“Сүхбаатарын бизнес бүсгүйчүүд”
МҮХАҮТ-ын Сүхбаатар салбартай хамтран бэлтгэж буй булангийн энэ удаагийн дугаарт “Хийморьт-Агшуун” ХХК-ийн захирал Б.Урантуяа оролцлоо.
ЯРИЛЦСАН Д.УЛААНАА
Анх Дорнод аймагт зайрмагийн цех байгуулж бизнес эхэлж байсан гэж сонссон?
Аравдугаар анги төгсөөд, Дорнод аймгийн ТМС-ийн Тогооч, нарийн боовны ангийг төгсөөд, Улаанбаатар төмөр замын Эрээнцавын Баянтүмэн өртөөнд Депогийн машинистуудын хоолыг хийдэг байлаа. Дараа нь1999 онд Дорнод аймагт Зайрмагийн цех ажиллуулж бизнесээ эхлүүлсэн. Тэр үед дөнгөж наймаа арилжаа эхэлж байсан үе. Зайрмагийн машин 1,2 сая төгрөг. Тэр үеийн энэ хэмжээний мөнгө том тоо байлаа.
Тэгээд хадам аав найзаасаа мөнгө зээлээд, зайрмагийн машин авсан. Тэгэхэд хадам аав: Хүнээс зээл аваад, буцаагаад төлж чадах болов уу? Хэцүү газар орчих вий дээ... гэхэд нөхөр маань: Юу яриад байгаа юм. Орвол би оръё. Бизнес хийе л дээ гээд зайрмагаа хийж эхэлсэн. Өдөрт 600 ширхэг зайрмаг хийж зардаг байлаа. Өдөртөө зарагдана. Дорнодод ”Хэрэмхэн” гэдэг зайрмагийн үйлдвэр байсан. Одоо хүртэл байдаг. Хоёулангийнх нь зайрмаг маш сайн зарагдана. Манайх “Ононгийн зайрмаг” нэртэй байлаа.
Тэгтэл 2000 онд “Монос”-ын Н.Алтантуяа эгч Дорнодод очоод, та хэд Сүхбаатар аймагтаа очоод үйлдвэр нээгээч гэсэн. Ингээд тэр ондоо аймагтаа ирээд, Н.Алтантуяа эгчтэй хамтарч нарийн боовны цехээ нээж байлаа. Бид хоёр тус бүр нэг сая төгрөг нийлүүлж анх цехээ нээсэн юм. Тоног төхөөрөмж гээд бүх зүйлийг хятадаас авсан. Одоогийн манай үйлдвэрийн байранд эмийн сайн байсан. Энэ байрандаа 22 дахь жилдээ үйл ажиллагаа маань тасралтгүй явж байна. Бизнесийн суурийг маань тавьсан хүн бол Н.Алтантуяа эгч маань шүү дээ. Маш их талархаж явдгаа аймгийнхаа сониноор дамжуулан хэлье.
Анх ямар бүтээгдэхүүн хийсэн бэ. Орц технологио хаанаас сурсан бол?
Анх бид “Өнгөт мөөхий” буюу пяраанаг хийж боовны бизнесээ эхэлж байлаа. Орос жороор хийдэг. Дорнодын хүнсний үйлдвэрийн Нарантуяа эгчээс жор авч хийсэн. Одоо манай үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бүгд орос жороор хийгддэг. Борлуулалт сайн байдаг байлаа. 2008 онд одоогийн “Баялаг” цехийнхээ байрыг Алтантуяа эгчээс худалдан авч, өөрийн болгоод нөхөртэйгөө хоёулахнаа найман төрлийн бүтээгдэхүүн хийж эхэлсэн. Өнгөт мөөхий 500 гр нь 300 төгрөгөөр зарагддаг байлаа. Жил өнгөрөх тусам ажлын байраа нэмж, өргөжсөөр одоо 13 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Ирэх намар 22 жилийн ойгоо хэрэглэгчидтэйгээ хийе гэж төлөвлөөд байна. Одоо өдөр бүр тогтмол 32 төрөл, бэлэн жортой захиалгаар хийвэл 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийж байна даа.
Бүтээгдэхүүнээ яаж борлуулдаг байсан бэ. Тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сурталчилгаа хийх цахим орчин ашиглах хүн ховор байсан шүү дээ?
Найман төрлийн бүтээгдэхүүнээ аваад, аймгийн төвийн хүнсний дэлгүүрүүдэд хүргэлтээр тараадаг байлаа. Тэгж явсаар 2002 оноос эхлээд сумдын дэлгүүрүүд манай бүтээгдэхүүнүүдийг авч эхэлсэн. Одоо бол сумд, аймгийн төвийн байгууллагууд, иргэд гээд хамтарч ажилладаг маш олон хэрэглэгчидтэй болсон. Үйл ажиллагаа маань тасралтгүй явах бүх нөхцөлийг бүрдүүлж байгаа түнш байгууллагууд, хэрэглэгчид, ажилтнууд маань Баялаг цехийн эд эс.
Бид аль болох хүний биед шингэц сайтай, эрүүл орцоор бүтээгдэхүүнээ хийхийг хичээдэг. Хүнс үйлдвэрлэж байгаа болохоор хамгийн түрүүнд хүнийг бодох ёстой. Бүтээгдэхүүнүүдийг маань авсан хэрэглэгчид амттай байна, таалагдлаа гэхэд үнэхээр сайхан санагддаг. Зарим хүмүүс илүү нарийн технологиор, илүү шинэ бүтээгдэхүүн хийгээч гэдэг. Гэвч тэр нарийн зүйлийг хийхээр гурилаа олон дахин хөөлгөх болно. Тэр хэрээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлнө шүү дээ. Хэт гоёчилсон бүтээгдэхүүн хийснээс өөрийнхөө сэтгэлд тохируулж хоргүй бүтээгдэхүүн хийх юм сан л гэж боддог. Анх бүх юу ч мэддэггүй байсан болохоор ганцхан урдаас л бүгдийг авдаг байсан бол сүүлдээ хүмүүс өөр зүйлийг хүсдэг болоод ирэхээр хаанаас ямар бүтээгдэхүүн авбал нутгийнхнаа эрүүл хүнсээр хангах вэ гэж эрэл хайгуул хийдэг болсон. Оросын шинэ орцуудаас бүтсэн эрүүл бүтээгдэхүүн хэрэгдэгчдэдээ нийлүүлдэг болохоор сэтгэл хангалуун байдаг.
Хоёр сая төгрөгөөр эхэлсэн бизнесээ өргөжүүлэхэд зээл авах шаардлага гарсан байх. Эсвэл энэ мөнгөө л эргүүлсэн үү?
-2006 онд байхаа даа. ЖДҮ-ийн сангаас 25 сая төгрөгийн зээл авсан. Цехийн маань байр хуучин болохоор засвар үйлчилгээ хийх, үйлдвэрлэлдээ зарцуулахад их хэрэг болсон. Тэгж явсаар 2013 онд компани болон өргөжсөн. Энэ бол манай Сүхбаатар аймгийн харилцагчдын хүч. Аймгийнхандаа маш их баярлаж явдаг. Тиймээс л нутгийн иргэдийнхээ итгэлийг алдахгүйн тулд аль болох чанартай, амттай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг. Аймгийн олон байгууллага хамтардаг. Үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2006 оноос хойш Баруун-Урт хотын 1 дүгээр сургууль болон аймгийн бүх сум өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаж байна. Мөн Асгат, Халзан, Түвшинширээ гэх мэт сумын дэлгүүрүүд манай бүтээгдэхүүнээс авч, сургуулийнхаа “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлдэг. Бүтээгдэхүүнийг маань хамгийн их авдаг нь Сүхбаатар сум.
Сүүлийн үед бүтээгдэхүүний сав баглаа, боодлыг харж худалдан авалт хийх нь олширсон. Өнгө үзэмж, сав баглаа боодолд багагүй санхүүжилт зарцуулдаг байх?
Тийм шүү. Сав баглаа, боодлын үзэмж маш чухал. 2005 онд анх “Баялаг” гэдэг ногоон шошготой уут анх гаргасан. Сав баглаа боодлоо “ОБ пластик” компаниас авдаг. Аль болохоор Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хичээж, дотоодын компаниудтай хамтардаг. Нэг хүндрэлтэй тал нь уут, хайрцаг гэх мэт савыг олон мянган ширхгээр захиалахыг шаарддаг. Сав, баглаа боодолдоо 100 саяыг зарцуулахаар үйлдвэрлэлээ яах билээ? Энэ бол маш тулгамдсан асуудал. Миний хувьд үйлдвэрлэгчид хөл дээрээ босох гэж яаж тэмцдэгийг мэддэг болохоор нэг гутал авсан ч дотоодын компаниас авдаг. Сар шинээр нэг ч гэсэн хүнд ноолууран бээлий, оймс, ороолт өгчих юм сан гэж сонголтоо хийдэг. Хүмүүс годон гутал гээд шуурдаг. Заавал годон гуталтай, гуталгүй болно. Би “Хөөндий” гэдэг монголын брэнд гутлыг авдаг. Нэг ч гэсэн хүнийх нь цалинд нэмэртэй шүү дээ.
-Өдрийн хэдэн цагийг үйлдвэр дээрээ өнгөрүүлж байна. Очих бүрд байж харагддаг?
Хоногийн ихэнх цагийг үйлдвэртээ өнгөрүүлнэ. Заримдаа гэрээ мартана. Ажилтан олдохгүй энэ цаг үед бүгдийг л хийж байна. Хэдхэн ажилтнууд маань нэг нэгнээ нөхөөд, элбэж хамтран ажилладаг. Тортын крем түрхэхээс эхлээд, аль дамжлагад хүн хүч дутуу байна. Тэр бүгдийг л хийнэ.
Үйлдвэр, цехэд ажиллах хүн хомсдож байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна вэ?
Хүмүүсийг залхуу байна л гээд байдаг. Гэхдээ өөр шалтгаанууд бий. Тухайлбал манайд ажиллах хүсэлтэй охид, бүсгүйчүүд зөндөө. Гэтэл зарим нь нялх хүүхэдтэй, харах хүнгүй. Хоёр нас хүртэл ээж нь харах хуультай. Ясли байхгүй болохоор хүүхэд харах асуудал залуусын ажил хийх нөхцөлд нөлөөлж байна. Яслийг үнэгүй болгоод, залуусын ажил хийх боломжийг олгоосой. Дээрээс нь халамжийн хавтгайрал нөлөөтэй.
Бас ар гэрийн асуудал их шалтгаална. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй хүмүүст манайх өглөө 08.00 цагаас өдрийн 14.00 цаг хүртэл ажиллах боломж гаргаж байгаа. Хүүхдээ хүргэж өгчхөөд өдөр авна. Цагаа зөрүүлээд орой хүртэл ажиллах боломжийг гаргасан. Ийм хуваариар ажилладаг хүмүүс бий.
Зуны амралт эхлэхээр ахлах ангийн хүүхдүүдийг ажиллуулах боломжтой. Амралтаараа өөрт тохирсон ажил хийдэг хүүхдүүд ч бий.
Аливаа зүйл хоёр талтай. Залуусыг залхуу гэхээс илүүтэй ар гэрийн амьдралыг ойлгох хэрэгтэй юм шиг. Ажилчидтайгаа ярилцаж суухад, ажил хийх хүсэлтэй хүмүүс их байдаг юм байна. Гэтэл нөхөр хэцүү, аав, ээж нь асуудалтай гэх мэт гэр бүлийн асуудлаас болж зарим залуус ажил хийх боломжгүй байна.
Манайд олон жил болж байгаа хүмүүсийн ар гэр, аав, ээжүүд маш мундаг шүү.
Байгуулагдсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл танайд 22 дахь жилдээ ажиллаж байгаа хүн бий юу?
Байлгүй яах вэ. Анхнаас нь эхлээд ажилласан 5 хүн бий. 2013 оноос эхлээд тасралтгүй ажилласан хүн ч бий. Ингэж ажиллана гэдэг бол тухайн хүний ухамсар, тууштай байдал их нөлөөтэй. Би тэд нарт: Та нар шиг ажиллах хүн ховор. Үнэхээр мундаг ажилтнууд шүү гэж хэлдэг. Ц.Амартайван, Г.Отгонцэцэг, М.Отгонзаяа, Ч.Уранцэцэг, М.Баттуяа гэсэн гарын 5 хуруу шиг анхны ажилчдын хүчээр манайх ийм олон жил оршин тогтнож байгаа. Тэдний араас 10-аас дээш жил ажилласан Т.Энхсаруул гэж ажилтан маань ч бий. Би ажилчдаараа маш их бахархдаг.
Хүн урмын амьтан шүү дээ. Ийм удаан ажилласан хүмүүстээ бид нийгмийн асуудал дээр нь бүх боломжоороо тусалж дэмждэг. Наад зах нь тусдаа гарахад нь байрны урьдчилгаа дээр нь нэмэрлэх, цахилгаан бараа авч өгөх гэх мэт. Шинээр ажилтан авахаар ажлын ачаалал даахгүй хүн бас байдаг. Нэг хоног, зарим нь нэг цаг ажиллаад больдог тохиолдол ч бий. Яг бидний үеийнхэн шиг яс ажил хийдэг хүн ховорджээ.
-Танай үйлдвэрийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн аль нь вэ?
Массын боов буюу, “Мөөхий”, “Цэцгэн” боовнууд. Сүүлийн үед бэйкери, кексүүд сайн борлогддог. Олон нийт юу хүсэж байна, ямар бүтээгдэхүүнийг илүү таашааж байна гэдгийг судлаад, тэр бүхнийг хийхийг хичээдэг.
Бизнес өгсөх, уруудах зарчмаар явдаг гэдгийг бизнес эрхлэгчид хэлдэг. Унаад боссон тохиолдлууд ч олон. Хамгийн хүнд үе хэзээ байсан. Тэр үеийг хэрхэн давсан бэ?
2011 онд жаахан эвгүйцсэн. Борлуулалт багасаад нэлээд сандарсан. Эдийн засгийн хямрал болсон шиг санагдаад байна. Тэр үеийн Хөдөлмөрийн хэлтсээс 50 сая төгрөгийн зээл авч, хүнд байдлаас гарч байсан. Тэр сангаас 100 саяыг хүссэн ч тухайн үеийн төрийн албаны хэлтсийн дарга эмэгтэй: Манай үйлдвэрт ийм хэмжээтэй зээл өгөхгүй гээд 50 сая төгрөг болгосон юм байна лээ. Хэрвээ тэр үед 100 саяыг авсан бол өдийд манай үйлдвэр хамаагүй өргөжчихсөн байх байлаа. Харамсдаг л юм.
Тэр үед манай бүтээгдэхүүнүүд “Өсөхдэлгэр-Ундрах” супермаркетаар маш сайн борлуулагддаг байлаа. Одоо ч тэнд зарагдсаар л байгаа. Бүтээгдэхүүнүүдийн маань борлуулалтын 50 хувийг энэ супермаркет л хийж өгсөн дөө. Хүнсний дэлгүүрүүд бид нарт маш том хувь нэмэр оруулж, бүтээгдэхүүн зарж өгдөг.
Аймгийн Хүнсний дэлгүүрийн ихэнх захирал бүсгүйчүүд байдаг. Бидэнд тэр бүр уулзаж ярилцах зав гарахгүй. Өглөө гараад, орой ирж байгаа хүмүүс чинь юун гоёж гоодох. Жилд нэг удаа Баялаг бүтээгчдийнхээ шинэ жилд орохдоо л эмэгтэй хүн гэдгээ мэдэрнэ. Манай ажилтнууд шинэ жилийг тэсэн ядан хүлээдэг. Бусад үед юун өөртөө анхаарах. Гоё байх тухай мартаад л ажиллана.
Ингэж ажилладаг маань зориод ирсэн хүний хүссэн бүтээгдэхүүнийг байлгах сан. Нэг газрыг, нэг айлыг боовгүй болгочих вий дээ гэж санаа зовдогтой холбоотой.
Хүний хоолыг бэлдэнэ гэдэг асар том буян гэж настнууд ярьдаг. Санал нийлэх үү?
Үнэн үнэн. Хүний ходоодыг дүүргэнэ гэдэг асар том буян. Хүний идэх хоолыг бэлдэж байгаа юм чинь ийм юм болохгүй, тийм ч юм болохгүй байх даа гэж л бодож үйлдвэрлэл эрхэлдэг.
-Анх ханьтайгаа бизнесээ эхлүүлжээ. Амьдралын болоод бизнесийн тал нь хань тань байсан байх. Харин одоо бүх зүйл таны нуруун дээр ирж. Шантрах үе байна биз?
Бид хоёр 1995 онд гэр бүл болсон. Бүгдийг хамт эхлүүлж байсан болохоор бүтээсэн амьдрал, компани маань бидний хамтын зүтгэлийн үр шим. Цехийн байрыг өргөтгөх, газар тариалан, Зөгийн аж аж ахуй хүртэл эрхэлж , арын албыг маань даадаг байсан хүн бол миний хань. 2020 онд ханиа алдчихаад маш хүнд байдалд орсон. Тэгж байхдаа яагаад ийм сайхан юм босгочхоод явчхав даа... гэж хямарч байлаа. Одоогийн “Баялаг” нарийн боовны цехийг ганцаараа шахуу барьж, ийм өнгө үзэмжтэй болгосон. Хүн дэргэдхээ үнэлдэггүй юм байна. Байхад нь тэгсэнгүй, ингэсэнгүй л гэдэг болохоос нэг удаа миний хань үнэхээр сайн байна, мундаг байна гэж хэлж байгаагүйдээ их харамсдаг. Ханиасаа хойш бүгдийг зохицуулахаас өөр сонголтгүй болсон. Заримдаа ч энэ бүгдийг зарчхаад амардаг юм уу гэж боддог. Гэхдээ энэ хүртэл хамт босгосон бизнесийг нь үргэлжлүүлээд явах ёстой гэж бодоод зүтгэж л байна. Ханийн маань нас бардаг жил компанийн 20 жилийн ой тохиосон. Ойгоо хийнэ гэж байсан ч Короновирус дэгдээд хийж амжаагүй. Тэгээд л төлөвлөж байснаар нь энэ жилийн намар төрсөн өдрөөр нь 20 жилийн ойгоо хийнэ гэж бодож байгаа.
Хамтардаг түншүүдээ үлдээчих вий гээд бүгдийг л бичиж авна. Дорнод, Өмнөговь, Улаанбаатар хотод байнгын хэрэглэгчидтэй болсон. Ялангуяа Цагаан сараар хэвийн боовыг олноор захиалдаг. Сар шинийн идээгээ ах дүү нартаа боож бэлэглэдэг монгол уламжлал одоо ч бий. Тэр дагуу хэвийн боовны захиалга маш их ирнэ. Саяхан Германд амьдардаг гэр бүлд манай боов очсон гээд зураг явуулж талархлаа илэрхийлсэн. Утсаар болон чатаар талархал илэрхийлэх тохиолдлууд олон. Тэр бүгдийг олон нийтэд дэлгээд байдаггүй.
Бүтээгдэхүүнүүдээ өндөр үнээр зарахаас илүү хямд зарж, эргэлтэд хурдан оруулах нь чухал. Гурилын үнэ нэмэгдсэнээс хойш боовнуудаа 300 төгрөгөөр л нэмсэн. Напалеоны үнээ огт нэмээгүй. Хүүхдүүд их авдаг юм. Тэртэй тэргүй бид нарыг хэрэглэгчид л оршин тогтнуулж байгаа юм чинь үнээ хэт нэмэх нь ёс суртахуунд нийцэхгүй шүү дээ. Энэ олон жил үйл ажиллагаа маань тасрахгүй яваагийн шалтгаан хүн бодож бүтээгдэхүүнээ хийдгийг минь бурхан хардаг байлгүй дээ.
Хүү тань аавынхаа залгамжилж байгаа байх?
Тийм шүү. Том хүү маань 30 нас хүрч байгаа. Аавынхаа хийдэг асан бүхий л ажлыг хийж байгаа. Трактор комбайнуудыг нь хариуцаж, ногоогоо тарьсаар л байгаа. Нэг хүндрэлтэй зүйл нь ногоо тарих газар олдохгүй байна. Аймаг, орон нутагт хандахаар төлөвлөлтөд ороогүй болохоор болохгүй гэдэг хариу өгдөг. Нэг хэсэг Түмэнцогт, Сүхбаатар суманд газар түрээсэлж ногоо тарьж байсан. Энэ жил бас өөр газар түрээсэлж тарина даа. Уг нь өөрийн газартай болчихвол газар тариалан эрхлэх сэн гэж боддог л юм. Нөхөр маань байхдаа 50 тонны том зоорь барьсан. Модоор хийсэн болохоор нурчхаад байгаа. Тэрийгээ хөргүүрийн зоорь болгоё гэж бодож байна. Манай хүн юм юм сэтгэж хийдэг тэмүүлэлтэй хүн байсан. 2006 онд Зөгийн аж ахуй эрхлээд, нэг жилд 3000 тонн бал хурааж байсан. Дээр ярьсан 2011 оны хүнд үед манай газар тариалангийн ашиг их хэрэг болсон доо. Ялангуяа төмсний борлуулалт нэлээд жин дарсан.
-Тогтмол хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа эргэх холбоо сайтай байдаг гэж сонссон?
Зөвхөн хамтардаг ч биш туслаач, дэмжээч гэсэн хүн бүхийг боломжоороо дэмжихийг хичээдэг. Хамтардаг байгууллагын ой, тэмдэглэлт баяр болоход шагнал өгнө. 6 дугаар сарын 1-нд хүүхдүүдэд бэлэг өгнө. 1 дүгээр сарын 1-нд төрсөн хүмүүст торт өгөх гэх мэтээр бүтээгдэхүүн болон санхүүгийн дэмжлэг үзүүлнээ. Тэр бүрд өөрийнхөөсөө илүү “Баялаг” нарийн боовны цехийн нэрийг гаргахыг л хүсдэг. Зарим газрууд та өөрөө ирээд гардуулаач гэдэг юм. Эгч нь тийм зүйлд дургүй ээ. Манай цехийн нэрийг дурдаад л өгчих гэдэг. Бэхбатын гэхээс илүү “Баялгийн Урнаа” гэдгээр нь намайг хүмүүс сайн мэддэг юм.
Үйлдвэрлэл анх эхэлж байгаа хүмүүс ч хандаж ирнэ. Эгч нь чамд яаж туслах уу? яамаар байна? Гээд боломжоороо дэмждэг. Сүхбаатар суманд өндөгний аж ахуй эрхэлдэг залуугийн өндгийг авдаг. Өндөгний сеткийг хаяхгүй цуглуулаад, буцааж өгдөг. Сеткээ мөнгөөр л авна. Тэр зардлыг бага ч болов хэмнэж байгаа нь л тэр. Ажилчдадаа ч хүнийг хайрлах, дэмжих талаар “лекц” уншинаа. Та нарыг хайрладаг шиг та нар ч бас хүмүүсийг хайрлах хэрэгтэй гэж захидаг. Эмээ дээрээ өссөн хүмүүжил маань миний ажилд нөлөөлдөг болов уу.
-Хорь гаруй жил Сүхбаатарчуудыг нарийн боовны хэрэгцээг хангажээ. Сүхбаатар аймгийг анхны нарийн боовны үйлдвэр болгож, тасралтгүй ажилласныхаа 22 жилийн ойг хийх гэж байна. Маш завгүй ажилласан он жилүүдээ эргээд харвал юу бодогдож байна?
- Өчигдөрхөн л “Өнгөт мөөхий” хийж байсан юм шиг л санагдаж байна. Хань бид хоёрын залуу нас Сүхбаатарчуудыг нарийн боовоор хангахад зориулагдсан ч хэзээ харамсаж байгаагүй. Хүүхдүүд маань өсөж том болсныг хараад л хэдий хэрийн хугацаа өнгөрснийг мэдэж авлаа. Том хүүгээ 7 настай байхад цехээ нээж байсан бол одоо хүү маань 29 хүрсэн том залуу болж, гурван хүүхдийн аав болсон байна. Энэ урт хугацааг анзаарах завгүй л ажиллаж дээ.
Цехээ нээхдээ би 27 настай байсан бол одоо 50 хүрчхэж. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэл эрхэлж байхад хэцүү санагдсан зүйл байгаагүй. Өдөр бүр шинэ бүтээгдэхүүн хийж, өдөр бүр хүмүүсийн баярласан царай, талархлын үгийг сонсдог болохоор тэр байх.
-Бизнес эрхлэгчдэд төрийн ямар бодлого ус агаар мэт хэрэгтэй байна?
Сүхбаатар аймагт ямар ч үйлдвэрлэл эрхлэх боломжтой. Хамгийн гол нь одоо ажиллах хүч хомс болж. Дээрээс нь зээлийн хүү, эргэн төлөлтүүд бизнес эрхлэгчдэд хүнд тусдаг. Бид нар авсан зээлээ заавал төлнө. Төлөхгүй гэсэн ойлголт байхгүй. Хамгийн гол нь зээл авангуут, дараа сараас эхлээд төлөгдөж эхлэх журамтай байдаг нь хүндрэлтэй. Харин бид нартай ярилцаад, зээлээ хэд хувааж, ямар хугацаанд төлөх боломжтой гэдгийг тохирдог байвал хэрэгтэй л шийдвэр. Бид авсан зээлээ удааж, өр авлага үүсгэсэн тохиолдол үйлдвэрлэл эрхлэгчдэд бараг л үгүй.
“Найман гал шарга” ХХК-ийн З.Сумъяа эгчид би хэлж байсан. Бид нарт нэг удаа 50 сая төгрөг өгвөл их юм хийнэ дээ гэж. Үйлдвэрлэл эрхлэгчид тэр мөнгөөр маш их зүйл хийнэ. Төрийн бодлогын нэг алдаа нь ярьж байгаа нь хэзээ ч хэрэгждэггүй.
Энэ бол үйлдвэрлэгч бүрийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа.
Та үйлдвэрийнхээ ирээдүйг хэрхэн харж байна?
Ханиасаа хойш нэг хэсэг хямарсан. Харин одоо эхэлснийг үргэлжлүүлээд арай өөр шинэлэг зүйл хийе. Хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан зүйл хийх сэн гэдэг хайгуул маань хэвээрээ.
Цехээ өргөтгөөд, хоёр давхар болгож байгаа. Доод талд нь хүүхдэд зориулсан Кулинар нээх бодолтой байгаа. Жимс, ногооны шүүс гэх мэт эрүүл хүнсээр хангадаг хөөрхөн газар нээнэ дээ.
Шинийг хайж, шинийг эхэлж, туршиж, хүний биед тохирох бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр 22 жил болж байгаа Сүхбаатар аймгийн нарийн боовны анхны үйлдвэрийн эзэн тэрээр чимээгүй хөдөлмөрлөдөг. Шаргуу хэр нь их хөдөлмөрийнх нь үр дүн өдөрт нэг тонн орчим гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Хийморьт-Агшуун” компани болоод тэдний олон мянган байнгын үйлчлүүлэгчид ажээ.
Сэтгэгдэл үлдээх