Б.Мөнх-Эрдэнэ:Чихрийн шижин, астма, зүрх судас, үе мөч, ходоод, элэг, цөсний олон өвчний үед барагшунг хэрэглэж ирсэн

2019-04-11 13:24:29 | 940 | 0


Хаврын улиралд  хүний бие организмд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орж, зарим хүмүүсийн хууч өвчин хөдлөх, залхуу хүрэх, нозоорох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймээс хүмүүс хаврын улиралд ихэвчлэн биеэ сэргээх, эрч хүч авах, дархлаагаа сайжруулах зорилгоор эмчилгээ, сувилгаа хийлгэдэг аж. Ингээд “Сэлэнгэ Монгол” уламжлалт эмнэлгийн эмч, Уламжлалт Анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр, клиникийн профессор Бямбасүрэнгийн Мөнх-Эрдэнэтэй хийсэн сонирхолтой ярилцлгаа хүргэе.

-Сайн байна уу. та. Сайхан хаваржиж байна уу?

-Сайн, та бүхэн сайхан хаваржиж байна уу?

-Нэг хэсэг хугацаанд та эзэнгүй байлаа. Хаагуур явав, явсан газрын сонин сайхан юу байв. Таны эзэнгүй байх хугацаанд хүмүүс нэлээд их асууж, сураглаж, их л хүсэн хүлээж байлаа. Таны зөвлөгөө өгдөг сонины булангаа ажиллуулахыг хүртэл шаардаж байсан шүү?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд ОХУ-д амьдарч, ажиллаж байгаад ирлээ. Улаан-Үд, Эрхүү хотын Дорнын анагаах ухааны “Байкал-Хант” эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа 2017 онд ОХУ-ын Анагаах ухааны академийн Эрхүү хотын салбарт “Рефлекс эмчилгээ”-ний мэргэжил дээшлүүлэх дамжааг дүүргэлээ. Тэгээд 2018 оноос Москвагийн “Амрита-Сила тибета” Дорно дахины УАУ-ны төвд онош зүйч, рефлекс эмчилгээний эмчээр ажиллаж байна даа.

-Та тэгэхээр буцаад Москва явах нь ээ дээ. Одоогоор түр ирээд байна гэж ойлгож болох нь ээ?

-Тиймээ. Би таван жилийн гэрээтэй, олон удаагийн ажлын визтэй тэнд ажиллаж байгаа болохоор удахгүй буцаад явна. Жилд хоёр удаа урт, богино хугацааны амралттай байдаг. Ингэж амрах үедээ хэсэг хугацаагаар Сэлэнгэдээ ирж хүмүүст 1-2 курс эмчилгээ хийгээд явах боломжтой юм. Гэхдээ визийн хугацаагаа дуусахаар эргэж эндээ ирж, байнга суурин сууж ажиллана даа.

-Рефлекс эмчилгээ гэдэг нь чухам ямар эмчилгээг хэлж байгаа юм бэ. Энэ нь анагаах ухааны шинэ салбар гэж ойлгож болох уу?

-Орост болон өрнөдөд рефлекс гэсэн ойлголтонд бидний мэдэх зүү, төөнүүр, хануур, самнуур, иллэг, бариа засал, гар засал /мануальная терапия/, иога, биеийн тамир эмчилгээг хэлдэг. Өөрөөр хэлбэл уламжлалт анагаах ухааны заслын аргуудыг бүгдийг багтаан авч үздэг юм байна. Эмийн эмчилгээ буюу уламжлалт эм тангаар эмчлэх, тан барих залах аргыг фитотерапия буюу эмийн ургамалын эмчилгээ гэсэн ерөнхий ойлголтоор, эсвэл түвд эмнэлэг гэсэн утгаар ойлгоцгоодог юм байна. Дорно дахины уламжлалт эмчилгээний аргууд нь 5000 гаруй жилийн түүхтэй бөгөөд зүү заслын эмчилгээг 3000 гаруй жилийн тэртээгээс монголд анхлан хэрэглэж ирсэн түүхтэй байдаг. Орчин үед бүгд цогцоороо Дорнын уламжлалт засал, рефлекс эмчилгээ гэсэн АУ-ны салбар болон дэлхий даяар түгээмэл хэрэглэгдэх болжээ.

-Хавар болоход өвчлөл ихсэх, ядрах, зарим хүн хаврын улиралд өвчин хөдөллөө гэх мэтээр ярьдаг. Энэ нь байгалийн араншинтай холбоотой үзэгдэл үү. Эсвэл тухайн хүний бие мах бодид хаврын улирал нь өвчлөл нь сэдрэх нөхцөлийг бий болгодог уу. Энэ талаар тодорхой ойлголт мэдээлэл өгөөч?

-Байгаль, цаг уурын орчин, нар сарны энергийн урсгал хүний бие махбод болон биохэмнэлд чухал нөлөөллүүдийг үзүүлдэг. Жишээ нь хавар, намрын улиралд ходоодны өвчлөл, ходоодны шарх шархлаа сэдрэх хандлагатай байдаг. Зарим хүнд сэтгэц оюуны өвөрмөц байдлаас хамаарч сэтгэл санааны өөрчлөлтүүд, сэтгэл гутрал, цочрол болон стресст өртөмтгий болох байдлууд ажиглагддаг. Ер нь 4 улирлын хувьсал, өөрчлөлтүүд хүний бие организмд байнга нөлөөлж байдаг. Тухайлбал хаврын улиралд “модон махбод” дэлгэрч элэг, цөсний үйл ажиллагаа идэвхижих, өвчлөл сэдрэх, үүнээс цаашлаад тархи мэдрэлийн, харааны эрхтэн системийн өөрчлөлтүүд илүүтэй явагддаг. Мөн биеийн эсэргүүцэл суларч, дархлааны систем хямралд өртөн амархан ядрамтгай, нойр хулжих, эсвэл хэт нойрмоглох, нозоорох, бие сульдах, биеийн энд тэнд хэсч хатгуулах, толгой тархи өвдөх, зарим архаг хууч сэдрэх явдал элбэг тохиолддог. Тухайлбал аюулхай орчимд болон хавирганы нум даган хөндүүрлэх, дал мөрөөр хөших, чинэрэх, хуян хөөрч хүзүү сээр хөших, нуруу бүсэлхийгээр өвдөх, үе мөчөөр янгинах, хатгуулах, бадайрах, даралт хэлбэлзэх, ихсэх зэргээр бусад олон шинжүүд гардаг. Ер нь намрын сүүлч, өвөл, хаврын саруудад хоол хүнсний бүтэц, найрлага болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр бие махбодид биологийн идэвхит бодисууд буюу витамин, амин дэм, минераль  эрдэсийн дутагдал нэлээд үүсдэг. Витамин эрдсийн дутагдал нь дархлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлж, элдэв төрлийн өвчлөлийн суурь болдог. Иймээс бид өвдсөн тохиолдолд аль болох бүрэн гүйцэт эмчлүүлж, мөн архаг хуучаа сэдрээхгүй урьдчилан сэргийлж, эмчлүүлж байхыг хичээх хэрэгтэй юм л даа.

-Тэгвэл энэ амин дэм, витаминыг хавар түлхүү хэрэглэх үү. Эсвэл бусад улирлуудад өвчлөхөөс сэргийлэхийн тулд хэрэглэх хэрэгтэй гэж ойлгож болох уу?

 -Ер нь эрдэс, амин дэмүүдийг болж өгвөл органик байдлаар нь хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Түүнээс гадна зөвхөн элдэв төрлийн БАД буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд болох витамин, эрдэсүүдийг хэрэглэх нь өвчнөөс сэргийлэх сонгодог арга биш юм. Нар, ус, агаар, хөдөлгөөн дасгал нь биеэ эрүүл авч явахад чухал нөлөөтэй байдаг. Үүнээс гадна уламжлалт анагаах ухаанд таван улиралд зохицуулан бие махбодоо эрүүлжүүлэх, өвчлөлөөс сэргийлэх боломжууд их байдаг. Тухайлбал хаврын улиралд элэг, цөс /цөсний хүүдий/, зуны улиралд зүрх, нарийн гэдэс, намар уушги, олгой, бүдүүн гэдэс, өвөл болохоор бөөр, давсагны өвчнүүдээс, харин завсарын улиралд буюу өвлөөс хаварт, хавраас зунд, зунаас намарт, намраас өвөлд шилжих нийт 72 хоногт ходоод, дэлүү, нойр булчирхайн өвчнүүдээр өвдөхөөс сэргийлж, хэрэв хууч өвчтэй бол тухайн улиралд нь тэр эрхтэн системдээ түлхүү анхаарч, өвдөөгүй байсан ч тодорхой тунгаар эмчилгээ сувилгаа хийлгэж байх нь элдэв өвчлөлөөс сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг гэдгийг хэлмээр байна.

-Та сая хэллээ. Улирлын онцлогуудаас шалтгаалж бие организмаа өвчлөхөөс хамгаалж, урьдчилан сэргийлж бай гэж. Тэгвэл хамгийн их өөрчлөлт өгдөг хаврын улиралд биеэ хэрхэн тойглох вэ?

-Намрын сүүлч, өвлийн сарууд, хаврын эхний саруудад хүний бие махбодид биологийн идэвхит бодисууд буюу витамин эрдэсийн дутагдал нэлээд үүсдэг. Энэ нь бид хүнсний бүтээгдэхүүнээр хангалттай хэмжээний витамин болон эрдэсийг авч чадахгүй болдогтой холбоотой. Мөн тухайн хүний суурь өвчин, бие организмын онцлог, бусад олон хүчин зүйлийн нөлөө байдаг. Витамин, эрдэс бодис дутагдлаас биеийн эсэргүүцэл суларч, наад зах нь ханиад томуу тусамтгай болдог. Хэрэв шаардлагатай үед нь арга хэмжээ авч чадвал томуугаар өвдөхгүй байх боломжтой. Энэ арга хэмжээ нь бие организмаа шаардлагатай үед нь витаминаар хооллох явдал юм. Ингэснээр дархлалын системийг бэхжүүлж, гадны сөрөг нөлөөлөл болох вирус, нянгийн эсрэг организм зогсч чаддаг. Тухайн цаг үед организм сулрах, ядрах үед бид дархлаагаа зайлшгүй дэмжих шаардлага гардаг. Хэрэв хүнсээрээ хангалттай витамин, эрдэсийг авч чадахгүй нөхцөлд зайлшгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй юм. Зарим нөхцөлд байнгын бухимдал, стресс, удамшлын хүчин зүйлс, өндөр наслалт буюу 65-70-аас дээш насны байдал, бусад өвчлөл, дархлалын хомсдол, архаг ужиг өвчнүүд дархлалын системд сөргөөр нөлөөлөн, өвчин үүсэх болон сэдрэх нөхцөл ч бий болгодог байна. Витамин, эрдэсийн дутагдал нь дархлалын системд нөлөөлдөг суурь нь болдог. Бид өвдсөн тохиолдолд бусад архаг хуучаа сэдрээхгүй байхыг хичээж, залхуурч алгууралгүй биеийн эсэргүүцлээ сайжруулах арга хэмжээг авч байх хэрэгтэй. Сэтгэл санаа тавгүйтэх, хоолны дуршил буурах, тамирдах, хичээл болон орчиндоо сонирхолгүй болох гэх мэт байдлаа ажиглаж ийм шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, тодорхой хэмжээний сэргээш буюу амин дэмээ хэрэглэж заншвал сайн. Витамин бидний өдөр тутмын хэрэгцээ бөгөөд тунг зөв тааруулбал урт наслах болон архаг, өвчлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд тустай.

-Хамгийн их тохиолддог ханиаднаас сэргийлэхэд ямар амин дэм шаардлагатай вэ?

-Хамгийн чухал витамин бол С витамин буюу аскорбины хүчил юм. Маш олон судалгаагаар витамин С нь дархлалын системийг бэхжүүлэх, бие махбодид вирус үржих нөхцөлийг дарагуйлж өгдөг нь нотлогдсон. Өвдсөн ч хөнгөхөн өвчилдөг байна. Ер нь судасны ханыг бэхжүүлэх, вирусын ялангуяа ханиад томууны вирусыг үржих, хөгжихийг саатуулах, дарангуйлах, дархлалын системийг бэхжүүлэх гол нөлөөтэй. Мөн хордлогыг багасгаж, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах, яс, булчин, үе мөчний системийг бэхжүүлэхэд маш сайн нөлөөтэй.

-Витамин С амин дэм дутагдахад бие организмд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Наад зах нь захын хялгасан судсууд хагарамтгай, өөрөөр хэлбэл хөхрөх, тариулах үед судас хагарах, биед цусархаг тууралт гарах гэх мэт шинж тэмдэгүүд гарах ба уруул, хэл аманд ч тууралт үүсч болдог. С аминдэмийн дутагдлын үед эмчийн заалтаар витаминыг зайлшгүй нөхөх шаардлага бий болдог.  С амин дэм нь олон төрлийн хүнсний ногоонд элбэг. Жимс жимсгэнэ, шар ба улаан манжин, сүү, цагаан идээ, аарцанд өндөр агууламжтай байдаг. Энэ нь эс хоорондын холбоос болон дархлалын системд нэн чухал үүрэгтэй.  

-Нэгэнт амин дэм ярьсан юм чинь витамин Д, В-ийн талаар мэдээлэл өгөөч?

-Витамин Д нь кальцийн синтезид зайлшгүй оролцдог маш чухал амин дэм юм. Дээхэн үед бид нарны энергээр Д амин дэмийг авч чаддаг байсан. Харин одоо бол дэлхийн дулааралтай холбоотой энэ байдал алдагдаад байна. Энэ Д витамины дутагдал нь олон халдварын шалтгаан болж өгдөг. Эмнэлгийн лабораторид витамин Д-гийн түвшингээ тодорхойлуулаад зохих БАД буюу биологийн идэвхит бодисуудыг хэрэглэх шаардлагатай. Загасны тос, омега-3, кальци, магни витамин Д-гийн комплекс гэх мэт. Витамин Д нь ясны систем, булчин шөрмөс, кальци магнийг шингээлтэд зайлшгүй хэрэгтэй бодис бөгөөд өсөлтийн витамин ч гэж нэрлэдэг. Кальци нь ясны системийг бэхжүүлж, зөв өсөлтийг хангахад нөлөөлж, организмд дутагдах үед яс булчин хэврэгшин, ясны сийрэгжилт үүсдэг. Ингэснээр мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагаа алдагдалд орж эхэлдэг. Мөн магни дутагдахад яс булчингийн болон зүрхний үйл ажиллагаа алдагдахад нөлөөлдөг байна. Сүүлийн үед олон эрдэс витамины найрлагууд гарсан байна. В бүлгийн витаминууд хүртэл организмд зайлшгүй хэрэгцээтэй. Жишээ нь витамин В2 рибофлавин ханиад, вирусын халдварын үед дархлалын системд эсрэг биед үүсгэх ач холбогдолтой байдаг. Витамин В1, эсвэл В6 зэрэг нь эсийн амьсгалд чухал нөлөөтэй бөгөөд мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжих эсийн эрүүл үйл ажиллагаа, гармоны тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй байдаг: А амин дэм нь нүдний хараа, арьсны эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Хүнсний ногооноос лууванд нэлээд хэмжээгээр агуулагддаг. Мөн яс булчингийн хөгжил болон дархлалын системийг бэхжүүлэх үүрэгтэй юм.

-Биологийн нэмэлт бүтээгдэхүүн маш олон төрөл байна л даа. Хүмүүс тэр бүр сайныг нь хэрэглэж байгаагаа зарим нь мэддэггүй. Тэгэхээр монголын нөхцөлд ямар бүтээгдэхүүн, эмэнд эдгээр витамин эрдэс байдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд зах зээлд хангалттай бий болсон байна. Жишээ нь АНУ-ын Амвэй брэндийн БАД-ууд нэлээд эрэлт хэрэгцээтэй болсон байна. Эдгээрийг зохистойгоор хэрэглэх хэрэгтэй юм. Жишээлбэл барагшунд 40 гаруй төрлийн витамин болон эрдэс бодисууд агуулагддаг. Уламжлалт анагаахын маш олон эмийн найрлагад барагшун агуулагдсан байдаг. Чихрийн шижин, астма, зүрх судасны болон үе мөчний өвчнүүд, ходоод, элэг, цөсний олон өвчний үед барагшунг хэрэглэж ирсэн уламжлалтай. Хамгийн чухал нь шаардлагатай цаг үед нь зохих амин дэмийг хэрэглэж байх хэрэгтэй юм.

-Уламжлалт эмчилгээ хийлгэхэд тухайлбал зүү тавиулах, тан уух, бариа заслын эмчилгээ хийлгэхэд гам дэг сахихыг шаарддаг. Тэгвэл хүмүүсийн дунд гам алдахаас айх, эсвэл гам дэгийг сайн ойлгодоггүй зэргээсээ болж уламжлалт эмчилгээг буруу ойлгож, татгалздаг тал нэлээд ажиглагддаг. Тэгвэл эмчилгээний үеийн гам дэгийн талаар та тодорхой ойлголт өгөхгүй юу?

-Хүмүүсийн нэлээд хэсэг нь гам барих асуудлыг ихээхэн төвөгтэйгээр хүлээж авдаг. Энэ нь эмчилгээний гамын талаарх ойлголтгүй, эсвэл сул мэдлэгтэй байдагтай холбоотой. Тэгэхээр гам гэдэг нь угтаа эмчилгээ засал, сувиллын нэг салшгүй хэсэг нь болж өгдөг. Нэн ялангуяа уламжлалт эм тангийн болон рефлекс эмчилгээний үед, рашаан, шавар эмчилгээний, биеийн тамир, бусад төрлийн физик эмчилгээний зэрэг эмийн бус сэргээн засах эмчилгээний үед гам барих шаардлагатай байдаг. Энэ бол тодорхой хугацаанд шүү дээ. Тухайн эмчилгээний үед гэсэн үг. Ер нь зөвхөн уламжлалт эмчилгээнээс гадна мэс засал, эмэгтэйчүүд, дотрын болон бусад орчин үеийн /европ/ эмчилгээ хийлгэж байхдаа, хийлгэсний дараа ч гамыг сахиж заншвал тухайн хүний эмчилгээний үр дүн эерэг байж, дахин өвдөх, өвчин сэдрэхээс сэргийлдэг ач холбогдолтой юм. Гам сахих нь тийм ч их хүндрэлтэй, хэрэгжүүлэхэд төвөгтэй дэглэм биш юм. Та өөртөө хайртай байж, бага зэрэг өөрийгөө халамжлахад л хангалттай зүйл шүү дээ. Зөвхөн уламжлалт эмчилгээ гам дэг шаардаад байгаа юм биш, европ эмчилгээний үед ч гам дэг сахих шаардагатай байдаг.  

-Эмчилгээний гам сахихад юуг анхаарвал зохих вэ?

-Хийлгэж буй эмчилгээ заслаасаа хамаарч сахих гам дэг харилцан адилгүй байдаг боловч ерөнхийд нь идээ ундааны гам, явдал мөрийн гам дэг гэж ялгаж болно. Жишээ нь идээ ундааны гам сахих үед зарим зүйлийг хориглодог. Тухайлбал хуурсан, шарсан, хэт халуун ногоотой хоол, ангийн мах, зарим өвчний үед гахайн болон загасны мах идэхийг хориглодог. Мөн коко коло болон бусад төрлийн хийжүүлсэн ундаа, архи дарс, шар айраг, шаардлагатай үед айраг уухыг ч хориглодог. Мөн зарим тохиолдолд эм тан хүртэж байгаа үед байгалийн болон савласан рашаан уухыг, давс ихтэй хоол, унд, нөөшилж даршилсан мах, дарсан хүнсний ногоо хэрэглэхээс зайлшхийх хэрэгтэй болно.

-Тэгвэл явдал мөрийн гам гэдэг нь юу байх юм бол?

-Явдал мөрийн гам гэдэг нь тухайн хүний нас, хүйс, ажил мэргэжлийн онцлог, дадал зуршил, мөн орчин нөхцөл, цаг агаарын байдал зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Эмчлүүлэгч бүрийн сахих явдал мөрийн ерөнхий дэг гэж байдаг. Үүнд хэт даарах, жиндэх, салхи авах, хэт халахаас сэргийлж, ус бороонд норохгүй байх хэрэгтэй. Мөн 10-20 кг-аас илүү жинтэй хүнд ачааг өргөхгүй, зөөхгүй байх. Улирлын байдалд тохируулан зохистой хувцаслах, биеэ хэт бэгнэхгүй байх хэрэгтэй. Цаашлаад ажлын, биеийн хүчний, оюуны хэт ачаалал авахаас зайлшхийж чадвал нэн сайн. Ерөнхийдөө уламжлалт эмчилгээ хийлгэж байх үедээ эмчилгээний дараах 7-14 хоногт үргэлжлүүлэн гам дэгээ сахивал эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Гам сахих нь маш энгийн дадлаас ч шалтгаална. Тухайлбал толгойд зүү эмчилгээ, бариа засал хийлгэж байгаа бол гудамжаар толгой нүцгэн явахгүй байх, толгойгоо угаасны дараа үсээ хатаахгүй гадагш гарахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Гэнэт бороо орох, шороо шуурах зэрэг нөлөөнд өртөж болно шүү дээ. Эмчилгээний явцад усанд орж болно. Харин усанд орсоны дараа шууд гадаа салхинд гарахгүй байх, салхи авахгүй байх хэрэгтэй. Иймд ихэвчлэн оройн цагаар унтахаасаа өмнө усанд ороод гадагш гаралгүйгээр унтаж амрахыг зөвлөдөг.

-Сүүлийн жилүүдэд манай оронд үе мөчний өвчин нэлээд элбэг тохиолдож, өвчлөл залуужих хандлагатай болж, эмчлэхэд ч нэлээд төвөгтэй болсон гэж ярих юм. Үүний шалтгаан нь юу байдаг юм бол?

-Уламжлалт эмнэлэгт үе мөчний өвчний шалтгааныг салхи, халуун, хүйтэн, чийгнээс шалтгаалж суваг хэрдсийн хийд цус зогсонгшсоос үүсдэг гэж үздэг. Тухайлбал салхинаас үүссэн өвчний өвдөлт нь энд тэнд хэсч нүүж хэрж өвддөг. Харин чийгнээс үүссэн бол өвдөлт нь нэг хэсэг газарт тогтмол байрлалд байдаг. Хүйтнээс даарч хий цусны урсгал саатан бөглөрснөөс өвдөлт нь хурц өвчтэй байдаг бол халуун салхи чийгтэй хавсарснаас хий халуун үүсч хүйтний хор халуун шинжтэй болдог. Үе мөчний өвчин архагшвал цусны эргэлт хямарч, урсгал сааталд орсоноос зүрхэнд нөлөөлдөг. Хэрлэг өвчний үед үе мөч янгинаж, хөдөлгөөн хязгаарлагдана. Үе мөч бадайрч, хавагнах нь чийгнээс шалтгаалсан байдаг. Хүйтнээс үүссэн үе мөчний өвчний үед бүх бие янгинан, хэсэг газартаа өвдөлт нь хүчтэй илэрч өвчин даамжрах хандлагатай болдог. Халуун салхи чийгтэй хавсарсан нөхцөлд арьс булчин халуун оргих, хэсэг газартаа улайх, өвдөлт ихтэй, хөндүүрлэх, зарим үед халуурдаг.

Уламжлалт анагаахад үе мөчний өвчнийг голчлон хий цусны гүйдлийг сайжруулан, шалтгаан нөхцөл, өвчний эмгэг, жам, явцыг тодорхойлон зүү, төөнүүр, шивүүр, хануур, бариа заслын зэрэг эмийн бус эмчилгээг хийдэг. Мөн нянг нядлах, хатгалга өвдөлтийг намдаах, шар усыг хатгаах, хавдрыг намдаах, байгалийн гаралтай эм танг уулгаж эмчилдэг. Мөн эмчлүүлэгч нарт хөдөлгөөн эмчилгээ, өөрт хийх иллэг, цэгэн иллэгийн зөвлөгөөг өгдөг.   

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна