МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДВЭЛ 2-8 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ ЯЛ ОНООНО

2023-08-02 11:30:34 | 48 | 0


 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн “Мал хулгайлах” гэмт хэргийн гаралт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг 2023 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ. Энэ талаар тус прокурорын газрын ахлах прокурор Х.Насанжаргалаас тодрууллаа.

Сүхбаатар аймагт мал хулгайлах гэмт хэргийн гаралт ямар байна вэ?

Аймгийн прокурорын газар нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар хэрэг бүртгэлтийн 520, мөрдөн байцаалтын 154 хэрэгт хяналт тавьж ажилласнаас бусдын малыг хулгайлсан хэрэг бүртгэлтийн 89, мөрдөн байцаалтын 16 хэрэг байна.  Мал хулгайлах гэмт хэрэг нь хэрэг бүртгэлийн нийт хэргийн 17.1 хувийг, мөрдөн байцаалтын хэргийн 10.4 хувийг тус тус эзэлж байна. Дээрх хэрэг бүртгэлтийн 89 хэргийн 36 буюу 40.4 хувь нь, мөрдөн байцаалтын 16 хэргийн 15 буюу 93.7 хувь нь тухайн онд шинээр бүртгэгдсэн хэргүүд байна.

 Газар нутгийн хувьд аль суманд мал хулгайлах гэмт хэрэг түлхүү гарч байна?

2023 онд шинээр бүртгэгдсэн 36 хэргийн тухайд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа газрыг нутаг дэвсгэрийн байдлаар нь авч үзвэл Түмэнцогт суманд 1, Баруун-Урт суманд 2, Уулбаян, Түвшинширээ сумдад тус бүр 3, Эрдэнэцагаан суманд 4, Асгат суманд 5 хэрэг үйлдэгдсэн бол Сүхбаатар суманд 14 буюу 38.8 хувь нь үйлдэгдсэн байгаа нь анхаарал татаж байна.

Мал хулгайлах гэмт хэргийг ямар хүмүүс ихэвчлэн үйлдэж байна вэ?

Аймгийн Цагдаагийн газраас энэ төрлийн 16 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Дээрх хугацаанд мал хулгайлах гэмт хэрэгт 20 хүн холбогдож, шүүхээр ял шийтгүүлсэн ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүйсээр нь авч үзвэл бүгд эрэгтэй, насны хувьд 25 хүртэл насны 1, 26-35 насны 10, 36-45 насны 7, 46-аас дээш насны 2 хүн байна.

      19-25 хүртэлх         26-35 хүртэлх         36-45 хүртэлх           46-аас дээш

                                      

       1буюу 5%           10буюу 50%              7буюу 35%              2 буюу 10%

Боловсролгүй 4, бага боловсролтой 6, бүрэн бус дунд боловсролтой 8, бүрэн дунд боловсролтой 2  хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогджээ.

Гэмт хэрэгт холбогдогчдод малчин 9, эрхэлсэн тодорхой ажилгүй 11 хүн байна. Нэр бүхий шүүгдэгчдийн 9 нь хохирогчтой нэг газарт нутагладаг болон бусад байдлаар танилын харилцаатай, 2 шүүгдэгч хохирогчтой садан төрлийн харилцаатай хүн байна.

Дээрх 20 шүүгдэгчийн 10 буюу 50 хувь нь урьд энэ төрлийн болон бусад гэмт хэрэгт 1-5 хүртэл удаа ял шийтгүүлж байсан байна.                           

Гэмт хэргийн улмаас иргэдэд хэдий хэрийн хохирол учирсан бэ?

2023 оны эхний хагас жилийн байдлаар 79 үхэр, 4 адуу, 26 ямаа, 15 хонь хулгайд алдагдаж 36 иргэнд 115,8 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол бүртгэгдэж, хэрэг нээсэн байна. Шүүхээр шийдвэрлэгдсэн 10 хэргийн тухайд 30 иргэнд 66 адуу, 32 үхэр, 97 хонь, 4 ямаа буюу нийт 117,3 сая төгрөгийн хохирол учирснаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд 88,2 сая төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.

     Мөн дийлэнх хэрэгт шүүгдэгч нар нь үйлдлээ түргэсгэх, хялбарчлах зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикл, автомашин зэрэг тээврийн хэрэгсэл ашигласан бол 1 хэрэгт морийг уналга болгон ашигласан байна.

Энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл юу байна вэ?

Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь амар хялбар аргаар мөнгө олох, өрөө дарах, хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор шунахайн сэдэлттэй үйлдэгдэж байна. Мөн орон нутгийн мал бүхий иргэд нь өөрийн өмчлөлийн мал сүргийг бэлчээрт олон хоног, удаан хугацаагаар хариулгагүй орхидог нь гэмт этгээдүүдэд гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон хүмүүс ямар ялаар ихэвчлэн шийтгүүлсэн бэ?

Мал хулгайлах гэмт хэргийн ихэнхийг урьдчилан бэлдсэн автомашин ашиглан үгсэн тохиролцсон бүлэг гэмт этгээдүүд зохион байгуулалттайгаар богино хугацаанд, нотлох баримт, ул мөр үлдээхгүйгээр үйлдэж, ихээхэн хэмжээний ашиг олж, хүрээгээ тэлсээр байна. Энэ ч утгаараа Мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг төрөөс чангаруулж, хууль тогтоомжид тусгагдсан байгаа. Мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл цөөн бусад хэрэгтэй харьцуулахад чанга гэж үзэхээр байгаа. Тухайлбал:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Дээрх хоёр төрлийн ялын аль нэгийг оногдуулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын малыг хулгайлсан бол доорх 2 төрлийн ялын аль нэгийг оногдуулна.

          

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж эсхүл бүлэглэж, машин механизм ашиглах зэргээр үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл бусдын малыг бүлэглэн хулгайлсан бол, мал хулгайлахад машин механизм ашигласан бол, эсхүл олон тооны буюу 8 бог юм уу 2 бод малыг хулгайлсан тохиолдолд 2 жилээс дээш 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ба хорихоос өөр төрлийн сонгох ялын төрөл байхгүй гэдгийг малчид, иргэд анхаарах шаардлагатай.

Дээр дурдсан шүүхээр Мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн 20 шүүгдэгчийн 18 нь хорих ял шийтгүүлсэн ба хорих ялын хугацааны тухайд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, уг хохирлоо нөхөн төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан 1 жил 10 хоногоос 5 жил хүртэл хугацаагаар нээлттэй хорих байгууллагад уг ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна