МАЛАА ТАВААРЛАГ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

2023-05-31 08:07:30 | 152 | 0


Д.УЛААНАА

 

 

Хавар цагийн ногоо цухуйсан Наран сум. Саяхан усархаг бороо орсон тул элсэрхэг хөрстэй чийгшсэн газарт хөлийн аясаар мөр зурайна.

Тус сумын 1 дүгээр багийн малчин У.Сайнхүүгийн хотыг зорилоо. Малчдын зөвлөгөөн дундуур нь цаг гаргахыг хүссэнээр Наран сумын залуу малчин өрхийн  хотонд зочилж буй нь энэ.

Сумын төвөөс холгүй, “Шар бургасны хөв” гэдэг газар нутаглаж байна. Энэ газартаа булаг гарган хашсанаар тэдний 5 хошуу мал худаг сахих асуудлаас нэгмөр ангижирч. Булгийнхаа эргэн тойрны 4 га газрыг хашиж, дотор нь бургас, чацарганын мод  суулгасан нь содон. Хэдхэн жилийн өмнө тойром байсан газарт ундарга нь үл шавхагдах газрын нүдэн булаг гарах судал буйг дээдэс нь хэлснээр Наран сумын Шар бургасанд нэгэн булаг ундарч эхэлжээ. Өвөл зунгүй тэрхүү булгаас ундаалдаг тэр хавийн хүн, мал налгар. Өвөлдөө тэс хөлдөхгүй, ус нь гарсаар л байдаг тул хол нүүдэллэх хэрэг гардаггүй гэлээ.

Сайнхүү 1998 онд 8-р ангиа төгсөөд л мал аж ахуй эрхэлсэн. Тэр үед аав, ээждээ тусалж, гадна дотнох бүхий л ажлаа амжуулдаг байсан болохоор хөдөөгийн амьдралын үнэ цэнийг сайн мэднэ. Малаа эргүүлэхээс эхэлдэг ажил нь тогоо нэрэх хүртэл үргэлжилдэг байсан болохоор одоо түүртээд байх зүйл үгүй.

Хорь гаруй жилийн өмнөх монгол малчны гэрэл нь өөхөн дэн байсан бол өдгөө нарны эрчим хүчээр цэнэглэдэг чийдэн айл бүрд айлчилжээ. Малчдын амьдрал өөрчлөгдөж, суурин газрынхнаас нэг их дутахгүй болсон нь айл бүрд буй хөргөгч, телевизор, гар утас, интернэтийн сүлжээ бэлхнээ гэрчилнэ.

Дээр дурдсанаар Сайнхүүгийнх сумынхаа хамгийн олон тэмээтэй өрх. 1998 онд хоёр ат, гурван ингэтэй байсан бол өдгөө 60 гаруй тэмээтэй. Тэмээний тоо толгойг өсгөж, 100 хүргэхээр зорьж буйгаа хэлэв.

Биднийг очиход хотонд нь 8 ботго аргамжаагаа тойрон байлаа. Бор, саарал зүсмийн нялх ботгонууд эзнээ таньж өөдөөс нь алхах ч танихгүй нэгнээс дөлж цааш зүтгэлэх нь өхөөрдөм. Ингэнүүд барааны газар идээшилж, ботгонуудаа харуулдана. Ойр ойрхон ирж ивлэсэн саамаа хөхүүлдэг гэнэ.

Аргамжаандаа орооцолдсон ботгонуудыг салган зайтай газарт уях нь хүүхэдтэй харьцаж буй мэт эвлэгхэн, аргадаж тойглох нь малын ааш араншныг  нэвт мэдэрдэг гэмээр. Тэмээг өвөл, зунгүй унаж эдэлж, усны тэргэндээ хүртэл хөллөж үндэсний өв соёлоо хадгалж яваа залуу малчдын нэг. Цас зуд туулах чадвартай, ноосоор нь тугалын  хүзүүвчнээс эхлээд хөдөөгийнхөнд хэрэг болох олон төрлийн хэрэгслийг түүний ээж хийчихнэ. Сүүлийн жилүүдэд тэмээний тоо толгой цөөрч, уналга ачилгад ч ашиглахаа больсон энэ цаг үед тэмээг өсгөж эхэлснээр тэмээ асууж ирдэг хүмүүс бий болжээ. Тэмээ өсгөсөн хүнд ботгоны урамшуулал жил бүр өгдөг, бас малын хөлийн татвар авахгүй байгаа нь тэмээ өсөхөд маш их дэмжлэг болдог аж. Харин тэмээний ноосыг авдаггүй болсон нь хачирхмаар үзэгдэл болсныг тэрээр онцоллоо. Ноосыг нь заримдаа гуйж өгдөг гэсэн малчны үгийг төрд хаяглууштай.

Монгол ахуйтай танилцуулах гэж Наран сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдаа Сайнхүүгийн хотонд зочлуулдаг уламжлал тогтсон байна.

Түүнчлэн тэмээ унаж зургаа даруулах сонирхолтой олон тэднийхийг зорих нь цөөнгүй.

Хашаа хороо, гэр доторх бүх зүйл нь цэвэр цэмцгэр. Ажилсаг монгол айлын үнэр ханхална. Хүргэнийхтэйгээ бас ээжтэйгээ айлссан энэ хот айлын бүхий л ажил тодорхой, хийх зүйл нь хугацаандаа байдаг нь Сайнхүүгийн чиглүүлэг. А-аас нь эхэлсэн МАА-г яавал биед амар хийх бүх боломжийг туршиж, шалгарсан аргуудыг ашигладаг.

Үүнийгээ эрүүл агаарт, өөрийн дураар, сайхан амьдарч байна хэмээн товчхон тодорхойлсон. Өөртөө өгсөн амлалтаа биелүүлнэ гэдэг хамгийн том амжилт хэмээн боддог тэрээр зөвхөн л мал адуулаад байх нь хангалтгүй гэж үздэг нэгэн. Энэ хандлагынх нь нэн тэргүүний илрэл нь малын тоонд биш чанарт анхаарч эхэлснээс илэрхий.

Мал олшрох тусам бэлчээрийн даац хэтэрч, нутаг усны хүрэлцээ багасаж буй нь уламжлалт мал аж ахуйд өөрчлөлт хийх хангалттай шалтгаан билээ. Тоо өсөх тусам мал давжаардаг тул малын тоог өсгөхийг чухалчилдаггүй. Бог малаа үүлдэрлэг болгоход анхаарч Эрдэнэцагаан сумаас хуц, Баяндэлгэр сумаас ухна авчээ. Мөн махны чиглэлийн бухыг ч нутагшуулж байна. Одоо тэмээнийхээ цусыг өөрчлөх асуудлаар сумын удирдлагуудтай ярилцан, Өмнөговь, Баянхонгор аймгаас малын солилцоогоор тэмээ авчрахаар төлөвлөөд буй.

2012 онд огт малгүй болж, ганцхан байдастай үлдэж, дахин тэгээс эхэлснээр

10-аадхан жилийн дотор хуучных шигээ малтай болсон нь маш том сургамж өгчээ.

Сайнхүү байнга л шинийг эрж хайна. Гаргасан булгаа зүгээр ч нэг хашсангүй, тойруулж мод тарьж, хашаан доторх өвсөө, нэмж намартаа хадлан хадна. Нийгэмд тустай хийж болохоор ажил бүрийг  хийхийг  хичээдэг.

Олон жилийн өмнө хуучин ванныг засаж, малаа угааж, малын эмч нараас банга хүртэж явсан удаатай. Зориулалтын бусаар малаа угаасан ч түүнээс үүдэн муудсан зүйл огт байгаагүй гэнэ.

Бүгдийг бусдаас биш, өөрөө хичээн, амьдралд хэрэг болохуйц шинэ соргог бүхнийг туршиж өдий зэрэгт хүрсэн болохоор хүний гар харах дургүй. Ингэх шаардлага ч үгүйг залуустаа зөвлөдөг.

Улс, аймаг,  сумын Аварга малчин өрхийг шалгаруулахдаа олон малтайг нь биш цөөн тоотой хэр нь таваарлаг мал өсгөж буй малчдыг шалгаруулдаг бодлого үгүйлэгдэж байна гэдэг Сайнхүүгийн саналтай нь нэгдэх малчид олон буй биз ээ.

Түүнчлэн ганц ганцаар биш хоршиж, хамтарч ажиллавал илүү сайхан боломжууд малчдад бий хэмээн тэрээр онцлов. Гэвч энэ санааг нь дэмжиж хоршин ажиллах хүмүүс ховор аж.

Жил ирэх тусам бэлчээрийн хомсдол ихсэж байхад олон малтай хүнд Аварга цол хүртээгээд байвал нэг л өдөр идэх өвсгүй, уух усгүй хэдэн сая мал хорогдох цаг ирэхийг залуу монгол малчин хэдийн анзаарсан нь бахдууштай.

Ийм жишиг тогтоосой хэмээн өөрөөсөө эхэлж таваарлаг МАА эрхэлж бусдадаа үлгэр болохыг хэр чинээгээрээ хичээж байгаа. Малынхаа эм тарианд хамгийн найдвартай, чанартайг хайж нийслэл хотыг зорьж улсын мал эмнэлгээс авдаг.

Түүний аав Улаанхүү 2014 онд аймгийн Сайн малчин болж байсан. Ааваасаа хойш ээжтэйгээ амьдрал туулж, хэдхэн жилийн өмнө өөрийн гэр бүлээ зохиожээ. Ажлын төлөө явсаар айл болох завгүй л явлаа хэмээн хошигнов. Хоёр охин нь бага насных. Охидыг цэцэг шиг хайрлах хэрэгтэй хэмээн хамаг хайраа тэдэндээ зориулна. Хань нь сумын ХААН банкны эрхлэгч ажилтай. МАА-д нь тэр бүр оролцоод байх боломжгүй ч энэ айлын салшгүй хэсэг. Сумын төвөөс 10 километрт нутагладаг болохоор өдөр бүр ирж очих боломжтой.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр малчин хүн жилийн 4 улиралд хөдөө хөхөрч, гадаа гандахгүйгээр малаа хариулах боломж бүрдсэн. Чухамхүү энэ боломжийг хэрхэн ашиглах эсэх нь малчин хүнээс шалтгаална гэдгийг гүнзгий ойлгожээ.

Ажлынхаа эзэн байхын утгыг таниулж, учрыг хэлж яваа залуу малчны төлөөлөл Сүхбаатар аймгийн Наран сумын  1 дүгээр багийн малчин өрх У.Сайнхүүгийн хотноос хийсэн сурвалжилгаа ийн өндөрлөж байна.

Монгол малчин таны буян арвижих болтугай.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна