Сүхбаатарын бизнес бүсгүйчүүд
Д.УЛААНАА
ЭХЛЭЛ БУЮУ АМЬДРАЛЫН АЯНД
Модны үйлдвэрт нярав, Хүнсний үйлдвэрт цэвэрлэгч, намрын ажилд тогооч гэх мэт тухайн үеийн нийгэм цаг үед тохируулан ажил эрхэлдэг байсан залуу бүсгүй өнөөдөр компани байгуулан ажиллаж байна.
Тэр үеийн ЗХУ-д Дулааны цахилгаан станцын турбины машинист мэргэжлээр суралцаж төгсөөд, Эрдэнэт хотын ДЦС-дхуваарилагдсан ч зөрсөөр байгаад төрж өссөн Сүхбаатар аймагтаа иржээ.
“Найман гал шарга” компанийн Ерөнхий захирал Зундуйн Сумъяаг Сүхбаатарын “Бизнес бүсгүйчүүд”булангийн энэ удаагийн дугаартаа урилаа.
1990-ээд оны зэх зээлийн шилжилтийн үед бага охиноо төрүүлээд, гэрээрээ юм оёж эхэлснээс хойш хүртэлх бизнесийн түүхээ бидэнтэй хуваалцаж байна.
-Олон хүүхэдтэй айлын бага учраас нэлээд дураараа бололтой. Орост суралцсан мэргэжлээрээ хуваарилагдсан Эрдэнэт хотод очихгүй гэсээр байгаад аймагтаа ирж. Ирээд юу хийсэн бэ?
- Тийм шүү. Ээждээ эрхлээд, их дураар сайхан байжээ. Дөрвөн эгч, хоёр ахтай өнөр айлын отгон охин. 1986 онд сургуулиа төгсөөд, тэгж зөрүүдлээд аймагтаа ирсэн чинь ажил оддоггүй ээ. Тэр үед ажил маш ховор. Бараг л олдохгүй. Манай хүргэн ахын төрсөн ах Д.Халтмаа гэдэг хүн аймгийн Хүнсний үйлдвэрийн дарга байсан юм. Манай үйлдвэрт цэвэрлэгчийн түр орон тоо гарсан. Хийх үү? Гэхээр нь тэгье гээд орчихлоо. Хэсэг ажиллаж байтал өмнөх хүн нь ажилдаа ороод, дахиад ажилгүй болчихсон. Тэр үед хөдөөгийн айлуудад чулуугаар хороо барих ажил өрнөдөг байсан юм. Тэр ажилд Хүнсний үйлдвэрийн ажилчид явна гэхээр нь би хамт явъя. Тогооч хийе. Чадна гээд явлаа. Арван жилд байхдаа намрын ажлын үеэр ангийнхаа охинтой тогооч хийдэг байсан болохоор өөртөө итгэлтэй байсан нь тэр. Хөдөө явах нь сайхан санагдаад. Хөдөө очиж 10 орчим хоног ажиллаад ирсэн. Ирээд Хүнсний үйлдвэртээ 2-3 сар архины цехэд савлагч мэтийн ажлуудыг хийж байгаад курст сууна, мэргэжил дээшлүүлнэ гээд больчихсон юм. Тэр өвөл нь нөхөртэйгөө танилцсан. Анхандаа ямар хар залуу вэ гэж боддог байсан хүнтэйгээ одоо хүртэл сайхан амьдарч байна даа. /инээв/
Бид хоёрын тусдаа гарсан түүх сонин. 1989 онд Модны үйлдвэрт нярав хийдэг байлаа. Тэгж байхдаа их зүйлийг сурсаан. Мажигсүрэн гэдэг ах надад сампингаар бодохыг зааж өгсөн юм. Тэгэхэд залуу гэр бүлд зориулсан зээл гэж ирлээ. 8 мянган төгрөгийн зээл. 15 жилийн хугацаатай. Авах хүн олддоггүй. Би авъя гээд тэр зээлийг авлаа. Найман мянган төгрөг маш их мөнгө шүү дээ. Зээл авсан чинь модны үйлдвэрийн нэг ах хоёр мянгыг нь өгчих гээд гуйгаад байхаар нь өгчихлөө. Буцааж яаж төлөх талаар ч бодохгүй шууд л авчихсан. Мянга гаруйгаар нь 5 ханатай гэр авлаа. Доторх тавилга, дээвэр туурга гээд бүгдийг л өнөө мөнгөнөөсөө авсан. Дээрээс нь 1200 төгрөгөөр оросын хэрээстэй оёдлын машин авлаа. Тэр машин одоо хүртэл манайд байгаа. Бас болоогүй ээ, хоёулаа хуримын бөгж хаж байгаа юм. Нөхөр маань энэ үнэтэй оёдлын машинаараа хэзээ юм оёх вэ? Гэж асууна. Харин хадам аав маань юм сайн оёорой гэж хэлдэг байв. Би форм парчикаа өөрөө оёод өмсдөг байсан юм.Тэр машиныг авахдаа хүүхдүүддээ хувцас оёно гэж бодож авсан байх. Хадам ээж намайг их магтанаа. Надад оёдлын анхан шатны зүйл заасны дараа манай бэр оёдол үйлд дөртэй юм гэж их урам өгдөг сөн. Анхны дээлээ оёсны дараа ёстой гоё оёж...гэж урамшуулж билээ. Анх оёсон юм ямар л олиг байх вэ дээ. Намайг л дэмжиж байгаа нь тэр. Тэрнээс хойш янз янзын л юм оёсон.
Тэр зээлээ төлсөн үү?
Төлсөн. Их сонин юм болсон. Тэгээд байж байтал удалгүй мөнгөний ханш навс унаад, нөгөө зээл маань бараг л 1000 төгрөгтэй тэнцчихсэн. Мөнгө цаас болчихсон байхгүй юу. Гэвч тэр үед авсан зээлээ төлөхөд асуудал гараагүй. Авснаараа хожчихсон. Анхнаасаа л зээлээр амьдралаа эхэлсэн болохоор би одоо хүртэл зээл авдаг юм болов уу гэж боддог юм.
За тэгээд 1990 он гарлаа. Нөхөр маань Эрчим хүчний үйлдвэрт боловсон хүчин хийж байснаа цомхотголоор халагдлаа. Ажлаас халагдсаны гээд хэдэн төгрөгөө аваад хот руу наймаа хийнэ гээд явлаа. Судалтай цамцнууд тэр үед гардаг байсан юм. Тийм цамцнуудаас аваад ирсэн чинь хулхидуулчхаж. Нэг нь л том хүнийх бусад нь хүүхдийнх байж таараад. Хүүхдэд бол үнэтэйдэх учраас “шатсан”. Тэгж ирэхдээ 50 кг-ын гурил хоёр шуудайг авчирлаа. Шилжилтийн эхэн үе учраас гурилаас эхлээд бүх юм ховор. Ялангуяа талх бүр ховор. Манайх тэгэхэд аймгийн төвийн хойно байгаа 7 худагт байдаг байв. Нөхрийгөө орой ирэхэд нь нэг талх олоод ирээсэй гэж хардаг байсан. Авчирсан гурилыг нь гамнаж хэрэглэдэг байж билээ.
БИЗНЕС ЭХЛЭХЭД БЭЛ ХАМААГҮЙ
Бизнес эхэлсэн түүхээ яриач?
Тэгж байгаад Б.Баярцогт ерөөсөө ажилд оръё гээд өмгөөлөгчөөр орлоо. Сарын цалин боломжийн тул идэж уухад хүрэлцээтэй. Өөр хөдлөх боломжгүй. Нэг өдөр Б.Баярцогтын нэг танил нь дотуур хувцасны материал гээд 4 өнгийн боодол даавуу авчраад зарна гэлээ. Авмаар байна, мөнгөгүй гэсэн чинь зээлээр ав гэхээр нь авчихлаа. Би нөгөө оёдлын машин дээр овоо гаршчихсан байсан болохоор тэр даавуунуудаар дотоож оёлоо. Резин, оёдлын утас худалдаж авсан. Оёсон дотоожоо өөрөө өмсөөд үзтэл болж байна шүү. За тэгээд бусдыг нь зарах гээд хуучин Наадмын талбай руу явлаа. Тэнд 7 хоногт нэг удаа “хар зах” гэж гардаг байлаа.
Би ичээд холоос хараад зогсоно. Б.Баярцогт овоо хэдийг зарсан юм. Нэг хөгшин үзээд, энэ чинь завод турсик юм биш үү... гэсэн магтаал надад их урам өгөөд, бүр олныг оёод бирж дээр нэг лангуу аваад зарж эхэлсэн. Даавууныхаа мөнгийг ч өгчихлөө. Боломжийн байна шүү. Тэгтэл материал дууслаа. Таньдаг бүсгүй маань сатин гээд гөлгөр материал хаанаас ч авсан юм авчрахаар нь хэдэн дээлийнхийг хадам ээждээ ноолуур болгоод өг гээд өгсөн чинь 3-4 кг ноолуур болгоод өгсөн. Ноолуураа аваад Улиастай руу хилээр гарлаа. Ноолуураа нууж гарна. Гэхдээ л маш их мөнгө болсон. Үрээд дуусахгүй юм шиг санагдаж байлаа. Нөгөө мөнгөөрөө саван, воок гэх мэт өргөн хэрэглээний бараа авчирч зараад боломжийн орлого олчихлоо.
Манай ээж их ухааны хүн байсан юм. Юмыг хамаагүй битгий үр. Юмхнаар юм хий, өнөөдөр олдож байгаа ч хожмын нэг өдөр олдохгүй болно гэж бидэнд сургадаг байсан юм. Тэр залуур бидэнд их нөлөөлсөн болов уу. Тэр үед ёотон хайлуулж, мөсөн чихэр хийж зардаг байлаа. Өөр жижиг сажиг наймаанууд их хийсээн. Ингэж таван төгрөгийг 10 болгох ухааныг ээж маань л өгсөн юм даа.
Манай ах З.Энх-Амгалан гэж бий. “Шарга” зоогийн газрын эзэн. Ах маань тухайн үедээ булочик хийж зараад, амьдрах гээд үзээд байсан. Хоёулаа нэг өдөр ярилцаад, ерөөсөө нэг нэгээрээ биш, мөнгөө нийлүүлээд наймаа хийе гэж ярилцсан. Бидний дундаас дээд тал нь 200 мянган төгрөг л боссон байх. Тэр мөнгөөрөө нэхий авч эхэллээ. Тэгж байтал давс зарах санал ирлээ. Сангийн далайн давс гээд цагаан давсыг тэр үеийнхэн хэрэглэдэг байлаа. Тэгээд давс зарж эхэлсэн. Зарим хүн давс зарахаар хоосордог гэж хэлдэг л байлаа. Би дотроо худлаа гэж бодоод, зарсан. Хөдөөгөөс ирсэн хүмүүс 5 кг-аар нь авдаг байлаа. 100-400 гр-ыг ч авдаг хүмүүс байж л байсан. Малтай байрнаас түрдэг тэргээр Дээжийн 3 давхар луу тэр хүнд давсыг муу ах минь л зөөдөг байлаа.
Дан ганц давс зараад яах вэ гээд дэлгүүрүүдээс будаа, сахар аваад кг тутамд 20 төгрөг нэмээд зардаг байлаа. Дараа нь бас Дорнодоос гурил бөөндөж авчраад зарлаа. Барааны төрөл зүйл олшрохоор мөнгөө нэмэх хэрэг гарна. Ээжийнхээ дүү О.Мангал ахаас мөнгө зээлнээ. Наймаа хийдэг байсан болохоор шууд л өгнө. Гурилаа зараад буцаагаад өгчихдөг болохоор олон удаа бидэнд тус болж байсан. Тэгж таван төгрөг олдог байхдаа өдөртөө ганц хуушуур, аяга цай л уудаг байлаа. Өөрөөсөө тэгж харамлана.
Тэгж явсаар байгаад овоо хэдэн төгрөгтэй боллоо. Дээрээс нь өөр хүнээс мөнгө нэмж аваад, Улиастайгаас гурил будаа, лаа, чавга гэх мэт гүйлгээ сайтай бараанууд авчирч зардаг байсан юм. Бараануудаа одоогийн автовокзал, Сүхбаатар ХҮТ чинь хуучнаар торон хашаанд байсан. Тэр хашаанд зогсоод задгай тавиад зарна. Одоогийн хүүхдүүд мэдэхгүй байх.
Ингэсээр байгаад түвшин ахиад Эрээн хот руу гарлаа. Бас л хэдэн төгрөг зээлээд л явсан. Эрээнээс цагны зай, бөмбөг гэх мэт өргөн хэрэглээний бараа авчирч зардаг болсон. Сайн ч гүйдэг байлаа. Биржид нэг лангуу худалдаж аваад суулаа. Борлуулалт сайн байдаг учраас 7 хоног бүр хил гарч бараа татдаг болсон.
Хулдаас бас сайн гүйлгээтэй байсан болохоор их зарсан даа. Бусад хүмүүс ч бас ижил бараа зардаг ч гэлээ тэр үед борлуулалт үнэхээр сайн байсан.
Бас болоогүй ээ. Эрээнээс зайрмагийн машин оруулж ирж, монгол сүүгээр зайрмаг хийж зарж үзсэн шүү.
Овоо хуримтлалтай болж ирээд 1997-1998 он хавьцаа байх аа. Одоо 16 давхар байгаа газарт Шарга зоогийн газар гэж байсан. Тэр зоогийн газрыг худалдаж авлаа.
Шарга гуанзыг зарна гэдэг мэдээг ах хэлэхээр нь өө авъя гээд л бүх мөнгөө шавхаад авсан. Худалдааны төв болгоод, хүнсний бүтээгдэхүүн лангуу түрээслээд, хүнсний бүтээгдэхүүн зардаг байв. Засаж янзлах зүйл их байлаа. Хүмүүсийг шууд гаргаж болдоггүй. Орчин нөхцөл нь ч сайнгүй байсан болохоор ядаж халаалттай болгох гээд хөөцөлдсөн. Түрээслэгчид нь хэл ам хийнэ. Хэцүү байсан. Засвар хийх гээд түрээслэгчдээ гаргах гэтэл гарахгүй гээд. Тайлбарлаж хэлж байж 2001 онд засвар хийгээд, нэг талдаа дэлгүүр, нөгөө талдаа хоолны газар ажиллуулж байсан. Тасалгаа нь шилэн. Тэр үедээ л шинэлэг засвар хийсэн.
Хоолны газрынхаа хоолыг өөрөө амтлаад хийнэ. Анх гуляшны махаа шөнөжин чанаж зөөлрүүлээд хийж байсан. Хоолны анхны мэдэгдэхүүнгүй болохоор Хоёрдугаар гуанзанд ажиллаж байсан эгчийг гуйгаад, порцлохыг заалгасан. Тэр өдрийн анхны үйлчлүүлэгчид манай хоолыг магтаж билээ. Одоо манай Жавхлант компанийн захирал Ж.Чулуун-Эрдэнэ ёстой гоё хоол байна гэж байсныг мартдаггүй юм. Хоолны газар маань хэдхэн төрлийн л хоол гарганаа. Хүмүүс ч их үйлчлүүлнэ. Мах элбэг байсан болохоор махаар “зоддог” байлаа.
Бас хуушуур хийдэг эгчээсээ аргачлалыг заалгаад, хуушуур хийж эхэлсэн. Манай хуушуур тухайн үедээ “Шаргын хуушуур гэдэг“ нэртэй байлаа шүү дээ. Наадам, баяр ёслолын үед гэр бараагаа зөөгөөд хуушуураа зарна. Алтан-Овооны наадамд хүртэл очдог байсан. Тэгж явахад маш их ажил орно шүү дээ.
Дэлгүүр маань орлого сайтай байсаан. Дэлгүүрийнхээ санхүүг барина гээд л бүх зүйлдээ гар бие оролцдог зантай. Өөрөө л оролцохгүй бол болохгүй байгаа юм шиг санагддаг.
“ШАРГА”-ЫН ХЭВИЙН БООВНЫ СУУРЬ 1989 ОНД ТАВИГДСАН
“Шаргын” Сумъяа гэдгээр таныг олон нийт мэднэ. Одоо таны гол бизнес ч ийм нэртэй. “Шарга” нарийн боовны цехээ нээх анхны алхам ямар замаар эхэлж байв?
Гэтэл тэр үед Ганбаатар гэдэг хүн оросын том төмөр пийшин ашиглаж талх хийдэг байж. Тэр пийшингээ зарах гэж байгаа юмаа. Авах уу гээд хэд хэдэн удаа ирлээ. Ахтайгаа зөвлөлдөө. Авъя л даа гээд авчихлаа. Манай ах үргэлж авъя, за гэдэг хүн л дээ. Үгүй гэж бараг л хэлдэггүй.
Нөгөө пийшингээ авчраад өглөө. Бид өнгө зүсийг нь засаж янзлаад ажиллуулах гэтэл хүн хэрэгтэй боллоо. Хуучин хүнсний үйлдвэрт талхчин байсан нэг хүнийг гуйгаад, ажиллууллаа. Тэр чинь 2004 он шүү дээ. Гал түлж талх хийдэг байлаа. Хөрөнгөөр исгээд жинхэнэ орги талх хийж эхэллээ. Шаргын талх гээд шуурдаг болов. Талхаа 270 төгрөгөөр зарна. Ашиг муу байсан ч бид талхаа хийсээр л байсан. Эхлээд нэг хүнтэй ажиллаж байсан бол Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан хүмүүст санал тавьж ажиллуулсан. Тэд нар дараа нь: Хэцүү үед бид нарыг ажиллуулж байсанд талархдаг шүү гэж хэлж байсан. Ажилгүйдэл их, хүмүүс гудамжинд шоо хаядаг л байсан үе.
Ээждээ аваачиж өгөөд: Энэ миний хийсэн боов гэсэн чинь ээж маань: Өө миний охин сайн явах юм байна. Идэх хоолтойгоо явах юм байна. Үнэхээр амттай болжээ гэж билээ. Тэр үед ээж маань бие муутай байсан болохоор гэрт нь аваачиж өгч байсан юм. Хэвийн боовны маань суурь тэгэхэд л тавигдсан байхгүй юу.
Тэрнээс хойш ах дүү нар надаар цагаан сарын боовоо хийлгэдэг боллоо. Манайд ч боовноосоо өгсөнгүй гээд л нэхэл хатуутай авна шүү дээ.
2006 онд хотоос сургагч багш авчраад үйлдвэр дээрээ сургалт хийлээ. Тэр багш: Танайх хэвийн боов хийдэг үү? Гэхэд нь манай аймгийнхан өөрсдөө хийчихдэг болохоор авах гэж бодоод хийдэггүй ээ гэсэн. Хэвийн боов хийгээч, ашигтай шд гэж хэлсэн л дээ.
Нэг өдөр би гэнэт хэвийн боов хийгээд үзье гэж бодсон. Тэгээд хуучин хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Ш.Баярсайханаар туслуулаад хийж эхэллээ. Одоогийн үйлдвэртээ 10 боов багтдаг жижигхэн тогоонд хайрдаг байлаа. 2008 оны өвөл 3000 боов хийж орхиод Бээжин хот руу явлаа. Түүнээс илүү зарагдахгүй гэж бодсон. Буцаад иртэл нөгөө 3000 боов дуусаад, эрж хайсан хүмүүс бий болчихсон байсан. Түүнээс хойш манай боов алдаршсан даа. Дорнод руу анх нэг дүүдээ хэдэн боов өгөөд явуулсан чинь маш хурдан зарагдчихсан. Араас нь захиалга урсаж эхэлсэн дээ. Амттай боов хийх хамгийн чухал зүйл нь технологи байдаг. Манай хэвийн боов болон бусад бүтээгдэхүүний амт нь технологи. “Дарьганга ул боов” нь Сүхбаатар аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч, гадаад дотоод гээд хол ойрын хэрэглэгчдийн таашаал хүртсэн Шилдэг бүтээгдэхүүн болж чадсан. “Өег” буриад талх бол манай цехийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн.
Саяхан над руу нэг хүн яриад, ийм амттай боорцог идэж байгаагүй. Танай боорцог маш их таалагдлаа. Баярлалаа гэж хэлэх гэсэн юм гээд холбогдсон. Хотод амьдардаг хүн манай боорцгийг Мөнххаан сумын дэлгүүрээс авсан байгааюм. Хотод зардаг газар байдаг уу? гэсэн нь сайхан санагдсан.
Мөн хэрэглэгчдийн санал шүүмжлэлийг хүлээн авч, хэрэгжүүлэхийг хичээдэг. Аймгийнхаа ард иргэдийн өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаагаараа бахархдаг. Илүү олон төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа.
-Ээж тань таны хамгийн сайн зөвлөгч байсан гэлээ. Амьдралд баримтлах зарчмуудын суурийг тань тавьсан болов уу?
Ээж маань олон зүйл ухааруулсан даа. Нөхрөөрөө үнс битгий асгуулж бай, сайхан дээл хийж өгөөрэй гээд л.
Ээжийгээ өнгөрснөөс хойш бараг нэг сар уйлж гэртээ суусан. Маш хэцүү байсан. Ээжгүй бол амьдарч чадахгүй юм шиг л санагддаг байлаа. Гэвч ээжийг маань орлох сайн ханьтай болохоор би жаргалтай байдаг. Бурхан надад үнэхээр сайн хань өгсөн.
БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БАЙНА
Сүхбаатар аймгийн хувийн хэвшлийн салбарт олон жил ажиллалаа. Хорь гаруй жил хийж болох бүхий зүйлсийг хийж өнөөдрийн амжилтад хүрч. Өөрсдийн хүчээр өсөж өндийж, баялаг бүтээж буй тан шиг үйлдвэрлэл эрхлэгчид олон бий. Та бүхэнд төрийн ямар бодлого үгүйлэгддэг вэ?
Манай аймгийн бодлого тодорхойлогчид бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагаатай танилцаад, бидний санал бодлыг хааяа ч болов сонсоосой.
Бизнестээ баримталдаг ёс зүй тань юу вэ?
Байгаадаа сэтгэл хангалуун байж, нутаг ус, ард түмэн, хань ижил, үр хүүхдэдээ үргэлж талархаж байх хэрэгтэй. Учир нь би ганцаараа энэ амжилтад хүрээгүй. Надтай хамт амьдрал туулж, бүтээж яваа миний ах З.Энх-Амгалан, түүний хань ижил үр хүүхдүүд амжилтын маань нэг хэсэг юм. Үйлдвэрт анхнаас нь эхлээд одоо хүртэл ажиллаж байгаа хамт олон маань ч Шарга нарийн боовны түүхийг бичсээр байгаад нь үргэлж талархаж явдгаа энэ ярилцлагаараа дамжуулан хэлье.
Та үйлдвэрийнхээ ирээдүйг хэрхэн харж байна?
Үйлдвэрийн халаалт, цахилгааны төлбөр өндөр гардаг нь бидний үйл ажиллагаанд хамгийн хүнд цохилт болж байна. Суурь үнэ өндөр байх тусам үйлдвэрлэгчид сөхөрнө. Дээр хэлсэн төрийн зөв бодлого бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна даа.
Зөв заллага, зөв үйл хүнийг зөв зам руу хөтөлдөг гэдгийг Зундуйн Сумъяагийн бизнесийн түүх гэрчилнэ.
Тэрээр Сүхбаатарын бизнес эрхлэгчдийн түүхэнд брэнд бүтээж тод мөрөө үлдээж яваа бүсгүйчүүдийн нэг.
Гагц түүний хэлсэн ус, агаар мэт үгүйлэгдэх төрийн алсын хараатай бодлогыг хайж байна...
Сэтгэгдэл үлдээх