“Сүхбаатар хөгжил ҮТП”-ийн нэгж “Тэлмүүн гүн” Хайрцаг сав баглаа, боодлын үйлдвэрийн захирал Г.Гүндсамбуу: Бүх төрлийн нарийн боов, бялууны савлагаа, хайрцагыг орон нутагтаа үйлдвэрлэж байна.

2018-05-01 12:39:42 | 550 | 0


-Хайрцаг, сав баглаа боодлын үйлдвэр аймагт нээгдсэнд олон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд талархаж байна. Үйлдвэрийнхээ талаар танилцуулаач?
-Үйлдвэр байгуулагдаад гурван сар болж байна. Энэ хугацаанд тоног төхөөрөмжөө суурилуулж, туршилтын бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. Өнөөдрийн хувьд үйл ажиллагаа маань жигдрэх шатандаа орсон. Цаашдаа бид бүтээгдэхүүнийхээ чанар, өнгө үзэмж гээд бүх тал дээр анхаарч, сайжруулж ажиллана. Одоогоор гурван хүн ажлын байртай болсон.
Яг өнөөдрийн байдлаар найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид нэр төрлөө олшруулна. 
Бидний хамгийн эхний хамтрагч бол Сүхбаатар ҮТП-ын дэргэдэх Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд болох Дарьганга шимийн архи, сүү, аарц, ааруул, бэлгийн багцын сав, баглаа боодол, хайрцгыг үйлдвэрлэж байна. Түүнчлэн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газруудад пиццаны хайрцаг нийлүүлж байгаа. Удахгүй хүргэлтийн хоолны хайрцаг, шарсан төмсний хайрцаг үйлдвэрлэж эхэлнэ. 
Энэ мэтчилэн стандартын дагуу бэлэн хоол, бүтээгдэхүүний хайрцаг, савлагааг чанарын өндөр түвшинд, өнгө үзэмж сайтайгаар үйлдвэрлэн нийлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл бидний сайн мэдэх КFC, Макдоналдсын пизза, бургерынх шиг  хайрцаг болон бусад бүх төрлийн  нарийн боов, бялууны савлагаа, хайрцагыг орон нутагтаа үйлдвэрлэж байна. 
-Захиалагч байгууллагын хүссэнээр лого, нэр, хаяг, байршил, бүтээгдэхүүний орц, найрлага зэрэг мэдээллүүдийг багтаан үйлдвэрлэх боломжтой юм байна. Тоног төхөөрөмжийн өртгөө ямар хугацаанд нөхөх боломж харагдаж байна?
-Үйлдвэрлэл технологийн  паркийн ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн 136 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр байгуулагдсан үйлдвэр. Өөрийн өртгөө 4 жилийн хугацаанд нөхнө. Бид менежментийн үйл ажиллагаагаа сайн хийж чавдал үүнээс ч богино хугацаанд нөхөх боломжтой. 
-Хайрцаг, сав баглаа боодлын үйлдвэр Сүхбаатар аймагт байгуулагдсанаар хэрэглэгчдэд ямар давуу тал олгож байгаа вэ?
-Жишээ хэлье. Аймагт ямар нэгэн томоохон үйл ажиллагаа зохиогдлоо гэж бодьё. Оролцсон хүмүүст гарын бэлэг өгөх болоход хайрцаг савыг Хятад улсаас авдаг. Гэтэл тухайн хайрцаг дээр өөрийн байгууллагын лого, хаяг шошго болон бусад мэдээллүүд байх боломжгүй. Дээрээс нь доод тал нь 1000 ширхэгээс дээш худалдан авах ёстой гэдэг шаардлага тавьдаг. 
Тэгвэл манай үйлдвэр танай байгууллагын хүссэн мэдээллийг багтаан хэвлэсэн хайрцаг, савыг тоо ширхэгийн доод хязгаар заахгүй үйлдвэрлэж өгөх боломжтой. Үнэ ханшийн хувьд урдаас авдаг ханштай ижил. 
-Ийм үйлдвэр 21 аймагт байдаггүй. Сүхбаатар аймагт анх удаа байгуулагдлаа. Үйлчлүүлэгч, захиалагчдын хандалт ямар байна?
-Захиалга их ирж байна. Хэрчсэн гурилын үйлдвэрээс бор цаасан дугтуй маягын савлагаа хийж өгөөчээ гэсэн санал ирсэн. Сумдаас ч захиалгууд ирж байна. Бид удахгүй Хэнтий, Дорнод аймгийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөж байгаа.
-Нэг жилийн дараа гэхэд үйлдвэрт ямар өөрчлөлт гарсан байх бол?
-Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна. Маш олон харилцагчидтай болох байх гэдэгт итгэдэг. 
Тулгарч байгаа нэг том бэрхшээл байна. Монгол Улсад цаасны үйлдвэр байдаггүй учраас бид бүтээгдэхүүн хийх цаасаа Хятад улсаас авч байна. Өртөг өндөр тусч байгаа нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна.
Манай улс дотоодын хэрэгцээгээ хангасан томоохон цаасны үйлдвэртэй болчихвол бидэн шиг үйлдвэр эрхлэгчдэд маш том дэмжлэг болно.
-Уншигч, үйлдвэрлэгчдэд хандаж юу гэж уриалах вэ?
-Бренд бүтээгдэхүүн гэдэг ойлголт бол сав багалаа боодолдоо л байдаг. Тийм учраас бизнес эрхэлж байгаа бүх хүн бүтээгдэхүүндээ өөрийн гэсэн сав баглаа, боодолтой болох хэрэгтэй. Бид та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна