байдаг юм байна. Бид түрүүнээс хойш бизнесийн ёс зүй гэж ярилаа. Хамтарч байгаа түншээ хэзээ ч алдагдалтай байхаар хамтарч ажилладаггүй байх зарчмыг манайх баримталдаг. Бизнест харилцаа хандлага хамгийн чухал. Хамгийн түрүүнд эерэг хандлагыг бий болгож байж бизнесээ эрхэлдэг. Үнэхээр өгөөжтэй байвал хамтын  ажиллагаагаа үргэлжлүүлдэг. Боломжгүй бол эвтэйхнээр хамтын ажиллагаагаа цуцалдаг. Сүхбаатар аймагт хурганы мах авдаг юм байна. Тэр компанийн бизнесийн ёс зүй, хамтын ажиллагаа ямар түвшинд байна гэдгийг судлаад бидэнтэй хамтарч ажилладаг гаднын түншүүдийн тусламжтайгаар бид олон улсын зах зээлд гарч чадсан.

Одоо манайх Иран, Хятад улсаас гадна өнгөрсөн жил Узбекстан улс руу Монгол Улсаас анх удаа мах экспортолсон.

  • Олон улсад бүтээгдэхүүнээ гаргадаг махны үйлдвэрт тогтвортой ажиллах хүчин маш чухал. Бизнесийн тань амин сүнс болсон ажиллах хүчээ дэмжих, “аргамжих”-даг нууцаа хуваалцаач?
  • Аливаа байгууллагын гол үнэт зүйл нь боловсон хүчний бодлого. Манай ажилтнууд ямар хэмжээний цалин авмаар байна, тэр хэмжээний чадвар, бүтээмжээр ажиллаж цалинжих гарц шийдлийг нь бид нар гаргаад өгчихсөн. Биеэ хэр дайчилж ажиллах вэ гэдэг нь тухайн хүний сонголт.

Ажилд авахдаа бид олон юм хүсдэггүй. Муу зуршилгүй, чин сэтгэлээсээ ханддаг байх гэх мэт 2-3 зүйл л шаарддаг. Өндөр боловсрол, бие хаа, царай зүс огт хамаагүй. Эхэлж ажилд орсон хүнийг туслах ажилтнаас эхлэн ажиллуулдаг. Туслах ажилтан хийх явцдаа ажилдаа дадна, хамт олондоо уусна, үнэлэгдэнэ. Ажилтнуудыг би үнэлдэггүй.

Хамт олон шинэ гишүүнээ үнэлнэ. Манайх Архины эсрэг хамт олон шүү дээ. Бид Шинэ жилээ архигүй тэмдэглэж хэвшсэн. Ажилтнууд маань ч үүнд сэтгэл хангалуун байдаг. Ажиллах хүчин, харилцаа хандлага дээр  том бодлоготой ажилладаг болохоор байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа хүмүүс ч цөөнгүй бий.

Оргил ачаалалтай үед 70 гаруй хүн ажилладаг. Шинэ ажилтнаа компанийнхнаа  ажилтнаар нь сургах зарчим баримталж сургадаг. Энэ атгасан гар шиг хамт олон дунд миний зан төлөв, чадвар маань уур амьсгал дунд шигдэж өгч чадах уу гэдгээ эхний 3 сарын хугацаанд тэр хүн мэдэрдэг. Яаж  мэдрэх вэ гэхээр тэнд ажиллаж байгаа төрөл төрлийн ажил эрхэлдэг хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх ёстой.

Анх ажилд орсон хүмүүс бойноос  буюу мал нядлах, малын  хөл чирэхээс эхлээд хэр сайн дадсанаар дараагийн шат руу орох хаалга нь нээгддэг.

Орон нутагт ажиллах хүчнийг тогтоох асуудал ажил олгогч нарын хувьд маш том “өвчин”. Байгууллагын бодлого хүндээ чиглэсэн байхгүй л бол хэцүү. Хэрвээ би ах дүүгийнхээ хэн нэгнийг, эсвэл таньдаг нэгнээ өндөр цалинтай ажил руу хүчээр оруулбал олон жил ажилласан хүмүүстээ үнэлэгдэхгүй, хамт олны уур амьсгалд сөрөг нөлөөтэй. Энэ ямар чадвартай, ямар хүн бэ гэдгийг мэддэг. Ямар ажил хийхээ мэддэг, ямар цалин авахаа мэддэг хүмүүсийн дунд орж ирэхээрээ шигшигддэг байхгүй юу.

Яагаад гэхээр манай ажилтнууд ямар хугацаанд хэрхэн ажилласан гэдгээрээ цалингийн шатлал нь бодитой. Өөрөөр хэлбэл ажилтны ур чадвар нэмэгдэх тусам өндөр цалин авдаг. Зарим нь гадаадад ажиллаад авдаг цалинг ч гар дээрээ авч байгаа.

  • Танайд хамгийн олон жил ажилласан хүн хэчнээн байгаа вэ?
  • 2011 онд нэг ажилтантай эхэлж байсан. Тэр маань одоо хүртэл ажиллаж байна. 2012 онд орсон ажилтнууд бүгд шахуу байгаа. Биеэ даасан, шигшмэл  хүмүүс нь дараагийнхаа хүмүүсийг сургаад явчихдаг уламжлал тогтсон. Хүний ур чадварыг үнэлэх нь чухал юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Тиймээс өндөр ур чадвартай ажилтан бүрээ илүү үнэлдэг. Нэг жишээ хэлье. 2016 онд нэг шулаачинтай /махны/ үйлдвэрээ нээж байхад тэр  хүн бүтэн өдөр болоход 2 адуу шулдаг байсан бол өнөөдөр тэр залуу маань өдөрт 25 хүртэл адуу шулдаг болоод бусад ажилтнууддаа үлгэрлээд зааж сургаад явж байна. Юмыг хийх тусам сурдаг, дадлагаждаг гэдгийг энгийн жишээ энэ. Зарим хүн чадвараа мэддэггүй. Бог малыг өдөрт хэдэн зуугаар нь бойлдог залуус ч манай эгнээнд бий. Би ажилчдаараа маш их бахархдаг. Бид нар атгасан гар шиг сайхан  хамт олон шүү гэж хэлдэг юм. Үүнийг манайхаар байнга үйлчлүүлдэг хүмүүс ч мэдэрдэг юм байна лээ.

 

ЗООСНЫ НҮХЭЭР ХАРСАН БИЗНЕС УРТ НАСАЛДАГГҮЙ

 

  • Өнгөрсөн жил Өмнөговь аймагт салбараа нээсэн. Тэр салбарын ажил хэр явж байгаа бол?
  • Өмнөговь аймагт салбар нээсэн чинь хүмүүс орон нутагт нээдэг нь яаж байгаа юм гээд гайхаж байсан. Өмнөговь аймгаас манай аймагт амьдарч байсан нэг хүн бидэнд санал тавиад, очиж үзээд хамтарч ажиллаж болох юм байна гээд тэнд салбараа нээсэн. Маш боломжийн борлуулалттай явж байгаа. Өмнөговь аймаг газар нутгийн хувьд онцлогтой. Үхэр, адуу өсөх нөхцөл муу. Тийм болохоор цөөхөн үхэр адуутай, мах нь үнэтэй. Шалтгаан нь тэнд үхрийн иддэг өвс ургадаггүй. Дээрээс нь махны үйлдвэрлэл байдаггүй учраас дайвар бүтээгдэхүүн байдаггүй. Хэрэглэе гэхээр олддоггүй. Дээрээс нь манай Сүхбаатарын махны амт сайхан гэдгээрээ улсад брэнд болчихсон учраас давуу тал ихтэй.

Уг нь малын махнаас үнэ цэнтэй зүйл нь дайвар бүтээгдэхүүн. Одоо манай хэрэгжүүлэх гэж байгаа нэг том бодлого бол дайвар бүтээгдэхүүнийг тансаг хэрэглээ болгохыг зорьж байгаа. Биднийг хүүхэд байхад дайвар бүтээгдэхүүнийг иддэг байсан бол одоо бүх юм бэлэн болоод ирэхээр тэр болгон хэрэглэхгүй болсон. Гэтэл үйлдвэрийн гаралтай хүнс хэрэглэсээр байгаад хүмүүсийн дотор эрхтнүүд муудаж, олон төрлийн өвчин хэлдэг боллоо шүү дээ. Тэгвэл зарим өвчнийг анагаахад дайвар бүтээгдэхүүний үүрэг их байгааг мэргэжилтнүүд судлаад гаргаад ирсэн. Нойр булчирхайг сархинагаар эмчилнэ гэх мэт. Ийм бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихэссэн. Манайх малын дайвар бүтээгдэхүүнийг төрөл төрлөөр нь, хэрэгцээ тус бүрээр нь ангилж савлаад борлуулж эхлээд байна. Эдгээр бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүний тоонд орсон. Дан гургалдай идэх сонирхолтой хүн байхад, зөвхөн хэл, сархинаг иддэг хүмүүс ч бий. Тэдгээр эрэлтэд зохицуулаад, тус бүрээр нь ангилж, ялгаж эцсийн хэрэглэгчид хүргэсээр байна.

  • Үйлдвэрлэл, ажиллах хүчин, олон улсын зах зээл гээд бизнесийн хүрээгээ тэлэх бүхий л боломжийг хангаж ажиллаж байгаа юм байна. Бизнес эрхлэгч бүр ингэж хичээж зүтгэж байж амжилтад хүрсэн олон жишээ бий. Зөвхөн та бүхний зүтгэлээс гадна төрийн уян хатан бодлого үгүйлэгддэг үү?
  • Бизнесээ тэгээс эхлээд гардаж байгаа болохоор ЖДҮ эрхлэгчид, дунд шатныхан, ахисан түвшний бизнес эрхлэгчдэд тулгардаг бэрхшээлүүд өөр өөр байдаг юм байна. 2016 оны үед татвар төлөгчдийн цугларалт дээр би байр сууриа илэрхийлж байлаа. Нэг л өдөр манайх НӨАТ төлөгч болчихсон байсан. НӨАТ төлөгч болохоор сар бүр татварт тайлангаа өгдөг, 10 хувиа тогтмол өгөх ёстой. Цагтаа тайлангаа өгөхгүй бол  торгоно, шийтгэнэ гээд маш хэцүү үе байсан шүү дээ. Тэр үед л төрийн бодлого шийдвэр маш хүнд санагдаж байсан. “Шуурганд нүдээ аниад явж байгаа хүн байна.  Миний хувьд маргааш ямар байхыг таашгүй. Нартай байх уу, харанхуй байх эсэхийг мэдэхгүй байна. Гэтэл энэ татварын бодлого чинь дунд шатныханд маш  их дарамт болж байна. Энэ тайлангаа жилд 1-2 удаа авч болдоггүй юм уу, бид нар яагаад ийм хэмжээний татвар төлөөд байгаа гэдгийг нээлттэй ойлгуулмаар байна. Чи ийм хэмжээний орлого олсон учраас тийм хэмжээний татвар төлж байна гээд энгийн тайлбарлаж болдоггүй юм уу?” гэж хэлсэн санаа маань 2021 онд өөрчлөгдсөн татварын хуульд орсонд нь баярладаг. За тэгээд дунд шатны бизнес эрхэллээ. Гэтэл би хүсээд байгаа зээлээ авах гэхээр барьцаа хөрөнгө хүрдэггүй.Т эр асуудлыг Батлан даалтын сан шийдээд өгчихсөн. Дараа нь ахисан шат руу ороод ирсэн чинь том асуудалтай тулгарсан. Дотоодын бизнесүүдийг дэмжсэн төрийн урт хугацааны тогтвортой бодлого гэж байдаггүй юм байна. Уг нь засах боломжтой. Харамсалтай нь дөрвөн жилийн настай эрх баригч намын бодлоготой шууд холбоотой. Бүрэн эрхийнхээ  хугацаанд тохируулсан шийдвэр гаргадаг. Тэрнийх нь эхийг нь үзээгүй байтал дараагийн сонгууль нь болдог. Дахиад өөр шийдвэр гардаг. Энэ л бидэнд маш төвөгтэй асуудал болоод байна. Бизнесийг хүүхдээр авч үзвэл төрлөө, мөлхлөө, гүйлээ. Том болоод биеэ дааж амьдрах боломж бол ерөөсөө л зөв бодлогоос шууд шалтгаална. Бизнест ийм л бодлого дутаад байна. Жишээ нь: Намайг Баруун-Урт сумын ИТХ-д байхад янз бүрийн сангаас ЖДҮ-ийг дэмжих 5, 10, 20 сая төгрөгийн зээлүүд жил бүр олгогддог. Одоо ч олгож л байгаа. Гэтэл энэ зээлүүдийн үр дүн ямар байгаа вэ? Зээл авсан ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэлд ахиц гарсан уу гэдэг асуудал маш чухал. Олонход нь үр дүн гардаггүй л байхгүй юу. Авсан зээлээрээ машин аваад уначихдаг. Өөр зүйлд зарцуулдаг тохиолдлууд маш их байгаа. Үүн дээр нэгжүүдийг хооронд нь уялдаатай байлгах орон нутгийн бодлого дутаж байгаа.

Миний хувьд орон нутгийнхаа анхлан бизнес хийж байгаа залуусыг дэмжиж ажилладаг. Жишээ нь аймгийн төвд нээгдсэн “Баянтал” нэрийн дэлгүүртээ үйлдвэрийнхээ ард байдаг цехийн өндгийг борлуулж байна. Аймагт хийдэг брэнд болсон бүтээгдэхүүн бүрийг дэлгүүрээрээ дамжуулж борлуулмаар л байна. Зай талбайгаа нэмчихвэл манайх дэлгүүртээ  Сүхбаатарт үйлдвэрлэсэн бүх брэнд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах боломжтой болох юм.

БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 99 ХУВИЙГ

НӨХӨР МААНЬ НУГАЛДАГ

  •  “Бүжин” цехийн Энхцэцэг гэж олон хүн танаар бүх зүйлийг төсөөлдөг. Бизнест тань гэр бүлийн хүний оролцоо хэр их жин дардаг вэ?
  • Манай бизнесийн 99 хувь нь нөхрийнх, үлдсэн нэг хувь нь миний оролцоон дээр явж байгаа шүү дээ. Манай хүн дуу цөөтэй болохоор тэр бүр олны өмнө яриад байдаггүй. Харин би хийхийн хажуугаар ярьдаг болохоор намайг таньдаг байх.  Миний хамгийн сайн зөвлөх, туслагч маань. Энэ үйлдвэрийн бүх процесс нөхөртэй  маань шууд холбоотой. Зургаа гаргана, барилга байшингаа өөрөө барина. Манай хүн техник сэтгэлгээ сайтай нь хамгийн том давуу тал. Тоног төхөөрөмжийн зураг харж байгаад материалыг нь аваад өөрөө хийчихдэг болохоор гарах зардал багасдаг. 50 сая төгрөгийн өртөгтэй ажлыг 10 дахин бага өртгөөр хийчихдэг. Инженер мэргэжил эзэмшээгүй ч байгалиасаа ийм чадвартай гэдэг нь маш олон зүйл дээр анзаарагддаг. Бүр нэг удаа мэргэжлийн  инженер хүн манай нөхрийг хаана сургууль төгссөн бэ? Гэж асууж байсаншд.
  • Бизнесээ зөв бодлогоор зангидаж яваа учраас өнөөдрийн амжилтад хүрчээ гэж дүгнэлээ?
  • Зоосны нүхээр харсан бизнес хэзээ ч урт насалдаггүй. Хоромхон зуурын л ашиг өгнө. Эсвэл хүнд таалагдах гээд үнэтэй машин унаж, үнэтэй хувцас хэрэглэл өмсдөг хүмүүсийн бизнесийн насжилт богино байдгийг олон тохиолдлоос харж байсан.
  • Олон жил зорьж зүтгэж, хөгжиж, суралцаж, завгүй ажиллаж байна. Гүнзгий амьсгал аваад оносон алдсанаа эргэцүүлэх үе гардаг шүү дээ.

Зайрмаг хийж эхэлсэн үеэс өнөөдөр хүртэл гүнзгий ухаарсан зүйл тань юу бол?

  • Хүн бүр амьдралын төлөө тэмцдэг. Тэр тэмцэл дунд орхиж болохгүй ганцхан зүйл байдаг юм байна. Юу гээч. Эрүүл мэнд, гоо сайхан. Үүнийг ялангуяа эмэгтэй хүн хэзээ ч орхиж болохгүй. Бизнес эрхэлж байх хугацаандаа би 100 кг хүртэл жин нэмж үзсэн. Дөнгөж сургуулиа төгсөөд ирэхдээ 56 кг-тай мисс шиг байлаа. /Инээв/  нөхөр маань миний сайхан талыг л харж л суусан байх. 100 кг болсныхоо дараа гэнэт бодсон. Би ийм байж болохгүй, өөртөө анхаарах ёстой юм байна гэдгийг асар гүнзгий ухаараад, өнгөрсөн жилээс эхлээд жингээ хасаж, өөртөө анхаарч эхэлсэн. Өглөө бүр 05.00 цагт босоод 08.00 хүртэл цагийг өөртөө зориулдаг болсноос хойш 30 кг жин хассан. Гэтэл хүмүүс гоо сайхны хагалгаанд орсон юм уу гээд.

Миний бас нэг мөрөөдөл бол хүмүүсийг гоё болгодог шинэ ажил эхлүүлнэ гэж боддог. Эрүүлээр турж, сэтгэл ханамжтай байлгадаг жор бий болгоно гэж зорьсон зүйл бий.

 

Хүүхдүүдэд монгол үхрийн цэвэр сүүгээр зайрмаг хийж өгөх чин хүсэл нь өнөөгийн бизнесийн замыг нь засаж өгсөн мэт.

Хүсэл тэмүүлэл, зорилго нь дундаршгүй мэт. Байнга л шинийг эрэлхийлдэг аж. Түүнээс өнөөгийн нийгэмд хамгийн их цангаж байгаа ёс зүй хан хийнэ. Гэр бүл болохдоо барьсан 4 хантай  монгол гэртээ одоо хүртэл амьдардаг нь мөн л ёс зүйн зарчимтай холбогдоно.

Бизнес нь тэлж буйн шалтгааныг бүх ажлаа хүнд зориулж хийдэг учраас гэж хариулсан юм.

Малчдын амьдралд эргэлт авчрах хүсэлдээ хөтлөгдөн малаас олох ашиг шим нь богино хугацаанд эргэлддэг байх нөхцөлийг бүрдүүлэх боломжийг хэрэгжүүлээд эхэлчхэж. Байнгын түншүүд нь малчид учраас тэдэнд зориулсан гар утасны аппликэйшн нэвтрүүлээд 5 сар болжээ.  “Баянтал” нэртэй тэрхүү хэрэглүүрээс малчид махны үнэ ханш болоод тушаасан махныхаа жин тутамд бодогдох урамшууллаас гадна цаг үеийн бүхий л  мэдээллийг авах боломжтой.

Бизнес нь хэдийн дэлхийд гарчээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна