“Сүхбаатар хөгжил ҮТП”-ийн нэгж “Сүхбаатар Проимпекс” компанийн захирал Ж.Сүхчулуун:Ирэх наймдугаар сар гэхэд манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ

2018-05-01 12:36:31 | 496 | 0


-Оёдлын томоохон үйлдвэр аймагт нээгдлээ. Хүчин чадал, даацыг нь харахад орон нутаг төдийгүй улсын хэмжээний томоохон үйлдвэрүүдтэй өрсөлдөхүйц чадавхитай харагдлаа.  Компаниа  анх байгуулсан тухайгаа яриач?
-2017 оны 6 сарын 10-ны өдрийн үүсгэн байгуулагчдын анхны хурлаар Сүхбаатар аймагт даацын баяжмалын шуудайны үйлдвэр болон хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэр байгуулах шийдвэр гарч барилгын ажлаа эхэлсэн. Одоо үйлдвэрийн барилга ашиглалтад ороод, үйл ажиллагаага эхлээд явж байна. Хатуу, зөөлөн оёдлын тасагтай.
Хатуу оёдлын үйлдвэр ажиллаж эхлээд хоёр сар орчим болж байна. Эхний захиалагч Цайртминерал компани 2000 ширхэг баяжмалын уутны захиалга өгсөнийг үйлдвэрлэж дуусаад цайрын баяжмал савлагдан хил давж байгаа.  
Цайртминераль компани бидэнтэй байнга хамтран ажиллана. Сар бүр 4500-5000 ширхэг баяжмалын уутны хэрэглээтэй. 
Түүнчлэн “Эм Эл Цахиуртай Овоо” компани баяжмалын уутны захиалга ирэх намраас эхэлж өгнө. Түмэнцогт суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани хамтран ажиллахаар гэрээ байгуулаад байна. Энэ мэтээр бид уул уурхайн компаниуд болон бусад байгууллагуудтай  хамтран  ажиллаж, үйл ажиллагаа маань өргөжин тэлэх эх суурь тавигдсан.
Зөөлөн оёдлын тасгийн үйл ажиллагаа энэ 5 дугаар сарын 1-ний өдөр албан ёсоор эхэлнэ. Эхний ээлжийн ажилтнуудаа авсан.
-Үйлдвэрийн хоёр хэсэг, бусад бүтэцүүд нийлээд хэчнээн хүнийг ажлын байраар хангах боломжтой вэ?
-Яг өнөөдрийн байдлаар захиргаа, удирдлага, оёдлын үйлдвэрт 58 хүний ажлын байрны захиалгыг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст өгсөн. 
Хатуу оёдлын цехэд 17 хүн ажиллаж байна. Зөөлөн оёдлын хэсэгт эхний ээлжинд 15 хүн ажиллуулна. Үйл ажиллагаа өргөжихийн хэрээр ажлын байрны тоо нэмэгдэнэ.
Ирэх наймдугаар сар гэхэд манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. 
-Компанийн хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн талаар мэдээлэл өгөөч?
-Компани маань 9 гишүүнээс бүрдсэн ТУЗ-тай. 25 хувь нь орон нутаг, 45 хувийг  “Ум тэнгэр трейд”  компани хөрөнгө оруулсан. Үлдсэн 30 хувь нь хувь хүмүүсийн оюуны хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бид технологи нутагшуулж байгаа учир мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байна гэсэн үг.
- Үйлдвэрийн ажлаа эхлээд жил болж байгаа юм байна. Орон нутгийн зах зээл тийм ч том биш. Үйлдвэрийнхээ ашгаар эдийн засгаа бэхжүүлж байгаа та бүхний хувьд ашиг чухал. Санхүүгийн ирээдүйд хэр итгэлтэй байна?
-Эхний ээлжийн захиалга том компаниудаас ирж байгаа. Үүнээс гадна хатуу болон зөөлөн оёдлын цехэд захиалгууд нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Цаашид бүтээгдэхүүний захиалга нэмэгдвэл үйлдвэрээ ээлжинд оруулна энэ хэмжээгээр ажлын байр нэмэгдэнэ. Ажиллах хүчний тоо өсөхийг дагаад эдийн засгийн бааз суурь бий болно гэж харж байгаа.
-Үйлдвэрийн ажилчдаа ямар шалгуураар авч байгаа вэ?
- Манай ажилчдын ихэнхи нь өмнө нь гэрээр болон жижиг цехүүдэд оёдол хийж байсан, туршлагатай хүмүүс. Хатуу оёдлын цехэд 5 эрэгтэй хүн ажиллаж байгаа. Учир нь баяжмалын уут эцсийн бүтээгдэгдэхүүн болоход 2,8-3,5 орчим жинтэй болж гардаг. Тиймээс уутыг эргүүлж тойруулж оёх, зөөх тал дээр эрэгтэй хүний хүчийг ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байгаа.
Ажилчдаа авахдаа сүүлийн 6 сар идэвхитэй ажил хайсан гэдэг шалгуурыг давхар тавьж өгсөн.  Шинээр ажилд орж байгаа иргэд эхний гурван сар туршилтын хугацаагаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Дараа нь хийснээрээ цалинжих системээр ажиллуулж байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна